2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Я.Цолмон: Чехэд анх очоод “цээжилсэн” гэдэг шалтгаанаар шалгалтандаа унаж байлаа

Залуус гадагшаа гарахыг, тэндээ сурч, амьдрахыг илүүд үзэж байна. Аа бас гадаадад сурчихаад эх орноо зориод ирж байгаа залуус ч олноороо байгаа. Энэ удаагийн зочин маань Чехэд инженер мэргэжлээр сураад Монголдоо ажиллаж яваа залуу. Нэгэн арга хэмжээн дээр таарч үг солих зуур “Өртэй юм шиг амьдар гэдэг чех үг бий. Аав, ээждээ, байгал дэлхийдээ, эх орондоо өртэй юм шиг өгөхийн төлөө зүтгэх л амьдралын утга учир" гэж хэлсэн нь ярилцлага авах үүтгэл болсон юм. Түүнийг Я.Цолмон гэдэг. Чех улсын Техникийн их сургуулийн, Цөмийн физик, электрон техникийн сургуулийг тоног төхөөрөмжийн инженерээр төгсөөд эх орондоо мэргэжлээрээ ажиллаж, ажлынхаа хажуугаар “Монгол, Чехийн хэл, соёлын төв”-ийг үүсгэн байгуулалцаж, чех хэл соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлж яваа аж. Түүнтэй Чех улсад суралцах боломжийн тухай, Чехийн боловсролын хөгжлийн тухай, Чех улсын тухай, хүсэл зорилгынх нь тухай ярилцлаа.

-Архикектураар сурдаг дэлхийн залуус онцгой санаагаа Прагаас олсон гэцгээдэг нь цаанаа учиртай-

-Чех улсад хэдэн жил сураад эх орондоо ирэв?

-Би 2008 онд Чех улсад очоод Чехийн Техникийн их сургуулийн цөмийн физик, электрон техникийн сургуулийг тоног төхөөрөмжийн инженерээр төгссөн. Монголдоо ирээд Халдвар судлалын үндэсний төв зэрэг эмнэлгүүдэд тоног төхөөрөмжийн чиглэлээр ажиллаж байна.

Монголд цөмийн физик тал руу хөгжиж чадахгүй яваа болохоор мэргэжил маань эмнэлэгийн тоног төхөөрөмж тал дээр л илүү хэрэг болж байна. Би Чехэд найман жил сурсан. Хэдий баклаварын зэрэг хамгаалсан ч амархан байгаагүй шүү (инээв). Улирна, муу сурна, тэгж явсаар байгаад л төгссөн.

Чех-Чех Улсад суралцахад хэлний бэлтгэл, баклавр, магистрийн зэрэг хамгаалахад 26 нас хүртэлх залууст үнэ төлбөргүй байдаг юм байна. Гэтэл Чехийг зорьж суралцах монгол залуус жилээс жилд цөөрч байна гэж сонслоо.

-Тийм. Элсэж байгаа оюутнуудын тоогоор биш төгсөж байгаа оюутнуудын тоогоор статистик үзүүлэлт нь гардаг. Сүүлийн таван жилд Монголоос очиж их дээд сургууль төгсөж байгаа оюутаны тоо тасарчихаад байна.

-Монгол залуус сурахаар очсон хэрнээ төгсөж чадахгүй шантраад байгаа шалтгаан нь юу юм бол?

-Яг суръя гэсэн чин хүсэл эрмэлзлэл нь бага байна. Бид их сургуулийнх нь түвшин, тогтолцоог сайн ойлгохгүйгээр оччихдог. Тэгэжд түүнийгээ давж чадахгүй стрессдэх, ачааллыг дааж чадахгүйгээр дундаас нь хаях тохиолдол их байна.

-МУИС 80 жилийн настай байхад Чехийн алдарт Карлын их сургууль 800 жилийн настай гээд чи түрүүн ярьж байсан. Тухайн улсын сургалтын чанар ямар болохыг харж болохоор тоон харьцуулалт санагдсан шүү…

-Чех бол хаант засаглалттай Австри, Унгарын эзэнт гүрнээс улбаатай томоохон боловсролын системтэй улс. Герман, Австри зэрэг томоохон улсын дунд байдаг жижиг улс. Энх тайвныг чухалчилдаг учраас дайн, тулаан, зэвсэгт бослого гарч байгаагүй тайван улс. Тиймээс энэ улсад хөрөнгө мөнгөтэй баячууд их амьдардаг байж. Эдгээр баячууд Чехид амьдарч байхдаа боловсролд илүү анхаарсан. Карл хааны сургуульд хүүхдүүдээ сургах сонирхол өндөр байж л дээ.

Тэр сургуулийн багш, профессорууд ч боловсролтой нэг хүнийг бэлтгэх бус нэг үе, удам дамжсан сайн хүмүүсийг бэлтгэхэд анхаарч ирсэн нь тухайн сургуулийг нэр хүндтэй болгоход нөлөөлсөн. Чехийн сургуулиуд дэлхийн их дээд сургуулиудын жагсаалтад өөрсдийгөө жагсах ёсгүй гэж үздэг. Учир нь “бид бол их дээд сургууль гэдэг институтын хөгжлийнх нь топ түвшинд нь аль хэдийнэ хүрчихсэн” гэж үздэг.

-Ийм “том амбицтай” их дээд сургуулиуд оюутныг сурч, хөгжихөд нь хэрхэн яаж анхаардаг вэ?

-Ширээ нь хүртэл хичээл заадаг гэдэг шиг оюутан хүн гэж ямар байх ёстой вэ гэдгийг орчин нь өөрөө заагаад өгчихдөг. Багш нарынх нь хичээл заах арга барил, ур чадвар сонгодог түвшинд хүртэл хэдийн хөгжчихсөн. Альберт Эйнштейн хүртэл Карлын их сургуульд ирж лекц уншдаг байсан гэдэг. Тухайн сургуулийг төгссөн гэдгийг батлах ганц хуудас цаас болох диплом нь өөрөө үнэт зүйл.

ЧехЕр нь Чехэд сурч байх хугацаандаа хугацаандаа хүн өөрийгөө маш сайн олдог. Ихэвчлэн эртний уран барилгуудад сургуулиудынх нь хичээлүүд ордог. Уншиж байгаа номууд нь латин хэл дээр байх нь энүүхний хэрэг. Праг хот гэхэд л эртний урлагийн хот. Дээр үеэс ихэс дээдэс, баячууд амьдардаг байсан тул классик хэв загвартай байшин, барилгуудтай. Байшингуудын цонх нь гэхэд бүгд өөр хэв загвартай байх жишээтэй. Хаалгануудын дүрслэлүүд хүртэл харилцан адилгүй. Адилхан загварын байшинг Праг хотоос олж харахгүй.

-Сургуулийн программаас гадна хот нь ихийг өгдөг юм байна, Чехийг зорьж очсон залууст. Праг хот чамд юу өгсөн бэ?

-Чехийн хотууд нь өөрөө их боловсрол олгоно шүү. Праг хотод сурч, амьдрах нь тухайн хүнийг хөгжүүлдэг. Түүнээс биш сургууль дангаараа хүнийг хөгжүүлдэггүй юм билээ. Дэлхийд архитектураар суралцаж буй оюутнууд “би үүнийг Прагт байхдаа бодож олсон юм аа” гэж их ярьдаг. Энэ нь цаанаа учиртай. Тэдний мэргэжлийн хувьд ямар нэгэн төгс зүйлийг хийхэд, жишээлбэл, “Нарантуул” захын хажуугийн хоёр давхар байшинд сууж байгаад бодож олдоггүй юм байна л даа. Сурах орчин хамгийн чухал. Тухайн орчин өөрөө аливаа нэг амжилттай зүйлийг бүтээж, туурвихад хамгийн их нөлөөлдөг.

Жишээ нь, Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Шарав гуай “Сэрсэн тал” бүтээлээ 3,4 дүгээр хороололд явж байгаад бодож, мэдэрч олоод бичээгүй нь тодорхой. Тэр хүн хөдөө нутгийн наадмыг харж, мэдэрсэн хүн учраас тухайн орчин нь бүх мэдрэмжүүдэд нь цогцолж тэр агуу бүтээлийг туурвисан хэрэг.

Ингээд харахаар классик орчноос хүн классик боловсролыг олж авдаг байгаа биз. Түүнээс биш зөвхөн ном уншаад боловсрол олж авна гэдэг өрөөсгөл ойлголт. Үнэхээр тэгдэг бол цахим орчинд маш олон төрлийн ном байна. Түүнийг уншаад онлайнаар ч сурчихаж болно. Харин өөр орчинд очоод номын санд нь суугаад номыг унших нь тэр хүнд арай өөр үнэ цэнийг өгнө.

Чех-Зарим залуус гадагшаа сурч ирчихээд “Монголд миний эзэмшсэн мэргэжил нийцэхгүй, таарахгүй байна” гэж тайлбарлаж байгаа анзаарагддаг. Чиний ярианаас анзаарахад орчныг нь мэдэрч, бүрэн дүүрэн сураад ирвэл Монголдоо ихийг хийх өчнөөн боломж байгаа санагдлаа. Ингээд харахаар сурах зорилгоо бүрэн ойлгож мэдрээд гадагшаа сурахаар явмаар ч юм шиг…?

-Манайхан ахлах сургуулийн суурь боловсролыг сайн тавьж өгмөөр санагддаг. Бид “орос школа”-тай, дүн авах, дүн тавих дээр ач холбогдол их өгдөг. Сайн дүн авахад л анхаардаг. Гэвч уншсан номоо ойлгоод, түүнийгээ эргүүлээд хүнд ярьж чадах чадвар их хэрэгтэй байна. Үүнийг дунд сургуулиас анхаарч заамаар байна. Монгол залуус гаднын улсад очиход энэ суурь боловсролын ялгаа хамгийн их ажиглагддаг. Лекцээ сонсохдоо кино үзэж байгаа юм шиг, бичвэл бичээд, бичихгүй бол зүгээр л сууж байдаг. Энэ зуршил нь автоматаар суучихсан.

Би Чехэд анх очоод сэдвийг “цээжилсэн байна” гэдэг шалтгаанаар гурван шалгалтанд нь унаж байсан. Багш “чи номыг цээжилчихэж, тийм болохоор чамайг унагалаа. Учир нь чи цээжилсэн болохоор энэ өрөөнөөс гараад л мартчихна. Тиймээс энэ нь чиний амьдралд ямар ч хэрэг болохгүй. Дараа жил хүрч ирээд миний хичээлд дахин сууж, шалгалтаа өгнө үү” гэж байгаа юм. Дараа жил нь шалгалтаа өгөхдөө “Багшаа, би энэ удаад цээжлээгүй, ойлголоо. Хаанаас нь ч асуусан одоо би танд тайлбарлаж өгье” гэж хэлэхэд, багш шалгалт авахгүйгээр дүнг тавиад гаргаж байх жишээтэй.

Оюутан хүн гэж хэнийг хэлэх вэ, ямар хүнийг яг магистр гэж хэлэх вэ гэдэг ойлголт хөгжсөн улс оронд очиход ойлгогддог. Чехэд магистр хамгаалсан хүнийг нэрээр нь дууддаггүй “магистр аа” гэж дууддаг. Чехийн боловсролын системийг бусад улс орон ч маш өндрөөр үнэлдэг. Канад улс, Чехэд төгссөн оюутнуудыг ажилд авах сонирхол ихтэй байдаг. Учир нь, нийтийн боловсрол бус жинхэнэ хичээл хийгээд төгссөн оюутнууд байдаг гэж үздэг. “Хатуу” сургалттай учир Чехид төгссөн төгсөгчид Канад улс руу ажиллахаар их явдаг. Тэнд илүү өндөр цалинтай ажил хийдэг.

-Энэ ярианаас олон монгол залуус Чех улсыг зорин боловсрол эзэмшээсэй гэж бодогдож байна шүү.

-Тэгэлгүй яахав. Монгол залуусыг их сургуульд нь сураасай гэж хүсч байна. Хэлний бэлтгэлээс эхлээд чех хэлээр сурахад их сургууль нь үнэ төлбөргүй. Гэхдээ мэдээж зорилготой байж, эцсийг нь үзэх хэрэгтэй. Чехийн VUT BRNO-гийн их сургууль мөн маш алдартай. Чехийн сургуулиуд төлбөргүй байгаагийн учир нь үйлдвэрүүд, компаниуд нь их дээд сургуулиудаа санхүүжүүлдэг.

Тэр компаниудын боловсон хүчнүүдийг нийлүүлэгчид нь их сургуулиуд учраас. Чехийн томоохон нэг компани ирээдүйн 10 жилийн мастер төлөвлөгөөгөө гаргахдаа VUT BRNO-гийн их сургуулиас 300 мянган төгсөгч авна гэдгээ тусгаж өгдөг. Компаниуд нь энэ мэтчилэн захиалгаа өгчихдөг. Ер нь хүн өөрөө хамгийн үнэтэй капитал. Хүндээ хөрөнгө оруулахгүй бол үйлдвэрүүд, компаниуд байгуулагдаад ашиг орлого олоод хэдэн жилдээ л явна биз дээ.

-Чи Чехэд суралцсан хүмүүс өөрийгөө олдог тухай ярьсан. Чи өөрийгөө олоод ирэв үү?

-Тийм. Өөрийгөө олоод ирсэн./Инээв/

-Эх орондоо ирээд улсынхаа хөгжлийн талаар ямар бодолтой байсан бэ?

-Монголын хөгжлийн хурдыг нь яалт ч үгүй гүйцэхгүй байна. Залуусынх нь сэтгэлгээ ч маш хурдтай байна. Гэхдээ бид тэр хурдтай явж байгаа хөгжлийг зөв чиглүүлэхгүй бол дээшээ эсвэл доошоогоо явдаг. Ийм үед нь туршлагатай, боловсролтой хүмүүсээр эрдэм номыг залуустаа заалгах нь хамгийн чухал. Боловсролд анхааралгүй мөнгөний төлөө явчих юм бол 10 жилийн дараа бид хаашаа явах нь тодорхойгүй болчихно. Мөнгөтэй болохын төлөөх нийгмийг хүсэж байгаа юм бол бүгдээрээ гурван саяуулаа Солонгос явъя л даа… Гэхдээ мөнгө бол амин чухал ойлголт биш.

Чех-Праг хотоос Улаанбаатарт ирэхэд манай хотын юу нь асуудалтай харагдсан бол?

-Хүмүүст нь л асуудал байна. Хүн бүр дуртай зүйлээ хийдэг нь сайхан. Та нэг хашаа бариад түүнийгээ минийх гэж эзлээд тэр дотроо дуртай зүйлээ барьж болж байна. Аль эсвэл гэрийнхээ нэг давхарыг урагш нь өргөтгөөд үйлчилгээний төв барьчихна (инээв). Харин Чех зэрэг хотын соёлтой газруудад бол ийм ойлголт байхгүй. Зарим талбай дээр нь машин явдаггүй. Автомашины зам байдаггүй. Анх хот нь баригдахдаа машин гэдэг зүйлээс өмнө баригдчихсан тул хотын төв дотор машин явна гэсэн ойлголт байхгүй.

Байгаа зүйлийг байгаагаар нь байлгадаг нь өөрөө их сонирхолтой ойлголт. Чехэд очиход та эртний орчинд очино. Одоо ч чех айлууд дамартай эргүүлдэг суурин утас гэртээ хэрэглэдэг. Ингэчихээр ажиллаж, хэрэглэж болж байхад заавал нэг нэгэн рүүгээ хиймэл дагуулын сансрын үүрэн телефоны утсаар залгах нь утгагүй ойлголт болж байгаа юм.

Тухайлбал, 1980 оны сандал байхад түүнийг солиод 2023 оны сандал байршуулья. Функцийн хувьд ялгаагүй л зүйл шүү дээ. Сууж болж л байвал сандал бол сандал биз дээ. Шинэчилнэ гэдэг нь сайжруулна гэсэн үг ерөөсөө биш. Тэгэхээр “хөгшин Европ” гэдэг үгний утга бол эдлэж хэрэглэж болж байгаа зүйлийг байгаагаар нь байлгах тухай ойлголт юм.

-“Байгаа зүйлийг байгаагаар нь байлгах” гэдэг философи нь сонирхолтой юм. Манайхны шинэ загварын утас гарах бүрт нь авч хэрэглэхгүй л бол болохгүй юм шиг хуйларцгаадгийн эсрэг хандлага байх нь…

-CU таалагдахгүй байна л гэнэ. Өнөөдөр шинэ автобус авчирлаа гэхэд тэр автобус нь бас жилийн дараа таалагдахаа болино… Агуулгатаа анхаардаг болчихвол хэчнээн сайхан.

-Гаднын улс оронд сураад ирсэн залуус хувийн зохион байгуулалт сайтай болсон нь ажиглагддаг. Нууц нь юундаа байна?

-“Өртэй юм шиг амьдар” гэдэг чех үг байдаг тухай би танд ярианыхаа эхэнд хэлсэн дээ. Аав, ээждээ эсвэл хэн нэгэнд өглөгтэй юм шиг “зовж” амьдрах хэрэгтэй. Тэгэхгүйгээр хэрэглээндээ жаргаж амьдраад ирэхээр биш болчихдог юм байна. Бусдад сайхан ханд, байгалдаа ч өртэй юм шиг хандаж мод тарь. Аав, ээждээ өртэй юм шиг тэднийгээ ачил. Гаднын улс оронд сураад ирсэн бол Монголдоо өртэй юм шиг зүтгэ гэсэн санаа бүхий үг л дээ.

-Чиний хувьд Монголдоо юу өгөх гэж байна вэ?

-Чех улсыг зорих гэж байгаа монголчуудынхаа замыг нь засаж өгөхийг хүсэж байна. Жилдээ 1200 хүн Чех улс руу ажлын гэрээгээр явж байна. Ирэх жилээс квот нь 3000 болно.

-Чехэд суралцах хүсэлтэй залууст юу зөвлөх вэ?

-Чех сургуулиуд математикаараа тэр дундаа IT чиглэлийн математикаар маш сайн боловсон хүчнүүдийг бэлтгэдэг. Би залууст Чехийн энэ сургууль сайн гэж зөвлөдөггүй. Та нар очоод хэлний бэлтгэлд нэг жил сурч байх хугацаандаа ямар сургууль, ямар мэргэжлийг сонгохоо эрдэмтэн, профессоруудаас нь асуусан нь дээр шүү гэж зөвлөдөг. “Би 18 настай, тоогоо сайн бодож чадахгүй.

Гэхдээ байгалийн шинжлэх ухаанд дуртай” гэхэд тэдгээр профессорууд ямар стратегиар цааш явахыг нь хэлж өгдөг. Тэр багш нарын сэтгэж байгаа алсын хараа, миний мэргэжлээ сонгох гэж байгаа алсын хараа хоёр газар, тэнгэр шиг ялгаатай.

Чех-Мэргэжил сонголт бол маш чухал. Ялангуяа монгол залуус мөрөөдөл дээрээ суурилж мэргэжлээ сонгоод бодит чадамж дээрээ суурилж сонголтоо хийх нь тун ховор санагдаад байдаг…

-“Юм мэдсэн хүнээс зам асуу” гэдэг шиг тэр профессорууд арай холыг харж зөвлөнө шүү дээ. Түүнээс биш нэг залуу аав, ээжтэйгээ гурвуулаа суугаад ярилцаад мэргэжлээ сонгох юм бол энэ нь тэр гурвын л жижигхэн ойлголт, жижигхэн хүрээлэл болно. 13 дугаар хорооллын А байрны 4 давхарын л сонголт болно шүү дээ. Хорвоо дэлхий дээр юу болоод байгаа юм бэ, мөнгө ер нь яаж эргэлддэг юм бэ, ирээдүйд бид тэрбум мод тарих нь хэрэгтэй юм уу, үгүй юм уу гэдэг тал дээр өргөн хүрээний мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Чамаас тэгвэл асууя л даа. Манай улс тэрбум мод тарих хэрэгтэй юу?

-Саяхан Чехээс ирсэн Техникийн их сургуулийн ойн аж ахуйн багшийн хэлж байгаагаар “танай улс мод тарих хэрэггүй шүү дээ” л гэж байна билээ. Яагаад гэж асуутал “Танай хөрш оросууд чинь Сибирийн ой дахь модоо хэдэн тэрбумаар нь огтлоод экспортлоод сууж байна. Тэгж байхад та нар энд тэрбум мод тариад яах вэ дээ, 7 тэрбум огтолж байхад, нэг тэрбум тариад дэлхийн уур амьсгалыг яаж өөрчлөх вэ? Эхлээд жаахан номоо уншаад, судлаад дараа нь энэ асуудлынхаа тухай бодвол яасан бэ, та нар ер нь сайн бодсон юм уу” гэж Чех профессорууд хэлсэн. Чехүүд бол мод тарьдаггүй. Модыг илүү их огтолдог.

Түүнийхээ хэрээр модыг хөрслүүлээд яваад байдаг тэр нь 100 жилдээ нөхөн сэргээгдээд явдаг. Европын ойнууд бүгд залуу модтой шинэ ойнууд байдаг юм байна. Үүнийг ойн менежмент гэж хэлээд байгаа юм. Манайх шиг байгалиараа байгаа ой бараг байхгүй. Бүгдийг нь тайраад ургуулахыг нь ургуулаад явдаг юм байна. Чехийн ойн мэргэжилтнүүд Хөвсгөлийн ойг харчихаад “эндээс авах юм алга” гэж байсан. Учир нь бүгд хөгширчихсөн тул ашиглалт байхгүй.

Хөгшин модны хүчилтөрөгч гаргах хэмжээ нь багассан тул тайраад шинэ моднууд тариалсан нь илүү хэрэгтэй гэсэн. Мод тарихад ус их шаарддаг. Тэрбум мод тарихад Монгол Улсын ус нь хүрэх үү гэж бас асуусан шүү. НҮБ-ийн индэр дээрээс “бид тэрбум мод тарина” гэж байхад оросууд нь “бид 7 тэрбумыг огтолдог шүү дээ” гээд сууж байгааг бас бодох л хэрэгтэй. Бидэнд бодохгүйгээр хийгдэж байгаа ажлууд ер нь маш их байна.

-Сониноос Чех улс нэг хүнд ногдох шар айрагны хэмжээгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог байх аа?

-Чехүүд шар айргаа өглөө, өдөр, орой цагаар ч тогтмол уудаг. Зарим нь бүр зуны хугацаанд хоол идэлгүй зөвхөн шар айргаа уудаг. Шар айргаар мацаг барьж байна гэсэн үг юм уу даа Жилд нэг хүнд 200 литр шар айраг ногддог. Энэ утгаараа шар айраг үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дэлхийд нэгдүгээрт ордог. Гэхдээ өндөр алкохольтой ундаа гэдэгт шар айраг нь ордоггүй. Бид шар айргийг алкохоль хувиар нь хэмждэг бол Чехид исгэсэн исгэлтийнх нь целсийн градусаар нь хэмждэг. Монгол айрагтай төстэй гэсэн үг.

Чех-Шар айрагны хэрэглээгээрээ дэлхийд тэргүүлж байгаа Чех улсад тэгвэл архидан согтууралт түүнээс улбаатай гэмт хэргийн үзүүлэлт нь ямар байдаг вэ?

-Харьцангуй бага. Тогтмол хэрэглэж байгаа ч соёл нь тогтсон. Шар айраг уучихаад машин барьдаг хүмүүс Чехэд байдаггүй. Хэзээ ч тийм зүйл хийж болохгүйг уламжлал, хүмүүжлээрээ ойлгочихсон. Ямар ч хуулиас илүү тухайн хүмүүсийн зан заншил, соёл гэдэг зүйл илүү хүчтэй байдаг.

Шар айргийг тогтмол уугаад ирэхэд согтоно гэсэн ойлголт байхгүй. Оройд уушийн газартаа хүүхдүүдтэйгээ хамтдаа орж ирээд суугаад аав, ээж нь шар айрагаа уугаад хүүхдүүд нь түүнийг хараад сууна. Анхнаасаа л тогтсон соёлтой болохоор хэтрүүлэн хэрэглэх үзэгдлүүд байхгүй. Хүүхдүүдтэйгээ ч хамт ууна. Гэвч хэдийг уух уу, яаж уух уу гэдэг нь хэдийнэ соёл болоод тогтсон.

-Тэгвэл Чех улсын эдийн засгийн өсөлт нь шар айрагных нь үнээс шалтгаалж байдаг уу?

-Тийм. Дотоодын нийт бүтээгдэхүүний экспортын бүтээгдэхүүнд шар айраг нэлээд том хувийг эзэлнэ. Шар айрагны хэрэглээг нь дагаад аялал жуулчлал нь хөгжсөн. Хямдхан, сайн шар айрагтай. Чех ус сайтай улс. Шар айраг исгэхэд сайн чанарын ус чухал үүрэгтэй. Түүнийгээ дагаад рашаан, сувилууд ч хөгжсөн. Монгол Улс зэс, нүүрсээ гадагшаа гаргадаг бол Чех улс шар айргаа гадагш нь гаргадаг.

-Монголчуудын уух дуртай ундаануудыг нэг болох “Тэрэлж” ундааны технологи нь Чехийнх гэв үү?

-Чех улс социализмын үед АНУ-ын бүтээгдэхүүнийг сонирхож, өөрсдийн гэсэн колатай болохыг хүссэн. Тэгээд колаг дууриалгаж хийсэн ундаагаа Кофола гэж нэрлэсэн. Чехийн кола гэсэн үг. Энэ ундаатай адилхан технологоор хийгдсэн ундаа бол манай Монголын “Тэрэлж” ундаа юм. Алтангагнуур амтагдсан яг л адилхан амттай. АПУ компани энэ технологийн дагуу хийсэн. Бидний сайн мэдэх “Боргио” шар айраг ч Чехийн технологоор хийгдсэн гэдэг юм билээ.

-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img