2024-12-04, Лхагва
-20 C
Ulaanbaatar

Я.Цолмон: Шинэ жилээ манайхан шиг сар гаруй архи ууж тэмдэглэдэг улс байхгүй

Байгууллагууд шинэ жилийн баярын захиалгаа ресторануудад өгч, чимэглэл гялалзсан сүлд моднууд энд тэндгүй гэрэлтсэн өдрүүд үргэлжилж байна. Монголчуудын сарын турш хөгжилдөн тэмдэглэдэг шинэ жилийн баярыг дэлхийн улс орнууд хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай манай сайт цувралаар хүргэхээр бэлдлээ. Эхнийх нь Чех улс. “Монгол, Чехийн хэл, соёлын төв”-ийн үүсгэн байгуулагч, чех хэл, соёлыг эх орондоо түгээн дэлгэрүүлж яваа Я.Цолмонгийн сонирхолтой яриаг таны өмнө дэлгэе.

-Өрнийнхөн зул сарын баярыг 25-ндаа тэмдэглээд шинэ оны эхний өдрийг ёслон тэмдэглэдэг. Чехүүд ч ялгаагүй. Танаас энэ удаа зул сараа яг яаж тэмдэглэдэг, шинэ оноо хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг тухай нь сонирхмоор санагдлаа?

-25-нд Есүс мэндэлсэн өдөр гээд Зул сарын баяр тэмдэглэнэ. Он тооллын нэгдүгээр сарын 1-ний өдөр шинэ жилийн баярын өдрийг тэмдэглэнэ. Харин монголчуудын ёсчлон тэмдэглэдэг арванхоёрдугаар сарын 31 ажлын өдөр байдаг. Зул сарын баяраар торт идэж, зул асааж, гацуур модоо засдаг.

Манайхны ёлка гэж оросчлон нэрлэсэн сүлд мод. Сүлд модны наадам гэх нь ч бий л дээ. Сүлд мод нь заагч одтой байдаг даа. Есүс христийг төрж байгаа газрыг зааж байгаа гэсэн бэлгэдэлтэй юм. Зул сарын баяраар арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлээд 25-ны өдрийг хүртэл зул барьдаг. Тийм ч учраас энэ нь “Зул сарын баяр” гэдэг нэртэй юм.

Чех ёлка-Манайхан шинэ жилийн лаанууд гээд элдэв гоё өнгийн лааг ихэвчлэн зоогийн ширээн дээрээ асаагаад байдаг. Өрнийнхний хувьд огт өөр утгатай байх нь?

-Тийм ээ 25 өдрийн турш зул барьж байгаа л хэрэг. Ёлка нь өөрөө Зул сарын баярын бэлэг тэмдэг, сүлд нь юм. Тиймээс ч сүлд мод хэмээн нэрлэсэн хэрэг. Манай цагаан сарын баяртай зүйрлэвэл сүлд мод хэвийн боов нь гэсэн үг.

сүлд мод-Сүлд мод тэгвэл Зул сарын баярын бэлэг тэмдэг болохоос шинэ жилийн баярын бэлэг тэмдэг биш болж таарлаа. Сүлд модон дээр мөнгө тавих ёсыг бид өөрөө зохиочихсон улс даа?

-Миний гайхаад байдаг ёсын нэг нь л дээ таны хэлсэн зүйл (инээв). Уг нь сүлд модон дээр мөнгө тавих нь ямар ч утгагүй зүйл. Цагаан сарын баяраар айлд ороод ул боовных нь дундуур 20 мянган төгрөг шургуулж байгаагаас ялгаагүй зүйл шүү дээ. Чехэд байдаг монголчууд ажилладаг үйлдвэр дээр нь зассан гацуур модон дээр 100 крон тавьчихсан байсантай таарч л байсан.

Нөгөө чехүүд нь бүр гайхчихсан харж зогссон. Чехүүд Зул сарын орой гэр бүлээрээ оройн зоог барихдаа манайхны нэрлэснээр “нийслэл салат” буюу төмсний салатыг цагаан загастай иддэг уламжлалтай. Баярын зоог болох энэ төмсний салатыг монголчууд өөриймшүүлж нутагшуулахдаа хиам, өндөг нэмсэн байдаг юм. Нийслэл салатыг параг салат гэдэг.

Чех ёлка-Нийслэл салатны үүсэл нь Оросын “Столичный” гэдэг үгнээс гаралтай биш үү?

-Үгүй. Чехээс гаралтай. Параг салат гэгддэг. Столичный чинь венегрет салат шүү дээ. Параг салатыг хамгийн анх идэж үзсэн монголчууд Монголдоо ирээд нэвтрүүлсэн хэрэг. Мөн Зул сарын баяр энэхүү оройн зоогт бялуу чехүүд “ванучко” гэдэг нэртэй бялуу иддэг.

Мөн л Чехэд зул сараар бялуу иддэгийг мэдэж ирсэн нөхөр энд ирээд нэвтрүүлчихсэн хэрэг. Тэгээд л “Талх Чихэр” ХХК-ийн “Хотол бялуу”-г шинэ жилийн ширээний гол чимэг амттан болгож байж. Учир нь дэлхий дээр шинэ жилийн баяраар торт иддэг газар манайхаас өөр байхгүй. Тортыг дэлхийн улс орны иргэд кофе шопт суухдаа эсвэр төрсөн өдрөөрөө л иддэг.

czech-advent-wreathЧехид анх очсон оюутнууд 31-ний орой өнөөх монгол заншлаараа дэлгүүрт нь ороод “торт авах гэсэн юм” гээд зогсч байгаа юм чинь…/инээв/ Худалдаалж буй хүн нь гайхаад “яах гэж байгаа юм бэ? Хэн нэгний төрсөн өдөр болж байгаа юм уу? гэхэд нь монгол оюутнууд “үгүй ээ, бид шинэ жилийн орой торт иддэг хүмүүс” гэж нөгөө хүмүүсийг гайхшуулж явлаа.

-Чехүүдийн Зул сарын баяраар иддэг торт нь манай бялуунаас хэр өөр вэ? Арай нийслэл салат шиг бас параг салатаас санаа авчихаагүй биз?

-“Ваночка” гэдэг нарийн боов. Хэлний болон соёлын зөрүүнээс болоод манайхан зул сарын баярын зүйлсийг шинэ жилээр хийгээд байдаг. Зул сарын баяраар архи, дарс уудаггүй.

Харин шинэ жилийн баяраар бол уудаг. Шинэ жилийн баяраар оргилуун дарс задлаад тэмдэглэдэг. “Mister Bean” цуврал дээр мань хүн найзуудтайгаа шинэ жил тэмдэглэдэг ангийг та үзэж байсан биз дээ. Шинэ жилийг яг л тэгж тэмдэглэнэ. Харин Зул сарын оройг гэр бүлийнхэнтэйгээ оройн долоон цагаас загасаа, параг салаттайгаа идээд л гэр бүлийн хүрээндээ тэмдэглэн өнгөрүүлдэг.

Гэтэл манай монголчууд энэ хоёр баярын соёлыг холиод 12 дугаар сарын 1-нээс эхлээд байгууллага хамт олны захиалга аваад эхэлдэг. Тэгээд архи ууж тэмдэглэдэг. Бүр хэтрүүлээд хэлбэл арванхоёрдугаар сарын 31, Нэгдүгээр сарын 1-2 хүртэл уудаг (инээв).

хоол-Хэвтрүүлэг ч биш л дээ. Чехүүд шинэ жилийн баярын ширээний зоогоо праг салат, загс, төмсхөн гээд болгочихдог уу, манайхан шиг ширээгээ нүсэр, чамин засдаг уу?

-Зул сарын баярын оройн зоогт багтсан чех хоолнуудыг анзаарах юм бол өвлийн улирлын шинж чанартай хоолнууд л байдаг. Загас, төмс, лууван зэрэг өвөл байж болохуйц хүнсээр хийдэг. Гэтэл манайхан шинэ жилийг маш хүндрэлтэй тэмдэглээд байдаг. Баярын ширээндээ гадил, алим, жүрж гээд зуны шинжтэй хүнснээс эхлээд өчнөөн амттан өрчихдөг.

-Жүрж, алимны тухайд орос айлуудын ширээнээс монгол айлын ширээ рүү орж ирсэн соёл байх аа даа?

-Шинэ жилийн баяраараа гадил, алим, жүрж идэж байгааг хараад гайхах байх. Дүн өвөл, арванхоёрдугаар сард хаанаасаа ийм жимс олох вэ дээ.

Хаанаасаа ч “ананастай тахиаг” нь олдог юм бэ гэж гайхахаар зүйлс их шүү, манай шинэ жилд. Ингээд бодохоор манайхан шинэ жилийг өндөр төсөвтэйгээр тэмдэглээд байна л даа. Зуны хүнсийг хаа байсан өвөл авчирч ширээгээ чимэглэхээс эхлээд. Нэгдүгээр сард гүзээлзэнэ идмээр байна гэж хүсэх хэцүүтэй л ялгаагүй эд шүү дээ.

Товчхондоо монголчууд шинэ жилийн баярынхаа утга учирыг ойлгохгүйгээр өнгө үзэмжээр нь ойлгож тэмдэглэж өөрсдийн эдийн засагтаа хүндрэл учруулж байна. Шинэ жилийн баярыг зөвхөн 12 дугаар сарын 31-ээс нэгдүгээр сарын 1-ний хооронд тэмдэглэнэ гэдгийг бид ойлгочихвол 12 дугаар сарын 20-нд ямар ч асуудалгүй ажлаа хийгээд явж байна шүү дээ. 31-ндээ л гудамжиндаа гарч салютаа буудуулж, оргилуун дарсаа тулгаж баярлахад болчих зүйл санагддаг.

Би бас нэг зүйлийг ойлгодоггүй. Арванхоёрдугаар сарын 31-ний орой хүүхдүүдээ “он гартал хүлээнэ” гээд унтуулдаггүй. “Та нар унтчих юм бол тэр жилдээ яана, ийнэ” гэдэг. Энэ бас л хоёр баярыг хольж сольж байгаа ойлголт. Жаахан хүүхдүүдээ унтуулж болно. Аав, ээж нь харин найзуудтайгаа шинэ жилээ тэмдэглэхээр гараад явж болно. Энэ мэтчилэн хоёр баярыг хооронд нь хольж сольж хэрэглэсээр дэлхийн аль ч улсын иргэн ойлгох аргагүй “монголчилсон шинэ жил” бий болчихсон байгаа юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img