Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан болон Улсын Их Хурлын Тамгын газрын албан хаагчид, Улсын Их Хурлын гишүүний ажлын албаны ажилтнууд зэрэг төлөөлөл оролцов.
Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын Хяналтын хэлтсийн дэд дарга Феликс Стребел, тус хэлтсийн төслийн менежер Раул Кензиг нар Улсын Их Хурлын гишүүдэд зориулан үндсэн дөрвөн сэдвийн дагуу мэдээлэл, танилцуулга хийлээ. Тухайлбал, дэлхийн улс орнуудын парламент дахь хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний талаарх харьцуулсан мэдээлэл, үнэлгээ хяналт шалгалтын мэдээлэл авах эрх-хууль эрх зүйн болон институтийн сорилт болон Швейцарын Холбооны Улсын Парламентын хяналт шалгалт, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний үйл явц, тогтолцооны онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны үр дүнд парламентын хяналт шалгалт сайжирч байгаа төдийгүй парламентын гишүүд батлан гаргасан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийсэн үнэлгээний үр дүнгийн мэдээллийг тогтмол авдаг болсныг Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар тэмдэглэв.
Засаглалын үр ашгийг сайжруулах, батлан гаргаж буй хууль тогтоомжийг бодитоор хэрэгжүүлэхэд ард түмний төлөөлөл болсон парламентын хяналт шалгалт чухал ач холбогдолтой. Цаашид парламентаас төсвийн хяналтыг хэрэгжүүлэх, нийтийн сонсголыг зохион байгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үнэлгээний үр дүнг олон нийтэд хэрхэн хүртээмжтэй мэдээлэх, парламентаар хэлэлцүүлэх зэрэг чиглэлд харилцан туршлага солилцох зүйлс байгааг гишүүд хэлж, байр сууриа илэрхийлэв.
Парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ үдээс хойш Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлангийн танилцуулгаар үргэлжилнэ. Танилцуулгыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын Хяналт шалгалтын хэлтсийн Хяналт шинжилгээ, үнэлгээний албаны зөвлөх Б.Нандингэрэл хийх бөгөөд Швейцарын Холбооны Улсын Парламентын Тамгын газрын төлөөлөл үнэлгээний тайланд зөвлөмж өгч, саналаа хэлэх юм.
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай 2017 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа юм. Парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангах зорилгоор хамтын ажиллагааг хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын чиглэлээр хамтран ажиллаж байна.