2024-07-23, Мягмар
21 C
Ulaanbaatar

Дарма Батбаяр: Аливааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг их мунхагийн л шинж

Төрийн шагналт Дарма.Батбаяртай хийсэн ярилцлагаа таны өмнө дэлгэж байна. Бидний ярилцлага “Ирмүүн лайф” сэтгүүлд нийтлэгдэж байсан юм.

Хүний өөрийнх нь хөгжил зогсоод багаж зэвсгээ л хөгжүүлэх болсон

-Ярилцлагын хэвшмэл хэв загварыг эвдээд би танаас асуулт асуувал ямар вэ? Хоорондоо ярилцахын тулд би танд эхлээд асуулт тавьж байна.

-Ёстой сонин тохиолдол байна. Асууж байснаас асуулгаж байсангүй. Хариулж чадах болов уу нэг л итгэлгүй байх чинь.

-Тэгэхээр ертөнц ер нь юу болоод байна вэ?

-Айхтар “том” асуулт байна даа. Энэ дэлхий дээр их олон зүйл болж байна. Гэхдээ монголчууд ер нь хүн төрөлхтөн эх дэлхийтэйгээ хатуу харгис хандаж байна уу даа гэсэн эмзэглэл надад төрдөг. Хүнлэг бус бүхэн эргээд бидэнд гороо амсуулж мэдэх юм шүү. Ер нь амсаж ч байгаа байх. Яарч байгаа, явж байгаа замдаа биднийг хүн байлгадаг чанараа гээгээд байгаа юм болов уу. Гэхдээ үүнд та хариулсан нь дээр байхаа. Би энэ асуултыг танд л тавимаар байна. Энэ ертөнцөд ер нь юу болоод байгааг та хэлж өгөөч?

-Энэ бол зүй ёсны асуудал. Тиймээ өнөөдөр бүгдээрээ л ертөнц сүйд боллоо гэж байна. Энэ л озоны цоорхой, хүлэмжийн хий дийлдэхээ байлаа, байгалийг хэтэрхий их сүйтгэж байна, энэ ус агаар, ертөнц ундгүй боллоо гээд бүр цаашлаад хүн чанарын асуудал руу орлоо шүү дээ. Бүр миний насныхан бол “хүмүүс хүн чанар яасан муутай болсон юм бэ”, “хүн ийм байгаагүй” гээд л ярьдаг. Газар хөдлөлт, цунами, далайн шуурга саяын Гайтын газар хөдлөлт гээд ер нь юу болоод байна вэ гээд эргэн тойрон түгшүүр зарлаад гараад ирж байна шүү дээ. Энэ юунаас болов.

Тэгээд гэмтнээр нь хүн төрөлхтөн тодорсон. Хүн төрөлхтөн байгальтай зүй бусаар харьцсанаас болоод гээд байгаа, тэр нь ч зөв байх. Ертөнц үнэхээр юу болоод байна вэ гэдгийг мэдэхийн тулд бид ертөнцөө мэдэх хэрэгтэй. Одоо харагдаж байгаа зүйлүүдээс гадна харагдахгүй зүйлүүд үй олноороо болж байна. Ертөнц даяараа дулаарч байна. Би тавиад оны хүүхэд.

Дарма Батбаяр

Миний багад миний эргэн тойрны хүүхдүүд сургуульдаа үнэгэн малгайтай, үстэй дээлтэй явдаг байсан. За яахав зарим нь монголчууд бүдүүлэг байсан одоо соёлжоод костюм өмссөн гэх байх. Тэр үед үнэхээр хүйтэн байсан. Одоо бол өвлийн гуталгүй өвөлжиж болж байна. Ерөнхийдөө дулаарал болж байна. Энэ юутай холбоотой вэ гэдгийг танадах гэсэн эрдэмтэн мэргэд бишгүй байна. Ертөнцөд юу болж байгааг бид одооноос л ярьж эхэлж байна.

Гэтэл үүнийг дөч тавиад оноос мэдэрч эхэлсэн. Бүр Америкийн эрдэмтэд судлаад туйл солигдох нь гэсэн таамаглал хэлсэн. Өмнө хойт хоёр өөрчлөгдөнө гэсэн үг. Ертөнц өнөөдөр хазайчихаад байна өөрөөр хэлбэл туйлаа сольж байна. Тийм учраас Антарктидийн мөс хайлж эхэлж байна.

Бид нар хүлэмжийн хий л гээд байгаа. Энэнээс гадна цаана нь болж байгаа ертөнцийн хууль зүй тогтоолыг мэдэхгүй байж болохгүй. Бүүр тодорхой болсон зүйл бол ертөнцийн соронзон туйл өөрчлөгдөж байна. Энэ нь аль хэдийнээс мэдэгдсэн.

Манай энэ нийтийн тооллоос 1900 он хүртэлх хугацаанд мэдээлэл анх тэнд хуримтлагдсан гэж бичсэн байна. Түүнээс хойш тэр хуримтлагдсан мэдээлэл хоёр дахин нэмэгдсэн. Гэтэл тавиас далан он хүртэл дахиад хоёр дахин нэмэгдсэн. Өнөөдөр харин арван зургаан жилийн давтамжтай жигтэйхэн хурдан өсч байна. Энэ хурдан өөрчлөлт хүний оюун ухаанд нөлөөлж байна гэж байна. Тэгэхээр хүн бол 1900-аад оны хавьцаагаас огт өөр болсон.

-Хүн яаж өөрчлөгдсөн гэж?

-Хүн илүү ухаажиж эхэлсэн. Хүн ухаажих нөхцлийг ертөнц өөрөө бий болгож байна. Энэ юутай холбоотой вэ. Тэр үед Нострадам энэ тэр гээд хэдхэн л сод хүний тухай ярьдаг байсан. Гэтэл өнгөрсөн зууны жараад оноос Ванга, Энэтхэгийн Рама-Кришнан гээд олон хүн гараад ирсэн. Өнөөдөр тийм гоц мэдрэхүйтэй хүн маш олон байна шүү дээ.

-Энэ чинь сайны дохио юу, муугийн дохио юу?

-Э-нэ үү? Энэ муугийн буй болгож байгаа сайн нь юм. Тэр түгшүүрт нөхцөл хүний оюун ухааныг хурц болгож байна шүү дээ. Өөрөөр хэлбэл яах ёстой юм бэ гэдгийг мэдэх хүмүүс гараад ирж. Үүнийг хамгийн ойрын жишээгээр ярихад өнөөдөр Монголд зуд гээд ямар аймаар бэ гээд л байна. Сая гаруй мал үхчихээд байна энэ аюул уу?

-Аюул ч гэсэн бас өөр өнцгөөс харахад жижигхэн зүйл шүү дээ, магадгүй чухал нь биш?

-Энэ бас сайн зүйл.

-Яагаад?

-Яагаад гэдгийг чинь л хоёулаа ярих гээд байгаа юм шүү дээ. Байгаль шалгаж байна. Ялангуяа хамгийн мэдрэмжтэй зүйл бол бэлчээрийн мал аж ахуй. Үүнийг үе үе байгаль өөрөө шалгадаг. Өнөөдөр Монголын мал 47 сая боллоо. Байгаль өөрөө малчныг нь ч, малыг нь ч шалгаж байна шүү дээ. Хүн төрөлхтнийг байгаль өөрөө шалгаж байна.

Одоо дэлхий нарыг тойроод эргэдэг гэдэг. Нарны аймгийн гарагууд эргэдэг. Нар тэр гарагуудын хоорондын таталцын хүчинд тогтож байгаа юмаа гэж. Тэгсэн одоо тэр биш болчихоод байна. Өнөөдөр хүний оюун санааны эрин зуунд ирчихлээ. Одоо бүр энэ нь судалгаа руу орсон байна.

Дэлхий зөвхөн нарыг тойрдог юм биш нартайгаа цуг өөр том орчлонт ертөнц өөрөөр хэлбэл Хөхдэй мэргэн одыг тойрч байна. Манай дэлхий Хөхдэй мэргэн одны эрхшээлд байдаг. Физикийн хэлээр бол таталцаж түлхэлцэж байнаа гэсэн үндэслэл дээрээс судалсан байна. Америкийн Калифорны их сургуулийг физикээр төгсөө сүүлдээ ерөөсөө энэ шинжлэх ухаан чинь утга алга гээд хаяад явсан Мелхисек гээд хүн байна. Тэр хүн гоц мэдрэхүйтэй хүмүүсээс сураад бүрт эрний Австралид байгаа афрогон гэдэг омгийн нууц эрдмийг сурсан.

Мөн одоо ч байгаа Канадын майя нар болон индианууд буюу цагаан хүннү нарыг судлаад физиктэйгээ харьцуулаад орчлонгийн тогтолцоог гаргаж ирэн орчлон ертөнцтэйгээ нийлээд том галактикт эргэж байна гэж үзсэн байна. Тэнд нойрсох сэрэх гэсэн цэгнүүд байна. Дэлхий өөрөө энэ XXI зуунд сэрдэг цэг рүүгээ явж байна Энэ зуун гарангуут мэдээллийн зуун, оюуны зуун болно гээд олон таамаг гарчээ. Үнэхээр оюуны зуун болж байна.

Миний багад хэзээ ч өнөөдөр шиг тэр орос, америкчуудын экстрасенсуудын уралдаан болж байгаагүй. Өнөөдөр тэд өөрсдийн уран чадвараар уралдаж байна. Хятадад нүд, амыг нь таглахад бусад эрхтнээрээ мэдэрч үздэг хүүхэд байна. Энэ юуг хэлж байна вэ? Нөгөө оюуны шинэ өөрчлөлтөд орж байгааг илэрхийлж байна. Энэ экологийн аюул энэ тэр гээд байгаа чинь цаанаа өөр учиртай.

-Хүн төрөлхтний буруу биш гэх гээд байна уу та?

-Би хүн төрөлхтнийг ялнаас хэлтрүүлэх гээд байгаа юм биш. Үүний цаана өөр юм байна тэгэхээр бид оюунаа өөрчлөх хэрэгтэй. Ингэх цаг болжээ. Сэтгэн бодохоо өөрчлөх хэрэгтэй үүнгүйгээр явж чадахгүй болжээ. Өнөөдөр шинжлэх ухаан чинь бурханыг биш юмаа гэхэд тийм нууц гоц авьяас, ид шид гэж байна гэдгийг хүлээн зөвшөөрдөг болсон шүү дээ. Байнаа тэр чинь. Одоо үүнийг хүний гоц мэдрэхүй, парапсхилоги гээд нэрлээд явж байна.

Дарма Батбаяр

-Бидэнд аврал байна, дэлхий сэрэх цэг рүүгээ явж байгаа шиг хамт бид сэрэх хэрэгтэй гэсэн үг үү?

-Бид хуучин бүх ойлголтооо өөрчлөх цаг болжээ. Амьгүй бодис, амьтай бодис гээд үзээд байдаг. Яагаад дэлхий нойрсоод, сэрээд байгаа юм бэ? Энэ чинь дэлхий бол амьд. Тэгэхээр нөгөө амьтай, амьгүй бодис гэж байхгүй болно. Бүгд амьд. Тэр байтугай эрдэмтэд судлаад чулуу өөрөө хөдөлдөг гэдгийг тогтоосон.

-Өнөөдөр дэлхий сөнөх тухай үзэл их байдаг. Санаатай, санамсаргүй энэ байдлуудаас болоод хүмүүс эргэлзэж байна. Үүн дээр кино урлаг ч “тоглодог”. Хүмүүс түүнд нь итгэж, эргэлзэж нээрээ ч хоёрхон жилийн дараа сөнөвөл яанаа гэж ярьцгаадаг болж. Та тэгэхээр үүний эсрэг байна?

-Яг үүнийг чинь хэлэх гээд байна.

-Та тэгээд үүнийгээ хүмүүст яаж батлах юм?

-Чи харин өөрөө мөхнө гэдгээ батал л даа . /инээв/

-Таны ярианаас хоёр туйл солигдоход ямар нэгэн хувьсал явагдах байх. Тийм амар тайван мэдэгдэхгүйгээр солигдоно гэж төсөөлөгдөхгүй байна. Хүнийг бас мал шиг арай байгалийн шалгарлаар шалгараад үлдэх үлдэг гэх гээгүй биз дээ?

-1958 онд Америкийн эрдэмтэн Кин-Кейс гэдэг хүн Японы нэг жижиг арлын /ямар нэртэй билээ дээ санахгүй байна/ сармагчингуудад туршилт хийсэн байна. Сармагчин төмсөнд дуртай шороонд дургүй. Тэгэхээр нь нөгөө төмсийг нь шороо элстэй хутгаад өгчихсөн. Тэгээд хэд хоног ажиглаад байсан чинь нэг сармагчин төмсөө угаасан. Угааж идчихээд үүнийгээ эхдээ заасан. Эх нь өөрийнхөө омгийнхондоо заасан. Ингээд 100 сармагчин сурахад бусад нь бүгд сурсан. Австралид очоод энэ туршилтаа хийхэд мөн адил бүгд угаагаад идсэн. Канадад, Африкт очоод энэ туршилтаа хийхэд бас бүгд угаагаад идсэн.

Ингээд “100 сармагчин” гэдэг ном бичсэн. Энэ туршилтаа хүн дээр хийсэн. Гэхдээ мэдээж илүү нарийн зүйлээр. Тэгээд эцэст нь хүн төрөлхтөн оюунаараа дамжуулж чаддаг чадамжтай юм байна гэдгийг баталсан. Оюун ухаанаа бие биедээ дамжуулдаг холбоо байна гэж үзсэн. Наяад онд тийм долгион байна, түүнийгээ био долгион энэ тэр гээд янз бүрээр л нэрлэж байсан.

-Тэр дохиоллоороо шинэ зүйлээ дамжуулж амьдрах, амьд үлдэх “шинэ шатанд” гарна гэсэн үг үү?

-Хүн төрөлхтөнд тэр аюулаас аврагдах өгөгдөл нь өгөгдсөн байна гэсэн үг. Энэ өгөгдөл рүү явж байгаа элементүүдийг хар л даа. Манай тооллын өмнөх Бурхан багшийн үеэс иогийн дасгалууд эхэлсэн. Нэг хэсэг хугацаанд дарагдсан байж байгаад нэг хэсэг нь болох Бурхан багшийн шавь Бодидарам гэдэг хүн Хятадад очоод зургаан жил агуйн хана руу ширтэж суугаад гэгээрсэн. Үүнийгээ чан буддизм гэж нэрлэсэн. Хүн гадна үзэгдлийг мэдэх юу ч бишээ бүгдийг мэдээд яах юм. Хүнд нь өөрт нь байгаа мөн чанар руугаа орох тэр замыг хайсан. Үүнийг бас Японоос хүн яваад сурсан байна. Тэр нь чанизм болж хөгжөөд Японы зэн буддизм дээд цэгтээ хүрсэн. Тэр үеийн Тан улсынхаас дээд зэрэгт хүрсэн. Японы лам нар ном заахгүй асуултаар хүнийг хөгжүүлдэг байсан.

Дарма Батбаяр

Өөрөөр хэлбэл бид ямар муу юм сураа вэ? Бага, дунд сургуульд сурна тэгээд л их сургууль, магистр, докторантурт сурна тэгээд төгсөөд ном сурчихлаа гэдэг. Европт оюунлаг хүмүүсийн маш их уншдаг ном бол Карлос Кастенидийн ном. Кастенид антропологи судалдаг оюутан байгаад эртний индиануудын дунд маш эртний өвс, эмийн ургамлыг эрэх гэж тэнд очсон байгаа юм.

Тэгээд нэг хөгшин индиантай танилцаад шавь нь болсон байна. Тэр Матус гэдэг өвгөн бичиг үсэггүй тэгсэн хэрнээ хүний мэдэх ёстой бүхнийг мэддэг. Тэгээд Матус одоогийн та нар хүнээр юм заалгах юм. Жишээ нь энэ аяга гэдгийг хүнээр “аяга” гэж заалгадаг. Гэтэл аяга гэдэг юмаа мэддэггүй гэсэн байна. Тэгээд тэр хүн заримдаа чамтай би уулзанаа гээд алга болчихдог байсан гэнэ.

-Тэгвэл Мулдашевийн үзсэнээр самадид ордог байж ээ дээ?

-Үнэхээр бид бол урт, өргөн, өндөр гээд гуравхан хэмжигдэхүүнтэй амьтан. Тэгвэл ертөнцөд ганцхан ийм хэмжүүр байхгүй. Дөрөв, тав, зургаа дахь хэмжигдэхүүн рүү орчдог. Хүн өөрийнхөө тэр хэмжигдэхүүнийг нээж чадвал өөр хэмжигдэхүүн рүү орчихдог байна. Жишээ нь Итгэл хамба байна. Мулдашев өчнөөн бичсэн байна. Энэ юуг хэлж байгаа юм. Хүн өөр рүүгээ ороо гэсэн үг.

Хүн төрөлхтөн өөрийнхөө мөн чанарыг мэдэхээ байсан байна шүү дээ. Бид бол уншсан ном, сэтгүүл гээд уншсан юмнуудаа л хоорондоо яриад байдаг. Тэгээд ийм хоосон дотор байна. Чөтгөрийн тухай өчнөөн ном бичээд чөтгөрөө үзээгүй хүн байгаа шүү дээ. Тэгэхээр хүн юу сурах ёстой юм. Хүн төрөлхтөн яагаад ийм юм руу орчихвоо. Хүн одоо л өнгөрснөө санаж эхэлж байхгүй юу. Өмнөх иргэншлийн хамаг юм руугаа очих хэрэгтэй болж байхгүй юу.

Оросын эрдэмтэн Ситчин гэдэг хүн библиэ эргэж уншаад түүн дээр байгаа зүйлүүд чинь жинхэнэ байж гэж хэлж. Түүн дээр хүртэл Хөхдэй мэргэн одны тухай байдаг. Урьд өмнө уншаагүй байсан Шумерын бичгийг чинь одоо уншиж эхэлж байна шүү дээ. Өөрөөр хэлбэл манай соёл иргэншлийн манайхан шаантаг бичиг гэж нэрлэдэг өнгөрснөө санаж эхэлж байна. Монголын эртний сударт сав шимийн ертөнцийн тухайд хүн нисдэг байсан гэж мах иддэггүй байсан гэдэг.

Хан харанхуй тууль дотор ч байгаа тэр бузартдаг идээний тухай. Хүн мах иддэг болсноор нисч чадахаа байсан. Тийм цаг үе байсан байна. Шумерыг судлаад үзэхэд хүн найман метр өндөр байсан байна. Эртний сударт хүн багассаар бараг хуруун чинээ болно тэгээд эргээд өснө гэж. Зуун наслаж зургаадай таяг тулаарай гэж үлгэрт байдаг шүү дээ. Тэр бол байсан. Өнөөдөр хүний дундаж наслалт дал байна. Гэхдээ энэ бол хүн төрөлхтөн мөхөж байгаа хэрэг биш юм. Өөрийнхөө жамаар цааш явна.

-Өнөөдөр хүн бүхэн бөө болж байгааг орчлон ертөнцийн өөрчлөлттэй холбож ойлгож болох хэрэг үү, гэхдээ ихэнх нь “худлаа” мөнгөний төлөө байгаа. Хүмүүс үүнд цэрвэсэн байдалтай хандаж байна. Бас сүүлийн үед хүмүүс бясалгалаар хичээллэж цагаан хоол идэхийг хичээдэг болж байна?

-Энэ маш сайн. Юм чинь дээд цэгтээ хүрээд аргаа барахдаа эргэдэг. Харин бөөгийн тухайд бол хэвлэлээр ярьж байна, “пээ энэ олон бөө, ямар хоцрогдонгуй юм бэ” гээд л. Үүний чинь цаана хуурамч юм мэдээж бий л дээ. Бөөгийнхөө хувцсыг чи бөө болно гээд нөгөөхдөө шахдаг энэ тэр гээд.

Гэхдээ үүний цаана нэг юм бий. Энд тэндээс зүв зүгээр байсан хүмүүс бөө болоод байгаа. Энэ бөө чинь юу юм, мэдрэмж. Бөөгийн хамаг чухал юм чинь орчлон ертөнцийг мэдэрч харьцаж байгаад л байгаа. Зарим нь бөө үгийг нь дамжуулаад сүнстэй харилцахад бүр эртний монгол хэлээр ярьж байна гэж байна. Гэхдээ манай одоогийн бөө нар бол бөөгийн нэлээн доод түвшин юм гэнэ лээ. Зөвхөн ойр зуур байгаа сүнстэй харьцдаг түвшин. Бүр наана гэж хэлж болохоор үед бөө нар нисч чаддаг байсан. Оюун ухаанаараа хоорондоо “тулалддаг” чадавхитай байж. Цагаан лам гэж дуулсан уу?

-Үгүй.

-Остоков гэж мундаг хүн байж. Восток хөлгийн хоёр нисэгч ухаан нь самуураад мэдээлэл өгөхөө больсныг ер нь буулгадаг юм билүү гээд түүнээс асууж. Тэр Сибирт өвгөн, залуу хоёр хүн оюунаар нь тоглоод байгааг мэдээд долгионыг таслаад зүгээр болсон гэж.

-Бид оюун ухаанаараа тийм болтлоо хөгжих ч үлгэр болох байх даа. Гэтэл техникийн дэвшил, үсрэнгүй зүйлийг шүтдэг хүмүүс үй олноороо байна?

-Хүн хөгжил гэдгээ буруу ойлгочихоод байгаа юм. Хүний хөгжил их сайхан явж байж. Хүн өөрийгөө л хөгжүүлдэг байж. Манай эриний V зуун хүртэл буюу Бурхан багшийн үед хүртэл хүн зөвхөн өөрийгөө хөгжүүлэхийг л боддог байж. Алс юмыг харж чаддаг, маш холоос юмыг үнэртэж чаддаг, юмыг мэдэрч чаддаг тийм чадавхиудтай байсан байна. Харин түүнээс хойш хүний өөрийнх нь хөгжил зогсоод хүн харин багаж зэвсгээ л хөгжүүлэх болсон. Өөрөө нисэхийн оронд онгоц гээд нисдэг зүйл хийгээд дотор нь суугаад явдаг болсон. Энэ бол хүний чадавхи биш.

Багажаа хөгжүүлээд өөрийгөө хөгжүүлэхээ мартсан байна. Нөгөө талаас хүн хүй нэгдэл бүдүүлэг гээд байдаг үүнийгээ өөрчлөх хэрэгтэй. Энэ жил Африкаас олдсон байхаа тэр сармагчны араг яс генетикийн нарийн шинжилгээ хийгээд үзсэн чинь хүн сармагчны эрлийз байна гэж гарч байна. Тэр нь Шумертэй таарч байна шүү дээ. Ситчиний номонд неберу гэдэг их соёл иргэншилтэй гараг байна. Тэнд мөн адилхан азоны цоорхой болоод нүүрсхүчлийн хийн аюул учирсан чинь тэр цоорхойг алтны тоосонцроор хучих хэрэгтэй болж тэд нар. Тэгээд алт ухах гэж Африк руу хүн илгээсэн байгаа юм. Тэгээд ерөөсөө бид ингэж байж яах юм алт ухдаг юм бий болгоё гээд тэнд байсан сармагчны цустай холиод биднийг бүтээсэн байна. /учиргүй инээв/

-Таныг үлгэр домог, үнэн хоёр нь мэдэгдэхгүй юм ярьж, биднийг сармагчны эрлийз болголоо гэж олон хүн эсэргүүцэнэ дээ? /би ч бас байдгаараа инээв/

-Болно ш дээ. Бидний эсэргүүцэл гэж юу вэ? Жинхэнэ язгуурын монголчууд бол эсэргүүцэлгүй. Монгол үхрийг сарлагтай эрлийзжүүлээд жигтэйхэн мундаг хайнаг гээд үхрийг гаргасан биз дээ. Хайнагийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм чинь өөрсдийгөө яагаад хүлээн зөвшөөрч болохгүй юм. /бас л инээв/

Аливаа юмыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэдэг их мунхагийн шинж. Яагаад гэвэл байж болохгүй юм гэж ерөөсөө байхгүй. Болох юм гэж байхгүй, орчлон хязгааргүй учраас тийм юм байж болно шүү дээ. Байж болохгүй юу, бас байж болохгүй байж болно шүү дээ. Дээр үеэс гарсан нэг үг байна. Тийм ч биз, үгүй ч биз гэж. Хоёуланг нь зөвшөөрчихөж байгаа юм шүү дээ. Энэ чинь юу вэ, бурханы номтой таарч байна. Тэнд Нагаржунайн найман үгүйсгэл гэж байдаг юм. Байхгүй, байхгүй нь ч байхгүй биш, байгаа нь ч байхгүй биш, байхгүй байгаа нь ч байхгүй биш. Ерөөсөө боломжууд. Тэгэхээр юмыг үгүйсгээд тийм бишээ гэнэ гэдэг бол тэр хүний ухаан нь яваад мухарт очдог гэсэн үг. Хойт туйлаас цааш газаргүй гэдэг дэлхий хоёр туйлтай, эргэдэг нь үнэн юм бол эргээд л өмнөд туйл дээр л очно биз дээ.

-Хүнийг хумхын тоосноос, загаснаас үүссэн гээд олон таамаглал байдаг шүү дээ?

-Монгол номонд долоон тоосноос орчлон үүссэн гэж бий. Энэ бол ертөнцөө хэлж байгаа хэрэг. Огторгуйн хар нүхийг нээдэг Стивин Хоукен гээд Америкийн мундаг физикч байдаг. Маш их хий эргэлтэндээ өөртөө өөр хийнүүдийг татаад үүсдэг гэж. Тэр одны хуйлрал чинь явсаар байгаад гэрлээ гадагшаа гаргахгүй болно. Хийнүүдийн хоорондын мөргөлдөөнд бий болсон гэрэл нь хазайлтаасаа болоод дотроосоо гарч чадахгүй хумигдчихдаг байхгүй юу. Гадагшаа гэрэл нь гарахгүй болохоор гаднаас харахад үзэгдэхгүй. Тэр бол огторгуйн хар нүх. Монголчуудын маш эртний соёл иргэншлийн бичээсүүд таарч байна.

-Мэдээлэл 20 жилд хоёр дахин нэмэгдсэн гэж байна. Энэ цаашдаа яах бол?

-Мэдээлэл гэдэг чинь юув, баримтууд шүү дээ. Зөвхөн мэдээлэлд хүн төрөлхтөн хууртаад байгаа юм. Өнөөдөр уншиж байгаа сонинууд тэнд тийм боллоо гэж байна. Энэ чинь мэдлэг биш. Мэдлэг гэдэг үүнд шингэсэн зүй тогтлыг олох. Энэ харандаа гэж юу вэ? Явж явж нөгөө таван махбодь чинь л байгаа. Өөрөөр хэлбэл химийн элементүүд л байгаа шүү дээ.

Энэ бүгд ижил тэгэхээр би ижил. Хүн төрөлхтөн энэ их мэдээллээс одоо юугаа сугалж авах вэ гэдэг рүү л ороод байна. Дэлхийн оюунлагууд чинь мэдээллийг боловсруулдаг арга руугаа орсон. Одоо дэлхийн бүх шашныг холбоод судалдаг болоод байна.

-Бид нээрээ өглөө, оройгүй мэдээллээр бөмбөгдүүлээд бодох ч цаггүй болж байгаа нь үнэн. Энэ их мэдээлэл хүнийг заримдаа хүчиндээ автуулж байгаа юм шиг санагдах юм?

-Дэмий зүйл л дээ. Хүн төрөлхтөн багаж зэвсэг хийдэг шигээ мэдээлэл нь эргээд биднийг боолчилж байна. Эд юмс хүнийг боолчилж байна. Одоо мэдээллээсээ зугтаж байна тэгэхээр энэ мэдээлэл юу ч өгдөггүй ээ гэдгийг харуулж байгаа байхгүй юу. Хүн төрөлхтөн одоо л нэг мэдлэг рүү явж байна.

-Монголчууд маань ертөнц хувираад байна гэчихээд зүгээр сонирхогч маягаар хараад сууж болохгүй байх. Бүгдээрээ шинэ сэтгэлгээгээ хэрхэн бий болгох вэ?

-Ерээд оноос хойш өмч хувьчлал, чөлөөт эдийн засаг гээд эрхбиш ардчилсан сонгуультай болоод эрхбиш ардчилсан зах зээл маягаар хөгжиж байна шүү дээ манайх. Гэтэл оюун санаа нь яг социализмдаа хоцорсон. Жишээ хэлье л дээ. Саяхан манай ерөнхийлөгч хүнийг алах ялнаас хэлтрүүллээ өөрөөр хэлбэл Монгол улс хүн цаазалдаггүй орон боллоо гээд маш том илтгэл тавилаа.

Зарим нь эсэргүүцээд л байна. Энэ бол дэндүү хоцрогдсон сэтгэлгээ байгаа юм л даа. Юмыг зөвхөн нэг талаас нь харж байгаа хэрэг. Тэгвэл Элбэгдоржийг буудчихаж болно шүү дээ. Яагаад гэвэл цаазлагдахгүй тэгээд ямар нэгэн баяр ёслолоор гараад л ирнэ. Манайд Зоригийн хэрэг гэж нэг сүрхий юм бий. Тэр хэрэгт сэжиглэдэг улс бий.

Ардчилсан намыг сэжиглэдэг тэгээд ямар ч байсан одоогийн төр засаг барьж байгаа улсууд энэ Зоригийг алсан хэрэгтэй холбоотой гэдэг. Тэгвэл энэ чинь Элбэгдоржтой холбоотой байна шүү дээ гээд л гаргаад ирж болохоор байна. Яагаад гэвэл одооноос тэр хэргийг хийсэн хүнийг алах ялнаас Элбэгдорж хэлтрүүлж байна гэсэн юманд орох тийм юмаа ч бодоогүй байна.

Нөгөө талаас Малайзад гарсан тэр охины аймшигтай хэрэг байна. Аав ээж нь өчнөөн хөөцөлдсөн. Гэтэл энэ хууль монгол хүний төлөө биш монгол охиныг алсан малайз тэр нөхрийг цагаатгаж байна шүү дээ. Тэгэхээр энэ хууль хэнд үйлчилж байна вэ?

За яахав хүний эрх юм байж, хүнийг цаазалж болдоггүй юм байж. Тэгвэл санаатайгаар амийг нь үрсэн нөгөө хүний эрхийг яагаад хамгаалж болдоггүй юм. Тэр хохирч байгаа хүнд хүний эрх байхгүй гэж үү, тэр байтугай тэр хохирсон хүний аав ээж, төрөл садангийн бүгдийнх нь хүний эрхийг зөрчиж байна. Хуучин сэтгэлгээ гэж энэ.

Цагаан сар болохоор л энэ ямар их бэлэг өгөхийн, төчнөөн мянган төгрөгөөр ууц тавьж байна гээд л байна. Үүнийг ялангуяа сэтгүүлчид бичээд л байна. Үүнийг болъё гээд Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүртэл орж байна. Энэ нь алсаас шинэлдэг болъё гэж.

Энэ чинь юу гэж байгаа юм? Интернэтээр шинэлье л гэсэн үг шүү дээ. Алсаас “за амар байна уу?” гээд интернэтээр идээ, будаагаа харуулах нь л дээ. “За миний идээ тэр байна, харсан уу?” гэж. Яахаараа цагаан сараар ингээд шинэ жилээр дуугардаггүй юм. Шинэ жилд ч гэсэн мөн адил тансаглал байгаа шүү дээ. Өчнөөн мянган бэлэг бие биедээ өгдөг. Өөрөөр хэлбэл асар их туйлшрал энэ.

Өнөөдөр энэ төрд аль нам нь ч ялгаагүй маш их хоцрогдонгуй зүйл байна. /76 үхэр гэдэг байсан, одоо бол нохой болсон юм шиг байна лээ, жижиг нь нөгөөхөө том нохой гэдэг/ Бид хүнээр удирдуулаад сурчихсан сэтгэлгээнээс салж чадахгүй байгаа хэрэг. Өндөр хөгжилтэй орнуудад сонгуулийн хувь чүйтэй чайтай дөч хүрдэг.

Энэ чинь төр ямар байх нь ямар ч падгүйгээр амьдарч чаддаг хүмүүс 60 хувь байнаа гэсэн үг. Гэтэл манайд эсрэгээрээ. Манайд 60 хувь нь бусдын дэмжлэггүйгээр амьдрах боломжгүй байна. Энэ чинь хоцрогдол.

Сонгууль өгөхгүй байна гэдэг өөрөө сонгууль өгч байгаа хэрэг байхгүй юу. Тэрэнд эсэргүүцлээрээ оролцож байна гэсэн үг.

-Манайд төр нь өөрөө хүнээ төргүйгээр байх, амьдрах боломжгүй тийм нөхцлөөр шахаад байгаа юм шиг санагддаг. Юм хийе гэхээр нь янз бүрийн татвар, авлига өгөхгүй байхын аргагүй байдалд оруулдаг гэдэг ч юмуу?

-Яг зөв үүнд л баригдаад байгаа юм. Ардчилал үүсээд хорин жил болоо. Гэтэл нэг ч удаа хүн амыг гэгээрүүлэх юм хийгээгүй. Аль нам нь юу хийсэн юм. Яагаад ингэж байгаа юм, хүн ам харанхуй байсан нь дээр байхгүй юу. Амар шүү дээ, арван мянган төгрөг өгөөд л харанхуй шинээр мөнгө тараагаад л сонгуулийг нь авч байхад. Одоо ихэнх нь эндээс гарч чадахгүй болохгүй болохоор хөдөөнөөс нэр дэвшдэг болсон байна. Зүгээр нэг наймаачин, эмч энэ тэр гээд ийм хүмүүсийг сонгоноо гэдэг бид нарын сэтгэлгээ асар доогуур байгаагийн шинж.

-Бид хоёрын яриа явсаар улс төр рүү орчихлоо. Энэ ч яриад байвал барагдахгүй. Тэгвэл энэ бүгдийг хаяад өөр рүүгээ орж амьдаръя л даа. Харин яаж?

-Яг зөв. Одоо “чи өөр рүүгээ ор” гэхээр дахиад нөгөө ном унших эсвэл хүнээр заалгая гээд хуучин сэтгэлгээгээ рүүгээ орно. Юм сурах гэж бодож байгаа хүн сурах аргаа өөрөө боловсруулах хэрэгтэй. Хаанаас, яаж, ямар замаар, юу сурах вэ гэдгээ тодорхойлоогүй байж юм сурах гээд байдаг.

Өнөөдөр оюутнууд багш ороод ирэхээр дэвтрээ нээгээд үзгээ бариад суудаг. Энэ чинь нөгөө савлагааны систем. Бэлэн юм авахаар уутаа бариад ирж байгаа юм. Тэгээд багш хэлээд өгнө хэлсэн юмыг нь уутандаа хийгээд яваад өгнө. Гэтэл сурах үйл явц гэдэг бол бүхэл бүтэн хүч тэнхээ, багштай цуг өөрөө өөрийгөө сургах үйл явц.

Юуны өмнө хүн өөрийнхөө хэмжээнд би хэн юм гэдгээ мэдэх хэрэгтэй. Би хэн юм гэдгээ мэдчих юм бол заавал их хурлын гишүүн болох гээд байх албагүй. Хүн өөрийгөө, оюунаа мэдрэхээ байсан. Оюун мэдрэмжтэй хүн бол зөн совингоороо л мэднэ. Хүүхэд “би тэгэхгүй, би тэгмээр байна” гээд байдаг даа. Энэ чинь цаана нь нэг юм байна. Тэр үед нь тэрийг нь зоргонд нь орхих хэрэгтэй байхгүй юу.

Одоо үед албадан сургахыг больсон шүү дээ. Хүн яаж сурах мэдрэмжийг нь л хөгжүүлэх хэрэгтэй. Зөн совин, далд мэдрэмжтэйгээ ажиллах хэрэгтэй. Энэ хүн бүхэнд байгаа. Үүнийгээ хурцлах хэрэгтэй. Чи бодвол эцэг эхээ гар утсаар л халамжилдаг хүмүүсийн нэг байх?

-Хаяа ч тэгдэг шүү.

-Утсаар “та нар сайн уу” гээд яриад тэрэндээ санаа нь амардаг. Гэтэл очиж уулзаад ярилцахад шал өөр. Хүмүүсийн хооронд холбоо тасалдахгүй байхгүй юу. Нөгөө зуун сармагчингийн яриа байгаа биз. Тэгэхээр энийгээ хөгжүүлэх хэрэгтэй.

Бүх зүйлийг хэрэгслээр биш ядаж хэрэгтэй зүйлээ оюун ухаандаа санаж сурах. Хэрэгтэй утасны дугаар, он сар өдөр гээд л. Үүрээр нэг сайхан зүүд зүүдэллээ гэхэд өглөө нь босоод нэг сайхан баяр ирэх нь гээд хүлээлттэй болох жишээний. Энэ чинь сайхан зүйлийг хүлээх энергитэй болж байна шүү дээ. Аа нэг зүүд зүүдэлж л байсан үнэн ч юм уу, худлаа юм уу, юу ч зүүдэллээ гээд бүхнийг хаяад байж болохгүй нь байна ш дээ. Янз бүрийн бясалгалд явах сайн. Гэхдээ бясалгалыг хүлээж авах чадавхитай байх ёстой. Бясалгалд яваад үр дүн олох тэр нөхцлийг өөртөө буй болгох хэрэгтэй. Ном уншлаа гэхэд тэр номноос чи ганцхан өгүүлбэр олоод “ямар гоё юм бэ” гэж дуу алдвал тэр чинь л болоо. Заавал дуустал нь унших хэрэггүй.

-Монголчууд эрт дээр үеэс далд мэдрэмж, зөн билэг сайтай хүмүүс байсан. Энэ нь муудахаараа хүний мөс чанар мууддаг юм болов уу?

-Ерөөсөө зөн мэдрэмж нь муудахаараа хүн чанар нь муудчихаж байгаа юм. Ердөө л энэ. Гэхдээ энд нэг юм бий. Миний бодол шүү. Байгаль гэдэг бол том багш байгаа юм. Намайг хэн хүмүүжүүлсэн гэж бодож байна. Хонь, морь, мал. Байгалиас бид таслаатай учраас зөн совингоо хөгжүүлж чадахгүй. Иргэншил гэдэг чинь өөрөө нэг том ертөнц болсон байна шүү дээ. Хээр гарахаар ямар байдаг билээ. Өвс ногоо үнэрлээд л янз бүрийн сайхан юм бодогдоод л.

Яагаад сүүлийн үед монголчуудын оюуны чадавхи муудчихваа. Одоо манай хүн амын тэн хагас нь Улаанбаатар хотод сууж байна. Бусад суурин газар үлдсэн нь. Энэ нөгөө хөдөө байгальтайгаа байсан, байгалийн эрхшээлд амьдарч байсан улсууд хотод ороод ирэхээр хотын амьдрал мэдэхгүй, хүн хоорондын энергийн солилцоонд ороогүй. Нөгөөх чинь тэгэхээр ерөөсөө нэг тийм зэрлэг хүн байна ш дээ.

Миний үеийн хүмүүс автобусанд ороход хөдөөний биш хотын хүүхэд суудал тавьж өгдөг гэх жишээний. Тэгээд хөдөөнийхөн ийм бүдүүлэг шүү дээ гэдэг. Аргагүй шүү дээ, хүний нийгмийн харьцаанд орж чадаагүй байгалиасаа таслагдсан, нийгмээсээ таслагдсан юм чинь. Тэгээд ерөөсөө сармагчин. Нийт масст ийм хүн ороод ирэхээр алалцдаг байхгүй юу. Тэгээд нэг үг сонсоод л муу энерги нь ихсээд муу сэтгэл нь ихэсдэг. Энэ муусайн хотынхон намайг ад үзэж байна гэдэг. Энэ бол жишээ. Ер нь хүн амыг нийтэд нь аваад үзэхэд иймэрхүү сөрөг энерги давамгайлж байгаа учраас энэ их гэмт хэрэг буй болоод байна.

-Монголчуудын угсаа гарал нь бүгдээрээ хөдөөнийх, нүүдэлчид. Жинхэнэ хүний нийгэм рүү ороход багагүй хугацаа шаардах л байх даа?

-Байгаль-хүн гэсэн харьцаанааас хүн-хүн гэсэн харьцаа руу ороход тодорхой хугацаа шаардана. Дамжуулаад бие биеээсээ юм аваад тусгай хүний нийгэм гэсэн юмыг буй болгосон байна хүн төрөлхтөн. Бидний мэдэж байгаагаар хүний нийгмийг бий болгосон газруудад хүний биед хүрч болдоггүй. Юм асуухаар дагуулаад яваад зааж өгдөг. Хаяж байгаа эд зүйлсээ угаагаад, засуулаад, хими цэвэрлэгээнд өгөөд гаргаж тавьдаг. Хүнээрээ дамжуулан буй болгосон үүнийг. Энд бас энергийн явцыг бий болгосон. Зарим баян хүн нь бүх юмаа хаяад яваад өгдөг гэж сонсож байсан биз дээ. Манайх тэгэхэд оюуны чадлаараа хийх юмыг мөнгөөр шийдэх гэж оролддог.

Одоо дэлхийн томоохон улс орнууд оюун ухааны институттэй байна. Гэтэл манайд байна уу. Тэрбайтугай дэлхийн дайнд Гитлер, Сталин ч дэргэдээ зурхайчтай байсан. Буш бас том зурхайчтай байсан. Хөөрхий муу Элисонийг онгоцны дугуй руу шээлгэж балласан шүү дээ. Оюун ухаанаар л удирдчихаж байгаа байхгүй юу.

Улс орон хөгжинө гэдэг бүгд их, дээд сургууль төгссөн байх шаардлагагүй. Хүн амын нийт дотор улс орныг аваад явах оюуны чадавхитай хүмүүс олон байхыг хэлж байгаа юм. Тэр нь хүн амын гурван хувиас бага байж болохгүй. Үүнээс доош байвал муу л байна. Хүн сүрэг бол удирдагчаа л дагана. Мэдлэг гэдэг чинь зүй тогтлыг мэдэх. Тиймээс том юм хүчтэй юм биш.

-Таны ярианаас дэлхийг сөнөнө гэж айхгүй байж болно гэж ойлголоо?

-Ертөнц амьд, дэлхий амьд учраас мөхлийнхөө замаас бүх юмаа өөрчилчихөж байна. Хүн төрөлхтнөөс ертөнц өөрийгөө хамгаалж байна. Азоны цоорхойг бөглөнө ч гэдэг юмуу , хүлэмжийн хийг багасгана ч гэдэг юм уу ингэх хэрэг байхгүй. Байгаль өөрийгөө хамгаална.

Харин бид оюунаа хөгжүүлэх хэрэгтэй. Яагаад байгалиа сүйтгэчихлээ байгалиа хамгаалъя гээд байдаг юм. Энэ бол хуучирсан хүн төвтэй үзэл. Хүн өөрийгөө орчлон ертөнцийн төв гэж үзэж байна шүү дээ. Хүн мундаг, хүн бүхнийг чадна гэсэн хүн төвөө өөрчлөх хэрэгтэй. Хүн гэдэг гайхамшиг гээд Максим Горькийн ч үг байгаа. Хүн гайхамшиг биш ертөнцийн нэгэн атом молекул. Энэ бүхэн чинь зүй зохисдоо орно. Би битгий хайрла гэж хэлээгүй. Ядаж хангай дэлхийдээ мөргөж байвал эерэг энерги буй болно.

-Тэгвэл бид чинь сөнөлөө гээд муу ёрлоод байгаа юм уу?

-Ёр чинь өөрөө зөн юм. Байгальтай харьцсан зөн билгээ ёс суртахуун болгоод хуульчилж. Хүний хөгжил зогсоод багаж хэрэгсэл рүү ордог шиг.

-Бид ертөнцөд анх төрөхөд сайн өгөгдлүүд өгөгдсөн байдаг гэсэн. Тэгвэл тэр өгөгдлүүд яагаад устаад байна вэ, эсвэл орчин үед бага өгөгддөг болсон хэрэг үү?

-Хүүхдийн сэтгэлгээ бол хүний анхдагч мэдрэмж, цэвэр ариун. Хүүхэд хүн төрөлхтөнд өгөгдсөн чадавхиудыг авч төрдөг. Тэр нь бага насанд илэрдэг. Энштэйн бага байхдаа энэ гэрлийг дагаад гүйвэл хаа хүрэх болоо гэж боддог байж. Тэр нь хожим харьцангуй онол болсон. Пикасо “би арван настай байхдаа Рафаэль шиг зурдаг байжээ “гэж өгүүлсэн байдаг. Харин энэ бүхнийг томчууд өөрийн үзэл бодлоороо тас цохидог.

-Таны зохиолууд хүний мөс чанар, сайхан сэтгэлийн тухай ихэнхдээ өгүүлдэг та ч бас миний бодлоор ийм үзэл санаатай хүн шүү дээ. Харин ийм цаг үед үзэл бодолдоо үнэнч үлдэхэд хэцүү шүү?

-Нийгэм гэдэг чинь орчин юм болохоор асар их нөлөөлнө.. Хүн уурлахгүй ч гэдэг юм уу, бухимдахгүй гэж бодож явж байгаад хүн л юм чинь барьж чадахгүй алдана ш дээ. Тэгээд эргээд өөртөө гэмшээд магадгүй тэр гэмшиж байгаа маань тэр барьж байгаагаасаа хамаагүй илүү… Өөрөөр хэлбэл эсэргүүцэлтэй тулж байхад олон эсэргүүцэлтэй тулах тусмаа хүний сэтгэл санаагаа барьж байх ерөнхий төлөв харин ч хадгалагдаж байдаг. Ухраад буцаж хүчиндээ ороод байгаа байхгүй юу. Ерөнхий нэг төлөвт байгаад байна гэж хэнд ч байхгүй байх. Бурхан багш ч уурлаж байсан тохиолдол байгаа шүү дээ.

-Яаж буцаж төлөвтөө орохов?

-Уурлаад бухимдаад алдсан юмаа эргээд гэмшээд тайвшраад ингэсэн байна шүү дахиж тэгэхгүй юм шүү гэхгүй бол өнөөгийн байтугай аль ч нийгэмд нэг хэмээрээ явж чадахгүй. Тийм учраас цаг үргэлж өөрийгөө хамгаалж алдана дахиад нөгөөхөө засна.

-Хэцүү биз?

-Хэцүү ч юу байхав байдаг л зүйл. Хэн ч гэсэн хүүхдэдээ уурлачихаад дараа нь өрөвддөг. Түүнээс биш үргэлжийн ёс суртахууны өндөр түвшинд яваад байдаг хүн гэж хаа ч байхгүй. Ганцхан нөгөөх цаг үргэлж түвшингээ барьж байгаадаа арай дээр байдаг.

-Гол нөлөөлж байгаа зүйл юу вэ?

-Эдийн засаг, амь зуулга, хүмүүсийн харилцаа орчин гэдэг чинь загасны ус шүү дээ. Эцсийн эцэст хүмүүс хүнд нөлөөлдөг. Масс өөрийн эрхгүй нөлөөлнө. Автобусанд ороод суулаа эндээс ч нударна тэндээс ч нударна. Нэлээд тэснэ дээ. Хамгийн аюултай хүнд нөлөөлдөг юм чинь орчин л доо. Эртний хүмүүс даян хийгээд яваад үүнээс зайлаад яваад өгдөг байж.

Хамгийн хялбархан арга зовохгүй. Өнөө цагт бол тийм боломж байхгүй. Одоо цагт нөхцөл ч алга. Ний нуугүй хэлэхэд би ерөөсөө телевиз үздэггүй ганц нэгхэн дэлхийн шилдэг кино ч гэх юм уу уртын дууны концерт амьдтын ертөнц үздэг. Телевиз үзэхээр аймшигтай байдаг, аймшигтай нөлөөлнө. Бас ч нэг огт мэдэхгүй байж болохгүй л дээ, нийгмийн амьдрал хаашаа явж байна гэдгийг тойм төдий харна. Өнөөдрийн хүнд өгч байгаа стрессийг сонин телевиз үйлчилгээний байгууллагууд өгч байгаа гэчихэд дэгсдүүлэл болохгүй шүү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img