2024-05-17, Баасан
10 C
Ulaanbaatar

“Blackbox” театрын найруулагч С.Мягмар: Театр тахин шүтүүлдэг ариун сүм биш, үзэгчид нүглээ наманчлагч гэмтнүүд биш

“Blackbox” театрын найруулагч С.Мягмартай ярилцлаа.

-Танай театр абсурд хэмээх тодотголтой. Гэхдээ хүүхэлдэйн театр абсурд хоёр ямар холбоо хамааралтай юм бэ?

-Үүнийг тайлбарлая гэвэл бүр эхнээс нь ярих хэрэг гарна. Бүр эхнээс нь буюу өөрийнхөө оюутан цагаас эхэлье гэхээр цаашилсаар 100 жилийн өмнөх 1920-иод он руу орно л доо. Дэлхийн нэгдүгээр дайны дараа хүн төрөлхтний оюуны цар хүрээ цочирсон. Дайны дараах он жилүүдэд сор сэтгэгчдийн хүрээлэлд нацист чиг хандлага нь абсурд буюу чөлөөт хийсвэрлэн сэтгэх хандлаганд байраа тавьж, номын сандаа тавиур гаргаж өгсөн байдаг.

Эндээс л бүх зүйл эхэлж, “Урлаг бол амьдралын хэлбэржилт” гэсэн Ричард Уолхаймын хэлээгүй үг цуурайтсан түүхтэй. ТЕАТР-АБСУРД хэмээх утга учиргүй, хачин жигтэй энэ аялал зуун жилийн өмнө эхэлсэн байтал бид зуун жилийн өмнөөс утга учиртай, хачин жигтэй бус төлөвлөгөөтэй, сахилга баттай, түүнийгээ тагнуул, цэргээр хамгаалуулсан захиргаан дор амьдрах нийгэм журам буюу социалист интернационалч хүүхэлдэйн театрт амьдарч эхэлсэн.

Ийнхүү бид өрнийн ч биш, дорнын ч биш хүүхэлдэйн театртаа коммунизмыг байгуулагчдын үзэл суртлын, оюун санааны хүчирхэг зэвсэг болон 1990 онтой золгосон хүмүүс. Нөгөө бөөсний онигоо гэдэг шиг сайн нөхрийн хүслээр л хэлэх үгээ хүүхэлдэйн театрын хөгжил дэвшил, уран чадвартай холбосоор хэдэн арваныг элээсэн.

-Сайн нөхрийн үгээр гэдэг нь “орос ах нар”-ыг хэлээд байна уу?

-Яг тийм, театрынхан бид 1920-оод оноос ерээд он хүртэлх 70 жилийн турш ганцхан замаар Лениний заасан замаар, тууштай холбиролтгүйгээр үнэн цагаан сэтгэлээр социалист реализмын замаар замнасан.

-Социалист реализмын үед абсурдын үнэр түгсэн гэх гээд байна уу та?

Мягмар-Тэр үед аугаа их Владимир Ильичийн дүрийг бүтээнэ, социалист хэв шинжит хөдөлмөрчин хүний дүрийг бүтээнэ гэдэг бахархам хэрэг байлаа. Уран бүтээлч болсоны ганц хэрэг бүтэх, хүн болсоны гавьяа байлаа шүү дээ. Мөн ч олон сайхан авьяас билэг энэ “улаан өрөө”-нд хайлж үгүй болсон доо хөөрхий. Тэр үед бидний нүд боолттой, чих таглаатай, амар хавчаартай, нэг мэдрэхүйтэй…

Тэр мэдрэмж оюун бодлоо сайтар ажигласан уран бүтээлч нь шагнуулаастай, шагналын төлөө алаантай, матаастай… Социалист реализмын өргөн дардан бартаагүй замаар коммунизмын оргил өөд авчирч байлаа. Хүн төрөлхтөн эзэд, эрх баригчдынхаа эсрэг хэлэх үгээ хүүхэлдэйгээр дамжуулж хэлчихээд би хэлээгүй, хүүхэлдэй хэлсэн гэдэг башир аргыг өнө эртнээс бодож олж байж. Тэр цагаас хойш хүүхэлдэйн театрын урлаг хүний амьдралд орж ирсэн түүхтэй.

-Абсурд гэж тэгээд юу юм бэ?

-1970,80-аад оны үед ЗХУ-ын сэхээтний дэвшилтэт нийгэмд “шүүмжлэлт реализм” хүч түрэн орж ирсэн үед манайд бас шүүмжлэл бүхий этгээдүүд сонины нүүр, номын хуудас, театрын тайзнаа цухалзах болж зураачид элдэв тунхагаа зурахын зуур бичиж эхэлсэн байдаг.

Яруу найрагч Д.Урианхай “Дотоод шаталтын хөдөлгүүрээ” бичсэн нь үл олдох болж, Р.Чойном шоронд шүлэглэж Г.Доржсамбуу, И.Нямгаваа, Б.Баатар нар тайзан дээр тарвалзаж, “Алтан үе”-ийнхэн бүр гайхаж хоцорсон.

Б:Балжинням “Хачин хүн”-ийхээ зураг авалтан дээр “хачин”-даж, шог зураач нар шүүмжлэн шогтож ажлаасаа халагдахуй дор Б.Галсансүх пост модернист урсгалын фронт удирдагчаар тодорч байв шүү дээ. Ийнхүү хувьсгалын дараа чөтгөрийн тоо ихэссэн гэдэг шиг энд тэнд социалист реализмын сэмэрхий хадаг нэвт хадагдаж завсар заальхайгаар нь “үл бүтэх этгээдүүд” цухалзаж “Намын төв хороо нүцгэн байна. Би хэлээгүй Ацерсон хэлсэн” гэж гал тогоондоо шивнэлдэж эхэлсэн л дээ. Тэр үед Баабар “Бүү март, мартвал сөнөнө”-өө бичиж байсан.

-Ардчиллын салхиар уран бүтээлчдийн хүссэн тэр эрх чөлөө ирсэн нь сайхан хэрэг шүү. Гэхдээ тэр үед театрынханд эрх чөлөө нь ирсэн ч огт алхаж үзээгүй цоо шинэ зам дээр гэнэт гарах цочирмоор байсан нь мэдээж. Их л юм болсон байх?

-1990 онд “Бид хэн бэ, Би хэн бэ? Хаашаа явах, юу хийх, юу бодох, гол нь юу хэлэх вэ” гэдэг асуудалтай бүгд нүүр тулсан. Энхрий хайрт социалист реализм ерөнхийдөө нуран унасан л даа. Сүүлийн үед толгойгоо өндийлгөөд байсан “Шүүмжлэлт реализм” ч сонин биш болсон. Москвад шүүмжлэлт реализмийн гол байлдагч Юрий Любимовын театр түр зуур дуугаа хураасан. Шүүмжилж байсан сэдэв нь үгүй болчихсон учраас.

1920 оноос хойш салаалсан сэтгэлгээний олон урсгал, хачин толгой эргэм салаа зам өмнө минь тодорсон. Бидний урагшилж ирсэн зам бүдгэрсээр малын хөлийн жим болсон. Маркс Лениний замаар замнаж явсан бидний хөөрхий уран бүтээлчид хөгжихийн замаа эрсээр, дээр нь гадаад хэлгүй бол хөлгүй гэгч болсон л доо. Ийнхүү хүүхэлдэйн театр удирдагчгүй, найруулагчгүй, урын сангийн бодлогогүй явсаар, театр өөрөө, өөрийнхөө эрхээр, хачин толгой эргүүлсэн утга учиргүй мөртлөө гайхам эрх чөлөө сэтгэлгээний хязгааргүй орон зайд орж явлаа. Хүүхэлдэйн театрынханы өмнө абсурд сэтгэлгээ хаалга үүдээ цэлийтэл нээчихээд байгаа.

Бид өнөөхөндөө тэрхүү гайхамшигт орон зай руу барималч А.Очирболдын “Бодол” баримал шиг явах замын өмнө гайхшран зогсох шиг. Энхүүхэндээ гэхэд Очирболдын “Бодол” Огюст Родены “Сэтгэгч” –ээс даван ниссэн эрин цагийн шилээвэр бүтээл юм. Он цаг түүнийг “ THE HU” хамтлаг шиг дэлхийн хүн болгож, баримал нь дэлхийн өв болох цаг удахгүй.

-Бид аль замаар нь явах вэ, эсвэл шинэ зам нээх үү гэдгээ сонгосон. Ганцхан зам уу эсвэл олон зам салаалав уу?

-Уг нь монголчууд шинэ зам гаргахдаа гаргуун сэхээлэг хүмүүс. Биднийг явуулаагүй тэр замуудыг эргээд нэг харчихвал яанам гэж бодох юм. Ситуационизм. Тэд төр засаг сөнөтүгэй, хөрөнгөтний урлаг сөнөтүгэй, нэр төрөөрөө далайлгагчид сөнөтүгэй, хувьсгал бол бараа таваар биш, бүхнийг утга учиргүй болгоод эргэн харцгаая гэцгээчихсэн.

Футуризм. Сонгодогууд сөнөтүгэй, академчид сөнөтүгэй, урлаг бол хуучин зарчмыг эвдэгч хүчирхийлэл, уламжлалт урлаг сөнөтүгэй гэцгээсэн л дээ, товчхондоо тэд Данте, Шекспир, Толстой, Гёте нарыг чөтгөр лүүгээ тонил гэчихсэн.

Суперматизм ба Конструктивизм. Байгалийн бүтээлийг бүү давт, тийм бүтээл хүн төрөлхтөнд хэрэггүй, абстракт хэлбэр, хурц өнгө, хавтгай дүрслэл бол бидний хэлбэржилт гэж архитектурууд голчлон тунхагласан байдаг юм. Дедайзм. Уламжлалт гоо зүй сөнөтүгэй, дэг жаяг дүрэм журам сөнөтүгэй гэцгээсэн. Үүний төлөө пост модернизм төрсөн түүхтэй.

Флуксус урсгал. Бүх уламжлагдан ирсэн хэлбэр дүрс, хязгаар хэмжүүр сөнөтүгэй, урлагийн бүтээл агшин зуур төрөхөөс биш төлөвлөгөө заавраас ангид юм, оргилон гарах урлагийн бүтээлийн төлөө гэцгээсэн. Үүний дүнд Антитеатр, Хэппи урлаг төрсөн. Тэд ертөнцийн хүн ардыг сэхээтэнлэг ба мэргэжлийн гэх худалдагддаг соёлын эсрэг зогсохыг уриалсан.

Поп Арт урсгал. Абстракц урлаг сөнөтүгэй, урлагийг ард түмний таашаалд нийцүүл, сурталчилгаа бол бас урлаг мөн, зүгээр л нэг нөөшилсөн хоол урлаг мөн гэцгээсэн. Концентуализм. Уран зураг, уран баримал, дуу бичлэгийн хуурцаг бол урлаг биш ердөө л нүдэнд харагдах, гарт баригдах, чихэнд сонсогдох зүйл, харин урлаг бол цэвэр шинэ санаа, хөдөлгөөн, агуулга юм гэцгээсэн. Догма 95 тунхаг дээр “Киног төрөлжүүлэхээ боль. Гэрэлтүүлэг хиймэл хөгжим, тусгай эффект тэр ч бүү хэл найруулагчийн нэр хэрэггүй. Камераас бусад бүх техник хэрэггүй, хог дээр хая” гэсэн байдаг.

Сюрреализм. “Зүүд, зөн мандтугай. Ухамсартай ухамсаргүй бүхэн мандтугай. Улс оронд болж буй хувьсгал хувьсгал биш. Чиний тархинд өртөж буй хувьсгал жинхэнэ хувьсгал мөн” гэцгээсэн. Вортацизм ба абстракт экспрессионизм. Нүцгэн абстакц, хуурамч хөгжил дэвшил реализмтайгаа сөнөтүгэй гэчихсэн. Тэд “Амьдрал бол өнгөрсөн ба ирээдүй, өнөөдрийн урлагийн хөрс” гэж харсан хүмүүс.

Суперреализм. Энэ бол сүүлчийн тодрон буй харгуй. Эргэн тойрноо харцгаая. Ид шид, зөн билиг, далд утга, дохиолол, суперменүүд, робот, хиймэл оюун ухаан, компьютер, гар утас, сансар огторгуй, шинжлэх ухаан техникийн нээлтүүд, хүний эрхийн тэмцэл, дэлхийн дулаарал, элдэв оюун санааны хомсдол, тэнэгрэл, эдийн засгийн дайн, дарангуйлагчид, хар нүх, медиа урлаг…

Хүн төрөлхтөн түүний дундаас уран бүтээлч, зохиолчид тэргүүлэн шинэ соёл урлагийн төлөө олон салаа замаар нэгэн зүг урагшилсаар дээшээ тэмүүлцгээж яваа. Харин бидний уран бүтээлчид эзгүй таван ханатай гэр театртаа эрх чөлөөгөө, сэтгэлгээний эрх чөлөөгөө өлгийдөн бүүвэйн дуу аялсаар суугаа. Гэтэл улс гүрнүүдийн урлаг үйл хөдлөлөөс текст рүү хүний сэтгэлийн гүнд шингэсээр байна.

Гэвч бидний нэг хөл социалист реализмд дүрээстэй, нөгөө хөл маань агаарт өлгөөстэй, гарт маань хүнийг ойртуулсан гар утас атгаастай, түүнийгээ өдөр шөнөгүй маажаастай явцгааж байгаа.

-Өнөөдөр Монголд урлаг эрх чөлөөтэй байж, уран бүтээлчдийн сэтгэлгээ чөлөөлөгдөж чадсан уу?
-Зохиолчид, зураачид, хөгжимчид, жүжигчид, найруулагчдадаа “өөрийн зам мөрөө олж, өөрийн тунхагаа бодож бичиж тунхаглаж сэрцгээе л дээ” гэж хэлмээр санагддаг. Цаана чинь биднийг удирдан чиглүүлэхээр хиймэл оюун ухаан айсуй, тун удахгүй тэр бидний оронд ажиллаж эхэлнэ.

МягмарӨнөөдөр хүн төрөлхтөн хачин сонин үл итгэм абсурдаар амьдран улс төр урлагийн олон салаа зам дээр бодол болон зогсч байна. Театрт аль урсгалын хэн гэдэг зохиолчийн ямар хөндүүр сэдвээр ямар зохиолоор жүжиг найруулан тавих вэ, тэр жүжиг нь хэнд зориулагдсан, хэний захиалгаар байх вэ?

Эсвэл манай нэг найруулагчийн хэлснээр оюун ухааны түүчээ, соён гэгээрүүлэгч юм бол өөрийн дур зоргоор хэлэх гэснээ хэлэх үү? Хэлэхдээ сүрлэг бадрангуй хэлэх үү, харилцан ярилцах уу, үзэгчидээ эрхэмлэн хүндэлж хамтран хүний сэтгэлийн мөн чанарт хөвөх үү гээд хөврүүлбэл олон асуулт байна л даа.

-Ингээд харахаар урлаг үүрэггүй юм биш үү, театрын хийх ёстой ажил нь юу юм бэ?

-Миний бодоход театр сургаал хайрладаг, тахин шүтүүлдэг, ном номлодог ариун гэгээн сүм биш. Теартын үзэгчид сүмд ирж гэмээ наминчилдаг мөргөлчид биш. Театрын тайз алтан ч биш, мөнгөн ч биш. Театрын жүжигчид номоо цээжилсэн лам ч биш, баньд ч биш. Миний бодоход театр харилцан ярианы талбар, дотоод сэтгэлийн хүүрнэл, үзэгчид өөрөө өөрийгөө олох, бодол санааны огтлолцол, ухамсартай ухамсаргүй хүний ёс суртахуун, хүний сэтгэлийн ертөнц юм.

Энэхүү хоосон орон зайд өөрийгөө хуурах, үзэгчээ хуурах дур татам хоолой, нүд эрээлжлэх хувцас, тайз чимэглэл гоё уран хөдөлгөөн, босон хараймаар хөгжим сэлтээ шоундаа хэрэглээд зөвхөн сэтгэлийн хаалгаа нээмэгц театр амь орох биз. Тэр цагт театрт урлаг ирж, зөвхөн үг үлдэнэ. Өнөөдөр бид гар утсаа нүүрэндээ тулган амьдарч байна. Түүн дотор кино, театр, соёл урлаг, уран бүтээл бүгд байна.

Яг өнөөдөр хэдхэн мянган км-ийн цаана 4,5,8 жи шинэ медиа хиймэл оюун ухааны тухай ярьж байна. Кино бүтээхэд камер хэрэггүй болж байна. Бродвейн театрт жүжигчингүй жүжиг үзүүлж байна. Тэр театрт зөвхөн үг л үлдэж. Хүн төрөлхтөн сонинд итгэдэг байсан бол телевизэд итгэхээ больж одоо зөвхөн гар утсандаа итгэж байна. Ухаалаг утас биднийг ухаалаг байхгүй л бол эзнээ гэж бодохгүйгээр баримт үзүүлж байна.

Тун удахгүй театрт ирж буй үзэгчдийг “Тайзан дээр зовж зүдэрч буй жүжигчнийг харах гэж садист сэдлээр ирэв үү, цэвэр хүн хоорондын харьцаа, сэтгэлийн өгүүлэмж үгээр дамжиж нүдэнд нь илрэхийг харах гэв үү” гэж асуухаар болж байна.

-Орчин үеийн ухаалаг технологи ба урлаг гэсэн өнцөг хариултгүй үлдчих гээд байна л даа. Ийм орчинд урлаг ямар байвал урлагийн мөн чанараа хадгалах орших юм болоо, та сая цухас хэллээ л дээ театраар жишээлээд…?

-Киночид кино хальс, камер, гэрэлтүүлэг, эвлүүлгээсээ татгалзаж байна. Барималчид уламжлалт материалаасаа татгалзаж хаягдлаар агуу санаагаа урлаж байна. Зураачид санаагаа л илэрхийлж байвал юун дээр юугаар дүрсэлсэн нь хамаагүй болж байна. Театр үзэгчдэдээ ойртож гудамжинд гарч утсан дотор чинь тоглож байгаа. Харин нийтийг хамарсан шоу тоглолт уйдсан хүмүүсийн халаасан дотор орчихоод уужим амьсгалж байна. Урлаг амьдралын хэлбэржилт л юм бол урлаг бүтээгч нар өнөөгийн амьдралын хэлбэрийг анзаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол үзэгчдийн бидэнд итгэх итгэл улам холдоно.

Итгэлгүй үзэгч театрт ирэхгүй. Бид үйл хөдлөл хөөсөн урлагаас үг ухсан урлаг руу харах нь орчныхоо амьдралын хэлбэржилтийг дүрслэхэд хэрэгтэй мэт. Үгийн ард гүн ухаан бий. За тэгээд эцэст нь “Сэтгэлгээний абсурд хоосон орон зай мандтугай. Уран бүтээлчдийн амь хоргодох байр төрийн албан хаагчийн өчүүхэн цалин өгчихөөд бие, сэтгэл, хэл гурвыг уягч элдэв хүмүүс бас шагнал сөнөтүгэй. Бидний сүнсийг худалдан авагч нар сөнөтүгэй. Театрт авьяас л үг хэлэх эрхтэй” гэе дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img