2024-07-23, Мягмар
25 C
Ulaanbaatar

Б.Наминчимэд: Сул дорой, эв нэгдэлгүй, харанхуй байхын төлбөр маш их

Уншсан хүний элэг зүрхийг эмтэлж, шар үсийг босгомоор түүхийн гашуун үнэнийг бидэнд сануулсан зохиол бол Зохиолч Б.Наминчимэдийн “Цагаан бороо”. Б.Наминчимэдтэй энэ зохиолынх нь талаар өрнүүлсэн ярилцлагаа таны өмнө дэлгэе.

-Цагаан бороо зохиолыг хэзээнээс бичье гэж бодсон бэ?

-Романд гардаг түүх, хуучуудыг хар багаас л сонсож өссөн. Манай нутагт Таван толгой гэдэг газар бий. Түүнээс холгүйхэн Хар заг нэртэй заган шугуй бий, тэр шугуйн хаяаг нь Загийн шанаа гэдэг. Тэнд Цоохор Бат нэртэй Засагт ханы нэгэн эрийг хятад наймаачид хүлж аваачаад дээрэмдсэн хятад шар цайг нь загтай хольж хөр шиг зэрэглэн өрж байгаад амьдаар нь шатаачихсан юм гэнэ билээ гэж ярьдаг байв. Монгол оронд, бүр төрөлх нутагт нь шүү.

Би тэр газраар явах бүрдээ уг түүхийг зүрх шимшрэн санадаг. Тэгээд оюутан байх үедээ энэ түүхээр тууж бичихээр хэд гурван өгүүлбэр бичиж үзсэн. Тав зургаан жилийн өмнө хэдэн хуудас бичиж үзээд бас орхисон. Цээжинд бүх л үйл явдал, дүрүүд нь дурайгаад байгаа хэрнээ нэг л болж өгөхгүй байсан юм.

-Зохиолыг уншихад өргөн газар нутаг, их цаг хугацаа, олон дүрийг хамардаг. Зохиолынхоо судалгааг хэзээнээс хаагуур явж хийв?

-Багадаа аав, ээж, нутгийн хөгшдөөс сонсож байснаа Бугат, Төгрөг, Алтай, Цээл, Цогт сумдын хөгшдийн хууч яриагаар болон түүхэн баримтуудаар баяжуулан баталгаажуулсан. Яг зорьж судалгаа хийгээгүй ч урт хугацаанд ямагт санаж, ямар нэгэн холбоотой сэжүүр гарах бүрд соргог байлаа. Романд цаг хугацааны хувьд бүр 1840-өөд оны Өмнөд Хятадад гарсан 130 сая буюу тухайн үеийн Хятадын дөрвөн хүний нэгийг нь авч одсон их бослого үймээний үеэс хойш монголчууд Хятадын эрхшээлд бүрэн орсон 1919 оныг хүртэл түүхийн ямар нэгэн хэлтэрхий бий.

Шинжаанд гарсан 1860-аад оны Цагаан Алчуурт Дунгааны бослого, 1880-аад онд Умард хятадад гарч Өвөрмонголын Улаан цав, Зуу Үдийг идэж орхисон Их туаны бослого, манай 1900 оны Улиастайн бослого, 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1915 оны Автономийн хэрэг явдал, за тэгээд Ховдыг чөлөөлөх тулаан, урагшаах Таван замын дайлаан гээд олон түүхэн үйл явдлууд ямар нэгэн хэмжээгээр дэвсгэр болсон доо.

-Ямар хугацаанд сууж зохиол болгож эмхэтгэсэн бэ?

-Одоо боллоо, сууя гэж суугаагүй. Соёмбо хэвлэлийн газар 2020 оны есдүгээр сард миний “Өчүүхэн дорой, өгөөмөр уудам ертөнцөд” өгүүллэгийн номыг хэвлэж өгсөн юм. Хэвлэлийн зардлыг нь өгч чадалгүй шинэ жил болгочихов. Ер корона энэ тэрээс болоод өгөх ч боломжгүй болоод ирсэн л дээ. Тэгээд “Соёмбо”-ын захирал Лувсандоржтой яриад, хоёр жижигхэн түүхэн тууж бичиж өгье, түүнийг хэвлэж зараад зардлаа авчих гэсэнд, мань хүн ч тэг ээ л гэж байна.

Дээр ярьсан, Цоохор Батын түүх, бас 39 оны дайны үед Мана уулаас болоод эх орноосоо урвасан хэрэгт шоронд байгаад оргосон эрийн тухай гэсэн бэлээхэн хоёр туужийн санаа цээжинд яваад л байсан юм. Түүнээ “машиндаад” өгчихнө л гэж бодохгүй юу. Гэтэл амжихгүй явсаар он гаргачихсан. Тэгсээр 2021 оны гуравдугаар сарын дундаас л сая нэг “Засагт ханы долоон хөх эрийн дууль” нэртэй тууж бичихээр суулаа. Бичээд байтал роман ч болчихмоор болоод явчихдаг юм байна.

Би Лууяад хэллээ, ”За тууж маань роман болчихлоо шүү. Тэгэхээр чамд өгөхгүй шүү, дараа нь л нэг юм бодъё” гэсэн. Лууяа, “Та ердөө санаа зовох хэрэггүй. Боломжтой болохоороо хэзээ ч болно. Бүр өгөхгүй байсан ч болно” гэсэн. Өгөхгүй байна ч гэж юу байхав. Тэгээд романаа нухаж байтал зургаан сарын эх гэхэд гацаад бүр таг зогсчихсон. 6, 7, 8 сар гээд дэмий шахуу хий эргээд, хөдөөгүүр тэнээд, тэгж байтал яг есдүгээр сарын эхээр сэтгэл нэг л хөндүүрлээд эгшээд ирсэн. Тэгээд л үлдэгдлийг нь долоо хоног орчимд туушиндчихсан. Ер зарим уран бүтээл төрөх өөрийн цаг гэж байдаг. Цаг нь ирэхээрээ их амархан явчихдаг, болоогүй бол мянга нухаад нэмэргүй.

цагаан бороо-Та зохиолоо бодит түүхээс гажуудуулаагүй гэсэн. Зохиомол дүр байгаа юу?

-Зохиомол дүр байгаа байгаа. Занаг Базар байна. Харин тэр Хар Амаагийнх нь дүр бодитой юм. Нэг тийм айлын зарц хийж байсан хар хүүхнийг яг тэр хошны толгойны тухай ярианаас болоод унаж явсан мориороо солиод аваад ирсэн хүний тухай ярьдаг байлаа. Тэр хүн нь ямар ч сайн эр биш л дээ. Тэрийг л жаахан баяжуулаад Занагийн дүрийг босгочихсон.

Засагт ханы долоон чонын тухай мэдээлэл их бүдэг байдаг. Хоёр нь олддоггүй. Тэгээд Занаг Базарын дүрийг босгосон. Бас Гоо Лувсанг хүчээр чирч авчирсан. Уг нь өөр адал явдалтай хүн л дээ. Мөн Хошуу туслах Далиу Дэмбэрэл, Бөх Дорлиг гээд зохиомол дүр бий бий. Зурвас гараад өнгөрдөг дүрүүд дотор ч зохиомлууд цөөнгүй. Өнөөх Явган Бадгаа, Нүцгэн Ядмаа хоёрт тохиолдсон үйл явдал нь бодит, нэр нь зохиомол. Тийм үйл явдал одоо ч бодитой байгаа.

Ер нь түүхээс гажуулаагүй гэдэг нь зохиомол дүр огт байхгүй гэсэн үг биш. Гэхдээ түүхэн үйл явдлын ямар нэгэн улбааг барьж буй учир, ямар ч дүрд бас ямар нэгэн бодит хүний мөн чанар байж л таарна.

Бас зарим нэрсийг нь бодит нэрээс нь өөрчилсөн тохиол нэлээд бий. Цоохор Анандын уг нэр нь Бат юм. Роман дууссаны дараа нэрийг нь сольсон. Манай хүү адил нэртэй учир, энэ их зовлон зүдүүртэй нэр жаахан эвгүй санагдаад сольсон. Халзан Дамбын уг нэр нь Халзан Хамар гэх мэт.

Хөрзгий Жанчив арслангийн хочийг андуурсан байна билээ. Засагт ханд хоёр Жанчив нэрт арслан байж. Нэг нь арай өмнөх үеийн, хоёр дахь нь хожуу, бүр 1960-аад он гартал амьд байж, Мөөеө аваргатай ч уулзаж байсан байдаг. Романд бол тэр өмнөх үеийн Жанчив арслан гарч байгаа ч хожуу үеийнх нь хочийг авчихсан, учир нь андуурчихсан байна билээ. Одоо тэгээд тэр чигтээ л явахаас…

-Түүхийг хэтрүүлээгүй харин дутуудуулсан байж магадгүй гэсэн. Тэр дутуудуулсан хэсгээсээ манай уншигчидтай хуваалцаж болох уу?

-Тэр их арвин үйл явдлыг уран дүрээр дамжуулан ганц номд бүрэн багтаах боломжгүй л дээ. Дамбийжаагийн харгислалын тухай л гэхэд их түүх бий, тэр бүгдийг оруулбал хачин муухай ном болно. Ер нь Жа ламд өнөө хөшөө босгох нь холгүй л магтах юм. Угтаа маньяк алуурчин л байсан.

Яахав эр зоригтой, хааяа ид чадал ч үзүүлчихдэг, зальтай, зоригтой, бичиг үсгийн чадвартай, сийрэг амаргүй толгой нь үнэн. Бас Ховдыг чөлөөлөх, хятад, хасаг дээрмийг дарахад онцгой үүрэгтэй байсан нь ч үнэн. Гэвч мөн чанар нь юун Монголын тусгаар тогтнол, юун эх оронч байхав. Салан тусгаарлах үзэлтэн, дураар анархист, маньяк, Жакил-Хайд шиг хоёр гурван нүүртэй этгээд л байв. Нэг гараараа ивээгээд, адис өгөөд нөгөө гараараа зүрхийг нь сугална.

Бас хуйхуу, хасаг дээрмийн тухай зөндөө юм орхигдсон. Тэр бүгдийг бичээд байвал уран зохиол биш, баахан аймшиг, нус нулимс, өш хонзон л болж хувирна. Би өмнөх үгэндээ бичсэн дээ, өш хонзон гэж юу болох тухай.

Гэхдээ маньяк Жа лам, дээрмийг оруулахгүйгээр цээжинд үлдсэн өөр хууч яриаг дэвсгэрлэхэд дахиад нэг хоёр энэ хэмжээний роман гарч болохоор юм бий. Тиймээс л “Түр өндөрлөв” гэж төгсгөлд нь бичсэн. Нэг юм бодогдоод л яваа. Хөгшдийн ярьдаг түүхийг би бүрэн санаж авч үлдээгүйдээ харамсдаг. Олон юм их бүдэг бадаг. Ямар сайндаа Жанчив арсланг хольж будилж байхав.

-Таны зохиол 100-гаадхан жилийн өмнөх бодит үнэнийг өгүүлдэг. Гэтэл бид энэ тухай мартчихсан сууцгааж байдаг. Түүхээ бид яагаад мартах ёсгүй вэ гэдэгт та нэг тайлбар хэлээч?

-XIX зуунд Умард, өмнөд Хятад болон Шинжаанд болсон түүхэн үйл явдлуудад монголчууд ямар нэгэн байдлаар оролцож байж, гэхдээ ихэнхдээ бидэнд маш эмгэнэлтэй, хохиролтой тусаж байжээ. Ялангуяа тэр Дунгаан буюу Хуйхуу бол Баруун хязгаарын ард түмний голыг нь самнаад хаячихсан юм билээ. Түүнээс өмнө Зүүнгарын монголчуудыг Манж нар хядсан, аймшигтай геноцит болсон. Романд Цоохор Анандад бантан өгч асардаг, насаа мэддэггүй нэг хятад самган гардаг даа. Тэр самганы ой санамжинд анх Шинжаанд ирэхэд Өөлд хэмээх махчин хүмүүсийг алж хядаж дуусгасны үлдэл гээд энд тэндгүй хүний яс цайран хөглөрч байсан гээд.

цагаан борооТухайн үед шинээр ирж буй хятад тариачдад Манжийн төрөөс Өөлд гэдэг махчингуудыг ингэж дарсан гэсэн пи ар хийж байж. Тэр үнэн шүү дээ, Ойрд монголчуудын ясыг нь цайтал, цусыг нь гол горхи шиг хоржигнон урстал хядсан. Романд “Ойрд хүний цус их дуу чимээтэй урсдаг юм байна, хятад хүнийх тийм биш. Тэгэхээр энэ ойрдууд мөн айхтар хэцүү улс байжээ” гэж манж нар ярилцдаг байсан тухай нэг зурвас бий. Ойролцоогоо 600 мянга орчим хүн хядсан. Тэр үеийн монголчуудад энэ чинь аймшигтай том тоо, одоо ч ялгаагүй. Тийм аймаар хядлага болсон. “Бөн бөн дэгдэе. Хаана очиж бутанд хоргодоё доо” гэсэн тэр үеийн дуу хүртэл бий.

Түүний дараа тэр XIX зууны төгсгөлөөр хуйхуу нарын хядлага бас самраад хаячихсан. Ийм юм болсоор байсан атал үүнийг ярьдаггүй, манай түүх биш юм шиг аашилдаг, тэгээд зогсохгүй манжийн дарангуйлал байгаагүй гэх мэтээр ярьдаг хүмүүсийг би огт ойлгодоггүй. Монгол үндэстэн гэдгийг зөвхөн өнөөгийн Монгол Улсын газар нутгийн хүрээнд ярьж огт болохгүй. Энэ аллага хядлага, үйл явдлууд Алтайн баруун талд, хуучин Засагт ханы нутгийн баруун талд, Зүүнгарын нутагт болсон. Одоогийнхоор бол Хятадын Шинжаанд болсон.

Өвөрмонголын Зуу Үд орчимд болсон хядлагад 150 мянган монгол алуулсан. Зүгээр нэг алаагүй, аймшигтай зэрлэгээр тамлаж хядсан. Энэ талаар Хөрзгий Жанчив арслангийн хэсэгт цухас гарна. Мартаж боломгүй түүх гэж ямар ч үндэстэнд байдаг. Бидэнд ч бий. Романд гарсан түүхүүд бол зөвхөн жаахан хэсэг нь.

Өөр юмс зөндөө бий. Тэр бүхнийг санаатай, санамсаргүйгээр мартуулах гэсэн үйл явдал өнөө ч өрнөсөөр байгаа. Мартвал яадаг вэ гэхээр, гэнэн л болчихдог юм. Хүүхэд яагаад гэнэн байдаг вэ гэхээр, ой дурсамж бага учраас л тэр. Монгол үндэстэн гэнэн байх нь хэнд ашигтай вэ? Эрх ашиг гэж нэг юм хэзээ ч алга болдоггүй, байж л байна. Үүнийг л огт мартаж болдоггүй юм.

-Таны зохиолд бас нэг сонирхолтой зүйл нь хил хязгаарын тухайд. Болж байгаа үйл явдлууд Монголд ч юм шиг эсвэл Монголын нутаг дэвсгэр байсан ч юм шиг. Хил хязгаарын тухай ойлголт муутай над шиг хүнд бол баримжаалахад хэцүү байлаа. Одоогийнхоор бол зохиолын үйл явдал хаанаас хаанахын хооронд өрнөөд байна вэ?

-Тийм, болж буй үйл явдлын нэлээд нь манай хил хязгаарын гадна, өнөөгийн Хятад улсын хил хязгаарт өрнөдөг. Ялангуяа Цоохор Ананд буюу Өлөн Цөөхүрийн явдлууд. Гэхдээ анзаарах юм бол бүгд монгол нэртэй байгаа. Учир нь тэр үед тэр газар нутаг Монголынх л байж.

-Таны зохиолд гарч байгаа газар нутгийн хил хязгаар 100-гаад жилийн өмнө одоогийнхоос өөр байж уу?

-Тэгэлгүй яахав. Зөвхөн Засагт хан аймгийн нутгийн баруун хязгаар л гэхэд одоогийн Хятадын Шинжаан мужийн Хами аймгийн яг төвийнх нь архан талд, Төмөрт хайрханы өвөрт байх Ташбулаг гэдэг газарт байж. Манай баруун хилээс цааш 150 гаруй км.

Хуучин Зүүнгар болоод Торгууд түмний нутгийг ярих юм бол 150 биш бүр 1000 км ярих болно. Тэр Цоохор Анандын эхнэр, хүүхдээ аваад зугтаад явдаг Эрээн Хавирга, Хөндлөн тагын уулс бол хилийн цаана их алсад бий. Бүгд монгол нэртэй. Сая намар Алтай суманд явж байхад нэг хүн ярьж байна.

“Хилийн цаана байдаг Сантухай гэдэг хятадын худалдааны хотхон бий. Уг нэр нь Сайнтохой юм. Ээж маань тэр газарт бага насаа өнгөрөөж. Зэрлэг хулуу их ургадаг, хонинд явж байгаад түүж иддэг байснаа дурсдаг байв. Сайнтохой маань Сантухай болчихсон” гээд ярьж байлаа. Гучаад жилийн өмнөх газрын зургууд дээр тэр зүгийн газрууд ихэнхдээ монгол нэртэй байв. Одоо бүгд хятад нэртэй болсон.

Тэр их үймээн самуун, аллага хядлагад өртөн нутгийн ард иргэд хэлмэгдэн зовж, үлдсэн нь дүрвэн нүүдэллэсээр тэр газар нутаг эзэнгүй болоход урдаас хятад, цаанаас уйгур, хагас түрэн суурьшсан л түүх. Сул дорой байхын, эв нэгдэлгүй, харанхуй байхын төлбөр тэр. Тийм байсан тулдаа бид газар нутгийнхаа тал бүрээс өм цөм тануулсаар эцэст нь юутай ч нэг юм голомттойгоо үлдсэн.

-Одоо эргээд харж байхад уншигчдын санал сэтгэгдлийг сонсоод ямар нэгэн санаа оноо төрөх юм уу?

-Төрөлгүй яахав. Гоо Лувсангийн түүхийг илүү дэлгэрэнгүй, ядахдаа л Занаг Базарынх шиг өгүүлж болох байлаа. Их өвөрмөц дүр төрх харагддаг. Хэр баргийн юм тоодоггүй, энэ газрын амьдралын олон юмыг огтоос ойлгодоггүй, ойлгодоггүй учраас ойлгох гэж оролдохыг байчихсан, бусад нь уйлж дуулж, баярлаж хөөрч байхад, тэртээ их говийн цээлийг хараад лимбэ үлээгээд л сууж байдаг. Тэгээд яагаад сайн эрчүүдтэй зам нийлчихэв гэхээр, зүгээр л уйдахын эрхэнд. Ямар нэгэн юм хиймээр… Зарим уншигч маань Гоо Лувсанд их сайхан романтик хайр ч юм уу, ямар нэгэн үр хүүхэд үлдсэн байгаасай гэсэн байсан.

Надад бол тэгэхээр л Гоо Лувсан энэ газрын эгэл нэгнээс ялгаагүй болчихно. Түүнд бүсгүйчүүд яг л дэнгийн гэрэлд шавах цагаан эрвээхий шиг байх ч өөрөө бол зөвхөн дүрэлзэн шатаад л, тэд бүсгүйчүүдийг шатаагаад л байж байдаг, нэгд нь ч ойртдоггүй. Нэг тийм харь гарагийн ч юм шиг, их өвөрмөц сэтгэлгээ, философитой хүн юм уг нь. Тэр араншинг нь дутуу гаргасандаа харамсдаг.

Тарган Баярт луухаан хүлээтэйгээ гарт нь ороод ирсэн Цоохор Анандыг тавлан элдэвлэж элдэвлэж амьдаар нь шатааж буй хэсгийг яг үнэндээ бичих гээд халшраад чадаагүй. Тэгээд хялбарчлаад өнгөрөөчихсөн. Өөр бас бус мэр сэр дутуу хүтүү юмс байгаа, байгаа.

цагаан бороо

-“Цагаан бороо” романыг уншиж байхад хэдий 100 гаруй жилийн өмнөх түүхийн тухай ч заримдаа энэ цаг үеийн тухай өгүүлээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг… ?

-Ийм үгийг ганц та биш, нэлээд хэдэн хүн хэлсэн. Бас бичсэн байна билээ. Тийм сэтгэгдэл төрөх нь аргагүй байх аа. Энэ цаг үеийн Монгол орны нөхцөл байдал яг л 100 жилийн өмнө Хятадын эрхшээлд орж байх үеийнхтэй төстэй. Ганц Эрээний боомт хаагдахад, Орос бензинийхээ крантыг жаахан чангалахад яаж сандардаг билээ, бид. Өргөн хэрэглээний барааны 91 хувь нь өмнөд хөршөөс, бензин шатахууны 98 хувь хойноос хамааралтай. Эдийн засгийн тусгаар тогтнол их эргэлзээтэй.

Хэзээ ч унаж, солигдож мэдэх, тогтворгүй итгэлгүй төртэй, тийм төрд гаднын ямар ч лобби хүчтэй оролцох боломжтой. Үндэсний бахархал, сэтгэлгээгээ мэдэхийг байсан, мэдэхгүйгээр барахгүй, мэдэхийг хүсдэггүй, солонгос, хятад, эсвэл барууны соёлд бишрэн дагасан үе давхаргатай. Үндэсний сэтгэлгээний тусгаар байдал их алдагдсан. Дотроо анги давхарга ялгарал зааг ихтэй, өөр хоорондоо таарахгүй, нийтийн эрх ашиг гэхээс нэг биеийнхээ эрх ашгийг боддог нь олон, хэндээ ч итгэх аргагүй харилцан хулгайлалцсан тогтолцоотой.

Тэр Цоохор Анандыг хэдхэн хониор зарчихдаг Мухар Маран шиг нөхдүүд өнөөдөр зөндөө. Тэр үед Урианхайн Бөх Дорлиг түүнд өөрийнхөөрөө шударга ёсны хатуу ял зааж, харь газар насаар нь боол болгон гинжлээд тэмээнд чөрхлөн явуулж буй бол өнөөдөр бид энэ жентельмэн царайтай болж хувирсан их, бага Марангуудын амыг харж хошгирцгоогоод л, алга ташаад л сууж байгаа. Их томоос нь хишиг горьдон алга тосон залбирцгаана.

Халзан Дамбыг ганцаардаж явахад нь таарсан Гөлчгий Эрдэнэжав шиг “Тэр болтол зай ч бий, лай ч бий дээ” гээд явдгууд нь ч, бас бусдыг “Түмний төлөө юу ч хийхгүй байна” хэмээн аашилж загнах атлаа өөрөө сэм хойш суугаад хоёр тэмээнийхээ араас шогшчихдог заргач Хэхэр Мөнх ч бий. Энэ будилаантай цаг үед бухимдсан бухимдал маань романд ямар нэгэн хэмжээгээр шингэсэн учраас тийм сэтгэгдэл төрөх нь аргагүй байх аа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img