2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Хамгийн ойлгомжтой онгоцны “осол” ба “Путины тогооч”-ийн зүй ёсны төгсгөл

Москвагаас Санк-Петербургийг чиглэж ниссэн “Вагнер” хэмээх хувийн цэргийн компанийн тэргүүн Е.Пригожины эзэмшдэг “Embraer Legacy 600” онгоц 8.5 км-ийн өндөрт осолдсон шалтгааны талаар дэлхийн хэвлэл мэдээллийн бүхий л хэрэгсэл ам амаа авалцан шуугих боллоо.

“Embraer Legacy 600”-гийн сүүл нь эх биеэсээ 2.5 км зайд газарт унасан, мөн санамсаргүй гэрчүүдийн онгоц унаж буйг авсан видео бичлэгээс үзвэл бүхээгт нь бөмбөг дэлбэрсэн, эсвэл пуужинд оногдсон байж болох гэнэ.

Юутай ч ОХУ-ын иргэний агаарын “Росавиация” агентлагийн мэдээлснээр, бүхээгтээ нисэх багийн гурван гишүүн, долоон зорчигтой агаарт хөөрсөн “RA-02795” бүртгэлийн дугаартай тус онгоц наймдугаар сарын 23-ны 18.40 цагт Тверь мужийн Куженкино тосгоноос холгүй осолджээ. Онгоцонд байсан бүх хүн, үүний дотор Е.Пригожин амь үрэгдсэн ба ослын газраас түүний гар утас олдсон тухай баттай эх сурвалжтай гэх мэдээлэл ч цацагдав.

Тэгвэл осол болохоос яг хоёр сарын өмнө, зургадугаар сарын 23-нд Е.Пригожин хөлсний цэргүүдийнхээ хамт Украины фронт дахь байрлалаа орхин Оросын Дон дахь Ростов хотыг хяналтдаа аваад Москва руу “шударга ёсны төлөөх марш” гээчийг хийх болсноо зарласан билээ. “Вагнер”-ын цэргийн цуваа Москваг чиглэх замдаа Оросын зэвсэгт хүчний нэг онгоц, зургаан нисдэг тэргийг устгаж 15 нисгэгчийн аминд хүрсэн байдаг.

Е.Пригожин

Удаахь өдрийн 10 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ард түмэндээ хандан телевизээр үг хэлэхдээ, болж буй үйл явдлыг “эх орныхоо ар нуруунд хутга шаасан урвалт” гээд зэвсэгт бослогын замыг сонгосон хэн боловч шийтгэл хүлээх болно гэдгийг онцолсон боловч Е.Пригожин, түүний “Вагнер” цэргийн компанийн нэрийг нэг ч удаа дурдаагүй. Үүний хариуд Е.Пригожин, “Ерөнхийлөгч биднийг эх орноосоо урвасан гэж маш их эндүүрлээ. Бид Ерөнхийлөгч, Холбооны аюулгүйн алба, өөр аль ч байгууллагын шаардлагаар бууж өгөхгүй” гэж сүржигнэсэн нь бий.

Гэвч сүртэй эхэлсэн “Шударга ёсны төлөөх марш” Москвад 200 км дөхөж очоод гэнэт зогссон. Е.Пригожин зургадугаар сарын 24-ний орой мэдэгдэл хийж, Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн зуучилснаар ОХУ-ын удирдлагатай холбоо барьж чухал тохиролцоонд хүрснээ зарласан юм. Тэрээр, “Вагнер” хувийн цэргийн компанийг татан буулгахыг зэвсэгт хүчин доторх зохих хүчнүүд эрмэлзсэн билээ. Тэгвэл үүний хариуд бид шударга ёсыг эрэн ганц хоногийн дотор Москвад 200 км дөхөж очихдоо нэг ч дайчныхаа цусыг урсгаагүй.

Харин одоо аль аль талаас орос хүний цус урсах эрсдэлтэй болсныг ухамсарлан цуваагаа эргүүлэн төлөвлөгөөний дагуу хээрийн лагериуддаа буцах боллоо” гэжээ. Үүний дараахан ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Д.Песков сэтгүүлчидтэй уулзаж, Е.Пригожины эсрэг үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон Беларусь руу гарах боломж олгож, фронтод гавьяа байгуулсных нь төлөө “Вагнер”-ын дайчдыг ямар нэг байдлаар цээрлэхгүйг онцолж байв.

Е.Пригожин“Путины тогооч” хочтой Е.Пригожин ямар учраас “Шударга ёсны төлөөх марш” зохион байгуулж эзэнтэйгээ тэрсэлдсэн нь сонин.

Уг нь түүний “Вагнер” компанийн хөлсний цэргүүд Украины фронтын хамгийн чухал чиглэлд тулалдан Оросын хувьд чухал ач холбогдолтой Бахмут хотод нэвтэрсэн төдийгүй бүрэн хяналтдаа авсан тухайгаа ч зарлаж байсан юм. Тэр нь олон сарын турш Оросын талын тодорхой амжилтад хүрсэн бараг цорын ганц давшилт байлаа.

Үүндээ эрдсэн үү, Е.Пригожин Оросын армийн удирдлагыг байнга шүүмжлэх болж, “Вагнер”-ын анги нэгтгэлүүдийг бүх төрлийн хангамжаар санаатайгаар дутааж, тэр ч бүү хэл араас нь пуужингаар цохилт өгсөн хэмээн Батлан хамгаалахын сайд С.Шойгу, Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга В.Герасимов нарыг буруутгажээ. Үүгээр үл барам улсынхаа Мөрдөн байцаах хороонд өргөдөл бичиж “Оросын ард түмнийг фронтод аймаглан устгаж буй” тэднийг шалгахыг хүссэн аж.

“Карнеги” олон улсын судалгааны сангийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, бослого гаргах гол шалтгаан нь Оросын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд багтдаггүй сайн дурын бүх анги нэгтгэлүүд, үүний дотор “Вагнер” компани тус улсын Батлан хамгаалах яамтай долдугаар сарын 1-нээс өмнө заавал гэрээ байгуулах тухай С.Шойгугийн зургадугаар сарын 13-ны өдрийн тушаал байжээ. В.Путин гарын үсэг зурж баталсан энэхүү тушаал шоронгийн хоригдлуудыг татсанаар бараг 50 мянган байлдагчтай болоод байсан “Вагнер” компанийг армийн бүрэлдэхүүнд уусган нэр нөлөө, эрх чөлөөг нь бууруулах тул Е.Пригожин ийн дургүйцэж боссон гэлтэй.

Гэвч тэрээр юунд, бас хэнд найдан том толгой гаргаж Москва руу танк, хуягт тэрэг бүхий цэргийн цувааг хөдөлгөв?

Оросын улс төр судлаач М.Комин “Свобода” радиод ярилцлага өгөхдөө, “Е.Пригожин цэргийн эргэлт хийх оролдлогыг нь С.Шойгугаас өмнө, Батлан хамгаалахын сайдаар С.Сердюков, Жанжин штабын даргаар Н.Макаров нар байхад армийн дээд офицерын бүрэлдэхүүнд орж ирэгсэд дэмжинэ гэж найдсан байж болох юм.

Е.ПригожинС.Сердюков, Н.Макаров нарын эхлүүлсэн арми дахь өөрчлөн байгуулалтыг С.Шойгу үргэлжлүүлээгүйгээс үүдэн Украин дахь дайн төлөвлөсөн ёсоор өрнөлгүй асар их хохирол амсахад хүрсэн гэж үздэг тэрхүү офицерууд Е.Пригожины Батлан хамгаалах яамыг шүүмжлэх явдлыг ил, далдаар дэмждэг байсан нь тодорхой. Иймээс ч “Вагнер”-ын цувааг Ростов, улмаар Москваг чиглэхэд Оросын армийн зарим анги нэгтгэл зогсоох ямар ч оролдлого хийгээгүй. Үүнийгээ тэдгээр анги нэгтгэлийн удирдлага цувааг зогсоох тушаал бичгээр ирээгүй гэдгээр булзааруулсан.

Е.Пригожин түүнчлэн С.Шойгутай шууд холбоогүй, түүнтэй ямар нэг зөрчилтэй С.Суровикин зэрэг генералуудын дэмжлэгт найдсан. Гэвч тэр генералууд түүний талд шууд орж зүрхлээгүй. Үүнээс гадна Украины дайнд хэд хэдэн шившигтэй ялагдал хүлээсэн армийн удирдлагыг зоригтойгоор шүүмжилдэг түүнийг ард түмний нэлээд хэсэг дэмждэг нь Ростовын оршин суугчид “Вагнер”-ын цувааг хэрхэн хүлээж авснаас харагдсан шүү дээ” гэжээ.

Юутай ч “Шударга ёсны төлөөх марш” нь В.Путиныг удирдсан 23 жилд Орос дотор тайван амгалан байдлыг алдагдуулсан анхны зэвсэгт үймээн самуун болсон юм. Энэ нь В.Путины хөдөлшгүй бат бэх мэт байр суурь амархан ганхаж болохыг, тэрээр улс орноо бүрэн хянаж чаддаггүйг гадаад, дотоодод яруу тодоор харуулсан билээ. Ийм доромжлолыг өөртэй нь сөргөлдсөн хэнийг ч өршөөдөггүй В.Путин зүгээр өнгөрөөхгүй нь хэнд ч илэрхий байлаа.

Хэдийгээр батлагдаагүй ч, хязгааргүй эрх мэдэлд тэмүүлэх замд нь саад болсон цөөнгүй хүнийг В.Путин тус улсын тусгай албадад тушаал өгөн бүрэлгэсэн гэдэг билээ.

Оросын Ерөнхийлөгч агсан Б.Ельцин 1999 оны наймдугаар сард С.Степашины оронд тус улсын Ерөнхий сайдаар В.Путиныг томилсноос хойш ердөө ганцхан сарын дараа Буйнакск, Волгодонск, Москвад орон сууцны хэд хэдэн барилга дэлбэрч олон зуун хүний аминд хүрсэн явдал Оросыг тэр чигт нь цочроон айдаст автуулсан байдаг. Шинэхэн Ерөнхий сайд В.Путин тэдгээрийг Чеченийн салан тусгаарлагч террористууд үйлдсэн гэдгийг “шуурхай тогтоож” ард олны дунд шийдмэг залуу удирдагч хэмээгдэн нэр хүндээ эрс өсгөжээ.

Аймшигт дэлбэрэлтүүдийн дараа В.Путин террористуудыг үүр уурхайд нь устгах Чеченийн хоёрдугаар дайныг өдөөхөд Оросын ард түмэн бараг тэр чигтээ дэмжсэнд гайхах зүйлгүй. Энэ нь түүнийг 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж Б.Ельциний халааг авахад хүргэжээ.

Гэтэл хэрэг бишдэж, орон сууцны барилгуудыг Чеченийн алан хядагчид бус Ерөнхий сайд В.Путины тушаалаар Оросын тусгай албад дэлбэлснийг нотлох баримтууд илэрч эхлэх нь тэр. Тэдгээрийг анх олон нийтийн хүртээл болгож эхэлсэн хүмүүс бол бүр ЗХУ-ын үед дээд удирдлагын дотор бугшсан авлигын талаар бичиж байсан сэтгүүлч Ю.Шекочихин, “Либерал Орос” намыг үүсгэн байгуулагч, чөлөөнд гарсан хурандаа С.Юшенков нар аж.

Тэгвэл “Washington Post” сонины 2017 оны гуравдугаар сарын 25-ны дугаарт гарсан судлаач Д.Филиповын “Алагдсан эсвэл учир битүүлэг нөхцөл байдалд нас барсан Путиныг шүүмжилж байсан 10 хүн” нийтлэлд С.Юшенков 2003 оны долдугаар сард АНУ явахаасаа хэдхэн хоногийн өмнө гэнэт үл мэдэх өвчин тусч нас барсан бол мөн онд Ю.Шекочихиныг Москва дахь гэрээс нь холгүй буудан хороосон гэж бичжээ.

Орон сууцны барилгуудын дэлбэрэлтүүдийг Оросын Холбооны аюулгүйн алба В.Путины тушаалаар зохион байгуулсан гэдгийг түүнчлэн тус албанд он удаан жил ажилласан А.Литвиненко дэлхий даяар зарлаж байв. Тэрээр 2006 онд Лондоны зочид буудалд полоний-210 гэдэг хортой кофе ууснаасаа хойш гурван долоо хоногийн дараа нас баржээ. Их Британийн мөрдөн байцаагчид түүнийг Оросын тагнуулч А.Луговой, Д.Ковтун нар хордуулсныг тогтоосон юм. Гэвч Москва тагнуулчдаа Их Британийн шүүхэд шилжүүлэхээс татгалзсан төдийгүй В.Путин хожим А.Луговойг “Эх орныхоо төлөө” медалиар шагнажээ.

Мөн онд Чеченийн дайны үеэр энгийн номхон иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийг илчилж, “Путины Орос” номдоо В.Путин “цагдаа-улс” байгуулсныг баримттайгаар шүүмжилсэн сэтгүүлч А.Политковскаяг орцных нь цахилгаан шатанд буудаж хороосон аж.

1990-ээд онд Б.Ельцины ойрын хүрээлэлд шургалж тэрбумтан магнат болсон физикч эрдэмтэн Б.Березовскийг Оросын төрийн эрх мэдэлд В.Путиныг гаргаж ирсэн хүмүүсийн нэг гэдэг. Тэрээр В.Путины хүчтэй өрсөлдөгч, Оросын Ерөнхий сайдын орлогч агсан Б.Немцовыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэх кампанит ажлыг амжилттай зохион байгуулжээ. Гэвч В.Путин түүнийг ашиглан Ерөнхийлөгч болсныхоо дараа хүрээлэлдээ багтаагаагүй аж.

Үүнд хорссон Б.Березовский хүчээ авч эхэлсэн В.Путинтэй сөргөөцөлдөж дийлдээд аргагүйн эрхэнд Их Британи руу зугтжээ. В.Путиныг хэрхэн Оросын хязгааргүй их эрх мэдэлтэй “хаан” болсон нууцыг дэлгэж эхэлсэн тэрээр 2013 онд Их Британи дахь олон давхар хамгаалалттай харшийнхаа угаалгын өрөөнд дүүжлэгдсэн байдалтай олдсон юм.

Е.Пригожин

Тэгвэл Оросын ардчилсан хүчний сүүлчийн ноён нуруу, тус улсын улс төрийн амьдралаас шахагдсан Б.Немцов В.Путины иргэдийн эрх чөлөөг боомилох бодлогыг хамгийн ихээр шүүмжилдэг байв. Түүнийг сөрөг хүчний цуглаан зохион байгуулсных нь төлөө удаа дараа баривчлавч хэрэг тохож чадалгүй арга буюу сулладаг байжээ. 2015 оны хоёрдугаар сард Украины дотоод хэрэгт Орос цэргийн хүчээр оролцохыг эсэргүүцэх цуглаанд нэгдэхийг олон нийтэд уриалсныхаа дараахан Б.Немцов Кремлиэс холгүй орших Их Москворецкийн гүүрэн дээр бусдад буудуулан амь үрэгдсэн билээ…

Иймд Е.Пригожин Москва руу цэрэглэн хөдлөөд Оросын арми дахь С.Шойгуг эсэргүүцэгчдийн тоймтой дэмжлэгийг авч чадаагүйн дараа хөгшин хонины насгүй болсноо ухаарсан биз ээ. Түүний эсрэг өдөөсөн хэргийг цуцалж Беларусь руу чөлөөтэй явуулсны дараа ч Е.Пригожин хорвоогийн тоосыг удаан хөдөлгөхгүй гэдгийг хэн хүнгүй ойлгосон. Ямар сайндаа л АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден түүнд идэх хоолоо хүртэл сайтар шалгаж байхыг “зөвлөх” вэ.

Үхлийг бизнесээ болгосон “Вагнер”-ын эзэн Е.Пригожин В.Путин, тэр тусмаа А.Лукашенкогийн амлалтад итгээгүй нь мэдээж. Тэрээр үүссэн нөхцөл байдалд Оросын төрд хэрэгтэй хүн гэдгээ харуулахыг байдгаараа хичээн Беларусьтай хиллэдэг Польшийг ч өдөөн хатгаж сандраан Африкт ч Оросын байр суурь хүчтэйг харуулахыг эрмэлзсэн. Гэвч улс төрд, нэн ялангуяа дарангуйлагч дэглэмтэй улсын бодлогод бизнес загварын ашгийн ойлголт үйлчилдэггүй ажээ. Эзнийхээ өөдөөс ноцсон нохой яаж төгсдгийг бусдад харуулах нь ямар ч ашгаас илүү жин дардаг байна.

Тэгэхээр, Оросын Тверь мужийн тэнгэрт хамгийн ойлгомжтой онгоцны “осол” болж, эзэнтэйгээ тэрсэлдсэн “Путины тогооч”-ийн хүлээгдэж байсан зүй ёсны төгсгөлд хүргэжээ.

Болсон үйл явдалтай холбогдуулан Германы Гадаад хэргийн сайд Анналена Баербок юу гэж мэдэгдсэнийг эцэст нь хүргэе.

“Энэхүү осол хүчирхийлэл дээр суурилсан дарангуйлагч дэглэмийн дотор зөвхөн хүчирхийллийн хэл үйлчилдгийг харууллаа.”

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img