2024-07-22, Даваа
19 C
Ulaanbaatar

Үй Хуа: Соёлын хувьсгал утга учиргүй байсан, өнөөгийн Хятадын амьдрал бүр ч абсурд юм шиг

Номд хорхойтой монголчуудад Үй Хуа гэж хэн болохыг танилцуулах шаардлагагүй. Түүний бүтээл болгон орчуулагдаж гарангуутаа манай аль ч номын дэлгүүрийн бестселлер буланд “албатай юм шиг” залардаг. Үй Хуагийн зохиолуудыг шимтэн уншдаг монгол уншигчид жил ирэх тусам арифметик бус, геометрийн хурдаар нэмэгддэг болсон учраас л тэр. Иймээс ч “Нэпко”, “Тагтаа” хэвлэлийн газар хамтран санаачилсан “Дэлхийн шилдэг зохиолчид Монголд” төслийнхөө анхны зочноор хөрш улсынхаа эл зохиолчийг урьжээ. Үй Хуа энэ сарын 16-20-нд Үндэсний номын баярын өдрүүдээр Улаанбаатарт уншигчидтайгаа уулзан залуу зохиолчдод зөвлөгөө өгөх аж. 1960 оны дөрөвдүгээр сарын 3-нд эмч нарын гэр бүлд төрсөн тэрээр таван жилийн турш шүдний эмчээр ажиллаж байгаад гэнэт од нь гийсэн үү, зохиолч болсон гэдэг. Үүнийгээ Үй Хуа “өдөр бүр хүмүүсийн ам руу өнгийхөөс залхсан” гэдгээр хошигнон тайлбарласан нь бий. Дэлхийд алдартай найруулагч Жан Имоу 1994 онд “Амьдрахуй” романаар нь хийсэн киног Хятадад хорьсон явдал “муугаас сайн үр” гэгчээр Үй Хуагийн бүтээлүүдийг өрнөдийн ертөнцөд сонирхоход түлхэц өгчээ. Өдгөө тэрээр Хятадын авангард буюу сянфэн утга зохиолын эцэг хэмээгдэн дэлхий даяар нэгэнт нэрд гарсан эрхэм юм. Таван роман, өгүүллэгийн зургаа, эсээ, нийтлэлийн дөрвөн түүвэр номоо хэвлүүлсэн тэрээр Жэймс Жойсын нэрэмжит олон улсын, Италийн “Grinzane Cavor”, Францын “Courrier international” зэрэг утга зохиолын нэр хүндтэй олон шагнал хүртээд буй. Олон улсын номын хорхойтнуудын “Goodreads” цахим хуудаст гарсан түүний ярилцлагыг дор хүргэж байна.

-“Миний уран бүтээл байнга өөрчлөгддөг нь улс орон маань цаг үргэлж өөрчлөгдөгтэй холбоотой” гэж та нэгэнтээ хэлсэн. Тэгвэл “Долоо дахь өдөр” тэрхүү өөрчлөлтийг хэрхэн тусгасан бол? Таны энэ ном орчин цагийн Хятадын илэрхийлэл мөн үү?

-“Долоо дахь өдөр”-өөрөө би өнөөгийн Хятадыг байгаагаар нь дүрслэхийг зорьсон нь мэдээж. “Ах дүүс” романдаа би Соёлын хувьсгалаас өнөөг хүртэлх Хятадын тухай өгүүлсэн. Гэвч тэр зохиолыг бичиж дуусангуутаа л нэмж хэлэх зүйл бишгүй гэж санагдсан тул араас нь “Хятад арван үгээр” номоо гаргасан юм. Тэгж байж сая нэг санаа амран Соёлын хувьсгалын сэдвийг түр орхиж, Хятадын сүүлийн хорин жилийн утга учиргүй гэмээр бодит байдлын тухай цомхон боловч мөлжүүртэй роман бичихийг эрмэлзсэн нь “Долоо дахь өдөр” болж хувирсан даа.

Аймшигтай дүрслэлүүд төсөөлөгдөх “Оршуулагдаагүй нас барагсдын нутаг” гээчийг “Долоо дахь өдөр”-төө харин ч эсрэгээр, яруу сайхны газар болгон утопи маягаар, Хятадын домогт “Тоор цэцэглэх хавар” шиг хэрнээ бас арай өөрөөр харуулах санаа толгойд минь харван орж ирж билээ. Гоо үзэсгэлэнд умбасан тэрхүү үхэгсдийн нутгаас өнөөгийн Хятадын бодит ертөнцийг ажиглаваас муу муухай бүхэн нь тод томруунаар харагдана гэж бодсон хэрэг. Би 224-хөн хуудастай энэ номоо нэлээд амбицтай бүтээл болсон гэж үздэг шүү.

-Хэмжээ бус цар хүрээгээрээ амбицтай байна гэдэг мэдээж амаргүй. Үүний сацуу таны анхны ном уншигчдын хүртээл болсноос хойш Хятад орон маш ихээр өөрчлөгдсөн нь тодорхой. Та яг ямар өөрчлөлтийг нь юуны учраас давын өмнө тусгахыг хүссэн бэ?

Үй Хуа

-Би реалист зохиолч. Миний өгүүлсэн түүхүүд ихэвчлэн утга учиргүй абсурд талдаа. Эргэн тойрны бодит амьдрал утга учиргүй учраас л тэр. Жам ёсны дагуу нас минь ахисаар. Туулсан замаа эргэн харахад үргэлж абсурд орчинд амьдарч байснаа ойлгох юм. Соёлын хувьсгал утга учиргүй байсан бол өнөөгийн Хятадын амьдрал бүр ч абсурд юм шиг. Утга учиргүйн дунд байнга амьдрах хүн тэгж буйгаа тун амархан ухамсарлахаа больдог ажээ. Соёлын хувьсгалын үед Мао Зедуны хөрөг хаа сайгүй, бүр жорлонд хүртэл өлгөөтэй байлаа. Гэвч жорлонгийн хананаас Мао ширтэхийг хэн ч байж боломгүй гаж зүйл гэж боддоггүй байсан нь хачирхалтай биш гэж үү?

Иймэрхүү байдал одоо ч ажиглагдана. Өнөөгийн Хятад дахь абсурд байдалд бид бүгд дэндүү дасч энэ талаар ер эргэцүүлдэггүй. Хятадын нийгэм утгагүй байдлаар зогсолтгүй өөрчлөгдсөөр л. Би реалист зохиолчийн хувьд тэр бүгдийг байнга сануулж, харуулж байх ёстой. Хятадад ирсэн гадны жуулчин зочид буудлын өрөөний ширээн дээр “Тамхи татахыг хориглоно” гэсэн бичээсийн хажууд үнсний сав тавьсныг анзаардаг. Би ийм л юмны тухай, “Тамхи татахыг хориглоно” гэсэн бичээсийн хажууд байх үнсний савны тухай бичихийг хүсдэг дээ.

-“Ах дүүс” романд тань зохиолын гол баатрын нэг халзан Ли нийтийн бие засах газар эмэгтэйчүүдийн нүцгэн бөгсийг нууцаар хардгаараа жижигхэн хотдоо “алдаршсан” нэгэн. Эцэг нь мөн ингэж яваад жорлонд хальтран ялгадасанд живж үхсэн явдал түүнд сургамж болдоггүй. Тэгвэл “Долоо дахь өдөр” романы нэг хэсэгт Ян Фейн ээж галт тэрэгний жорлонд хүүдээ бөгсөө санамсаргүй харуулчихдаг. Та тус романыг өмнөх зохиолтойгоо ийм аргаар нэг ёсондоо холбосон хэрэг үү?

-Романаа бичих зуураа энэ тухай бодож байсангүй. Харин сая таныг ийм холбоос буйг хэлэхэд, нээрээ тийм ч юм уу гэж бодогдлоо. Ер нь зохиол бичнэ гэдэг эцэс төгсгөлгүй элдэв нээлт хийх үйл явц юм. Тэгвэл уншина гэдэг түүнээс бүр ч илүү өргөн цар хүрээтэй үйл явц. Учир нь өөр өөр уншигч ижил зохиол уншаад тэс өөр нээлт хийж болох шүү дээ.

Энэ нь надад хэдэн жилийн өмнө Хятадын дээд сургуульд элсэх шалгалтын нэгэн асуулт дунд сургуулийн ахлах ангийн хөтөлбөрт заавал унших ёстой бүтээлүүдийн тоонд орсон миний “Арваннайман настны зам” өгүүллэгтэй холбоотой байсныг сануулчихлаа. Олон сурагч асуултад буруу хариулан элсэлтийн шалгалтын оноогоо хасуулахад хүрсэн юм л даа. Тэгээд би асуултын зөв хариултыг нь онлайнаар зориудаар хайгаад олж харж билээ. Маш мундаг гаргалгаатай гайхалтай дүн шинжилгээ байсан. Гэвч хэрэв би шалгалт өгсөн бол тэр асуултад олон сурагчийн адил мөн л өөрөөр, “буруу” хариулах байснаа ойлгосон юм.

-Таныг нас барагсдын цогцос хадгалдаг моргоос холгүй газар өсч торнисон гэдэг. Та хүүхэд байхдаа үхлийн тухай ямар ойлголттой байсан бэ? Үхлийг мөнхийн хойд насанд хүрэх алхам гэж боддог байв уу?

-Аав, ээж маань эмч учраас манай гэр эмнэлгийн цогцолборт, моргоос холгүй байлаа. Багадаа би ойр дотныхныхоо араас гашуудан уйлах хүмүүсийн дуунаар шөнөөр, хар үүрээр тоймгүй олон удаа сэрсэн дээ. Би үхэлтэй маш ойр, бүр хөрш нь байсан гэж хэлж болно. Мэдээж надад морг дахь үхсэн хүмүүсийн цогцос харагдахгүй. Надад үхэл уй гашууд автсан хүмүүсийн дуу сонсогдох цэвэр цэмцгэр өрөө гэж л төсөөлөгддөг байлаа. Манайх агааржуулагчжгүй тул зун халууцна гэж жигтэйхэн. Иймд би сэрүү татсан хоосон моргт орж дуг хийсэн удаа цөөнгүй. Бяцхан би бээр морг гэдэг нэг ертөнцөөс нөгөө рүү явахаас өмнө түр амсхийдэг газар гэсэн ойлголттой байжээ.

-Бага насны тань тэр ойлголт “Долоо дахь өдөр”-ийн ертөнцийг цогцлооход хэрхэн нөлөөлсөн бол?

-Ихэнх зохиол амьдарч байгаад өөд болох хүмүүсийн тухай өгүүлдэг. Харин “Долоо дахь өдөр”-ийн хүүрнэл үүнээс эсрэг зүгт, үхлээс амьдрал руу чиглэдэг. Ингэх болсон нь үхэл бол амьдралын төгсгөл бус ердөө л эргэлтийн цэг гэж бодож байсан миний бага насны дурсамжтай холбоотой болов уу. Үхэл хэмээх амралтын жижигхэн зогсоолд амьдралын нэг үе шатанд ядарч туйлдсан хүн унтаж амраад хүчээ сэлбэн амьдралын өөр нэг үе шат руу алхан ордог гэж төсөөлдөг хүүхэд байлаа.

Үй Хуа

-Та энэ ном хэрхэн мэндэлсэн талаар ярьж өгөхгүй юу. Танд эхлээд хойд насны тухай санаа орж ирсэн үү, эсвэл өнөөгийн Хятадын асуудал бэрхшээлийн үр дагавраас үүдэн энгийн иргэд үхэх янз бүрийн түүхийг анхнаасаа л бичихийг зорьсон уу?

-Би энэ номоо хэрхэн бичих талаар олон жилийн турш бодсон. Гэтэл нэг өдөр, хүнийг нас барахад түүн рүү оршуулгын товчооноос утасдан чандарлах ёслолд яаравчлахгүй бол хоцорч болохыг сануулдаг тухай санаа орж ирсэн юм. Тэгэхэд л би зохиолоо яаж бичихээ мэдэрч, бас мэдэж авсан юм.

Хятадад нас барагсдын эхний долоон хоног гэсэн уламжлалт ойлголт бий. Түүгээр бол үхэгсдийн сүнс тэр өдрүүдэд амьдралдаа очиж байсан дотно газруудаар сандрангуй хэрэн хэсүүчилдэг. Иймд би зохиолын бүтэцдээ үхэгсэд мөн л сандралдан хэсүүчилж, эцэст нь тэгш бус нийгэмд гологдож хаягдсан тэд “Оршуулагдаагүй нас барагсдын нутаг”-т ирдгийг оруулсан юм. Хүн ёсоор оршуулагдах газаргүй байсан тэд үхлийн өмнө бүгд тэгш эрхтэйг харуулах тэрхүү яруу сайхан газар хүрэлцэн ирдэг гэсэн санаа орж ирсэн учраас тэр шүү дээ.

Тэгээд л би романаа бичиж эхэлсэн. Ер нь миний арга барил гэвэл эхлэлээ гаргасан л бол өрнөлийн хэсгүүдэд юу болох, төгсгөл ямар байхыг яваандаа төсөөлж, зохиолыг бүхэлд нь биччихдэг юм. Энэ нь буугаар бай буудахтай зарим талаараа төстэй юм шиг. Эхний гурван сум хаана ононо, түүнээс барагцаалаад дараа дараагийн сумаа тавьдаг гэх үү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img