2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

Дэлхийн театрын тайзнаа “монгол дуурь”-ийг тамгалсан Ихо багш

Эмнэлгийн орон дээр өд шиг хөнгөхнөөр хөлөө ачин суусан 70 гаруй настай алдарт дуучин ягаанаар уруулаа будаж, номин ногоон сул цамц өмсчээ. Урлагийн тухай амттай дурсамжаа инээмсэглэн хуучлах нь автам сайхан. Тэр дуурийн дуулаач биш бүжгэн жүжигчин бүр цагаан хун шиг... Хачин дэгжин, уян налархай хэрнээ ихэмсэг ялдам.. Бүжгэн жүжгийн сургуулилт хийх нь үү дээ гэмээр зузаан ноосон оймстой хөлөө үе үе шаланд хүргэнэ. Хэдхэн минутын өмнө их хотын тод гэрлүүд гялалзсан тасхийсэн жавартай үдшээр яарч алхаж явснаа ор тас мартчихсан урлагийн тухай, бүсгүй хүний эрхэмсэг оршихуйн тухай бодол хөврүүлэн суух нь Ихо багшийн шид байх. МУГЖ, профессор СУИС-ийн багш Очирбатын Ичинхорлоо хуучнаар сайд нарын II эмнэлэгт хэвтэж буйгаа утсаар хэлж, яриа өрнүүлэхээр яарч догдлон зорьж очоод сууж байгаа минь энэ.

Их хувь заяа

МУГЖ, профессор дуурийн дуулаач О.Ичинхорлоо бол Монголын ууган сэхээтнүүдийн нэг яах аргагүй мөн. Тэр арван тавхан насандаа Болгар улсын Хөгжмийн Академийн дуурийн дуучны ангид Болгарын нэрт сурган хүмүүжүүлэгч Добри Спесареевски багшийн гарын анхны монгол шавь болж онц төгсч байж. Доктор, профессор Добри Спесареевски бол зургаан орны хэл мэддэг дэлхийн дуурийн урлагийн хэд хэдэн школыг нэгэн зэрэг эзэмшсэн дэг сургуулийн эксперт хүн гэдгийг урлагт дурлагчид андахгүй.

Монголын суут хүмүүсийн шавь байна гэдэг их хувь заяа. О.Ичинхорлоо гуайн багш бол Монголын урлагийн ноён оргил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав, Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нар. Ийм л агуу дөрвөн багшийн шавьд энгийн явах, эгэл биш амьдрах эрх эхнээсээ өгөгдөөгүй биз. Гэхдээ энэ их хувь заяагаа тэр өөрөө эрж хайж, таньж атгасан түүхтэй.

Эх орны дайны дараа захын Завхан нутгаас их нүүдлээр их хотод ирсэн Очирбатынх бяцхан охиноо Амгаланд айлд суулгаад Түнхэлийн модон заводыг барааджээ. Охин өлсөх, ганцаардах, гадуурхахын эрхэнд Амгалангийн ноорхой хашаанаас Богд ууланд гялалзах одон орны шар оройг бишрэн ширтэж “Би ерөөсөө тэнд л ажилладаг хүн болно” гэж мөрөөдөж байж. Суусан айлаасаа явбал, хөдөө гэртээ очно. Хөдөө гэртээ харивал хэн болохоо үл мэднэ. Тэртээд гялалзан харагдагч газар ажиллахын тулд тоондоо сайн байх ёстой гэдгийг томчуудаас мэдэв. Ингээд Ихо толгой өөд татдаггүй тоочин болжээ..

О.ИчинхорлооАмралтаараа модон заводод очиж тариачин хятад өвгөний зааж өгснөөр хятад хэл ойр зуурч амжжээ. Харин Баянчандманий дунд сургуульд найман настайдаа элсэн орохдоо хөршийнхөө орос хүүтэй хамт орос хэл заалгаснаар унаган орос хэлтэй болсон аж.

Тоондоо толгой цохидог охин долдугаар ангиа 1962 онд төгсөхөд төр засаг эдийн засагчаар эгнээгээ нэмэхээр гэрчилгээг нь санхүүгийн хоёр жилийн сургуульд илгээчихэж. Охин хичээлдээ явсангүй, шинэ хуваарь авснаа ойр дотныхноосоо тас нуучихав. Гэтэл гэрт нь суудаг нагац ах нь дэвтрийг нь шалгахаар нээтэл хамаг үнэн илчлэгдэж “хэрэг” мандаж дээ. Ах дүү хоёр хөдөө суугаа аав, ижийдээ юу гэж хэлэхээ мэдэхгүй хэд хоногийг өнгөрөөх зуур цовоо охин радиогоор “Улсын ардын дуу бүжгийн чуулгын их найрал хөгжимд хүн шалгаруулж авна” гэсэн зар сонсоод ахыгаа шалаад суучихаж.

Баянчандманийн дунд сургуульд байхдаа ЗХУ-ын маршал Ворошилов гэгч хүнийг угтахад л ганц удаа орос дуу дуулж түүнээс хойш багшдаа зодуулахаас айхдаа “…залуу жолооч машиндаа залуураа бариад мушгинаа ” хэмээн дуулж үзсэн охиныг ингэж хэлнэ чинээ санаагүй нагац ах нь гайхаж хоцорч. Охин ахаасаа суран бүсний амт үзсэн ч тэр газарт л хүргэж өгөхийг “шаардсаар” байв. Ингэсний эцэст санасандаа хүрэв.

Шалгуулахаар ирсэн бяцхан охин их хуур дарахаар “ноцолдож” байхыг харсан Л.Цогзолмаа багш нь өхөөрдөж бас өрөвдөн “Чи эмэгтэйчүүдийн найралд очоо, энд ингэж зүдрээд яахав. Нэг дуу аялаадхаач” гэжээ. Гэтэл нөгөө шазруун шар охин “Үгүй” гээтэхэж. Сүүлд нь Болгарт сурахаар дуучнаар тэнцсэн хойноо Цоцо багшаасаа “хүн хуурдаг” гэдэг донго авсан удаатай. Тэр үеийн хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн (Ардын жүжигчин, УГЗ) “Энэ нөхрийг найрал дуунд чирч аваач” гэж байсан ч хожмоо Иход олон сайхан дуурийн бүтээлүүдээ зориулсан гэдэг.

Харин Мөөеө багш нь “За яахав дээ, энэ муу охин ядарсан жаахан амьтан байна” гэснээр шалгуулахыг зөвшөөрчээ. Амьдралдаа хөгжим гээчийн бараа ч хараагүй охин шөнөжин ажил дээрээ ахдаа цоожлуулж сургуулилсны хүчинд хөгжмийн зохиолч Ардын жүжигчин Л.Мөрдөржийн байгуулж буй чуулгад тэнцэж Монголын анхны их хуурч эмэгтэй болсон түүхтэй.

О.ИчинхорлооАрайхийн санасандаа хүрч байтал нэг удаа жигтэйхэн гоё ах, эгч нарын (Хөдөлмөрийн баатар Г.Хайдав, Ардын жүжигчин А.Загдсүрэн) дуулахыг үзээд дотроос нь нэг зүйл оволзоод ирж. Тэр хоёрын дууг дагаж аялсаар сурчихаж. Чуулгынх нь ах эгч нарын дуурь гээчийг байгуулахаар шалгаруулалт явуулж буй тухай яриа чихийг нь дэлдийлгээд болсонгүй. Чуулгынхаа нэг эгчийгээ “Та намайг тэнд хүргэж өгөөч” гээд шалж гарч дээ. Мэргэжлийн эрэгтэй дуучид хоёр сар бэлдээд тэнцээгүй чи юугаа хийх вэ гэж цааргалсан ч шалсаар хүргүүлсэн байна.

Цэл залуухан Г.Хайдав, Д.Лувсаншарав гурван орос мэргэжилтний хамт түүнийг шалгахаар угтжээ. Шалгуулахын өмнө дуулах дуугүйгээ хэлтэл гялалзсан ганган Г.Хайдавт зад загнаад хөөж гэнэ. Гэнэтхэн шазруун зан нь хөдөлсөн Ихо загнуулаад гарахыг хүссэнгүй. Г.Хайдав дуучны өөрийнх нь хоолойг яг дуурайгаад “аваад хаячихав”. Шүүгчид бөөн инээдэм болж, Д.Лувсаншарав гуай “энэ жаахан охин эрэгтэй хүнийг ийм сайн дуурайж дуулах гэж” хэмээн ихэд тоожээ.

Москвагийн консерваторыг төгсөж ирсэн Г.Хайдав, А.Загдсүрэн хоёрыг алдалгүй дуурайж дуулаад, бас болоогүй оросоор талархлаа илэрхийлснээр амьдралынхаа хаалганы алтан түлхүүрийг баттай атгасан тэр бяцхан охин бол О.Ичинхорлоо байв. Ингээд л томчуудын нүдийг орой дээр нь гаргасан жижигхэн “Жигтэйхэн амьтан бэ?” нь Болгар улсыг зорьж мэргэжлийн дуурийн дуучны 100 гаруй жилийн түүхтэй сургуульд зургаан жил суралцаж Монголын анхны “алтан” сапрон хоолойтон болон төгсч иржээ. О.Ичинхорлоо манай дуурийн урлагийн анхны солестуудын нэг юм.

“Би сайн ханьтай учирсан азтай эмэгтэй” хэмээн инээвхийлэн ярих дуурийн дуучны насны хань нь Тээврийн яамны сайд асан Ядамсүрэнгийн ганц хүү, тэр үеийн тэргүүний сэхээтнүүдийн нэг Болд ажээ.

Хөөрхөн Хоролмаа

О.Ичинхорлоо 1966-1973 онд Улсын Дуурь Бүжгийн театрт гоцлол дуучнаар ажиллаж Дж Пуччинийн “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан, Кети Пинкертон, В.Мураделийн “Октябрь” дуурийн Мануша, Ш.Гуногийн “Фауст” дуурийн Маргирита, А.Бородинийн “Игорь Ван” дуурийн эмэг эх, С.Рахманиновийн “Алеко” дуурийн Земфира, С.Гончигсумлаагийн “Үнэн” дуурийн Ядмаа, Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Нансалмаа, Хоролмаа, “Тэмцэл” дуурийн Дуламсүрэн, Л.Мөрдорж “Хөхөө намжил”-ын Уянга, Д.Лувсаншарав “Хан бүргэд”-ийн Норовлхам зэрэг давтагдашгүй сайхан дүрүүдийг бүтээн урлагийн нандин өв үлдээсэн дуучин.

О.ИчинхорлооМонголын дуурийн тайзнаа ид гялалзаж олон орноор аялан тоглож, олон улсын уралдаануудаас тэргүүн байруудыг нь авч байхад гадны судлаачид түүний тухай шагшин бишрэн бичиж байсан юм. 1977 онд Буриадын эрдмийн их театрт П.Чайковский, Дж Пуччини, С.Гончигсумлаа нарын бүтээлээс дуулахад нь Буриадын нэрт театр судлаач, найруулагч Жамсран Церэнжапов “Восточная правда” сонинд өгсөн ярилцлагадаа Монголын залуу дуурийн дуучин Ичинхорлоо манай дуурийн тайзнаа Болгарский школоор гайхуулав” хэмээн уулга алдаж байв.

Тайзыг нь эзэгнэж явсан театрынхаа хаалгыг Ихо нэг л өдөр хаагаад дахиж хэзээ ч буцаж очоогүй юм. Нам төрийн хатуу бодлого, үзэл суртлын зиндаархалд өртөж тоглолтод гарахын өмнө өөр дуучинд хувцсаа тайлж өгөхийг “шаардсан”-аас болж тэр дахиж ирэхгүйгээр тайзаа орхив. Дуурийн урлагийн тайзыг өндөр дээд тэнгэрлиг, цэвэр ариун байлгахыг хүсэгч учраас тэр явсан.

Шавь Г.Ариунбаатарыг нь дуурийн ганц театр нь урих байх хүлээлт Ихо багшид байсан ч хүлээж хүссэнээр нь болсонгүй. Нэгэнт уриагүй учраас “Шавийг минь дуулуулаач” гэж театрынхнаасаа гуйсангүй, хүсэл нь талаар болсныг тоосон ч үгүй. Ариун тайзанд алдар нэрийн төлөөх ашиг сонирхол шургалахыг хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй урлагийн төлөөх ариун сэтгэлтнээс үүнээс өөр ямар хандлага гарах…

Шавь нараа дэлхийн тайзнаа сойж, дэлхийн театрынхны “Монгол дэг сургууль” гэж тусдаа үүсчээ хэмээн шагшин гайхаж, хүлээн зөвшөөрөхийг хүртэж суух нь дээдийн аз жаргал байдаг бизээ. Тиймээс ч тэр Г.Ариунбаатарыг дэлхийн тайзнаас анхны шагналаа аваад ирэхэд нь суга таягаа хол шидчихээд хэлсэн амандаа хүрч туфлиэ өмсөөд цагаан хадгаа дэлгэн тосч чадсан багш.

Тэр бүтээсэн дүрүүдээсээ Хоролмаа, Чио Чио сан хоёртоо хачин хайртай. Хоролмаагийн дүрийг Ихо багш илэрхий сэтгэлтэй, зоригтой монгол эмэгтэйгээр бүтээхийг мөрөөдөж түүндээ хүрч чадсан урлаач. Энэ тухайгаа “Хоролмаа муу санаатай, муухай эмэгтэй биш. Тэр бол маш зоригтой, илэрхий сэтгэлтэй бүсгүй хүн. Энэ бол хүн гэдэг амьтанд байдаг л чанар юм” хэмээн өмөөрсөн юм. Хоролмаагийн дүрийг анх бүтээхэд нь дүрлэн алаг нүдтэй дэндүү хөөрхөн Хоролмаа гэцгээж байж.

Ихо багш бүхнийг гэгээн сайхнаар сэтгэж, эерүү зөөлнөөр хүлээн авдаг хэтэрхий гэмээр зөв хүн. Тэр энэ л сэтгэлээрээ Хоролмаагаа бүтээжээ. Үгийнхээ цаанаа нуух битүүлэг утга, үйлс бүтээлээсээ гуйвах зан огтхон ч үгүй, хэтэрхий гэгээн, илэрхий сэтгэлтэй энгүүн энэ эмэгтэйн дотоод ертөнцөөс ургасан Хоролмааг тайзнаас харж, мэдэрсэн ч болоосой…

О.Ичинхорлоо дуурийн театраас явснаасаа хойш шинээр үүсгэн байгуулагдаж байсан Улсын филармонийн тайзнаа дуулсан юм. Улсын Филормоний симфони найрал хөгжим, Эстрадын “Баян Монгол”, “Соёл Эрдэнэ” хамтлагуудтай 4000 гаруй концертонд хамтран тоглож Монголынхоо бүх хотууд, сум, сууриудад хүрч ард түмэндээ ая дуугаа хүргэсэн нэрт дуучин.

Дуучин О.Ичинхорлоо Дж.Пуччини, Дж. Вөрди, Ш.Гуно, И.С. Бах, П. Чайковский, С.Рахманинов, Ф.Шуберт., Р.Шуман, Ф.Лист, Б.Шарав, Н.Жанцанноров, С.Гончигсумлаа нарын бүтэлүүдээр нийт 25 удаа концерт тоглосон нөр их хөдөлмөрийн эзэн юм. Мөн телеконцерт 10, дуу ,ари, романсын нийт 20 дууны клип болон бусад олон уран бүтээлийг урын сандаа багтаажээ.

“Одод”-ын замыг гэрэлтүүлэгч

Ихо багшийн бүх шавь “Багшдаа маш их хайртай” гэж хэлнэ, зарим нь багшийнхаа тухай ярихдаа нүдэнд нь нулимс гялтганана. Хүний сэтгэлд магтаалын хуурай үгс орох ч зайгүй болтлоо хайраар дүүрэх нь бий. Хүмүүс аав ээжийнхээ тухай дурсахдаа гоё үг урсгаад байдаггүй, “Миний сайхан аав ээж” гээд л чимээгүй болдог доо… Яг л түүн шиг Ихо багшийн хүүхдүүд багшийгаа хайрладаг. Тэр бүх шавиа хүүхдүүд гэж ярина. Төрүүлсэн гурван хүүхдээсээ тэднийгээ дээр доор тавьж байсан удаагүй. Дуурийн урлагт зориулсан 60 жилийнхээ 40 жилийг нь багшлах эрдэмд зориулж яваа гайхамшигтай хөтлөн дагуулагч ажээ.

Ихо багш гарынхаа 100 гаруй шавийг бэлтгэснээс МУГЖ, Чингис хааны одонт Г.Ариунбаатар, Д.Отгонжаргал зэрэг дуурийн болон рок попын олон сайн дуучид өнөөдөр хийж бүтээн гялалзаж яваа. Тэр дундаа дуучин МУГЖ Г.Ариунбаатарыг дэлхийн цараатай дуучин болоход түүний оруулсан хувь нэмрийг мэргэжлийн урлагийн мастерууд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байна.

Г.Ариунбаатарын авьяасыг таньж шуудхан л М.Глинкийн нэрэмжит уралдаанд сойжээ. Багш хүн, хүний хувьд “маш сайхан хүн байх ёстой” гэдэг үзлийг О.Ичинхорлоо гуай багш нараасаа өвлөн авснаа дурсав. Зөвхөн тайзан дээр соёлтой байх биш амьдрал өөрөө тайз учраас үргэлж өндөр ёс суртахуунтай амьдрахыг тэр хүүхдүүдээсээ шаарддаг зарчимдаа үнэнч, тайзандаа хүндэтгэлтэй багш.

О.Ичинхорлоо

Дэлхийн дуурийн урлагийн мэргэжилтнүүд шавь нарынх нь дуулахыг сонсоод “Энэ хаанахын школ вэ?”, “Та хэний шавь бэ?” гэж заавал асуудаг болтол Монголын дуурийн урлагийг хүлээн зөвшөөрүүлж чадсан үлэмж гавьяатан бол О.Ичинхорлоо багш юм. Тэр “Манай монгол хэл бол Италийн дуурийн хэлэнд яг тохирдог онцгой сайхан хэл” хэмээн бахархан ярих дуртай. Бас хүүхдүүдэдээ итали, герман, франц, орос хэлээр дуурийн дууны урлагийг заахдаа авиа бүр дээр нь нямбайлан ажиллаж маш цэвэр тод, зөвөөр дуулуулж сургадаг онцгой мэргэжилтэн. Болгарын хөгжмийн академийн Добри Спесареевски багшийнхаа онцгой ийм эрдмийг өөртөө шингээж, өдгөө Ихо багшийн дэг сургууль гэдгийг үндэслэн хөгжүүлж чадсан нэгэн.

Ихо багштай халуун яриа өрнүүлээд гарч явахад хүйтэн шөнийн одод хотын гэрэлтэй өнгө хоршин хорвоо дэлхий улам ч уудам цэлгэр, хот улам ч амар амгалан уянгатай, хөгтэй болсон мэт санагдах нь их урлагийн, их урлагт үнэ цэнээ бүтээж чадсан эрхэм хүмүүний шид, нөлөө бизээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img