2024-10-08, Мягмар
5 C
Ulaanbaatar

Яхир тулдаа л…

Цар тахал, Орос-Украины дайн, Хятад, Америкийн таагүй харилцаа гээд асуудал олонтой жилүүдийг туулсан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар бүрэн эрхийнхээ сүүлийн төсвөө алдаатай, оноотой ч батлаад авлаа. 2024 оны төсвийн тухайд сонгуулийн жилийн сүүлээр өрнөдөг уламжлалт шүүмжлэл яг янзаараа хөвөрсөн, өнөө ч хөвөрсөөр байна.

Алдагдал өндөртэй, зардал ихтэй, нүүрс, зэсийн үнэ, хэмжээг өөдрөг төсөөлсөн, сумын улаан буланд өчнөөн мөнгө төсөвлөсөн… Гэх мэтээр тоочвол сонгуулийн урьд жил батлагддаг төсвийн алдаа, “но” ирэх оны төсвийг тойрсонгүй. Реформын том өөрчлөлт хийхгүйгээр энэ гажуудал засрахгүй учраас 2028 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр ч иймэрхүү шүүмжлэл тасрахгүй биз.

Гэхдээ зах зээлд шилжсэн 33 жилийн хамгийн хүнд үеийг туулж яваа Засгийн газар гэхэд, сонгуулийн жилийн өмнөх төсөв гэсэн өнцгөөс харахад харин ч хэтэрсэн популизмын нөлөөнд тэгтлээ автсангүй.

Алдагдлын хэмжээ нь ч төсөөлснийг бодоход бага байлаа. Сонгуулийн жил бүр төсөв тойрсон популизм дэвэрдэг. Өнөө жил гэхэд л УИХ-ын дарга НӨАТ-ыг таван хувь болгохоор зүтгүүлж үзэв. Уг нь эдийн засаг гадарладаг хэнд ч хэтэрхий хөөсөрсөн санаачилга. Гэвч хэн ч спикерийн өөдөөс сөрөлгүй нам гүм сууцгаасан.

Учир нь хэдхэн сарын дараа сонгууль болно. НӨАТ-ын урамшууллыг таван хувьд хүргэнэ гэдэг хэний ч талархлыг хүлээж, алгыг ташуулахаар “алтан санаа”. Ийм санааг эсэргүүцэх эрүүл ухаантай, зориг зүрхтэй улстөрч сонгууль дөхсөн өнөө цагт лав гарч ирэхгүй. Сангийн сайд л УИХ-ын даргын амттай, гоё санаанд алга ташилгүйгээр үнэнийг ил шулуун хэлж орхино лээ.

Б.Жавхланг “Татварын тогтолцооны асуудлыг олон нийтийн санал асуулгаар шийдэх ёсгүй. Татвар төлөгчдөөс татвараа бага өгөх үү гэж асуувал надаас бусад нь бүгд л тийм гэнэ шүү дээ. НӨАТ-ын нэг том зорилго бол далд эдийн засгийг ил болгох. Далд эдийн засгийг ийм шийдлээр ил болгохын тулд ахиад арваад жил хэрэгтэй.

Мэдээж бид өнөөдрийнх шиг сугалаа явуулах төдийгөөр хараад суухгүй. Зохицуулалтын өчнөөн асуудал шийдэл дээр ажиллаж яваа” гэхэд нь улсаараа яажшуухан аж төрж суугаагаа доторлох цөөнгүй улстөрчид сэмхэн алга ташиж суусан гэдэгт эргэлзэх зүйл алга.

Улс төрд хөтлөлцөж орж ирсэн үй зайгүй найзууд болох Спикер, Сангийн сайд хоёрын хэсэг зуурын толхилцооныг хосолсон тоглолт гэж харж суусан Ерөнхий сайд нь асуудал хурцдах тал руугаа ороход багагүй гайхаж, бүлгийн хурал дээрээ “Та хоёрыг тоглоод байна гэж бодсон, үгүй байна шүү дээ… Попроход хэмжээ хязгаар бий шүү” гэсэн битүү хатуу үгийг дунд нь хэлснээрээ цаад утгаараа энэ бүх галыг өөртөө авч үүрээд гарахыг Б.Жавхланд даалгалаа гэж харагдсан. Асуудлаа мэддэг, мэргэжлийн, мэргэшсэн, харизмтай учраас Сангийн сайддаа итгэсэн байх.

Хэрвээ Г.Занданшатарын “алтан санаачилга” биелсэн бол төсвийн орлогын багагүй хэсэг сох дутах байв. НӨАТ төсвийн орлогын дөрөвний нэгийг бүрдүүлдгийг энэ дашрамд тодотгоё. Өдгөө НӨАТ-ын хоёр хувийн урамшуулалд төсвөөс 400 тэрбумыг зарцуулдаг. УИХ-ын гишүүд даргынхаа санааг үг дуугүй дэмжсэн бол 600 тэрбум төгрөг нэмж зарцуулах шаардлага үүсч, зөвхөн НӨАТ-ын урамшуулалд нэг их наяд төгрөг төсвөөс гарах байлаа.

Ингээд хэлчихээр “НӨАТ-ын урамшуулал иргэдэд л очно. Дээгүүрээ ташраараа хулгайлж байгаа хэрнээ ядарсан иргэдээсээ хэдхэн төгрөг өгөхөөс харамлаад…” гэх мэт шүүмжлэл гарч таарна.

Тайлбар тавихын тулд бяцхан харьцуулалт хийе. НӨАТ төлөгчдийн арван хувь нь нийт НӨАТ-ын 60 хувийг бүрдүүлдэг. Товчхондоо өндөр орлоготой, хэрэглээ өндөртэй хүмүүс л талаас илүүг төсөвт төлдөг юм. Бүр тодруулж хэлбэл НӨАТ-ын таван хувийн урамшууллыг өгөх шийд гарсан бол хамгийн их хожих хэсэг нь өндөр орлоготой, хэрэглээ өндөртэй тэдгээр иргэд.

Жирийн иргэд огтхон ч биш. Цөөн том компани нь улстөрчидтэй эрх ашгаараа нэгдэж сайн нөхцөлтэй зээл, санхүүжилт бүрийг хамж байна, том бизнесүүд салбар бүр рүү орж жижиг дунд бизнесийн орон зайг булаачихлаа, баян хоосны ялгаа хэтэрлээ, жижиг дунд үйлдвэрлэгчид, бага орлоготой иргэд рүүгээ чиглэсэн ээлтэй бодлого алга гэсэн шүүмжлэлийг улам дэврээсэн шийдэл болох байсан гэсэн үг. Сангийн сайд “Хэрвээ 600 тэрбумыг тараах боломж төсөвт байгаа бол тэр мөнгөө халамж, анхаарал шаардлагатай хэсэгтээ зарцуулах хэрэгтэй” гэж хэлсний цаана ийм учир бий.

Ер нь мань эр улстөрчийн хувьд эрсдэлтэй гэж хэлж болохуйц иймэрхүү асуудал дээр яхир зан гаргаж, тулахтай нь тулж, үзэхтэй нь үзээд яваа анзаарагддаг. Тэгж чаддаг учраас Хөгжлийн банкийг сэхээнээс гаргаж, гадаад зээлүүдээ төлж, улсаараа дефольт зарлах эрсдэлээс зөөлөн газардуулсан.

Хөгжлийн банкны асуудлаар гэхэд л УИХ-ын чуулганы үеэр “Засгийн газрын шийдвэр нь тусгайлан нэр бүхий компаниудад л зээл олго гэж Хөгжлийн банканд үүрэг өгөх байдлаар гарсан нь шударга, ардчилсан ёсны зарчимд нийцэхгүй, төр нь өөрөө хэн нэгэнд илт давуу байдал бий болгосон, бидний сургамж авч, хэзээ ч дахин давтаж болохгүй алдаа.

Шуудхан хэлэхэд Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтүүд Монгол Улсад хэрэгцээтэй эсэх, урт хугацаанд эдийн засгийн үр өгөөжтэй байх эсэхээс үл хамаарч тухайн үеийн УИХ-ын гишүүд, сайд дарга нар, тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх явдал байж. Шалгаад, шүүгээд, алдаа оноог нь ялгаад эхлэхээр үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигналдаж, хувь хувьсгалын олон дарамт, шахалт тулгарч байна.

Тэглээ гээд ухарч, хулчийхгүй, Хөгжлийн банкны асуудлыг заавал эцэслэн шийдвэрлэж, буруу зөвийг шүүн тогтоох ёстой” гэсэн үг унагаж байв. Сангийн сайд нь ингэж яхирлаж яндайж, цэгцтэй эрчтэй ажилласны үр дүнг бултаараа харж, “МИАТ”14.9 тэрбум, “Эрдэнэс Монгол” 117.2 тэрбум, “Кью Эс Си” 192 тэрбум төгрөгийн зээлээ төллөө гэсэн мэдээнүүд хөвөрч эхэлсэн.

Гадаад зээл төлбөрүүдээ цэгцэлж, олон улсын хөрөнгө оруулагчдад “Монгол бол найдвартай түнш” гэсэн мэссэжийг өгч чадсан учраас бид ОУВС-гийн хөтөлбөрт багтах эрсдэлтэй нүүр тулаагүй юм. Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэдэг хүсэх эд биш, улсаараа сэхээний тасагт орлоо гэсэн үг.

Хөтөлбөрт хамрагдаагүй учраас ирэх оны төсөв “хөрөнгө оруулалтын” гэсэн шошготой батлагдсан юм. Хэрвээ хөтөлбөрт хамрагдсан бол өдийд сургууль, цэцэрлэг, дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлэхэд мөнгө зарж чадахгүй, гадны байгууллагын заавар зөвлөгөөгөөр эдийн засгаа хумьсан шигээ суух аж төрөх байсан нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой асуудал.

Эдийн засаг хумигдвал компаниудад зээл олдохгүй, зээлгүй компаниуд төсөл хэрэгжүүлж чадахгүй, бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжихгүй бол иргэд ажилгүй орлогогүй хэцүүднэ, ажилгүйчүүд ихсэх хэрээр ядуурал гаарна. Хүсэхээр гинжин хэлхээ биш байгаа биз. Ямартай ч Монгол Улсын нөхөр “яхир”-таа бас “Яах вэ, бол оо, бол оо гэж хэлье дээ.

Эх сурвалжӨдрийн сонин
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img