2024-05-17, Баасан
13 C
Ulaanbaatar

С.Энхбаяр: Жинхэнэ яруу найраг гэдэг ахуйгаас хол ариун нандин зүйл

Түүний тухай утга зохиол судлаач, шүүмжлэгч Х.Чойдогжамц нэгэнтээ "Хамгийн амттай уншигддаг онолын ном, хамгийн амттайгаар ярилцдаг онол-шүүмжлэлийн бүтээлүүдийн хүчирхэг автор бол С.Энхбаяр професссор" гэсэн удаатай. Энэ тодорхойлолтыг утга зохиолд дуртай, хайртай хэн ч хүлээн зөвшөөрнө. Ингээд элдвийг үл нуршин утга зохиол судлаач С.Энхбаярын ертөнцөөр хэсэгхэн аяласан ярилцлагаа таны өмнө дэлгэе.

-Манай боловсролтой уншигчид өөрийнхөө утга зохиолыг зөвхөн хүүхэд насандаа л уншдаг гэвэл та итгэх үү?-

-Өнөөдөр утга зохиолын судлал шүүмжлэл утга зохиолоо гүйцэхээр түвшинд гарч чадсан уу?

-Тэгээд танай утга зохиол нь судлал шүүмжлэлийнхээ уламжлалт хэв шинжийг голохуйц төвшинд гарч чадсан юм уу? гэсэн егөөдөлтөөр энэ асуултад хариу баримаар байна. Өнөөдөр утга зохиолын сэтгэлгээ ямар их өөрчлөгдчихөөд буйг манай уран бүтээлчид ч тэр, таны асуугаад байгаа судлаач, шүүмжлэгч ухаантай хэдэн амьтан нь ч тэр, өнөөх айхавтар доктор профессор багштан гуай нар нь ч тэр мэдэхгүй л яваад байгаа байхгүй юу.

Яагаад гэхээр тэд уншдаггүй. Бүр огт уншдаггүй гэвэл та лав итгэхгүй дээ. Би жишээ хэлж чадна. Өчүүхэн миний бие бас ч гэж Монголын топ тавд багтдаг манайдаа л 50, 60 жилийн түүхтэй хэл-утга зохиолын мэргэжлийн сургалт зохион байгуулж ирсэн ууган их сургуулийн нэгд таны асуултад харьяалагдах мэргэжлийн тэнхимд лекц уншиж, семинар удирдмар болдог хүн л дээ. Өөрөөр хэлбэл утга зохиолд хамаарах болон харьяалагдах хүн зоны хөл хөдөлгөөн ихтэй байдаг тийм газрын нэгд алба залгуулдаг гэсэн үг. Гэтэл ийм орчинд хүртэл өөрөөр хэлбэл утга зохиолын халуун гал тогооны нэг болсон орчинд хүртэл ерээд оноос хойш манайд уншигдах, орчуулагдах, хэвлэн нийтлэгдэх тэр эрх чөлөө нь ирсэн, орчин цагийн сэтгэлгээний төлөөлөл болсон бүтээлүүдийг уншдаг хүн гэж үнэндээ ховор байдаг.

Хөөрхий муу ядарсан хэдэн оюутнуудаа номын санд ч бараг байдаггүй тэр 20, 30 мянган төгрөгний үнэтэй шинэ гарсан номуудыг уншсангүй гэж зэмлэхээс илүү багш нар нь өөрсдөө ч уншдаггүйг би гадарлах юмаа. Нөгөө л “Гэсэр” ,”Жангар”, Гүнгийн зуугийн ямар сургаал ч билээ , за тэгээд л Намдаг замдаг л гэнэ уншдаг юм нь ердөө л энэ . Гэтэл та нар “Цаг төрийн үймээн” романыг одоо /өнөөгийн өндөрлөгөөс/ зориуд нэг уншаад үзээрэй. Мэдээж цагийн юм цагтаа тэр утга агуулгынх нь талаар ярих гээгүй л дээ, ямар болхи, ямар модон хэл найруулгатай гээч … гэтэл үүнийг хэн ч анзаардаггүй л байхгүй юу.

Гэтэл энэ юу ч биш, утга зохиолын боловсрол эзэмшихийн тулд уран зохиол гэдэг юмыг өөрийг нь уншихаас илүүтэй утга зохиолын хүрээний текстүүдтэй ч, философи, гоозүй, сэтгэл судлал, түүх, олон нийтийн хэвлэл, тэр бүү хэл орчин цагийн байгалийн шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлага гэх мэттэй харьцах зайлшгүй шаардлагатай гэдгийг бол бүр гадарлах ч үгүй.

Сонин уншдаг нэгнийгээ үнэн сэтгэлээсээ шоолдог гээд л бодчих. Ийм тохиолдолд юун И.Зингер юун В.Ерофеев юун Э.Шредингер юун Хантингтон … Иймээс Таны асуултанд аль аль нь буюу ерөөс манай нийгмийн уран сайхны сэтгэлгээ, өмнөх нийгмийн суурь боловсрол эрэмдэг-дутуу тэр л уламжлалт хэв шинжээрээ байна гэж хариулах байна. Уг нь арай илүү уншдаг, арай илүү боловсролтой, арай илүү гэрэл гэгээтэй хүмүүсийнх нь байнга анхааруулдагаар орчин цагийн сэтгэлгээг тээж яваа за нэг 50 дорвитой бүтээл уншчихад л бид нээрэн хаана яваад байнаа гэдгээ ухаармаар л даа. Зохиолчид нь ч, шүүмжлэгчид нь ч, профессор багштангууд нь ч тэр…

-Уншигчийн хүлээж авах оюуны түвшин янз бүр. Тэгэхээр уран зохиол уншигчдаа чирэх ёстой юу эсвэл?

-Маш товчхон. Мэдээж их утга зохиол уншигчдынхаа өмнө байтугай тэртээ дээр явдаг нь ердөө л аксиома. Манай боловсролтой уншигчид өөрийнхөө утга зохиолыг зөвхөн хүүхэд насандаа л уншдаг гэдгийг та мэдэх үү. Олон хүн уурлах байх, гэхдээ л энэ гашуун үнэн.

С.Энхбаяр-Түрүүхэн үед уран зохиолыг соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үүрэгтэй гэж тодорхойлж байсан. Тэгэхээр ер нь уран зохиолд үүрэг гэж байх уу?

-Байх ёсгүй юм гээд хэлчихвэл бас л их олон амьтан уур уцаар нь хөдлөх байх даа. Гэвч соёл иргэншил үүнийг хүлээн зөвшөөрдөг юм шүү дээ. Үүнийг би зохиогоод юм уу эсвэл хэдэн хөлдүү толгойнуудтай тэрсэлдмээр санагдсандаа хэлээд байгаа юм биш л дээ. Утга зохиолын онолын захын сурах бичиг, энэ сэдэвт хамаарах философи-гоозүйн захын текст сөхөөд үзэхэд л “урлаг , утга зохиолд ямар нэг үүрэг зорилго байх ёсгүй. Хэрэв ямар нэг үүрэг оноох буюу шаардвал урлаг нь өөрийнхөө мөн чанараас гаждаг” гэсэн томьёолол олж харж болно. Урлаг, уран зохиол янз бүрийн цаг үед, янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг. Энэ маргашгүй үнэн.

Харин урлаг, уран зохиол нь ямар нэг үүрэг гүйцэтгэх “ёстой” гэж үзэж л болохгүй. Тэр тусмаа онолын салбарт. Бас ч гэж нэг үеэ бодвол онолын энэ томьёоллыг бага багаар ч атугай ойлгодог болж байгаа. Ядаж л ерөнхий боловсролын сургуульд уран зохиолын хичээл заахаа багасгаж байгаа гээ биздээ, ядаж л уран зохиолын хичээл дээр дүн тавихаа больж эхэлсэн гээ биздээ.

Бодлогын чанартай энэ өөрчлөлт яах аргагүй яг бидний ярилцаж буй энэ сэдэвт хамааралтай буюу онолын үзэл баримтлалын амьдрал дээрх хэрэгжилт юм шүү дээ. Уран зохиол заахаа болилоо, үхлээ хатлаа гээд л мөн ч олон амьтан боож үхчих шахаж байгаа биздээ.Утга зохиолын хүрээнд харьяалагдаж, хоолоо олж иддэгийн хувьд надад ч харамсалтай л байлгүй яах вэ, гэвч энэ чинь дэвшил байхгүй юу. Аливаа соёл иргэншилд, аливаа түүхэн мөчлөгт ийм парадокс үүсэж байж л дараагийн инноваци гарч ирдэг зүй тогтолтой.

-Тэгвэл өнөөдрийн манай утга зохиолд урд өмнө нь байгаагүй дэвшлийг нэрлээч?

-Байлгүй яах вэ. Бид ХХI зуунд амьдарч байна шүү дээ. Ядаж энэ чинь дэвшил биш гэж үү. Бидний уншдаг сэдэв, хүрээ, таашаал мэдрэмж, оюун санааны эрх чөлөө, бидний ололт, алдаа маань хүртэл шинэ зүйл, тэр бүү хэл таны асуугаад байгаа урьд өмнө нь байгаагүй дэвшил гэж би хэлнэ.

Би бас ганц жишээ хэлье. Хэдхэн жилийн өмнө дөө. Танай Монголын урдаа барьдаг нэр хүнд бүхий нэг шүүмжлэгч “Нууц товчоо”-ны бүтцийг “Библи”-ийн бүтэцтэй харьцуулсан дипломын ажил бичсэн оюутныг Библи сурталчиллаа, гадны юмыг биширлээ гэдэг үндэслэлээр /би тоглоогүй шүү/ толгой түрүүгүй загнаж, бүр дүнг нь нэг шат бууруулж байсныг би мэдэх юм. Гэтэл өнөөдөр мань хүн Библи нь дэлхийн утга зохиолын эх текстүүдийн нэг яах аргагүй мөн л дөө гээд л цохиж явна. Энэ чинь дэвшил биш гэж үү.

-Таныхаар яруу найраг гэж юу вэ?

-Мэдэхгүй юмдаа. Хааяа нэг уйдаж суухаараа Д.Нямсүрэн агсаныг уншихад Б.Галсансүхийг уншихад ямар гоё байдаг билээ. Тэр яруу найраг юм болов уу.

-Уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгодог гол хүчин зүйлүүд гэж байна уу?

-Утга зохиолын ихээхэн нэр хүндтэй суурь онолын нэг болох формалист онолын чиглэлд “уран сайхны хэлбэр” гэж томьёолдог юм. Би итгэл үнэмшил болгодог.

-Хүний ахуй, яруу найраг хоёр ийм ойрхон байх хэрэгтэй юу?

-Философийн категориудыг жаахан болгоомжтой хэрэглэх хэрэгтэй л дээ. Тэгэхдээ би таны асуух гэж байгаа санааг ойлгож байна, бүр хариулахыг ч их хүсэж байна. Ахуй амьдрал, жинхэнэ яруу найраг хоёр нь хэзээ ч ойртох ёсгүй тийм ариун нандин зүйл. Энэ хоёр нь их ойрхон буюу бараг нийлчихсэн байдаг учраас л манай төрийн шагналт мундаг найрагчидийн шүлгүүд онигоонд ороод байгаа байхгүй юу.

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

  1. Энхбаяраа хэмжээндээ л байгаарай.бүдүүлэг хүмүүс цөөдөөгү бна.танай монгол ч гэх шг.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img