2024-10-08, Мягмар
16 C
Ulaanbaatar

Лионел Месси: Ирлээ, үзлээ, яллаа

“Галзуу одой минь, зогсооч! Чи солиорчээ!”

Аргентины шигшээ багт Лионел Месситэй он удаан жил хамтдаа зүтгэсээр өнгөрсөн жил дэлхийн цомыг сая нэг хамт өргөсөн Анхел ди Мариа найзыгаа Хойд Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн “MLS” лигт анхны тоглолтдоо оролцсоных нь дараа ийн уулга алджээ. Месси горзгор түүнд “гоймон” хоч өгсний хариуд тэрээр харьцангуй давжаа биетэй (170 см) андаа “одой” гэж наргиа болгон өхөөрдөж дууддаг болсон гэнэ лээ.

Анхел ди Мариа уулга алдсаны учир гэвэл АНУ-ын “Интер Майами” багт шилжиж ирээд хоёр сар ч болоогүй Лео Месси “MLS” лиг дахь дебют тоглолтдоо сэлгээгээр гарч ирэн “Нью Йорк Ред Буллс” багийн хаалганд бөмбөг оруулснаар баг нь 2:0 харьцаагаар хожжээ. Ингэснээр “MLS”-ийн аварга шалгаруулах тэмцээнд 12 тоглолт дараалан хожил авалгүй Зүүн конференцид сүүл мушгиж явсан “Интер Майами” нэг байраар ахисан аж.

Үүнээс өмнө Лео Месси “Интер Майами”-гийн ягаан өмсгөлтэйгөөр талбайд есхөн удаа гарахдаа 11 гоол оруулж, гоолын гурван дамжуулалт хийж амжаад байгаа юм. Түүний ачаар Английн домогт хөлбөмбөгчин Дэвид Бекхемийн эзэмшдэг “Интер Майами” түүхэндээ анх удаа томоохон тэмцээнд түрүүлж, Хойд Америкийн лигүүдийн цомыг гардаад удаагүй байна.

“Sports Illustrated” сэтгүүлийн мэдээлснээр, энэ нь Лео Мессигийн хувьд түрүүг нь авсан 44 дэх тэмцээн болж, Бразилийн хамгаалагч Дани Алвесын (43 тэмцээнд түрүүлсэн) дэлхийн дээд амжилтыг эвджээ. Лео Месси урьд нь “Барселон”-той Испанийн Ла лигт 10, Испанийн Супер цомд найм, Испанийн цомын тэмцээнд долоо, Европын аваргуудын лигт дөрөв, Европын Супер цом болон Багуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тус бүр гурван удаа түрүүлж байсан юм.

Тэрээр мөн “Пари Сен Жермен”-тэй Францын аварга шалгаруулах тэмцээнд хоёр, тус улсын Супер цомд нэг удаа түрүүлжээ. Үүнээс гадна Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд дэлхийн, олимпийн, Өмнөд Америкийн, дэлхийн залуучуудын, Финалиссиме-гийн аварга болсон билээ.

Тавхан жилийн түүхтэй “Интер Майами” баг Лео Мессигийн хүчин зүтгэлээр АНУ-ын нээлттэй цомын тэмцээний хагас шигшээд “Цинциннати”-г хожсоноор финалд үлдэн тус цомыг авахад сүүлийн шийдвэрлэх тоглолтдоо ялах л үлджээ.

Нэгэнт хурдаа авсан “Месси” хэмээх галт тэргийн зүтгүүртэй болсон тус багийг одоо зогсоох хүч Хойд Америкийн хөлбөмбөгт олдоно гэдэг тун эргэлзээтэй. Иймд бяр нь амтагдаж эхэлсэн Майамигийн “дэглийнүүд” АНУ-ын цом төдийгүй бүр давраад “MLS”-т аваргалбал гайхах зүйлгүй мэт.

Товчхондоо бол “гоймон” хочит Анхел ди Мариагийн онож хэлснээр, АНУ-д хөлбөмбөгийн тэнгэрээс буусан од эхнээсээ ёстой л “галзуурч” байна.

Манай үндэсний бөхөд Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нар цагийг эзэлсэн “хоёр Мөнх” аварга гэгддэг байсан даа. Тэгвэл дэлхийн хөлбөмбөгт цагийг эзэлсэн “хоёр Мөнх” нь Лионел Месси, Криштиану Роналду нар. Энэ хоёр сүүлийн 20 шахам жилд бусдад завдал олголгүй шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагналыг бараг жил алгасалгүй ээлжлэн хүртсээр өнөөг хүрсэн.

мессиГэвч уулыг цас, эрийг нас дардгийн жамаар харих болсон эл хоёр хосгүй хөлбөмбөгчин Европын ногоон талбайг ар араасаа орхин бусдад зай тавьж өгчээ. Тэгсэн хэдий ч бүх цаг үеийн шилдгийн шилдэг хөлбөмбөгчин болох хоорондын “халз тулаан”-аа үргэлжлүүлсээр.

Энэхүү дуэльд Саудын Арабын нефтийн баячууд мөнгөөр зодон дэлхийн оддыг цуглуулж эхэлсэн тус улсын лигийг зорьж “Аль Насср” багийн довтлогч болсон 37 настай португал эр Криштиану Роналду хожигдох төлөвтэй.

Месси
Учир нь тэрээр Саудын Арабын лигийн өнгөрсөн улиралд багаа аварга болгоогүйн дээр дэлхий нийтийн анхаарлыг энэхүү лигт олигтой татаж чадаагүй билээ.

Харин Лео Месси бол өөр. Криштиану Роналдугаас нэг насаар дүү тэрээр хагас тэрбум ам.доллар амласан Саудын Арабын “Аль Хилал” багтай гэрээ хийлгүй тэнгис далайг гатлан АНУ-ын “Интер Майами”-д “дөнгөж” 150 сая ам.долларын цалинтай хүчин зүтгэж эхэлсэн. Хэдийнэ тэрбумтан болсон түүнд мөнгө чухал биш байсан нь тодорхой.

Тэрээр элдэв шоунд хахаж цадсан Америкт хөлбөмбөгийн гайхамшиг гэж юу болохыг эхний тоглолтоосоо л яруу тодоор харуулж, маруухан “Интер Майами”-г Харри Поттерын шидэт саваатай гэмээр хормын зуур суга татан шилдэг багуудын тоонд оруулж, “MLS” лигийн тоглолтуудыг үзэж сонирхогчдын тоог эрс нэмэгдүүллээ.

Түүний тоглолтыг үзэхээр сагсан бөмбөгчин Леброн Жеймс, теннисчин Серен Вильямс, жүжигчин Ким Кардашьян гээд Америкийн одод хуран цугларч шагшрах болжээ.

МессиАНУ-ын шоуны тасалбарын үнийн хэлбэлзлийг судалдаг “TicketIQ” байгууллагын тооцоолсноор, Лео Мессиг ирснээс хойш “Интер Майами” багийн цэнгэлдэх хүрээлэндээ хүлээн авах тоглолтын тасалбарын дундаж үнэ бараг тав дахин нэмэгдэн 864 ам.доллар хүрсэн аж. Тус багийн Нью Йорк, Лос Анжелес зэрэг томоохон хотуудад болох энэ улирлын үлдсэн бүх тоглолтын тасалбар 10 дахин илүү үнээр худалдагдаж дуусчээ.

Үүнээс гадна “Instagram” сүлжээ дахь “Интер Майами”-гийн хуудсыг дагагчдын тоо нэг саяас даруй 14 сая хүртэл өссөн гэнэ. Тэгвэл “MLS” лигийн албан ёсны интернет дэлгүүр Лео Мессигийн нэртэй богино цамцны захиалгад дарагдан цаг тухайд нь гүйцэтгэж амжихаа байжээ.

АНУ даяар өрнөх болсон ер бусын иймэрхүү үзэгдлүүдийг “Мессигийн эффект” гэж тусгайлан нэрлэхэд хүрсэн байна…

МессиЭртний Ромын суут жанжин Юлий Цезар нэгэн шийдвэрлэх дайнд маш хурдан ялалт байгуулснаа Ромд мэдээлэхдээ, “Ирлээ, үзлээ, яллаа” гэж бардамнасан тухай балар эртний зохиолч Плутарх “Хаад, жанждын хэлсэн үгс” бүтээлдээ дурдсан нь бий.

Тэгвэл Лео Месси АНУ-д хөл тавингуутаа сая сая хүмүүст хөлбөмбөгийн гайхамшгийг мэдрүүлж, жинхэнэ шоу эхлүүлэн мөн л “Ирлээ, үзлээ, яллаа” гээд хэлчихэв үү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img