2024-04-21, Ням
3 C
Ulaanbaatar

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцна

Монгол Улсын хэмжээнд боловсрол, сургалтын үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн их, дээд болон ерөнхий, мэргэжлийн, сургуулийн өмнөх боловсролын бүх байгууллагын удирдлагууд, олон улсын байгууллагууд, гадаадын дипломат төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг хамруулсан “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” нэгдсэн уулзалт өнөөдөр боллоо.

УИХ-ын 2023 оны хаврын чуулганаар Боловсролын багц хуулийн төслийг шинэчлэн баталсан. Багц хуульд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техник боловсролын сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байгаа юм.

Боловсролын багц хуулийн шинэчлэлийг Монгол Улс анх удаа хийж буйгаараа онцлог болжээ. Дэлхийн хэмжээний Монгол хүнийг бэлтгэхэд чиглэсэн цогц шинэчлэл болж чадсан гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлэхдээ онцолсон. Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон дээд боловсролын бүх шатны байгууллагад суралцагч, багш, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид рүү чиглэсэн томоохон реформыг энэ удаагийн Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хийсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд “Боловсролын реформд нэгдэх үү?” гэсэн агуулгаар илтгэл тавив. Ялангуяа багшийн нэр хүндийг өсгөх, нийгмийн баталгааг хангах, ур чадварт онцгой анхаарах цаг болсон гэдгийг тэрбээр тодотголоо. Дэлхийн хэмжээний Монгол иргэнийг бэлтгэх, Монгол Улс бүх салбартаа чадварлаг хүний нөөцтэй болох шинэчлэлийг цаг алдалгүй хийх ёстой. Боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэхдээ багш бэлтгэх тогтолцоонд онцгойлон анхаарна гэлээ.

Багш мэргэжлээр суралцах оюутны сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилээс 2030 он хүртэл төр 100 хувь, багш нар дотооддоо магистрт суралцах бол сургалтын төлбөрийг төр 100 хувь хариуцахаар болсны зэрэгцээ МУБИС-ийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг шинэчлэх, элсэгчдийн босго оноог өндөрсгөх ажлуудыг цогцоор нь хийх шаардлагатайг энэ үеэр Ерөнхий сайд мэдэгдлээ.

Боловсролын салбарын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, төсвийн тодотголоор багш нарын цалин 2023 онд дунджаар 55 хувиар нэмэгдсэн. Цаашид Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд багшийн нийгмийн баталгааг хангах, олон улсад богино, дунд, урт хугацааны сургалт, сургуулиудад хамрагдах зэрэг ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Багш бэлтгэх тогтолцоог шинэчилж, багшийн хөгжлийг 2030 он хүртэл бодитой дэмжсэнээр олон улсад өрсөлдөхүйц, эх хэлээ дээдэлсэн, англи хэлний өндөр мэдлэгтэй олон мянган чадварлаг багшийг бэлтгэхээр “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img