2024-07-25, Пүрэв
17 C
Ulaanbaatar

Тангадын Галсан: Хэлмэгдэж тэмээчнээр цөлөгдөж байхдаа хээр буудуулсан ч азаар амьд үлдсэн дээ

Одоогоос гуч гаруй жилийн тэртээ Заг-Байдрагийн голын хүү, “Болор цом”-ын эзэн Тангадын Галсан найрагчийнд хөдөөний хөвгүүн би анхны шүлгүүдийн навтаргаа өвөрлөн зүрхшээнгүй очсон сон. Тэр үед жаран насны босго давсан эрхэм найрагч “Тэмээчний тэмдэглэл” номоо гардаж, “Багшийндаа очиход мэлхий, багшийнхаас гарахад дэлхий” гэж Ринчен багшийндаа анх очсоноо, билгүүн их номын далай болсон багшаа сүмбэр уул лугаа хүндлэн явдгаа ярьж билээ. Эртний их түүхт Монгол түмний оюун билгийн бас нэгэн сүндэр болсон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Т.Галсантай хөөрөлдлөө. Он цаг хэдийн улиравч ухааны огторгуй нь улам уужран цээлширсэн билэгт хүмүүн тэрбээр ууган хүүгийнхээ байгуулсан орос хэлний сургалттай “Русская гимнази” сургуулийн гутгаар давхар дахь номын их өргөөндөө буурилан, уул овоо мэт их бичиг цаасанд дарагдан суух ажээ. Гэхдээ бас ч номын цагаан солио туссан амьтан мэт бөөдийн суулгүй, бялдаржуулах зориулалтын тоног бүхий танхимд хааяа орж дугуй унах, ёворцог ёврох зэргээр биеийн чилээ тайлдаг байна.

Үгийн сүрэг хариулах заяанд тэнгэрийн зарлигаар зарц болж хуваарилагдсандаа л баярлах юм даа

-Та сайхан намаржаад байна уу?

-Тавлаг сайхан намаржиж байна. Энэ намар мөн ч сайхан налгар урт намар болж. Өнгөрөгч зун Баянхонгор нутгаараа явж, хэд хэдэн сумын 100 жилийн оролцлоо. Саяхан ургийн бичгийн эрдэм шинжилгээний хуралд суухаар Ховд аймгийг зориод ирлээ.

-Уран бүтээлийн олз омог их л байна уу?

-Уран бүтээлийн олз омог уул овоо шиг л их байна. Уран бүтээл туурвиж эхэлсэн жар далаад жилд 145 ном, тавь орчим кино туурвисан байх юм. Одоо “Жирмийн сүлжээ”-ний шилмэл ботиудаа хэвлүүлэх гээд байж байна. Мөн ч их навтарга надад байна даа.

-Соёлын гавьяат зүтгэлтэн Галсангийн Жамьяан гуай та хоёр оюутны байранд хамт амьдарч байхдаа мундаг шүлэглэсэн романууд бичиж Монголын утга зохиолд цахиур хагалж орж ирсэн гэл үү?

-Тийм л дээ. Ер нь яруу найрагч болно гэж бодож явсангүй. Хувь заяа минь гагц үг хэлхэж, үзэг элээх учиртай байжээ гэж өдий насны өндөр дээрээс харахад мэдэгдэх юм. Хүүхэд байхын л хичээлээ толгой холбож бичдэг, толгой холбож болохгүй бол энэ Галсансүхийн шүлэг шиг үеэр тасдаад, урд талд нь а байвал а, х үсэг байвал х-гээр холбохоор гоё харагддаг байлаа. Тэр мэтийн солио ч гэх үү, дон ч гэх үү байсан явдал монгол яруу найргийн нэгдүгээр шинж болсон толгой холбоц, мөр бадаг доторхи усны долгис, элсний нүүдэл, зүрхний хэмнэл шиг жигд хэм, айзмаар хичээл минь тархинд бичигдэн үлддэг байж. Аавын ярьсан үлгэр, тууль одооны өнгөт уран сайхны кино болж шөнөжингөө дуу шингээгүүр, дүрс бичүүр шиг хэнз балчир зүрхэнд минь амилан хоногшдог байж.

Надад хямдхан ажил бол үг хэлхэх л байна. Энэ бол өөрт байхгүй буяны төлөө үхэлдэн хатдаг хар зүтгэлийнх биш угаасаа үгийн сүрэг хариулах заяанд тэнгэрийн зарлигаар зарц болж хуваарилагдсандаа үнэнч яваагийн эрхшээл юм даа. МУИС-д сурч байсан оюутан ахуй цагт утга зохиолын дугуйланд гучаад оюутан цугладаг, хагас сайн өдрийг амрагийн болзооноос илүү хүлээдэг байлаа. Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен, Д.Цэвэгмид, М.Гаадамба, Д.Сэнгээ нарын тухайн үеийн утга зохиолын аваргуудын ухааны өрмийг хүртэх гэж тэр шүү дээ. Ц.Уламбаяр гуай “За, сайхан хүүхнийг та нар яаж бичихэв” гэж асууна. Бид нар сайхан, хөөрхөн гээд янз янзаар л хэлнэ. Гэтэл тэр
“Аа, үхсэн хойноо.
Дунд голын ногоо
Ургасан байтлаа тарьсан юм шиг
Дунжидмаагийн охин
Төрсөн атлаа зурсан юм шиг гээд бодоод үз дээ” гэхэд Дунд хэмээх сайхан голын хөвөөнөө бэлчиж яваа улаан үнээний ууцан дээгүүр солбисон цэцгийн мандал найгаа л, дээгүүр нь эрвээхэй, зөгий нисэлдээ л,тэр цэцэгс дунд ээжээс гараагүй цэцгээс бодилсон юм болов уу гэмээр охин харагдах жишээний. Онолоор болохоор энэ нь утга зохиолын зүйрлэл юм байж. Д.Цэвэгмид багш “Үгийн сангаа баян байлгахгүй бол чи бусдын оюун ухаанд эрдэнэс нэмэх биш, харин олны элэг доог болно шүү. Чиний энэ бичсэн үг оносон үг мөн үү, ойролцоох үг үү, огт хамаагүй үг нь үү” гэж ярьдаг.

Д.Цэвэгмид багштай би оюутан болохоосоо өмнө Заг-Байдрагийн голынхоо хөвөөнд танилцаж байлаа. Зохиолч Ш.Ванчаарай, чулууны эрдэм, ардын ёс заншлын тухай сайхан ботиуд бичээд байдаг Гонгоржав, орчуулагч С.Дондог, соёлын гавьяат зүтгэлтэн П.Сандуйжав, академич Бадгаа нарын оюунлаг олон хүн манай МУИС-ийн дугуйланд явна. Авьяас билгийн хувьд манай Галсангийн Жамьян шиг хурц хүн манай дугуйланд байгаагүй. Хичээлээ нэг дэвтэр дээр, цаана нь зүсээд тавьчихсан цаасан дээр шүлгээ бичдэг. Гучин таван мянган мөр шүлгэн роман “Халхын талд”-аа тэр үед бичсэн юм. Зохиолчдын хороо зөвлөгөө өгч чадаагүй учраас шатаачихсан.

Тэрийг нь би шатаалгахгүй гэж зодолдох шахаж байлаа.
“Номхон цагаан хонийг минь
Нохой сүүлтэй болгочихлоо
Номын мэргэдийг минь хядаж
Харийн соёлд бөхийлгөлөө” ч гэх шиг шударга хурц мөрүүдийг нь буруу үзэл сурталтай гэж нэгдсэн дүгнэлт гаргасан.

Би “Хүн гэдэг чинь ийм ажилсаг, авьяаслаг байдаг юм байна. Хичээлийн хажуугаар шүлэглэсэн роман биччихдэг” гэж Жамьяндаа цагаан атаархаж “Арвай хээр” шүлэглэсэн романаа бичиж байлаа. Аавынхаа ярьдаг домгийг л М.Гаадамба багшийнхаа зааснаар уран сайхны дүрд хувилгаад, баатаржуулчихсан хэрэг. Тэрнээс сайндаа ч биччихсэн юм биш.

-“Сайндаа ч биччихсэн биш” гэхээр цаана нь бас бичүүлэх өөр учир шалтгаан, битүүхэн тунирхал байгаад байх шиг…

-Жавзаа гээд их сайхан баяд охин Анагаахын ангид байх. Тэр золиг чинь, миний уудаг цайны аяган дээр тормойгоо л, уншдаг номын хавтсан дээр мишээгээ л, унтахын цагт шөнөжингөө зүүдэнд зугаалаа л…Хайр гэдэг үүсч байсан юм билээ л дээ. Гачлантай нь намайг тоогоогүй. Тоогоогүй нь ч сайн болсон.

Хэрвээ тоосон бол “эсэргүүний эхнэр” гэгдээд насны минь хань Найгалмаа шиг намайг дагаад цөллөгт цуг явах байсан уу, үгүй юу. Бүү мэд шүү дээ. Нөгөөтэйгүүр, хэрвээ тэр намайг тоочихсон бол харах царай нь тааруухан боловч зүрх, тархинд нь гайгүйхэн шиг авьяас бий шүү гэдгээ харуулахын тулд арван дөрөвхөн хоногт “Арвай хээр”-ийг бичих байсан ч уу, үгүй ч үү. Тэр их түрхлэг, тийрэлт нь авьяас чадвараа шалгах цаг хугацааны сорил болоогүй ч байж магадгүй л дээ. Үе тэнгийнхнээсээ тэр найраглалын ачаар тодорч гарсан. Ямар сайндаа, Ц.Цэдэнжав гуай “Залуу шүлэгч Галсангийн “Арвай хээр” Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь”-той зуузайлж ирлээ” гэж “Үнэн” сонинд бичиж байхав.

Энэ найраглалыг хожим миний шүлгийг хэвлэсэн хэргээр “Залуучууд” сонины эрхлэгчээс хөөгдсөн, Ц.Дамдинсүрэн багшийн “Монгол уран зохиолын түүх”-ийн хоёрдугаар ботийг хамтран бичигчдийн нэг, солонгос, орос, англи хэлтэй зохиолч Сугарын Цэдэв найруулан, агуу их С.Гончигсумлаа хөгжим чимэглэлийг уран бүтээлийн цээнд хийж, “Монголын Левитан” хэмээгдсэн Цэвээндорж уншиж Монголын радиогоор нэвтрүүлсэн дээ.

-М.Гаадамба багш тань танд их урмын ташуур хайрласан гэдэг байх аа?

-1958 оноос эхлэн радиогоор “Арвай хээр” найраглал сонсогчдын хүсэлтээр ахин дахин нэвтэрдэг байлаа. М.Гаадамба багш маань “Нөхөр Т.Галсан “Арвай хээр” найраглал бичсэнээр эхлэн бичигч, залуу зохиолчийн үеийг алгасч шууд яруу найрагчийн зэрэгт хүрэв” хэмээн үнэлсэн байдаг. Багш маань их баярлаж байсан шүү. Надад болохоор “Нөхөр Галсан, бусдыг нь ч тоосондоо орхичихлоо. Харин Дэндэвийн Пүрэвдоржтой зуузайлчихав уу, яав” гэж байсан.

Шавийнхаа ололтод баярладаг, нийт утга зохиолоо мэддэг бөгөөд өөрийнх нь сойсон даага хаана, ямар үрээ соёолонтой уралдаж байгааг хардаг тийм л багш байсан даа. Утга зохиол шүүмжлэгч Д.Дашдорж “Арвай хээр дүүлэнхэн, Аръяахүү гийнгоолсоор” хэмээх томоохон шүүмж бичсэн нь ихээхэн шуугиан тарьж “Монголд ямар Пушкин төрөө юу. Ренчин, Дамдинсүрэн нарын төрүүлсэн “эсэргүү”-г магтлаа” хэмээн ихэс дээдэст зэмлүүлсэнээр уг найраглал радиогоор уншигдахаа больсон.

-Таныг Монголын зохиолчдоос ганцаараа нутаг заагдсан хүн гэлцдэг. Зарим хүмүүс “малчны хүүхэд тэмээ хариулаа л биз, юуных нь цөллөг байх вэ” ч гэдэг. Яг юунаас болоод хэлмэгдчихсэн юм?

-Монголын зохиолчдоос цөллөгт явсан хүн надаас өөр ганц ч байхгүй. Улс төрийн гэмт хэрэгтэн гэж буруутгагдаад цөллөгт явснаас хойш жараад жил өнгөрч. Улс төрийн тусгаар тогтнолгүй бусдын эрхшээлд байгаа улс чинь цаад гүрнийхээ утсан хүүхэлдэй болчихдог юм байна л даа. МАХН-ын Төв хорооноос “Ц.Лоохуузын бүлгийг дарна” гэж улсынхаа шилдэг 320 сэхээтнийг өвлийн хүйтэнд тал тал тийш нь ачсан юм. Утга зохиолын салбараас ч эсэргүү илрүүлэх даалгавар гарсан. Гайтав аваргыг гайтуулахаар шийдсэн байгаа юм. Тэр нь
“Хан тэнгэрээс аянга бууж байгаа юм шиг
Хадаасны толгой дээр алх бууж байна.
Гутлын ул долоож байгаа урвагч шиг
Гулзасхийгээд зарим хадаас нугарч байна.
Тапхийгээд буухын хооронд
Тас үсэрдэг хадаас байна” гэсэн “Хадаас” гэж шүлгийг нь “Хан тэнгэр нь хэн бэ, хадаас нь хэн бэ, гулзасхийдэг нь хэн бэ” гэх мэтээр ял тулгах гэж байтал аз болоход Москвагийн радиогоор “Монголын Маяковский” гэсэн нэвтрүүлэг хоёр гурван орой явж. Тэгэнгүүт л “Тахилаа буруу өрөхөө шахаж. Монгол Маяковскийгоо төхөөрөхөө дөхөж” гээд больсон байгаа юм. М.Цэдэндоржийг төхөөрөхөөр шийдээд “Энэ их бавайсан сахал тавьдаг, “Болно, болно болохгүй юм гэж байхгүй” гэж бичсэн. Энэ юу гэсэн үг вэ. Арай социалист лагерь нурж болно, Бал дарга огцорч болно гээд байгаа юм биш үү” гэх мэтээр хардаад. “Зөвлөлтийн яруу найраг” гэдэг хоёр боть орчуулсан гэдгийг сонсуут больсон байгаа юм. Дараагийн бай нь би болж, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд багшилж байхад үзэл суртлын буруутан болгох хүн маань тусгай томилолтоор очсон доо.

Т.Галсан-Зохиолч Д.Даржаа гуай очсон гэдэг бил үү?

-Бүр онгоцоор нисч очсон юм шүү. Хөдөлмөрчдийн уулзалт хийгээ л, намайг “Монголын Пушкин” гэж магтаа л. “Яруу найргийн чинь нэг ботийг, хошин шогийн нэг номтой бэлдээд очно” гэхээр нь хоёр чемодан дүүрэн шүлгээ би ч өглөө. Тэр дунд төрийн шагналт зохиолч З.Ойдовт зориулсан “Далан давхар” шүлэг байсан. “Ардын элч” кино, “Далан худалч” жүжиг бичсэн мундаг зохиолчоо Далан давхарт булаад, хятадад садар самууны хэргээр амиа хорлосон хүүхнийг Алтан өлгийд залахаар нь дургүйцлээ илэрхийлж:
“Далан давхар, давхар гэхээр
Дайсны хуаран шиг цэрвэх юм
Алтан өлгий, өлгий гэхээр
Амиа хорлоод хэвтчих шахах юм
Алин ч гэлээ эх орны минь
Алга дарам газар” гэж харьцуулж бичээд төгсгөлд нь
“Далай олонтойгоо явсан бол, намайг
Далан давхарт залчихаарай.
Ард олноосоо тасарсан бол, намайг
Алтан өлгийд булчихаарай” гэснийг л нам, ард түмний хооронд яс хаясан гэж буруутгаж эхэлсэн дээ. Тэрнээс хойш аймгийн талхны үйлдвэрийн дарга хүртэл “Эсэргүүн Ринчен, Дамдинсүрэнгийн зохиолыг сурагчдад цээжлүүлдэг, энэ тэр” гээд чичилж ч байх шиг. Ингэж л миний хэлмэгдэл эхэлсэн юм.

-Яруу найрагч Р.Чойномын шүлгүүдийг хадгалсан, тараасан хэргээр дээлээ нөмөрсөн хүн ч байдаг юм билээ. Таны шүлгээс болж хэлмэгдсэн хүмүүс байдаг уу?

-Хувын Шагдар гэдэг багш газар зүйн хичээлийг яруу найрагтай холбож, миний “Цэцэрлэгчийн үг” шүлгийг хүүхдүүдэд цээжлүүлдэг байж.
“Бахархам гоогоороо хавийн моддын сүрийг дарсан
Бардам ихэмсгээр хан тэнгэрт тэргүүнээ өргөсөн
Хатан царс түлээчний сүхэнд хэлмэгдэн өртөөд
Хайран мөчрүүдээ хугачин нугачин унахыг хараад
Төмөр шиг зүрх минь тугалга шиг хайлж билээ
Түлээчин болох гэснээ больсон билээ.
Унасан түүний өнчин хожуулын дэргэдээс
Улам ч гоолиг, өндөр залуухан царс
Улиран солигдох хэдхэн хаврын тэртээ
Улаан наран өөд тэмүүлэнхэн ургасныг
Нүдээрээ үзээд бахданхан мишээсэн билээ
Нүглээн наминчлаад би цэцэрлэгч болж билээ” гэсэн шүлгийг минь “Мундаг царс уналаа гэдэг нь эсэргүү Төмөр-Очир. Дараа нь хэд хэдэн мод ургаж байгаа нь Лоохуузын бүлэг. Ийм шүлгийг сурагчдад цээжлүүлж байсан байна” гэж гуйвуулан тайлбарлаж, гэмгүй нэгэн багшийг ажлаас нь халж, хөдөө хөөсөн.

Миний шүлгээс болж зөвхөн Баянхонгороос гэхэд арван хоёр хүнийг цөллөгт явуулсан юм. “Лениний зам” сонинд миний шүлгийг хэвлэсэн хэргээр Баянхонгорын зохиолч, сэтгүүлч Б.Дарамжав, М.Жадамбаа, Лхамдорж нарыг ажлаас нь халж, надтай уулзсан гэдгээр ЗХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг онц дүүргээд ирсэн Пүрэвжав гэдэг инженер, ТМС-ийн багш Цэндсүрэнг нутаг зааж хэлмэгдүүлж байсан.

Ер нь манай засаг төр хэлмэгдүүлсэн сэхээтнүүдээ 50 жилийнх ойгоор харж үзмээр юм. Дэндүү замбараагүй, ийм солиотой, булай нугалаа гарч байсныг Бал дарга маань мэдэж л байсан байж таараа. Би Цэдэнбал даргад хэд хэдэн удаа захидал бичсэн. Ганц ч хариу ирээгүй. Дэргэдүүл нь ураад хаячихдаг байсан уу, эсвэл дарга өөрөө уншдаггүй байсан уу, бүү мэд. Зайлуул даа, хөөрхий, тусгаар тогтнолгүй улсын яруу найрагч нь байтугай жолоодогч нь хүртэл өөрөө лайгаа эдэлж, харийн нутагт бурхан боллоо доо. Манай Б.Цэдэндамбаа тэр үед “Чи наад шүлэг зохиолоо болигтий. Ажлаа hайн хийж, авгай хүүхдээ тэжээгтий” гэж байсан нь замдаа таарсан бул хар чулууг зайлуулах гэснийх биш, үнэхээр намайг далан төгрөгийн цалинтай зовж явааг мэдээд “Амьдралаа бодоосой доо” гэсэн нөхрийн болоод хүн ёсны их хайраар санаа тавьсан хэрэг байх. Гэвч шүлэг зохиолоо хойш тавьсангүй ээ.

-Хэвлэн нийтлэх эрхээ хасуулчихсан, алхах гишгэх чинь ч тоотой шахуу тэр бэрх цагт таныг нөхөр ёсоор хэн хэн эргэж очиж байв?

-Яруу найрагчийг хэвлэн нийтлэн эрхгүй байлганаа гэдэг загасыг эрэг дээр гаргачихаад “Сайхан жаргаарай хө”, эрдэмтнийг тархийг нь ухаж авчихаад “За чи одоо нээлтээ хий” гэж тавласантай ялгаагүй еэ дээ хө. Хүнтэй үг солих, уулзах ч эрхгүй ийм үед “Залуучууд” сонины сэтгүүлч Элбэгдорж гэдэг залуу зохиолч надад нүүрс татаж өгье гэсээр чиргүүлтэй том пүүлэн тэрэгтэй эргэж очсон. Хуучин Жинстийн заган шугуй дунд амьдарч байгаа надад түлээ нүүрс хэрэггүй л дээ. Тэр хүний сайхан сэтгэл нь гайхамшиг юм даа. Хоёулаа хэд хоног хөдөө гадаа халуун чулуу атгасан шиг явахад дотор байгаа бэтгийг сайн мэс засалчаар авахуулчихсан юм шиг сэтгэл уужирч байсан даа. Гурав дахь жилээ бүр “Галсан үхсэн” гэдэг цуурхал тарааж байсан. Нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байгаад төхөөрөх гэж байсны тэмдэг л дээ. Тэгээд намайг буудуулсан биз.

-Буудсан хүн нь баригдсан уу?

-Буудсан хүн нь баригдаж яваад, долоо хоногийн дараа “Шохойны хордлогоор нас барчихлаа” гэж сонсогдсон. Цаанаасаа даалгавартай болохоор “Нууц алдсан” гээд нухаа л даа. Над руу сум харвасан бүх хүнд сум нь эргээд тусчихдаг юм уу гэж боддог юм. Манайхны чинь урьдын үгэнд “Хараалы нь ерөөл болгож байгаарай, хавиргыг нь сум болгож байгаарай” гэдэг хэцүү үг байдгийн. Би шоронгийнхонд атаархдаг байлаа.

-Цөллөгт байгаа ч гэсэн наранд байна гэдэг нарсанд байхаас хамаагүй дээр биш үү?

-Шоронд төрийн харгалзагч хамгаалагчтай, өдөрт гурав хоолтой. Харин намайг эзгүй говьд ганцаар явж байхад хэн нэгэн халдахад хүн мэдэхгүй. Усан тэнэг хүн ухаантан болчихмоор замыг заагч Ри багш минь “Дэлхийн сонгодгийг уншаад суучих. Би шоронд байхдаа ариун цэврийн цаас хайж яваад нэг ном хэвтэж байсан. Аваад харсан франц, орос хэлний толь байсан. Тэрийг нухсаар гадаад хэлэнд гайгүй цагааширсан. Чи юун төлөө туульч удамтай билээ. Уран бүтээлээ сайн туурви” гэж их захина. Надад багшаас ирсэн захианууд байна. Намын тагнуулаар ажилладаг НАХ-ын чагнуулаас бусад нь надад үнэн сайн байсан.

Миний ард түмэн чинь зовсон хүнд илүү сайн. Зовлонг нь нимгэлчихье, энэ муу минь даарч яваа шүү гэж дахныхаа хормойг нөмрүүлчихье, өлсөж яваа шүү гэж үмх хоол өгчихье гэж ханддаг. Хийж байгаа бүхэн маань ариун цагаан болохоор говийнхон надад хүндэтгэлтэй гэж учиргүй л дээ. Би Загийн голд угаасаа хонь хариулаад өсчихсөн болохоор тэмээ нэгийг ч алдахгүй. Сүүлдээ хэдэн тэмээ маань орой болуут гэрээ зүглэдэг болчихсон. Тэр үед малгүй малчид зөндөө байлаа шүү дээ. Тэгэхэд ганцхан манай тэмээг л тоолоод давхиад байдаг. Тэмээгээ алдахгүй болохоор ноос бүрэн, ноос бүрэн болохоор улсын аварга, баатруудын амжилтыг эвдчихгүй юу.

Тэрнийг дайсагнал гэж дайрна. “Муу эсэргүүн манай алдарт цуут хүмүүсийг юу ч биш гэж үзүүлэх гэлээ” гэх юм уу, эсвэл “Баацагаан, Бууцагаан, Богд, Жинст дэх Галсанг даган баясагчид, түүний хар нөлөөнд автсан этгээдүүд тэмээнийхээ ноосноос аваачиж өгч байна” гэж зөндөө төлөөлөгчид шалгаж гарна даа. Намайг тэгж матаж явсан хүмүүсийн олонхи нь насны эцэст уучлал гуйдаг юм. Цаг үе нь л тийм байлаа даа. Тэдэнд буруу байхгүй шүү дээ хөөрхий. Зарим нь жаахан жуухан шагнал авсан л байдаг юм. Аймгийн оны эцсийн тайланд миний тухай бичдэг байлаа шүү дээ.

-Юу гэсэн тайлан бичсэн байдаг юм бол?

-“Манай төлөөлөгч эсэргүү Галсанг Хятад руу оргох боломжийг таслахын тулд мотоциклийнх нь банкинд дөрвөн удаа давс хийж, дугуйнд нь таван удаа хадаас шаажээ” гэх мэтээр бичсэн байдаг юм. Мөн өрөвдмөөр шүү.

-Пэрэнлэйн Лувсанцэрэн гэдэг сонгодог зохиолч танай зэргэлдээ Баянбулаг сумын хүн. Та түүнтэй хэр ойр дотно байв?

-П.Лувсанцэрэн, Б.Цэдэндамба, М.Цэдэндорж бид дөрөв нас чацуу юм. 1932 оны унаганууд. П.Лувсанцэрэн, утга зохиол судлаач шүүмжлэгч Ж.Төмөр нар Карпатын нуруунд жижиг тэрэгтэй өгсөж яваад уруудаж яваа том тэрэг зайдлаад, үрэлтээс оч үсэрч гал гарч шатаад. Хөөрхий муу Жанчивын Шагдар бүлт үсрээд төө тэнд уначихсан байгаа юм. Хүний ус ууж явах хувь сонин шүү. П.Лувсанцэрэн биеийн ихэнх нь шатаад, ганцхан нүүр нь л зүгээр байсан гэдэг. Лувсанцэрэнгийн гэргий нь Дагвадорж гэж соёлтой, боловсролтой, ухаалаг их айхтар хүүхэн байсан юм. Тэр бол Сангийн яамны сайд байх бүрэн чадвартай хүн л дээ.

Хятадын эрлийз гээд болдоггүй учраас Монгол кино үйлдвэрийн санхүү эдийн засгийн албаны даргаар ажиллаж байсан. Дагвадорж нэг өдөр ханиа хэцүүдсэнийг хэлээд, ханиа эргэхээр явсан. Явахад нь би хойлгийн жаахан мах, чацарганын тос өгүүлсэн. Дагвадорж хойноос ирээд намайг дуудуулж. Орсон чинь, тэр ер нь ямар сонин уйлдаг хүн байсан юм, мэгшиж барихгүйгээр хоёр нүд нь учиргүй горхиллоо доо. Тэгснээ гэв гэнэтхэн тайвширч нулимсаа арччихаад “Болчлоо. Чи асууж чадахгүй байгаа. Би ярья даа. Очлоо. Хань минь цоо эрүүл байх юм. Үгүй энэ чинь шатчихлаа гэсэн чинь нүүр нь ч шалбараагүй шахуу инээгээд байж байна ш дээ гэсэн шүү юм бодлоо.

Сувилагч орж ирээд хөнжлийг нь сөхсөн чинь бүх бие битүү боолттой. Эмч нар нь “Биеийнх нь наян хувь шатсан хүн аль хэдийнэ нас барчихдаг. Харин энэ үхдэггүй монгол байна.Бараг хоёр сар тэслээ. Анагаах ухааны хуулиас гадуур төрсөн хүн байна” гэлээ. Эмч нартайгаа инээж хөхрөөд оросоор ус цас шиг ярихад биширч байгаа гэж жигтэйхэн. Даанч, аврах аргагүй болохоор эмч нар нь өрөөнөөс нь гараад уйлах юм. Намайг хараад инээмсэглэж байгаад “За одоо чи ирлээ. Боллоо доо” гээд чиний өгсөн хойлгийн мах, чацарганы тосыг үзүүлтэл “Нэмэргүй ээ хө. Цаад муу Галсандаа миний номын санг өгөөрэй” гэж гэрээсэллээ” гэдэг юм.

-Номын сан нь ч ёстой эрдэнэсийн сан л байсан байж таарна даа?

-Талийгаач, гэргийтэйгээ шүүмжлэгч Ц.Данзангийн хажуу өрөөг хөлсөлж амьдардаг байж.

-Шатрын Данзан гуай юу?

-Тэр чинь 1952 онд “Хөгжмийн сайхан эгшиг хүний хэлээр ярьдаг” гэж сайхан шад бичсэн хүн шүү. Дагвадорж хэлж байна. “Талийгаачаас хойш Данзан ч намайг үзэхээ байлаа. Би ч ганц чемодонаа аваад гарна. Тэр номыг өөрт чинь өгсөн шүү” гэлээ. Дэлхийн бүх сонгодог зохиолч, найрагчид, гүн ухаантны бүтээлүүд бүрэн төгс номын сан л даа. Хааяа тэднийд цай уухаар очиход номын шүүгээ байхгүй учир шалнаас адар хүртэл хураачихсан байдаг байсан юм. Тэгээ л би бодлоо доо. “Нэг сайхан ухаантай хүний нэгэн насаараа хураасан гайхамшиг шүү.

Т.ГалсанНөхөр минь надад л гэрээслэх учиртай байж. Гэхдээ хагас хугас мөнгөөр нь болтугай худалдаж авсан бол аштай юу. Ядаж байхад миний явуулсан зүйлийг ч хэрэглэсэнгүй” гэж. Хоёр “Газ-53” машинаар зөөлөө. Дөрвөн ачигчтай. Тэд нар цүнхэндээ хийнэ. Кино үйлдвэр дээр буусан хойно зөндөө л хүн сугавчилна. Би яагаад гэртээ аваачихгүй байна гэвэл Майдарын долоон байшинд ганц өрөө байранд олон ам бүлтэй, зай байхгүй. Тэр үед би Кино үйлдвэрийн номын санг давхар хариуцаж байв. “Тэмцэл” кинон дээр Ленин, Сүхбаатар хоёр уулзахад гардаг номын сан байдаг даа.

Монгол мужаануудын ураар бүтсэн Лениний шүүгээнүүд маань хоосон. “Советское фото”, “Огонёк”, “Кино” гэсэн хэдхэн сэтгүүлтэй. Тэрэнд л өрлөө дөө. Дэлхийн оюуны соёлын жинхэнэ эзэн боллоо. Найман цагийн ажлаа дуусгаад, өрөөндөө суугаад Лу-гийнхаа номыг уншина даа. Сайхан эр байсан учраас номуудынх нь завсраас бүсгүйчүүдийн зураг, сонин, захиа гээд зөндөө юм гарна. Тэгсэн манай хайрт коммунистууд чинь цэхэлзээ л, сэлбэлзээ л нэг л биш шүү. Мэс засал хийлгэсэн хүн тэнгэр муухайрахыг мэддэгтэй адил улс төрийн шархтай хүн чинь тийм юмыг андахгүй.

-Нэг л хэрэг мандаж дээ?

-Ажил тарсан хойно хотын намын хороо, Соёлын яамны намын хороо, МАХН-ын Төв хорооноос хүн ирчихсэн хуралдаж байгаа сураг байна. “Кино үйлдвэрт ганц л өрөөний цонх гэрэлтэй байдаг боллоо. Эсэргүү Галсан Мао Зе Дуны түүврийг оройжин уншиж суудаг. Маозмыг дэмжигч” гээд авч өгч. Энэ аюулаас Дооров маань аварсан юм. Намын үзэл суртлын тэр нөхдөд Дашдооров “За нөхөд минь. Бидний энэ яриа улсын нууц шүү. Манай үйлдвэр “Шар лууны аюул” гэсэн бүрэн хэмжээний уран сайхны кино хийх даалгавар өгсөн. Та нар жинхэнэ найдвартай коммунистууд учраас Маозмд тусалсан хэрэг болно шүү” гэсээр амыг нь тагласан байдаг юм. Маогийн номыг шатаах тухай ч яригдсан байгаа юм. Аварга хүн аваргаараа л байдаг юм даа. Дооровын маань ухаан мөн лут байгаа юм шүү.

-Их зохиолч Лувсанцэрэн андынхаа тухай ярианд эргэн орвол сонин доо?

-Намайг Түйн арван жилийн сургуульд байхад Лувсанцэрэн малын бага эмч гээд керилин гэдэг өмхий тос богцонд хийгээд хонгор халиун голдуу зүсмийн морь уначихсан надтай уулзах гэж их ирнэ. Тэр үед чинь би урлагийн тайзан дээр шүлгээ уншчихдаг, аймгийн байтугай төвийн сонинд шүлэг нь гарчихсан том хүн байлаа шүү дээ.

-Төрийн шагналт зохиолч П.Пүрэвсүрэн гуай таныг ахлах ангийн мундаг ах байсан гээд ярьдаг байлаа…

-Аймаар амьтан байсан гэж бахархаж байгаа биз. Лу бид хоёр аймгийн утга зохиолын дугуйлангийн гишүүд гэдгээсээ гадна үе тэнгийн болохоороо их дотнорхоно. Пярааниг гэдэг боов дэлгүүрээс авчихаад асганд очиж ярьж сууна. Аймгийн төв хүүхэн ховортой болохоор арван жилийн охидоос торниучлах санаатай цаадахь чинь. Бас ч үгүй нэг охинд сэтгэлтэй болчихоод шүлэг зохиолоо хүртэл зориулж л явсан. Нөгөө муухай керилин хэмээх өмхий тосны үнэр нэвт шингэчихсэн орос-монгол толь байнга биедээ байнга авч явна. Хөдөө явж байгаад олсон юм гэсэн. “Хээрийн зам хорооход тустай байдаг юм.

Би өдий хүртэл цээжилчихээд байгаа. Дараа уулзахад энэ хүртэл цээжилчихсэн байна” гэнэ. Ёстой яг таг хэлнэ шүү дээ. Орос хэлтэй хүн ховор үед хот руу ирж Орчуулгын товчооны хороонд ирж нөгөө мундаг Абмад, Лодойдамба гуай нартай шадарласан байгаа юм. Тэнд орчуулагч хийж байгаад үйл явдлын өгүүллэг бичдэг байсан тэр үед анх удаа “Нар шингээгүй” хэмээх өгүүллэгээ бичиж, авьяас нь тодроод гараад өгсөн хүн шүү дээ. Тэгээд дийлдэхээ байгаад Горькийн утга зохиолын сургууль төгсч ирээд авьяасын хувьд бүүр ч чангарсан. Тэр бичгийн хүмүүн хэрвээ эсэн мэнд байсан сан өдийд Нобелийн шагналтан болчих авьяастан байлаа даа.

Намайг эсэргүүн гэгдэж явахад хойноос төгсөж ирчихээд хуучин нөхрийн ёсоор хандаж байсан. Ямар сайндаа хоёулаа Их дэлгүүрийн хойно алхаж явснаа “Би нэг өгүүллэг бичсэн чинь нэр нь нэг л болж өгөхгүй юм” гэж байна. “Юу гэсэн юм?” гэсэн чинь “Мөргөлдсөн нь” гэж байна. Би “Гэмт хэргийн мэдээ биш дээ. Хаашаа янзын юм” гэлээ. “Би чамд өгүүллэгээ ярьж өгье л дөө” гэж байна.

-Тэгээд өгүүллэгээ ярьж өгөв үү?

-“Би гудмаар явж байна. Тэнгэр өөд харлаа. Илүү гэрийн дээвэр шиг яасан ч намхан юм бэ дээ. Нарыг харлаа. Тортогтой тас хар нар. Яасан ч уйтгартай юм бэ дээ. Эргэн тойрноо харлаа. Энэ олон байшин давхарлаад тавьчихсан үй түмэн авс харагдлаа. Яасан ч гунигтай юм бэ дээ. Ийшээ тийшээ автобус унаа давхилдана. Наашаа дайрч давших гэж байгаа танк хуягт мэт байна. Ямар муухай хорвоо вэ дээ. Зөрж байгаа бүх хүн намайг харцаараа жадалж байна. Хүмүүс чинь яасан аймшигтай араатны сүрэг вэ. Гэж бодоод явж байсан чинь гэнэтхэн тасхийгээд явчихлаа. Хоёр нүднээс гал асаад л. Гайхаа л харсан чинь нэг согтуу хүн “Сохор үхэр” гэчихээд явчихлаа. Алгадуулсанаасаа илүүтэй би цочлоо. Тэгээд харсан тэнгэр гэдэг ямар уужуу, сайхан юм. Нар гэдэг чинь яг намайг өхөөрдөөд авч байгаа ээж шиг минь яасан дулаахан гэгээн. Эргэн тойрны орд харш гэдэг чинь Шостаковачийн төддүгээр симфони эгшиглэж байгаа юм шиг ямар эгшиглэнтэй, өндөр сайхан юм. Энд тэнд эргэн тойрны бүх хүн миний амраг садан мэт ээ.

Согтуу хүний “Сохор үхэр” гэсэн үг намайг сэрээлээ” гээд шууд ярьж өглөө. “Наадахын чинь нэр “Цочоо” л байхгүй юу” гэсэн чинь “Аа яг мөн байна. Наад үгийг чинь чамаас худалдаж авъя” гэж Их дэлгүүр лүү орж хоёр шил архи авч өгч байлаа. Тэр үед дэлгүүрүүд хүний нэг шил архи худалддаг байлаа л даа. Тэр “Цочоо” гэдэг үгийг насандаа ч хэрэглэж мэдэхгүй үг байсан байна шүү гээд хоёр шил архиар худалдаж авч байсныг бод доо чи. Лувсанцэрэнгийн түүвэр тэрнээс хойш олон л гарсан. Энэ өгүүллэг байдаггүй шүү дээ. Энэ мэтээр бүтээлийнх нь өв энд тэнд байж л байгаа даа.

-Тантай нэгэнт уулзсаных өдий ер гаруй насалчихаад бие лагшин залуугийнх мэт эрүүл тунгалаг, ой ухаан булгийн ус мэт ундран байдаг увьдсыг мэдмээр санагдлаа л даа?

-Бурхан багш бүх хүнд эрүүл бие, бас үхэх ёстой хар нас өгдөг юм байна. Жаргал, зовлон хоёрыг ч ав адил тэв тэнцүү өгдөг. Аз болоход би зовлонгийн далайг чардайж байгаад сэлээд гарчихсан болохоор одоо жаргалын алтан шаргал элсэн дээр тарайтал нарлаад байж байгаа юм уу даа гэж бодох юм. Нөгөө талаар хөдөөгийн уудам талд хонь, тэмээ, ямааны араас хөөцөлдөж явсан минь эрүүл энхийн буян даллажээ.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img