2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Хөдөлмөрийн баатар Тангадын Галсан: Ри багшийнхаа цагаан хадгаар шавиа адислах гэж хүлээж суулаа

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын эзэн, Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн болон билгүүн номч Бямбын Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, их соён гэгээрүүлэгч Тангадын Галсантай “Хилэнт эх” хэмээх луу жилийн босгон дээр уулзаж уруулыг нь угзарч, амнаас нь бөмбөрөх алтны үртсүүдийг цуглууллаа. Эдүгээ 94 насны хавартайгаа золгосон өтгөс эрхэм монгол түмнийхээ их баяр цагаан сарын шинээр урлан бүтээхүйн онгод билэг төгөлдөр улам жавхаажин суугаа нь юутай бахархалтай. Шинийн хоёрны морь цагт багштай очиж золгосон юм. Өмнөх зочдын хүндэтгэлийн олон хадаг золголтын сэнтийн түшлэг дээр нь дэлгээтэй байсан ч тэрээр баруун өвдгөөс нь сүслэн адис авах шавьтайгаа атгахад алганд багтах, дэлгэхэд дэлхий дүүрэх гурван алд цагаан хадаг дэлгэн золголоо. Тэгэхнээ эдийн дээд тэр цагаан хив аугаа их Ринчен багшийнх нь алган дээр дэлгэгдэж явсан эрдмийн шидийг агуулсан эрдэнээс ч үнэ цэнтэй зүйл байсан ажгу. Хотол даяар таалал орших болтугай!

-Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Уран бүтээл нь уул уулаас өндөр, ус уснаас тунгалаг, улс улсынхаас ондоо улмаа ундран дэлгэрч байна уу? (Найрагчийн насны хань Найгалмаа эгч энэ үеэр ная гаруй настан гэхэд тормон алаг нүдээ тормолзуулж цаанаа л уяхан залуу хоолойгоор “Хүүе ээ, энэ Цэнгэл хүүг хараад байгаарай, ардын уран зохиолчийн гарын шавь гэсэндээ аргагүй уран мэндчилж байна гээч. Миний муу хүү чинь Загийн голоосоо анх манайд ирэхдээ босоо хархан үстэй, бондгор бор хүү байлаа шүү дээ” гэж тас тас инээд цалгиулан цангинууллаа. Л.Б)

-Сайхан шинэллээ. Газрыг эвхэн эрхшээх туулай жил дэгдэн одож, тэнгэрийг эзэгнэн эрхшээх луу жил айсан айлчиллаа. Сар шинийн өдрүүд дэлгэр сайхан үүдээ нээлээ. Улс Монголын минь заяа улмаа сайхан тэнийн батжих нь үгээр өгүүлшгүй байх болтугай даа. Уран бүтээл ундраад байна уу л гэхээс биш дундраад байх биш дээ хө.

Цаанаасаа заяатай болохоор цаасаа цоохорлоод бай хө гэж чөтгөд надад чөлөө өгч, бурхад өвгөнд буянаа хайрласаар л байна даа хө. Монгол түмэн минь даага далантай, бяруу булчинтай, ботго бөхтэй, хурга сүүлтэй, ишиг сөөсэйтэй онд мэнд орж одоо сайхан хаваржиж буйн бэлгэ-билгүүний дээд сайхан жил гарлаа даа хө.

-Тэглээ дээ, багш минь. Та сая энэ олон хадаг байхад тэр цагаан хадгийг хэрэг болгон хайсаар золголоо. Чухам ямар учиртай хадаг болоод ингэж чухалчлав?

-Билгүүн номч Ри багшийн (Өвгөн багш аугаа их Ринчен багшийнхаа нэрийг цээрлэн авгайлж ийн дуудах бөлгөө. Л.Б) халуун алган дээрээ дэлгэж золгодог байсан хадаг даа хө. Ямархан гайхамшигтай сайхан улстай энэ хадгаар золгож, авшиг буяныг адислан манд ирүүлснийг өвгөн би хүртэл гайхан сүсэлж, гартаа барин сүлдэлдэг юм. Эдийн дээд хадагт эрдмийн увьдас оршино гэж энэ.

Атгахад алганд багтах ч (хадгаа алгандаа атгаж үзүүлэв. Л.Б) дэлгэхэд дэлхий дүүрч байгаа биз? (Өвөр дээрээ талбиж гурав нугалан дэлгэхэд хоёр үзүүр нь газар шүргэм урт хадаг юм. Л.Б) Энэ чинь миний Монголын буян заяаг бэлгэдэж байгаа юм даа хө. Алдаж онож явахад атгахан юм шиг боловч алсалж оргил ширтэхэд алтанхан дэлгэр замбуулин юм даа. Ийм л увдис шингэсэн хадгаар шавь чамайг адислах гэж Ри багшийн хадгаа хайсан минь учиртай юм даа хө.

-Багшдаа гялайлаа. Багш тань хадгаа танд өөрөө хайрлаа юу?

-Намайг 2003 онд Монгол Улсын Соёлын гавьяат болоход Ри багшийн охин Р.Нямаа “Аавынхаа насаараа барьсан хадгийг шавьд нь өгье” гэж гардуулсан хадаг юм. Багшийнхаа амин хайртай охиноос учиртай үгтэй нь хамт гардсан амьд бурхны мутрын увдис оршсон хадаг болохоор аргагүй нандин эд юм даа, надад.

т.гАЛСАН-Нямаа гуай мундаг эмч хүн байсан байх аа?

-Ри багшийн охиныг Малын ангиас Анагаахын сургуульд шилжүүлсэн түүхийг нь би чамд ярь луу?

-Үгүй ээ…

-Багшийн үр хүүхдүүдийг малын эмчийн ангид орох л хувь тавилан тосож байсан үед азаар Шастин гуайн буянаар алтан гартай эмч-бурхан болсон хүн шүү дээ. МАХН-ын Төв хорооны гишүүн Жагваралын гэргий.

-Гуравдугаар эмнэлгийн үүдэнд Шастин эмчийн хөшөө байдаг даа…

-Монголд одоо Ленин, Сталины хөшөө байхгүй байхад Павел Шастины хөшөө байж байна шүү дээ. Монголын ард түмэн энэ ачит хүний тусыг үеийн үед мартаж болохгүй учиртай юм.

Шастин гуай академич Базарын Ширэндэв гуайн өрөөнд нэг охин хөтлөн морилж “За би нэг гуйлттай ирлээ” гэхэд нь их гайхаж. Тэгэхнээ, Ри багшийн хоёр охин малын эмчийн сургуульд орсон юм байж. Тэгээд Нямааг нь хүн эмнэлгийн сургуульд оруулмаар байна, сайн эмч болно гэсний буянаар Монгол Улс нэгэн сайхан эмчтэй болсон байдаг.

Аав нь шоронд байх үед ээжийнх нь бие муудаад эмнэлэгт очоод нөгөө оростой чинь оросоор дуржигнаад, нөгөөхийг чинь өвчтний баас шээс зөөлгөхөөс өгсүүлээд сүүлдээ тариур буцалгадаг болгоод, сүүлдээ тариа хийдэг болоод “Сэрэлт” дээр Бумаатай хэрэлддэг хүүхэн сүүлдээ сувилагч болдог шиг болчихсон байж. Ингэж багшийн охидын нэг нь хүний их эмч болж байж.

-Багшийн тань хүү Р.Барсболд академич Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар болжээ?

-Ээ хээ, алтаар урс. Тэгж үү? Хэзээ тэр вэ?

-Сая цагаан сарын өмнө…

-Ээ, алтаар урс. Би мэдээгүй ш дээ. Ярих юм сан. За, яахав, зочдоо гарахаар баяр хүргэе дээ.

-Ардын жүжигчин, аугаа их хөгжмийн зохиолч, алдарт удирдаач Жамьянгийн Чулуун гуайн хүү Ч.Чинбат гуай Ардын жүжигчин цол хүртэж байсан…

-Утсыг нь мэдэхгүй юм даа. Тэрнээс манай өөлд шүү дээ.

-Ховдын Эрдэнэбүрэнгийн өөлд л дөө… (Биднийг ийн хөөрөлдөж суух үеэр Га багшийн отгон шавь, кино найруулагч Дорждагвын Баттулга орж ирж золгов. Тэрээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул нэгэн бөгөөд “Гүртэн” киног найруулжээ. Л.Б)

-“Гүртэн” киноны найруулагч Баттулга Баянхонгорын Зохиолчдын номын баяраар ирж байсан даа?

-“Гүртэн” мундаг кино шүү. Нүгэлт хүний сүнс дээшээ тэнгэрт дэвшилгүй, газарт амьтан ах дүүст гай болоод байхад тэрүүнийг гагц гүртэн дардаг. Тэр тухай миний энэ шавь Баттулга найруулж сайхан кино бүтээж дээ.

-Манай Заг суманд сэлмийг дээс шиг зангиддаг, нас барсан хүнийг хонь мал шиг төхөөрч эвдэж, махыг тогоолж чаначихаад эргээж сэхээн зүв зүгээр хүн болгочихдог их мундаг гүртэнгүүд байсан гэдэг биз?

-Манай Загийн Отгонсүрэн ах номдоо гүртэнгүүдийн талаар бичсэн шүү дээ. Отгонсүрэн ах бараг зуу хүрээд тэнгэрт дэвшив үү дээ. Шавь хүүг найруулагч гэж чамд танилцуулсных ер нь “Монгол кино”-ны анхдагчид нь манай Баянхонгорынхон байдаг юм шүү дээ.

Найруулагч хүү ч “Мөнгөн буйл”-ын Гочоорхуу маягтай хөөрөг мөөргөө их айхтар үнсэж тамхилж байх чив ээ. (Нүдээ жоохойлгон инээв. Л.Б)

-Таны бүтээл “Мөнгөн буйл” кино цагаан сар, наадмаар зурагтын сувгуудаар их гарах юм аа?

-Наадам, сар шинэ гэлтгүй өдөр болгон гарах юм. Тэр Лайкөө гэдэг сувгаар бол өглөө орой болгон гардаг юм.

-“Like” телевизээр үү?

-Эрүүл мэндийн суваг юм гэнэ ээ, яагаад ч тэгдэг юм. Ойрд бол цагаан сар болоод тэр үү, олон сувгаар гарч байна.

-Та ч “Монгол кино” үйлдвэрт ажиллаж, өөрийн чинь хэлснээр 45-хан кино хийсэн хүний хувьд Баянхонгорынхон монгол киноны анхдагчид гэдгийг сайн мэдэж байгаа даа?

-Кино гэж юу байдгийг мэддэг, тэрнийг Монгол Улсын урлаг болгохыг хариуцсан хүн нь манай Ламын гэгээний Гончиг гээч хүн байлаа. Гайгүй болгоныг гайтуулдаг гайтай цагийн лайгаар арван жил (шоронд) суугаад гарч ирсэн дээ, зайлуул. Анхны зураглаач Явуухүү гэж мундаг хүн байлаа.

Халхын голын дайнд буу биш кино зураг авуур (аппарат) үүрээд дайны талбарт гүйж явсан зураглаач. Сүүлд БНМАУ-ын баатар Чогдон дэлхийн дайныг Номхон дөлгөөн далай дахь нэг хөлөг онгоцон дээр яллахад Дэмбэрэл гуай, Явуухүү нарын авсан кино Монгол Улс дэлхийн дайнд орсны жинхэнэ баталгаа баримт болж НҮБ-д орохын учиг болсон доо. Явуухүү гуай их айхтар адайр юманд зорьж тэмүүлж явдаг хүн байж.

Бие хаа сайтай, тамирчин хүн. Тэгээд айхтар лус савдагт явж байгаад, тэр үеийн чинь зураг авуурын тугалган зай май нь учиргүй хүнд, тэрэн дээр нэмж уулчдын юм тээж яваад олс нь тасраад Хархираагийн хайрхан руу хальчихсан юм билээ.

-Ээ, хайрхаан…

-Самдан гэж нэг авгай хөөрхий Кино үйлдвэрт “хүндэт” ажлаас салдаггүй. Жижиг хэрэглэлийн эрхлэгч гээд гаанс, хөөрөг, ийм тийм өчнөөн зүйл хариуцсан. Тэр ажилдаа ч их хариуцлагатай хүн байсан. Тэр Самдан манай Явуухүү гуайн хань байсан юм билээ.

-Өө, зайлуул…

-Тэр сайн хүний хаяа хаялга ханьдаа тийм насан туршийн хамгаалал болж байсан. “Хүргэн хүү” кинонд нөгөө Жамц баяны “хорин амбан шарыг хоёр хулгана идчихдэг” шүү дээ.

-За, тийм. Ёстой нэг нүдэнд харагдаж, санаанд хадтал хийсэн хэсэг шүү…

-Тэр хоёр хулганыг чинь барих гээд “Яаж барих вэ” гээд цөмөөрөө. “Яаж барих вэ” гэхээр л “Өө, юу байхав” гэцгээнэ. “Яаж барих вэ” гэхээр л хариулах хүн байхгүй.

-Аанг?

-Тэгсэн чинь л “Айлууд зуслангаас буухад чинь шалан доогуур нь зөндөө оготно” байдаг шүү дээ гээ л нэг хоохой нь хэллээ. Нөгөө нэг хоохой нь “Өө, ёстой үнэн” гээд цөмөөрөө л шаагиастай. Тэгээд “Зуслангаас хот руу нүүх айл байна уу” гэсэн чинь л айл бүр л “Манайх оръё” гээ л. (ямаан сахлаа илбэнгээ жоготой инээв. Л.Б) Ачаад л хотод буулгачихна гэхээр унаа тэрэг ховор үед чинь уриалгахан байлгүй яахав дээ.

Тэгээд яг цаг дээрээ нөгөө мундаг мундаг эрчүүд чинь оготно годхийгээд гүйнгүүт зарим нь “Ваа” гээд орилоод зугтаадаг, зарим сэгсрээд, нэг барьж аваад алдчихдаг. Тэгсэн нөгөө муу Самдан гуай зайлуул, гуравдахь өдрөө хоёр оготноо жинхэнээсээ атгачихсан ороод ирж байсан юм даа.

-Хөөх, эмэгтэй хүн гэхэд мөн ч зоригтой хүн юм даа?

-Ер нь тэгээд зоригтой юм уу, хаашаа юм. Ажил үйлдээ л үнэнч хүний шинж гэх нь л онох байх аа даа. Энэ найруулагч хүү бид хоёр Ри багшийн хойтон жилийн их ойд зориулж “Мөсөн хөшиг” уран сайхны кино хамтран хийхээр гар, сэтгэл, авьяас билгээ нийлүүлэн зүтгэж буй улс.

-Их сайхан үйлсээр нэгдэн нийлсэн хоёр байна даа…

-Улирагч туулай жилийн зун “Нар-Мон” хамслын (хамсал гэж компани гэдэг үгийн монгол нэршил ажгу. Л.Б) “Тоорил хан” амралтад цуг очоод долоо хоногт кино зохиолоо биччихсэн.

Зохиолоо биччихсэн ч дээд тэнгэрийн өгөгдлөөр ухаанд дандаа шинэ санаа нэмж орж ирээд болдоггүй. Нийгмийн агуулгатай болгох том санаанууд төрөөд байх юм. Урьд чинь нэг таахалзсан юм ирээд нохойг нь буудчихаад, авгайгий нь өшиглөж унагачихаад, тулгыг нь өшиглөчихөөд, авдрыг нь лацадчихаад, нөхрийг нь барьж аваачиж зодож байгаад бууддаг тэр цусан-тэнэглэл биш гэр-улс амьдралын хувьд яаж сүйрч байна, гэргий хүүхэд сэтгэл санааны хувьд яаж унаж байна, үр хүүхдийн хувь заяа ямар эмгэнэлд унаж байна, гэр-улсаа устгаад байхаар төр улс өөрөө ивээс нь мултарчихсан тулга шиг улам муудаад байгаа тухай кино байх юм. Тэгээд одоо байтлаа нөгөө анхны 14-ийг бууддагийг оруулахаар боллоо. Шоронд Ри багш тэд нар чинь цуг байсан.

-Манай Загийн гол сумаас гэхэд Гэгээрлийн сайд Баттөмөр гуай их хядлагын анхны 14-т орсон байдаг даа, тээ?

-Хамгийн их уйлхай, өнчний зовлон үзсэнээс амьдралын зовлон үзээгүй Нацагдорж гуай их арчаа муутай нь байсан юм билээ ш дээ, зайлуул.

-Т.Д хоёр Нацагдорж хоёулаа шоронд байсан байдаг даа. Аль нь юм бол доо?

-Өнчний зовлон үзсэн гэхээр их зохиолч маань л даа хө.

-Д.Нацагдорж гуай шоронгийн мөчлөг шүлгүүддээ эрх чөлөөг их хүсэмжилж буйгаа, энхрий хайртаа санаж буйгаа, энэлэн шаналж байгаагаа тодорхой бичсэн байдаг. Их л зөөлөн дотортой уяхан хонгор сэтгэлтэй хүн байсан нь мэдэгддэг дээ, зайлуул…

-Тэндээс ч хүн нь их харагддаг, зайлуул. “Би эх орон, нам засгийнхаа төлөө яаж зүтгэж явлаа. Би ямар сайхан юм болно гэж бодож явлаа. Ийм ч болчих гэж дээ. Ингээд устгана гэжүү дээ” гэж гуньдаг. Тэр нь нулимс болоод гарчихдаг тийм аугаа уудам уяхан сэтгэлтэй хүн байж дээ.

Намайг Баянхонгорын Жинстэд тэмээ хариулж байхад Баатар гэдэг хүн ирээд “За хүүхээ, би тэр эсэргүүнүүдийг чинь манаж байлаа” гэж хуучилдаг сан. Улсынхаа иргэнийг хядах эсэхийг шийддэг хуулийн бүрэн эрхэт төлөөлөгч улсын ерөнхий прокурорыг хүртэл аваачаад хорьчихдог аюултай цаг үе байсан байгаа юм шүү, еэ бүү үзэгд.

-Зохиолч Мөрдэндэвийн Ядамсүрэн гуай шүү дээ…

-Тийм. Их аюултай цаг байж. Одоо та бидний энэ цаг хэчнээн сайхан амар амгалан үе билээ. Энэ жил тэнгэрийг эзэгнэн эрхшээсэн луу жил гарч байна. Тийм учраас урьд өмнөх жилүүдээс илүү их хүч тамирын, хөгжил дэвшлийн, хүн ардын хүндлэл-хайрын их буян хишигтэй жил шүү дээ.

Энэ бүх буян миний, Танай Монголын их ард түмэнд Луу жилийн нартай хуран буух болтугай! Энэ л аз жаргалаа хайрлаж, энх тунх ажиллаж хөдөлмөрлөж байхад Монгол Улс маань анх, энх, мөнх гурван цагт ашид үүрд оршино доо. Энэ ерөөлийг минь олон түмэнд эгээрэл-гэгээрлийн гүүр болон олон түмнээ дамжуулагч шавь чамд гялайлаа.

-Багш Таны мэлмий тунгалаг, өлмий бат оршиж урт насалж удаан жааргаарай! Тандаа сүслэн мөргөе өө!

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img