2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

“Одой” Мессигийн шийрийг хатаах “том хүүхэд” Эрлинг Холанд

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслол ирэх сарын 30-нд Парисын “Шарле” театрт 67 дахь удаагаа болох билээ. Хэрэвзээ 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Катарын цаг агаарын онцлогоос шалтгаалан зун бус Монголд идэр гурван ес ид тачигнасан арванхоёрдугаар сард болоогүйсэн бол энэ удаад тус шагналыг “том хүүхэд” хочтой норвеги хөлбөмбөгчин Эрлинг Холанд яалт ч үгүй гардах байлаа.

Эрлинг Холанд

Учир нь 23 настай энэ залуу өнгөрсөн улиралд Германы Дортмундын “Борусси”-ээс “Манчестер Сити”-д 70 сая доллараар шилжиж ирэнгүүтээ шууд цахиур хагалж Английн Премьер лиг, Цомын тэмцээнд аваргалан Европын Аваргуудын лиг, Супер цомд түрүүлсэн юм. Ингэхдээ тэрээр Премьер лигт 36 гоол оруулан тус лигийн бүх цаг үеийн дээд амжилтыг эвдэж, Аваргуудын лигийн 11 тоглолтод 12 удаа гоолдон Европын “Алтан пүүз”-ийн эзнээр зүй ёсоор тодорчээ.

Эрлинг Холанд эдгээр амжилтаараа “Алтан бөмбөг” горилогчдын жагсаалтад багтсан Кевин Де Брёйне (Бельги, “Манчестер Сити”), Родри (Испани, “Манчестер Сити”), Винисиус Жуниор (Бразил, “Реал” Мадрид), Киллиан Мбаппе (Франц, “Пари Жен Жермен”), Карим Бензема (Франц, “Реал” Мадрид) нараас үнэндээ яагаад ч гүйцэгдэхээргүй хол тасарсан.

Даанч харих болоогүй “хуучин бурхи” Лионел Месси Аргентины шигшээг Катарт дэлхийн аварга болгон шилдэг хөлбөмбөчнөөр шалгарч, үүгээр зогсохгүй далайн чанадад гарч гайхамшгийг үзүүлэн ер гавьдаггүй “Интер Майами” багийг Хойд Америкийн лигүүдийн цом авахад хүргээд америкуудыг хөлбөмбөг рүү ёстой л нэг хуйлруулж буйг яалтай билээ. Иймд “Алтан бөмбөг”-ийг энэ удаа хөлбөмбөгийн тэнгэрт тодоос тод ассан шинэ од Эрлинг Холанд бус цагийг эзэлсэн их хөлбөмбөгчин Лионел Месси гардах биз ээ.

Эрлинг Холанд

Гэвч ирж яваа цагт “одой” хочит Лионел Мессигийн шийрийг 193 см-ийн өндөр биетэй “том хүүхэд” Эрлинг Холанд хатаана гэдэг нотлох шаардлагагүй аксиом л гэсэн үг.

Тэрээр Норвегийн иргэн хэрнээ Английн Лийдс хотноо 2000 оны долдугаар сарын 21-нд төрсөн нь учиртай. Юу гэвэл түүний эцэг Альф-Инге Холанд мөн л нэртэй хөлбөмбөгчин бөгөөд Эрлингийг төрөхөд “Лийдс Юнайтед” багийн хамгаалагчаар тоглож байжээ. Альф-Инге Холанд хүүгээ гурван настай байхад зодог тайлж, гэр бүлээрээ эх орондоо эргэн ирж буйдхан Брюне хотод байшин худалдан авч суурьшсан аж.

Мэдээж Эрлингийг хөлд орсон уу үгүй юу бөмбөг өшиглүүлж, хар багад нь хөлбөмбөгийн “Брюне” академид элсүүлжээ. Аав нь үүгээр зогсохгүй түүнийг хөлбөмбөгийн эрдэмд өөрөө сургахаас гадна гайгүй сайн дасгалжуулагчдыг ч хөлсөлдөг байж. Товчдоо бол хүүгээ сайн хөлбөмбөгчин болгохын тулд бүхнийг хийжээ. Угаасаа хөлбөмбөгчний гентэй юм хойно, Эрлинг аавынхаа итгэл найдварыг хөсөрдүүлсэнгүй.

Хүүхэд насандаа Эрлинг ур чадвараараа үеийнхнээсээ ямагт толгой илүү байжээ. Гэхдээ биеийн өндрөөрөө биш. Биеийн өсөлт муутай, намхан туранхай түүнд аав, ээж нь, “Брюне” академийн багш, дасгалжуулагчид ихэд санаа зовнидог байжээ. Харин 14 наснаасаа гэнэт жил бүр 10-12 см өсч эхэлсэн аж. Үүнээс болж дасгал сургуулилтын горимыг нь байнга өөрчлөхөд хүрчээ.

Тэрээр 15-хан насандаа Норвегийн хоёрдугаар лигийн “Брюне” багт хөлбөмбөгчний карьераа эхлүүлсэн. Улмаар 16 насандаа Норвегийн хамгийн алдартай “Молде” багтай гэрээ хийж 2017 оны зургадугаар сарын 4-нд ногоон талбайд сэлгээгээр гарсан нь түүний дебют байв.

Улсынхаа 17 нас хүртэлх шигшээ багт татагдахдаа тэрээр Эрик Ботхейм, Эрик Тобиас Сандбер нартай дотно үерхэж хүүхэд насны сонирхолдоо хөтлөгдөн “Flow Kingz” рэп хамтлаг байгуулж “Kygo jo” гэдэг дууг бичиж бүр клип гаргасныг “YouTube”-д есөн сая гаруй хүн үзсэн гэдэг.

Эрлинг Холандын анхны дээд амжилт гэвэл, 2019 оны тавдугаар сарын 30-нд Польшийн Люблин хотноо залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Хондурасын хаалганд есөн гоол оруулсан явдал. Нэг тоглолтод шүү дээ.

Эрлинг Холанд

Тэр цагаас хойш Норвегийн залуу одыг гадаадын багууд сонирхож эхлэв. 2019 онд тэрээр Австрийн аварга “Зальцбург” багт очиж, мөн жилдээ Германы Дортмундын “Борусси” багт “булаагджээ”. Бие томтойн дээр хурд, техник сайтай Эрлинг Холанд анхнаасаа л төвийн довтлогчоор тоглож, аль ч багт очсон “гоолын машин”-ы үүрэг гүйцэтгэдэг. Тэрээр 2020/21 улиралд Аваргуудын лигт “Борусси”-ийн өрсөлдөгч багуудын хаалганд 10 бөмбөг шигтгэн шилдэг довтлогч болсонд ер гайхах зүйлгүй.

Түүнийг дэлхийн шилдэг багууд булаацалдах болсон нь бүр ч ойлгомжтой. Эрлинг Холанд тэдгээрээс “Манчестер Сити”-г сонгон аавынхаа замналаар Английн Премьер лигт хүч үзэх болжээ. Энд тэрээр дэлхийн сор болсон хөлбөмбөгчдийн сүрэнд дарагдаж сүүдэрт нь орсонгүй. Харин ч өнөө цагийн шилдэг дасгалжуулагчдын нэг “халзан” Пеп Гвардиолагийн удирдлага дор авьяас чадвар нь улам бүр задарч, засч янзалсан алмаз эрдэнэ лугаа улам тод гялалзаж эхэлсэн юм.

Ээлжит дээд амжилт эвдсэнийгээ хэрхэн тэмдэглэх талаар нэгэн сурвалжлагч сонирхоход, “Шаваагаа ханатал видео тоглоом тоглоод амттай хоолоор гэдсээ баярлуулна. Тэгээд сайхан унтана даа” гэж хариулсан нь түүнийг үнэхээр л “том хүүхэд” хочиндоо таарсан хүн болохыг илтгэнэ.

Эрлинг ХоландХарин түүнээс анх удаа дэлгэрэнгүй ярилцлага авах үеэр ирээдүйн зорилгынх нь талаар асуухад залуу од нэлээд бодсоны эцэст, “Би Аваргуудын лигийн дууллыг утасныхаа сэрүүлэг болгоод удаж буй. Энэ дуугаар сэрэн шинэ өдрийг эхлүүлж, шинэ амжилтад хүрэх сайхан шүү. Хөлбөмбөгчний замнал маань дөнгөж эхэлж байна. Иймд урам зориг оруулдаг энэ гайхамшигт дууллаас би хэзээ ч уйдахгүй. Бас шинэ оргил өөд тэмүүлэхээс хэзээ ч цуцахгүй” гэж маш хэрсүү хариулсан байдаг.

Хүүхэд шиг гэнэн томоогүй хэрнээ юу зорьсноо сайтар ухамсарласан шантрашгүй ийм л од Францын Киллиан Мбаппе зэрэг шинэ үеийн бусад авьяастны хамт Лионел Месси, Криштиану Роналду нарын халааг аван хөлбөмбөгийн тэнгэрийг гийгүүлж, бид бүхнийг он удаан жил баясгах нь ээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img