2024-07-23, Мягмар
26 C
Ulaanbaatar

М.Буянбадрах: Зараагүй металлаас АМНАТ авдаг ийм нөхцөлд гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй

“Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.

-Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн төсөлд уул уурхайн салбарныхны санаа тусахгүй байна гэсэн шүүмжлэл дуулдаад байх юм…?

-Ер нь тэгээд байна. Ашигт малтмалын хуулийн хэлэлцүүлэг өнгөрсөн гуравдугаар сард болсон юм. Тэр үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд 1260 орчим санал ирсэн гэдэг. Маш олон санал байгаа биз. Дараа нь ч хэд хэдэн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Харамсалтай нь энэ бүх үйл явцад геоологич, олборлогч, баяжуулагч, боловсруулагчдынхаа уул гол саналуудыг тусгасангүй.

-Та жишээ хэл дээ, яг ямар саналуудыг төсөлд тусгасангүй вэ?

-Хайгуулын төлбөр гэж бий. Хэдэн арав дахин нэмэгдүүлчихсэн. Баяжуулагчдын хувьд тусгай зөвшөөрөл олгохоор болсон. Тусгай зөвшөөрлийг улсын комиссоос өгч таарна. Хүнд суртлаа л нэмчихэж байна л даа. Баяжуулагчид тусгай зөвшөөрөл авахын тулд тусгай нөөц санд мөнгө бүрдүүлнэ гэсэн маш хүнд заалт туссан. Миний яриад байдаг АМНАТ-ын давхардлыг огт анхаарсангүй, тоохгүй хаячихлаа.

-Баяжуулах үйлдвэрүүд АМНАТ төлөгч байх нь, АМНАТ-ын давхардал хэвээр үргэлжлэх нь ямар сөрөг төлтай талаар тодорхой тайлбарууд хэлэх үү. Ер нь дэлхийд ийм жишиг байдаг уу?

-Олон улсын “Адам Смйт Интернэшнл” байгууллага Австралийн группээр судалгаа хийлгэсэн юм билээ. Тэр судалгаагаар манай улс шиг АМНАТ-ыг олборлолт, баяжуулалт, боловсруулалтынх нь төвшинд ногдуулдаг улс нэг ч байхгүй гэсэн дүгнэлт гарсан байгаа юм. АМНАТ ингэж давхардах нь дэлхийн жишиг биш, огт байж болохгүй зүйл гэдгийг ЕСБХБ-ныхан ч хэлж байсан. Австрали, Канадын хөрөнгө оруулагчид бас гайхдаг.

АМНАТ давхардуулж авсаар ирсний сөрөг тал их шүү дээ. Хамгийн хүнд кейс гэхэд л өмнө нь ажиллаж байсан хорь гаруй баяжуулах үйлдвэр бултаараа хаалгаа барьчихсан. Хаалгаа барьсан гол шалтгаан нь ерөөсөө л АМНАТ-ын өр. Үйл ажиллагаагаа явуулах тусам алдагдал нь ихсээд байсан учраас хаалгаа барьсан хэрэг.

-Хаалгаа барьсан баяжуулах үйлдвэрийн цаана ажилгүй болсон хүмүүс гэсэн том асуудал бий. Хэчнээн хүн ажилгүй болсон бэ?

-1500 орчим хүн ажлаа алдсан. Ажилгүй болсон хүмүүс хаашаа ирэх нь тодорхой. Дархан, Хэнтийд баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан иргэд Улаанбаатар хот руу орж ирцгээж байна. Төвлөрөл дээр төвлөрөл нэмж, асуудал дээр асуудал нэмсэн процесс л өрнөж байна даа.

М.Буянбадрах

-Та “олоогүй орлогоос, зараагүй бүтээгдэхүүнээс татвар авч байна” гэдэг талаас нь их шүүмжилдэг. Олоогүй орлого, зараагүй бүтээгдэхүүн гэдгээ манай уншигчдад тодорхой тайлбарлаад өгөөч?

-Жишээ нь нэг тонн төмрийн баяжмалыг 80 ам.доллараар зарлаа гэж бодъё. Гэтэл заавал олон улсын зах зээлийн үнээр тооцно гээд 120 доллараар бодож татвар ногдуулчихдаг. Баяжуулах үйлдвэрүүдийн энэ татварыг төлж чадахгүй яваагийн цаад шалтгаан нь дургүйдээ биш. АМНАТ гэдэг чинь дэлхийн жишгээр нэг удаа л төлөгдөх ёстой татвар. Дэлхий нийтэд зөвхөн олборлох шатанд л нэг удаа энэ татварыг төлдөг. Олборлолтын татвар гэж явдаг юм.

Гэтэл манайд олборлолт, баяжуулалт гэх мэт үе шатуудад давхар ногдуулсаар ирсэн. Зараагүй металлаас гэдэг асуудлыг одоо тайлбарлая. Төмрийн баяжмал дотор хэд хэдэн хүнд элемент багтдаг. Баяжмалд маш бага хэмжээгээр агуулагддаг цайр, никель гэх мэтийг борлуулсан гэж үзээд дэлхийн зах зээлийн өндөр ханшаар тооцчихдог. Эрдэнэтээр жишээлье. Эрдэнэтийн баяжмалын 6-7 хувийг төмрийн хүдэр эзэлдэг гэж үздэг. Эрдэнэт дээр хар тугалга гэх мэт өөр бусад металл дээр АМНАТ тооцоод маш хүндрэлтэй байгаа.

Маргаан үүсээд захиргааны хэргийн шүүхээр явж байна. Зараагүй металлаас энэ мэтээр АМНАТ авдгийг болиулахгүй бол манай баяжуулах боловсруулах шатанд гадаадын хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Гадаадын хөрөнгө оруулагч гэж ярьсных нэг зүйл хэлмээр санагдлаа. Саяхан Хөрөнгө оруулалтын тухай хуулийг наадмын өмнө оруулах гэж байснаа хойшлуулчих шиг боллоо. Гадаадын хөрөнгө оруулагчид ямар учраас орж ирэхгүй байгааг бид хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр хэлсэн.

Жижиг хөрөнгө оруулагчдын тухайд “газрыг урт хугацаагаар түрээслэнэ” гэх мэт заалтыг хараад орж ирнэ. Том хөрөнгө оруулагчид бол хоёр, гуравхан зүйл л харна. Нэгдүгээрт улстөрийн тогтвортой байдлыг анзаарна. Хоёрдугаарт татварын хувь хэмжээг л хардаг. АМНАТ-ыг хамгийн бага хэмжээгээр ногдуулсан ганцхан төсөл бий. Тэр нь Оюутолгой. Бусад хөрөнгө оруулагчид АМНАТ-ыг маш өндөр хувиар төлдөг. Үүн дээрээ эрс өөрчлөлт хийхгүй л бол гадаадын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхгүй.

-Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт яагаад орж ирэхгүй байна вэ гэдгийг уншигчдад илүү дэлгэрэнгүй энгийнээр тайлбарлаж хүргээч, ганц хоёр кейсээр…?

-Хайгуул, ашиглалтын лиценз нь эзэмшиж буй хөрөнгө оруулагчаас арай идэвхтэй том хөрөнгө оруулагчид руу байнга шилжиж байдаг онцлогтой. Идэвхтэй том хөрөнгө оруулагчид руу очсоны дараа олборлолт, баяжуулалтын процесс өрнөдөг. Гэтэл манайд энэ бүх процессийг хаачихсан. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэхэд урьдчилгаа төлбөр гэж төлүүлдэг. Хөрөнгө оруулалтад маш том саад болж байгаа шийдэл. Хэлээд байхад ойлгохыг хүсэхгүй байна. Эдгээр асуудлыг шийдэхгүй бол хэчнээн сайхан хууль гаргаад хөрөнгө оруулалтын орчин сайжрахгүй. Татварын хуульд бас хэд хэд хэдэн хүндэрлтэй заалт бий. Энэ бүгдийг шийдээд өгвөл бидэнд маш том боломж байгаа.

-Маш энгийнээр бодоход л төмрийн хүдрээ баяжуулахыг дэмжиж АМНАТ давхардуулж авахаа больчихвол ханш нь өчнөөн доллараар нэмэгдэнэ гэж тооцмоор юм…?

-Харин тийм. Төмрийн хүдрээ баяжуулаад ган хийнэ гэж мөрөөдөхөө больё. Зүгээр л ширэм хийдэг болчихъё гэж зориод ажил болгоход л үнэлгээ нь арваас хорь дахин нэмэгдэнэ. Дөрвөн вагон жоншны хүдэр хилээр гаргаснаас эндээ баяжуулъя гэж төсөөлье. Тэгвэл нэг вагон л хүдэр болно. Төмөр замын ачаалал багасахаас гадна үнэлгээ нь арваас хорь дахин өснө гээд та бод доо.

-Манай Засгийн газар нүүрсээ боловсруулаад дажгүй үнээр заръя гэж лоозогнодог ч таны хэлж байгаа өндөр татвар гэсэн шалтгаанаар салбарын хөгжил гацаад удаж байна л даа. Арай дажгүй ажиллаж яваа нь “Энержи ресурс” л байна уу?

-Өөрийн ордтой учраас арай гайгүй нь байна л даа. Нүүүрсний салбарт татварын ийм дарамтаас болж үнэхээр хоцрогдож байна. Уг нь нүүрсээ угааж баяжуулаад зарвал үнэлгээ нь хоёр дахин нэмэгддэг.

Өмнөд Монголын тухайд Баяннуурт хорь орчим нүүрс угаах үйлдвэр бий. Эрээнд төмрийн баяжуулах үйлдвэр зургаа, долоо, жоншны баяжуулах үйлдвэр хоёр байдаг. Бид эдний түүхий эд бэлтгэгчээр гучин жил явлаа. Одоо болимоор байна.

Алтанширээд аж үйлдвэрийн парк гээд хэдэн үйлдвэр байгуулагдчихсан, Цагаан суваргын бүтээн байгуулалт ч бараглаад байгаа. Ийм сайхан үйлдвэрүүд ажиллахгүй хойшлогдоод байгаа гол шалтгаан нь ерөөсөө л АМНАТ.

-Засгийн газар нэмүү өртөг шингээж нүүрс, зэсээ өндөр үнээр заръя гэж зорьдог ч тэр зорилгыг нь АМНАТ гацаагаад байгаа юм байна даа…?

-Шуудхан хэлэхэд тийм. Засаг төрөөс эдийн засагийн форум, сайхан зөвлөгөөнүүд зохиож байна л даа. Эдгээр арга хэмжээнийхээ араас ямар ч шийдэл гаргадаггүй. Сүүлийн үед бүр гомдол санал сонсохоо больсон. Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлгөөний үеэр Уул уурхайн сайд их сайхан илтгэл тавина лээ. Нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжинэ энэ тэр гээд. Ерөнхий сайд ч энэ талаар илтгэлдээ дурдсан. Хүндрэл байгааг ойлгож, дэмжихгүй байна.

Сүүлийн үед манай өндөрлөгүүд Японд очихдоо нүүрснээс хий гаргана, Солонгос, Германд очихдоо газрын ховор элементээ ашиглана, бүтээгдэхүүн гаргана л гэдэг. Гэсэн мөртлөө энэ чиглэлд юу ч хийдэггүй. Энэ мэт хуулийн асуудал байгаа учраас дээрээ мянга ярьж санаачлаад хэрэг нь гарахгүй. Хүчрэхгүй. Энэ байдлаа эрс өөрчилж газрын ховор элемент дээр хайгуулаа хурдлуулаад, баяжуулалт, боловсруулалтыг нь дэмжээд өгвөл боломж их бий.

-Ер нь ийм илт асуудлыг тавиад байхад, Ерөнхий сайд энэ асуудлыг дэмжсан яриа хөөрөө гадаад, дотоодод өрнүүлээд яваад байхад та бүхний зовлон, асуудлыг хүлээж авахгүй байна гэхээр гайхдаг л даа. Яг аль төвшиндөө хүлээж авахгүй гацаачихдаг юм бэ. Ерөнхий сайдаас доош төвшинд л гацаагаад байх шиг…?

-Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн эсрэг ажиллаж байна гэж хатуу хэлье. Ингэж хэлснээ ч хамгаалж чадна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хүнд үйлдвэрийг, нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг дэмжинэ гэж сайхан лоозонгууд яагаад ажил болдоггүй маш тодорхой шалтгаантай.

Сангийн яам, Уул уурхайн яамны нэг газрын дарга дээр очоод гацчихдаг. Харин УИХ-ын үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооныхон их сайн ажилладаг. Бидний байдалтай газар дээр нь очиж танилцаад бодит байдал ямар хэцүү байгааг ойлгосон. Эцсийн найдлага л тэд болоод байна даа.

-Уул уурхайн сайд хэр анхаарч байгаа юм бол?

-Бидний асуудлыг шийднэ, хууль эрх зүйн орчныг сайжруулна гэж гарч ирчихээд маш хариуцлагагүй ажиллаж байна.

-Олон улсын зах зээлийн үнэ үндэслэлгүй байдгийг шийдье гээд Уул уурхайн биржийн хуулийг баталсан шүү дээ. Үр дүн нь гарсангүй юу?

-Таны асуусан хууль энэ оны долдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Сайхан хууль батлагдлаа даа гээд хүлээгээд байж байтал дагаж гарах журмуудаас нэг нь бэлэн болоогүй байна.

Засгийн газрын өгсөн зургаан сарын хугацаанд юу ч хийсэнгүй. Жонш, төмрөө долдугаар сарын нэгнээс биржээр худалдаалах байтал таг чиг. Яагаад худалдахгүй байна вэ гэхээр стандартыг нь тогтоож чадаагүй. Стандартын төслөө боловсруулчихаад техникийн хороо нь дэмжих гээд байхад яам нь саналаа гаргаж өгөхгүй, саад хийсээр суух жишээний. Товчхондоо яамдын хурган дарга нараас болж л бүх ажил гацаад байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img