2024-07-22, Даваа
22 C
Ulaanbaatar

А.Саруул: Цулайтал баяжсан бүлэглэл 2000 онд байгаагүй, Н.Энхбаяр авлигын сүлжээг эхлүүлсэн

Агваандоржийн Саруул. 1999 онд ХБНГУ, Филлипсийн их сургуульд “Монгол Улс дахь ардчиллын шанс” сэдвээр философи, улс төрийн ухааны доктор цол хамгаалсан, “Шууд ардчилал хүрээлэн” ТББ-ын захирал байсан. Түүний өвөө Эрдэнэбатхаан 1924 онд Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар ажиллаж байсан гэх мэт сонин түүхтэй эмэгтэй. Түүнтэй ярилцлаа.

-“Ардчиллын шанс” сэдвээр Германд докторын зэрэг хамгаалж байсан нь сонирхолтой санагдлаа. Та ямар дүгнэлт хийж байв?

-“Ардчиллын шанс” гэсэн сэдвээр хамгаалж, шинж тэмдгүүдийг нь бичсэн юм. Тэр үед Н.Энхбаяр их томорч байсан шүү дээ. Манай багш Африкаар мэргэшсэн хүн, миний ажлыг уншаад хэлсэн юм. Нэгдүгээрт танайх коммунист намаа хориглоогүй юм байна. Эрх баригч нам чинь 40 жил дарга хийсэн хэдийгээ солиод, гудамжинд жагсч байгаа хэдийг ашиглаад, буцаад засгийн эрхэнд гарчихсан байна. “Гудамж”-ны (германчууд бас гудамжны гэдгийг хашилтад хэлдэг юм) сөрөг хүчин бүрэлдэж чадаагүй. Дөнгөж сөрөг хүчин толгойлж эхэлж байсан нөхөд маш хурдан албан тушаалд очсон. Манай багш хэлж байсан “Хүн хүний төлөө явдаггүй юм, гудамжинд удаан тэмцэж үзээгүй залуус ийм хурдан дарга болохоор тэр тусмаа хүний төлөө явахгүй шүү дээ ” гэсэн юм. Үнэн байгаа биз.

Манайхан Европын Польш энэ тэрийг бодвол өөр нөхцөлд байсан. Тэдэнд бол ардчиллын өмнөх ардчилсан суурь байсан юм. Нийгмийн оюун санаа нь бүрэлдэж тогтсон. Харин манайд ардчиллын өмнөх ардчилсан шат гэж байгаагүй шүү дээ, хөөрхий.

А.Саруул1911 онд манжийн төрөөс Хятад, Монгол хоёр тусгаарлах гэж үзэлцсэн. Тэрнээс хойш хэсэг буриадууд орж ирсэн. Буриадууд бас гурван бүлэг байсан. Нэг хэсэг нь хуучин уламжлалт феодал ёсоо аваад явъя, нөгөөдүүл нь оросын большвекүүдийг дагая. Гурав дахь бүлэг нь (Өвөө Эрдэнэбатхааны зураг руу заав) барууны соёлыг уламжлалтайгаа холбож хөгжих эрмэлзэлтэй хэсэг байсан. Цэвээн Жамсранов тэргүүтэй тэр дунд Эрдэнэбатхаан нарын баахан буриадууд хүрээнд сургууль байгуулж байсан. Монгол руу орж ирээд, монгол туургатныг яаж нэгтгэх вэ гэсэн чинь “Өнөөдөр буддизм ноёрхож байгаа юм чинь үзэл санаа нэгдэх суурь дэвсгэр нь байх ёстой” гэж үзэж байж. Тиймэрхүү юм явагдаж байгаад манайхан “нугаслуулаа” биз дээ.

Ингээд үзэл санааны дэвсгэр суурь бүрэлдэж тогтох боломж олголгүйгээр нөгөө хэдийг Орост аваачаад, буудахыг нь буудаад, хорихыг нь хорьсон. Эрдэнэбатхаан хорих лагерьт байж байгаад 1942 онд өөд болсон юм.

Польш, Унгар зэрэг улсуудыг бодоход манайх ардчиллын урьдчилсан суурь дэвсгэр байдаггүй.

Би чинь 1988 онд сургууль төгсч ирээд, жагсаалд оролцоод давхичихсан. Намайг төгсч байхад Зүүн Германд перестройка орж ирж байсан юм. Төгсөөд явсан, сүүлд сургуулиа сонирхсон чинь Марксизм, Ленинизмын сургуулийг шууд хаасан байна лээ. Германд бол хуучин матаас байсан мэдээлэгч нарыг бүгдийг нь ил зарлаад, ажилгүй болгосон, зайлуулсан байхгүй юу. Марксизмын багш нар Германд нэг хэсэг өмд хувцас зараад, амьжиргаанаа залгуулж байсан. Германд хүмүүсээ зүгээр гудамжинд гаргаад хаяхгүй. Өөр ажил мэргэжил сургах курсүүд их нээгдсэн. Германд өмнөх бүтцээ ерөнхийд нь нураасан. Гэтэл манайд тийм юм болоогүй.

-Та чинь МоАХ-ны анхдагчдын нэг байх аа?

-Анхдагчдын дунд явж л байсан. 1988 онд төгсч ирээд Хонхны дуунд талбайд жагсч байсан. Тэгээд буцаад Герман явчихсан л даа.

-МоАХ-ны анхдагчид гэж “хөл нүцгэн люмпен-пролетариуд” Германд доктор хамгаалсан хүний хүчийг ашиглах талаар бодоогүй юм байх даа?

-Би дарга, цэргээр нь гүйгээгүй л дээ.

Анхдагчдын дунд гүйж явахад С.Зориг манай байрных болохоор намайг таньдаг. С.Зориг л үнэлж байсан юм, хөөрхий.

Германд философ сурсан эмэгтэй хүн хэрэгтэй гэсэн. “Үгүй ээ, би коммунизмын философ сурсан болохоор дахиж боловсрохгүй бол болохгүй” гээд тэгээд би ахиад Герман явчихсан байхгүй юу.

-С.Зориг өөрөө коммунизмын онол заадаг байсан гэдэг билүү?

-Мань эр бас “Би ч гэсэн тэгж яривал бас мэргэжилгүй хүн ш дээ” гэж байсан. Гэхдээ бид сурлаа гэхэд болохгүй талыг нь ойлгочихсон л явсан. Цаашдаа яах вэ гэдэг бидэнд үнэндээ л асуудал байлаа. Туршлага байгаагүй. Тэгээд би МУИС-д герман хэлний багшаар ороод, 1994 онд ахин сурахаар Герман явсан юм. Доктор хамгаалаад, 1999 онд ирсэн. Буцаад ирэхэд сөрөг хүчнийхэн аль хэдийнэ том дарга нар болчихсон. Тэдэнд Ардын намтайгаа үзэлцэх чухал байснаас биш сууриа гэгээрүүлэх, АН-аа бэхжүүлэх сонирхол байгаагүй.

Н.Алтанхуяг АН-ын дарга байсан. Соёлын төв өргөөний “хүзүүвчинд” сууж байхад нь би ороод, ийм сэдвээр Германд доктор хамгаалчихлаа. АН-д хийх юм зөндөө байгаа, сууриа гэгээрүүлэх хэрэгтэй байна гээд ярьсан. Тэгэхэд Н.Алтанхуяг “Би герман хэл ойлгохгүй ээ” гээд өөдөөс докторын ажлыг маань шидэж байсан. Ерөнхийдөө ардчиллын лидерүүд ийм хандлагатай байдаг.

-Өөрсдөөс нь илүү боловсролтой хүнтэй харьцах хэцүү байсан юм болов уу?

-Эмэгтэй хүн ирэхээр нэр холбогдчихно гэж айдаг байсан юм уу. Би өөрийгөө тэднээс мундаг гэж хэлэхгүй. Намайг бодвол үнэхээр улаан шугаман дээгүүр яваад улс төрд орсон улс. Улс төрийн муу, сайныг мэдчихсэн байгаа. Би бол онолын хүн. Монголд нөхцөл байдал бас сонин байсан.

-Тэр үед “Ардчиллын шанс” гэдэг зүйл хэр байсан юм бэ, одоо ямар болчихоод байна вэ?

А.Саруул-Тэр үед хуучин нам нь хэвээрээ, орон даяар бүтэц нь байсан. Толгойдоо жаахан өөрчлөлт хийсэн.

Нүүр царай болсон “чулуужсан” хэдийгээ л авч хаяад, мэдээлэл, сүлжээн дээр суугаад “Одоо жинхэн мөнгөө хийе” гэдэг хэсэг нь гараад ирсэн учраас шанс аль хэдийнэ 1999 он гэхэд муудсан байсан.

Энэ том сүлжээ, энэ хүмүүс байгаа цагт цаашаа явахгүй гэдэг нь харагдаж байсан.

-Сүлжээ, схем гэснээс нам харгалзахгүй авлигачидтай тэмцэнэ, шүгэл үлээнэ гэж яриад байгаа хүн маань хулгайч нарын схемийн оройд залардаг шүү дээ. Ийм хүн шүгэл үлээж байгаа гэхээр сонин санагдаад байх юм. Тогтолцоо нь хэвээрээ үлдээд байгаа юм биш үү?

-Тогтолцоо нь яаж нурах юм бэ, нураах сонирхол эдэнд байхгүй. Одоо яагаад шүгэл үлээнэ гэдэг жүжиг яваад байна гэхээр сонгуулийн шоу. Ардын нам олонх болоод, бусад намын жин дарж, үүрэг гүйцэтгэхгүй хэдэн юм бас суулгачихаад “наадъя” гэсэн сонирхол л бий. У.Хүрэлсүхийн бүлэглэл, Л.Оюун-Эрдэнийн Херогийн бүлэглэл, хуучинсаг Ц.Нямдоржийн бүлэглэл гэх мэт том бүлэглэлүүд нь бие биенийгээ айлгаад, түүнийгээ авилгатай мундаг тэмцэж байгаа мэтээр харуулаад байгаа юм. Бие биенийгээ айлгадаг. Шаардсаныг нь өгөхгүй бол нэрийг нь зарладаг. ШЕЗ Л.Оюун-Эрдэнийг огцруулна гэсэн мэдээлэл явсан. Бужигнуулаад хаячихсан чинь нийгэмд хүлээлт үүсчихсэн. Тэгэнгүүт нь одоо зугтаж байна. Тогтолцоогоо үхэн хатан хамгаалаад, насан туршдаа эрх мэдлээ баталгаажуулах санхүүгийн асуудлаа шийдчихээд буух биз.

-М.Энхболдыг 60 тэрбумын хэрэгт буруутгаад огцруулсан. Гэтэл түүнээс хойш ч тогтолцоогоо ч өөрчлөөгүй, намаа ч шилэн болгоогүй, төрийн албыг зарахаа ч болиогүй. Намын зардлаа ч бууруулаагүй.

-2000 он хүртэл цулайтлаа баяжсан том бүлэглэл байгаагүй. Н.Энхбаяр авлигын сүлжээг эхлүүлсэн. Өмнө нь бизнесийнхэн ярьдаг байсан. “Хоолонд оръё” гэхээр өмнө нь төрийн албан хаагчид, мэргэжлийн хяналтынхан айдаг байсан “Үгүй ээ, үгүй ” гэдэг байсан гэж ярьдаг. 2000 оноос хойш өөрсдөө нэхдэг болсон гэдэг. Н.Энхбаяр анх төрийн албыг зарж эхэлсэн. Одоо нэг их гэмгүй, шударга царайлаад явдаг. Эд тогтолцоогоо хамгаалах санхүүгээ босгочихоод бууна. АН-ын гай нь үүний эсрэг гэгээрүүлэх ажил хийгээгүй. Манайд угаасаа шанс муу байсан. Хуучин балиар сүлжээ нь хэвээрээ, орон даяар гэгээрүүлэх ажил хийгээгүй. Сөрөг хүчний хэдхэн хүн гарч ирсэнээ дарга болчихсон. Дарга нь сууриасаа тасарчихсан.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа “Шууд ардчилал” гээд ардчиллын амин сүнс орж ирэх ажлыг эхлүүлсэн байхгүй юу. Би Германд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хөтөлбөрт хамрагдаж байсан. Тэнд байж байхад Монголд Шууд ардчилалын хүрээлэн ажиллаж эхэлнэ гээд ирсэн.

Манайд яригдаад байгаа төлөөллийн ардчилал, зөвшилцөх ардчилал зөв утгаараа яваагүй. Манайхан тэрийг нь аваад “мушгичихсан”.

Шууд ардчилал хөгжсөн Швейцарт шийдвэр гаргах процесс нь удаан явдаг ч “Долоо хэмжиж нэг огтолдог”. Хууль шийдвэр нь эргэж буцдаггүй. Тэнд нэг хуулийг гурван жил хэлэлцэнэ. Хэвлэлээр, олон нийтээр, хэлэлцүүлнэ. Санал асуулга авч шийднэ. Нэг жил хуулиа хэрэгжүүлэхгүй хүлээнэ. Парламент нь цомхон шүү дээ. Манайхаар бол 24 аймагтай. Тэдний долоо нь “Энэ хууль болохгүй байна” гээд эсэргүүцэхэд хууль нь цуцлагддаг.

Манайх бол эсрэгээрээ. Нэг дарга өөрийн компанид зориулж хууль хийнэ. Хулгай хийхийн тулд хууль батална. Юун хууль яваад байгааг иргэд нь мэддэггүй биз дээ. Энэ чинь ардчилал биш. Хэдхэн хүн хууль баталдаг. Хууль гэхээр биднийг атгадаг юм гэсэн ойлголттой байдаг. Швейцарт, Европт болохоор хууль гэдэг бидний амьдралыг зохицуулдаг тоглоомын дүрэм.

Шууд ардчилал орж ирж байсан. Зарим нь шууд ардчилал гэнэ үү гээд намайг доромжилдог юм. Үгүй яах вэ, үгчилээд орчуулчихсан юм. Ардчилал чинь төлөөллийн гээд байгаа шүү дээ.

Бидний сонгосон “гамшгууд” дандаа луйвраар гарч ирсэн. Ардчилсан улсад хууль тогтоогчид, иргэд ижил эрхтэй байдаг. Иргэд хуулийг “унагана”. Хууль санаачлах эрхтэй.

Манайхан хоёр танхимтай парламентын тухай яриад байгаа юм. Бид аливаад өнгөц ханддаг. Монгол холбооны улс биш. Германд бол муж улсууд нь маш хүчтэй. Гадаад хэргийн яамаа тэр нам нь авч явдаг гээд бүр уламжлалтай. Германд бас жагсаалтаар орж ирдэг. Гэхдээ энэ энэ хүмүүс манай жагсаалтад байгаа шүү гэж зарладаг. Манайхан бараг нууц шахуу явдаг шүү дээ.

Манайх угаасаа шанс муу байсан. Хуучин эрх баригчид толгойгоо солиод л үлдчихсэн. Орон даяар хэрсэн сүлжээ нь хэвээрээ. Иргэдээ гэгээрүүлэх ажил хийгээгүй. Ийм нөхцөлд мэдээлэл, сүлжээн дээр сууж байгаа хэсэг “нааддаг” юм байгаа биз дээ. Сөрөг хүчний хэдхэн хүн гарч ирж байснаа бүгд дарга болчихсон. Дарга нар нь сууриасаа тасарчихсан. Хүчирхэгжсэн хэсэгтэйгээ байлдсанаас биш суурьтайгаа ажиллая гэж бодоогүй. Манайхан одоо ч бэлэн биш л байна шүү дээ. Төрөөс бэлэн юм авчих сонирхолтой. Халамжийн улс гэж ярихдаа хүрвэл барууныхны нийгмийн халамж “аймаар”. Таван литр сүүний мөнгө авчихаад би намайг ёстой халамжилж байна гэхгүй шүү дээ.

Манай багш юу гэж дүгнэсэн гэхээр хуучин намаа сөнөөгөөгүй. Тэд нь хүчирхэг. Хүчирхэг гэдэг нь мэдээлэл дээр сууж байна. Төрд байсан өмчийг мэдээж хэрэг мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй хэсэг нь авна шүү дээ. Танайд бол шанс бага юм байна гэж дүгнэсэн. Дараа нь 2008 онд би баригдаад 14 хоног “суулаа” шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлж суугаад шоронд орчихсон.

-Г.Арслан та хоёр долдугаар сарын 1-ний дараахан баригдаад байлуу?

-Тийм ээ. Долдугаар сарын 1-нд баахан амьтныг аваачаад “хийчихсэн” шүү дээ. “Ардчилсан улсад улс төрийн хоригдол байж болохгүй” гээд амаа боогоод очоод суусан байхгүй юу. Хуультай газар бол миний шидсэн чулуу тэр цонхыг хагалсан гэдгийг батлахгүйгээр баривчилдаггүй.

Зүгээр л улс төрийн хоригдол байж болохгүй гэсэн чинь аваачаад баахан янхан, архичинтай хамт хорьчихсон. Манай багш нар сандраад Монголд ирсэн. “Таны бичиж байсан үнэн байна. Танай ардчилал ураг байхдаа үхчихсэн юм байна” гэсэн.

1999 оны дүгнэлт маань нотлогдсон.

-Өнөөдөр бид гажуудсан ардчилал гэдгээр нь яваад байгаа юм уу?

-Зарим нь хабрид гэдэг. Муу утгаараа хабрид байхгүй юу. Олон нам байна, хэвлэл зөндөө байна. Телевиз зөндөө байна. Үндсэн хуультай, сонгууль явдаг уу явдаг. Ингээд харвал манайд бүх юм байна. Үнэндээ эд нар нь шал худлаа. Заир гэж улсын Мобуту гээд дарангуйлагч байсан. Тэр нь бас ингэсэн. Барууныхан “Танайх ардчилалтай бол тусална” гэсэн чинь мань эр өөрөө зөндөө нам байгуулчихсан юм. “Нам хангалтгүй байна” гэсэн чинь хэвлэл, телевизүүд байгуулчихсан гэж байгаа юм. “Хангалтгүй ээ” гэсэн чинь сонгууль хийсэн байгаа юм. Манайх яг энэ маягаар яваад байна. Манайх үхмэл ардчилалтай гэдэг төрөлд нь орж байгаа. Улам л муудаад байна.

Хилларигийн нэг номонд гоё үг байсан. Юмыг хэн ч гаднаас нь өөрчилж чаддаггүй юм. Дотроосоо л ялзардаг юм гэсэн. Арабын орнууд руу гаднаас нь оролцоод болсонгүй. Тэр байтугай Афган сөнөчихсөн гэж байна шүү дээ. Дотроо л өөрсдөө өөрчлөхгүй бол хэн ч өөрчилж чадахгүй. Дотор нь байгаа ялзралыг гаднаас нь тэтгээд байвал харин тогтоод байдаг гэдэг. Манай энэ хэдэд Оросын нөлөө байсан. Одоо Орос сульдаж байна.

Одоо улам л боловсролгүйчүүд нь дээрээ гарч ирээд байна. Манайх бол дотроо ялзраад байгаа юм. Эд ялзраад нурах цаг болсон.

-Та иргэний хөдөлгөөнөөр овоглож удаан явлаа.

-Анх иргэний хөдөлгөөний жагсаал гоё шударга явдаг байсан. Дараа нь дунд нь орсон чинь ерөнхийдөө дарга нар өөртөө татаад авчихдаг юм байна. Нөгөөдүүл амьжиргаагаа бодно шүү дээ. Одоо жагсаал харахад индэр засч, микрофон барьж байгаа биз. Тэр бол худлаа байдаг.

Бид жинхэнээрээ жагсч байхад бол талбай руу оруулдаггүй. Хуулинд зөвшөөрөл гэдэг үг байхгүй. Зүгээр л мэдэгдэх ёстой.. Зөвшөөрөл өгөх гэж байгаа гэж буруу ойлгодог, жагсах гэж байгаа хүмүүс нь ч зөвшөөрөл авна гээд явдаг болж. Цагаан хоолойтой орвол булаалгадаг. Бид мэт нь сэтгэлээсээ яваад байдаг. Миний нэг таньдаг хүн шударга дүртэй, экологи яриастай. Миний нүдэн дээр байртай, бизнестэй болчих юм. Би гэтэл ажилгүй, ядуураад л яваад байдаг. Манайд ардчиллын шанс муу байгаа нь эрх баригчидтай холбоотой. Хоёрдугаарт ард түмэнд бас асуудал бий. Нэг үг хэлснийгээ бүгд нийлээд элдвээр хэлээд “хуньчих” юм. Иргэний хөдөлгөөний идэвхитэй хэсэг нь мөнгө хайж ордог болчихож. Бүгдийг нь хэлээгүй шүү. Тавиулууд, зохиомол төрийн бус байгууллагууд бий болж.

Германд ногоон хөдөлгөөн яагаад ялсан бэ гэсэн чинь хүмүүс нь амьдрал нь дээшлэхээр эрүүл амьдрахыг хүсдэг юм байна. Хоногийн хоолоо аргацааж яваа хүмүүс байгаль орчин ногоон хөдөлгөөн ярих манатай гэдэг юм билээ.

Манайхан ядуурал их байгаа учраас хулгай их байна гэцгээдэг. Хэн хамгийн их хулгай хийж байна вэ. Хамгийн том хулгайч нар ордонд сууж байна шүү дээ. Тийм учраас бүгдийг эдийн засагтай холбож тайлбарлах дургүй болсон.

Сэтгэлтэй хүмүүс нь хог цэвэрлээд, байгаль хамгаалаад яваад байна шүү дээ.

-Та бас “Ногоон хөдөлгөөн” гээд явлуу?

-Явсан явсан. Сүүлдээ ядраад, нуруу өвдөөд больсон. Алтыг нь авч болно. Гэхдээ уул ус, голоо хамгаалаад нөхөн сэргээлт хийх ёстой гэж явсан. Оюу толгой алт, зэс олборлодог гэдэг. Цаана нь зөндөө юм дагадаг юм байна. Германд бол ашигт малтмал олборлож байхад жил болгон ирж шалгадаг. Нүүрс заавал алтыг дагадаг гэж байна. Нүүрсээ мэдэгдээгүй бол лицензийг нь цуцалдаг. Нөхөн сэргээлт гэхээр эхлээд хөрсийг нь, за тэгээд чулуулаг нь бүрэн байна уу, ургамалын аймгуудыг нь тоолдог юм билээ. Ийм эрвээхэй, тийм шавж байсан, тэр нь бүгд сэргэсэн хойно нөхөн сэргээлээ гэж хүлээж авдаг. Тийм гоё хууль байхад манайд тийм юм байхгүй.
Ингээд бодохоор “Би хаана, яаж амьдраад байгаа юм бэ” гээд аягүй гутардаг.

-МоАХ-ын хэд одоо ч тэмцээд явж байдаг. Таныг мэргэжлийн тэмцэгч гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Манай хамаатнууд хүртэл “Манай тэмцэгч явж байна” гэдэг шүү дээ. Би бол яах вэ, үгээ хэлээд л явж байгаа. Заримдаа бухимдаад буруу зөрүү ярьдаг л байх. МоАХ тухайн үедээ зөв л явж байсан. Нам болоод л амаа бариулчихаа биз дээ. Зуун мянгуулаа талбай дээр байхад их гоё байсан шүү дээ. Германаас ирээд хөөрөөд явж байсан. Бие биенийгээ танихгүй олуулаа байсан.

-Та нэг хэсэг Шууд ардчилал хүрээлэнгийн захирал байсан, болдог газраа очжээ гэж бодож байлаа.

-Шууд ардчиллын ажлын хэсэгт намайг оруулахад их баярласан. Төрийн бус байгууллага юм аа. Цалин ч үгүй. Дахиад л сайн дураараа ажилласан. Швейцарийн хөгжлийн агентлаг шууд ардчиллыг нь авч хэрэгжүүлж байна гээд тендер зарлаад, Азийн сан түүнийг нь аваад Азийн сангаас тэтгэлэг аваад ажилласан. Жижигхэн ТББ. Дөрөв, таван хүн л байдаг. Шилэн дансны хуулийг хийсэн хүн тэр багийнх байсан. Баялагийн өв сангийн хуулиар 2029 он хүртэл гар хүрэхгүй байх ёстой. Эд нар хуулиа зөрчөөд хүрчихсэн л байна. Бүгд мэдээлэлтэй байх ёстой. “Нийтийн зар мэдээний хууль”-иар төсвийг авч, өгч байгаа хүмүүсийг үүрэгжүүлсэн юм. Ийм мэдээллийг ард нийтэд заавал хүргэх ёстой. Үүнийг яаж хүргэх вэ шуудан, цахилгаан, цахим, зарыг нь амаар хүргэнэ гээд зааж өгсөн.

Ц.Оюунгэрэл бас энэ хуулийн төсөл дээр орж ажилласан. Орон нутгийн хөгжлийн сангийн хууль яагаад гарч ирсэн гэхээр орон нутгийн төсвийг дарга нар хуваарилаад байдаг. Орон нутгийн хөгжлийн сангийн хуулиар төсвийн хуваарилалтын тодорхой хэсгийг иргэдийн мэдэлд өгөх гээд байгаа юм. Орон нутаг мөнгөтэй болох эхлэл тавигдсан. Одоо ч энэ ажил явагдаад байгаа юм билээ. Гэхдээ тайлан ч алга. Санал асуулгын хууль ямар сэдвээр заавал ард нийтийн санал асуулгаар шийдэх вэ гээд их гоё процесс явсан. Дөрөв, таван хуулийн төсөл хийсэн. Сүүлдээ хэн ч дэмжээгүй шүү дээ.

Хотын дүрэм байх ёстой гээд хийсэн. Хот хороон дээрээ бид ямар асуудал шийдэх вэ гээд ажилласан. Арванхоёрдугаар сарын 31-нд бид хуулийн төсөл дээрээ л сууцгааж байсан. Сүүлдээ тэгээд хэн ч дэмжээгүй. Тэгээд л Ардын нам яллаа. Женко бол энэ хуулийн төслүүдийг тоох ч үгүй ойлгох ч үгүй. Ард түмэнд эрх мэдэл өгөх дургүй байхгүй юу. АН ч дургүй, Ардын нам бүр дургүй.

-Та нэг хэсэг номнууд орчуулаад байлуу?

-Ном орчуулдаг. Тэрийгээ л хийгээд сууя даа. Би ч одоо фэйсбүүк дээр л тэмцдэг болоод байна. (инээв)

- Сурталчилгаа -spot_img

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img