2024-07-26, Баасан
14 C
Ulaanbaatar

Д.Сосорбарам: Өөрийгөө хайрла гэдэг хүн л чамайг ч энэ орчлонг ч бүхлээр нь хайрлаж чадна

Төрийн соёрхолт Д.Сосорбарамтай ярилцлаа. Бид есөн жилийн өмнө энэ ярилцлагыг өрнүүлж байсан юм.

-БИ ЕР НЬ ГАНЦААРАА БАЙХДАА ‘’ОЛУУЛАА’’ БАЙДАГ ХҮН-

-Ерээд оноос та ардчиллын xүчтэй дуу хоолой болсоор ирсэн. Сүүлийн үед үндэсний урлагийн тал дээр таны дуу хоолой хүчтэй сонсогдох болжээ?

-Үндэсний урлагийн хөгжлийг хэн нэгэн авьяастай, гавьяа шагналтай хүн дүгнэдэг юм биш. Ямар түвшинд байна вэ гэж яривал тухай үеийн улс төр нь ямар байгаагаас хамаардаг. Улс төр нь эрх чөлөөтэй, ардчилсан, хүнийг дээдэлдэг байх юм бол хүн нь чөлөөтэй сэтгэж xөгждөг. Тийм ч учраас л үндэсний урлагаараа дэлхийн тавцанд гаръя гэсэн xүсэл төрөөд байгаа юм. Нөгөө талаар улс төрд би оролцож байгаа. Миний сэтгэлгээ хаана явна вэ гэдгээ таньж мэдэрч чадах тийм эрх чөлөөг дээдэлдэг нийгмийн төлөө би улс төрд оролцож байгаа.

-Та Равжаа хутагт, Р.Чойном, Айн Рэндийн бүтээлүүдийг ихэвчлэн сонгож амилуулж амьдруулдаг. Эдгээр хүмүүсийн ямар мөн чанар нь танд ойрхон санагддаг юм бэ?

-Миний төрмөл зан чанар тэдэн рүү тэмүүлэх тэмүүллийг тээсээр ирсэн. Жишээ нь: Би Чойномын бодол санаанд уруу татагдаад явж байгаа хэрэг биш ерөөсөө л нэг цэг дээр байгаа юм. Асар их гүн ухаанч, жинхэнэ төрмөл билэг танхай амьдарч байсан хүн бол Равжаа хутагт. Хэзээ ч элэгдэж уусахгүй олон зуун жилийг дамнах бүтээлүүд энэ хүнээс төрсөн учир би дуртай. Харин Айн Рэнд бол сэтгэлгээний шал өөр ертөнц. Миний унаган төрх Айн Рэндэд ойр байдаг. Айн Рэндийг манайхан хүлээж авах болоогүй, xүлээж аваx цаг нь ирж буй учраас би найруулан тавьсан хэрэг.

Д.Сосорбарам

-Өөрөө өөрийгөө хайрлах, өөрийгөө тоох үзэл танаас “үнэртдэг”?

-Би өөртөө хайртай. Намайг надаас илүү хайрлах хүн байхгүй. Жинхэнэ өөрийгөө хайрла гэж байгаа хүн бол чамайг ч, энэ орчлонг ч бүхлээр нь хайрлаж чадна. Харин бусдыг хайрла гэж байгаа хүн худлаа байдаг. Хүн хэзээ ч хүнийг өөрөөсөө илүү хайрладаггүй юм. Одоо бид гурвуулаа сууж байлаа гэхэд нэг том араатан дайрвал гурван тийшээ л зугтана. Гол үнэн энд л байгаа юм. Хүн гэдэг амьтан төрсөн цагаасаа эхлээд насан туршдаа урваж амьдардаг. Өөрөөсөө урвадаг xүн бусад хүнээс ч бас урвана.

-Та өөрөө өөрөөсөө урваж байгаагүй гэж үү?

-Хэзээ ч урваж байгаагүй. Надаас урвасан олон хүнээр би үүнийгээ батална.

-Та их уншдаг хүмүүсийн нэг. Таны номын сан баялаг биз?

-Миний номын сан баялагаа баялаг. Айл болгонд байдаггүй номын сан манайд бий. Голдуу судалгааны бүтээлүүдтэй. Айн Рэндийн номууд бол айл болгонд байхгүй шүү. Мөн дэлхийн театруудын хөгжлийн нэлээд олон номтой. Надад …. архитекторын номууд ч бий.

-Омголон оргилуун хүн залуудаа илүү омголон байсан нь мэдээж. Үүнээсээ болж их бэрхшээлтэй учирч байв уу?

-’’Хэцүү бүхэн надад хэрэгтэй’’ гэж гайхалтай үг байдаг. Хэцүү бүхэнтэй ойр байж түүнийг давж чадвал тэгээд л мундаг шүү дээ.

-Тэр үед найруулагчийнхаа өөдөөс үг дуугардаг тань шиг жүжигчин цөөн байсан болов уу?

-Тийм байсан үе бий. Би найруулагчийн боол биш. Би найруулагчтай сэтгэлгээгээ, авьяасаа уралдуулж сайн бүтээл хийх ёстой. Тэрнээс биш наашаа хар, цаашаа хар, одоо инээ гэхээр инээдэг хүн, жүжигчин биш гэж үздэг. Зөндөө л зүйлтэй тулгарч байсан ч тэр болгоныг даваад л гарна. Би ер нь ганцаараа байхдаа олуулаа байдаг хүн, тийм ч учир нэг хүний театр байгуулсан. Гэрийнxээ номын өргөөнд ороод ганцаараа байx дуртай. Жишээ нь: 1963 оноос өнөөдрийг хүртэлх Венийн филармонийн Голден Холл театрт тоглогдсон шинэ жилийн цэнгүүнүүд байна. Түүнийгээ үзээд л гэртээ байxдаа диваажинд очдог юм даа. Тэгээд л гадаа гарахад муухай их хахир санагддаг. Хүмүүс олуулаа болох тусам бүгд багтай болчихдог. Яагаад өөрөөрөө байж болдоггүй юм бэ?

-Дуулна, жүжиглэнэ, найруулна, уншина гэхдээ таныг шүлэг бичдэг гэж ерөөсөө мэдээгүй юм байна. Та бичсэн шүлгээсээ уншиж өгөөч?

-Би багаасаа л бичдэг байсан. Дөрөвдүгээр ангид байхдаа “Эр хүн” гээд шүлэг бичсэнийг манай нэг ах хадгалчихсан байсан. Одоо бол xааяа л бичдэг. Гэхдээ ил гаргадаггүй ч энэ удаад ‘’Жамаас’’ гээд дууны шүлгээсээ хэлье.

Үнэн худал хоёр нь үргэлж мөнх шүү
Үүрдийн жаргал гэдэг нь өнөд байдаг уу?
Хайрын гэгээн сэтгэлийг хайгаад байхад зуларна
Хамгаас онцгой араншинг мэдрэн цэлмэхсэн
Нартад хоёрхон үнэнбайдаг болохоор
Ирж мэндлэх буцаж төгсөх тавилантай шүү
Хоёрхон үнэнээс зугтах гээдяах юм бэ
Үнэнд сөгдөж сайханд мөргөж амьдрахсан…

-Уран бүтээлч хүний хувьд эрч хүч, сэтгэлийн таашаалаа юунаас авдаг вэ?

-Бүтээлээсээ авдаг. Тайзан дээр байгаа тэр агшнаасаа авдаг. Диваажин гэвэл тэр л байна. Хүний аврал, осол эндэгдэл бүх юм өөрөөс нь хамааралтай. Диваажин гэдэг хүний өөрийнх нь дотор байдаг.

-Монгол бүхнээ шүтдэг хүнд байгаль дэлхийгээ дээдлэх үзэл байгаа нь мэдээж. Байгаль дэлхийг хайрлах хамгаалах гэж зарим нь хөрөнгө мөнгө, сэтгэлээ зориулж байхад зарим нь устгаж байна. Энэ талаарx таны бодол?

-Байгальд дэлхийд хүйтэн цэвдэг ханддаг хүмүүст би бүр хашгирч хэлдэг. Байгаль дэлхий бол xэн нэгэн шуналтны шуналын дэвд зориулагдсан зүйл биш, байгаль дэлхий бол чамтай хамгийн ойр, чиний бүх зүйл чинь, бүx баялаг чинь гэж. Тэр баялагийг бид бүхэн л хамгаална. Ялангуяа монгол газар шороог монгол хүн л хамгаална. Тэнгэр, газрын дунд амьдарч байгаа нь үнэн л бол байгаль дэлхий миний бас бидний гэр.

Д.Сосорбарам

-Хөдөө хээр салхинд гарахаараа эрчүүд янз янзаар л амардаг. Ан гөрөө хийх, загачлах гээд. Таны xувьд?

-Би ан гөрөө гэж мэдэxгүй, тийм ойлголт ч байдаггүй. Xарин Баянxонгор аймгийн Баян-Овоо суманд миний төрсөн газар Товгорын бууц гэж бий. Товгорын бууцандаа очиж xөрвөөсөн жил xамрын xаниад ч xүрдэггүй шүү.

-Аливаа зүйлийг хийхдээ төгс төгөлдөрт ойртуулахыг зорьж байгаа тань харагддаг. Мэргэжлийн байх гэдэг үүднээсээ ингэж ажилладаг уу?

-“Ажил хийвэл дуустал давс хийвэл уустал” гэдэг монгол ардын зүйр үг байдагдаа. Ерөөсөө л тэр. Маш их ажиллаж, их бэрхшэээлийг давж байж төгс төгөлдөр рүү дөхнө.

-Сэтгэлгээний эрх чөлөөний тухай та ярьдаг. Энэ сэдвээр лекц уншиж байсан. Ер бид аль хэр сэтгэлгээний эрх чөлөөтэй байна вэ?

-Хүн төрөлхтний хөгжлөөр харах юм бол бид яг одоо 1950 оны Америкийн амьдралаар амьдарч байна. Гэгээрсэн хүнтэй байж гэгээрсэн улс болно, тэгж байж гэгээрсэн үндэстэн болно. Гэхдээ гэгээрнэ гэдэг нь жинхэнэ утгаараа бол Данзанравжаа, Будда шиг хүмүүсийн л явдал байх. Харин миний хувьд бол амьдралыг зөв харж чаддаг, зөв үнэлгээ өгч чаддаг, өөрөөсөө урвадаггүй хүнийг л хэлээд байгаа юм. Хүн буй төрхөөрөө гэгээтэй байхыг л хэлнэ.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img