Түрүүчийг ЭНД дарж уншина уу.
Бидний буусан буудлаас хорь гаруй минут алхаад орох газар Самаркандын хамгийн алдарт зах “ Сиёб бозор” байдаг аж.Цаахан нь залгаад Доголон Төмөр хааны хамгийн хайртай Монгол хатан Биби- Ханумын (Ил хаантын гүнж) дуган сүм, хүмүүсийн зорин ирж зориуд үздэг түүхэн дурсгалт газрууд хөвөрнө. Эл гайхамшигт газруудыг үзэхсэн гэхээс хөл хөнгөрч, сэтгэл дэвэлзэнэ.
Гадуур явахад “ээ дээ мөн сайхан” байлаа. 11 дүгээр сарын хүчтэй бороо аль хэдийнээ зогсож, үл мэдэгхэн зөөлөн шиврэх төдийхөн чийг үнэртээд янзтай хачин гоёхон. Модод, навчис хуйгаараа тод өнгөөр будагдсан мэт ер бусын үзэсгэлэнгээ гайхуулна. Зам, гудамж нь тослож зүлгэсэн мэт гялалзаад цэвэрхэн гэж жигтэйхэн.Зам дагаад дэлгүүр, мухлагууд ирийнэ.
Самаркандынхаа алдарт хивсээ дэлгэж, үндэсний хээтэй хурц тод өнгийн торгодаа намируулсан дэлгүүрүүдтэй зэрэгцээд даавууны дэлгүүрүүд өнгө алаглана. Маалинган даавуу, бор маарилан материалуудыг том томоор хуйлан ороож ханаа эгнүүлэн босгоод өрчихөж. Худалдагчид нь хаалга үүдээ дэлгэн ор ор хэмээн гараараа дохин найрсгаар урина.
Толгодын дээрээс замын хажуугаар дагуулан татсан нарийхан сувгаар борооны ус гэдэг уулын горхи шиг цагаан хөөс татуулан хүчтэй орж ирэх нь гайхам. “Борооны усыг шалбааг болгож хатаахгүй, машин замаа ч гэмтээхгүй сувгаараа урсгаж аваад хэрэглэдэг, амьдрах ухаантай улс аа” гэж шагшин бодсоор өгсөж гарлаа.
Наашаа ирэхийн өмнөхөн, зочид буудлын дэлгүүрийн худалдагч биднийг монголчууд хэмээн ихэд дотносон яриа хөөрөө дэлгэж, хамгийн эхлээд захаар ор, тэгээд цаашил гэсэн юм. Тэр худалдагч “Узбек хүний өдөр тутмын амьдрал захаас эхэлдэг юм. Сайхан үнэрт талх, шинэхэн жимс ногоогоо захаас л авна шүү дээ.
Энэ улсыг захгүйгээр төсөөлөх аргагүй, идэж уухаас эхлэн өмсөх зүйх, гоёл чимэглэл, бэлэг дурсгал гээд хэрэгтэй бүгд бий. Өвөг дээдсээс эхлэн зуун зуун жилийн туршлагатай ясны наймаачид бид чинь удам дамжсан худалдаачдын үр сад шүү дээ.
Хөвүүдээ тоо тоолдог болгоод, энийг зар гээд жаахан юм бариулаад гаргадаг улс. Тэгээд л амьдрал сурна даа, эр хүн чинь олон ажил зэрэг амжуулж байж гэр орноо авч явна. Узбек эрчүүд чанга чанга, амьдрал ч бас хатуу хатуу” хэмээн тас тас хийтэл хөгжилтэйхэн хөхөрч билээ.
Нээрээ л худалдагч эрийн хэлсэн үнэн аж. “Сиёб бозор” гэх энэ зах аль эртний XIV зууны үед л байж. Самаркандын хамгийн эртний бас хамгийн том задгай зах. Жинхэнэ худалдааны наймааны төв, их хөлийн зах дээр өнөөх үе дамжсан худалдаачдын үр сад оволзтол ажиллацгаана.
Хуучны энэ зах, энэ хотоор алдарт “Торгоны зам” дайран гарч, тэмээн жингийн цуваа мянга мянган жил хөвөрчээ. Энэ мэт олон сайхан домог түүхтэй нутаг аж. Номхон далайгаас Газар дундын тэнгис хүрэх замын яг тэг голд нь Самарканд хот байж таарч. Үл тасрах жингийн цуваа үүгээр дайрч цаашлан цаашилсаар Энэтхэг, Перс, Араб, Ром, Франц Грек, Египет, Франц хүрдэг байж. Хамгийн анх, МЭӨ 121 онд эртний Хятадын Хан улсын нийслэл Чанань (Иань) хотоос торго, хүрэл толь ачсан тэмээн жингийн цуваа торгоны замын гараа эхэлсэн гэдэг.
Тухайн цаг үед торго, хүрэл толь гэдэг машид үнэтэй нандин барааны нэг байжээ. Энэ үеийн нарийн сайхан хийцтэй эртний хүрэл толь манай Өмнө говийн Ханбогд сумын Ундайн голын эргээс хүртэл олдсон удаатай.
Манай эртний язгууртан эмэгтэйчүүд хүрэл толь бас хэрэглэж байсан юмсанж. Хятадууд торго, хүрэл толио, Самаркандынхан шил, хатаасан амтат жимсээ, монголчууд малын арьс ширээ, оросууд үс ноос, зөгийн балаа, иранчууд хивсээ, грекчүүд дарсаа хэмээн өөр хоорондоо худалдаа явуулж асан түүхтэй билээ.
Самаркандын захаар явахад яг л тэр үед очсон мэт мэдрэмж төрнө. Тэд өнөө л хатаасан амтат жимс, хар чавга, инжир, үзэм, чангаанз, хушга, ойн самар, газрын самар, шинэ ургацын жимс ногоо, пирамид хэлбэртэй улаан, шар, хүрэн өнгөт хоол амтлагчдаа худалдаалан аж төрцгөөж байна. Энд ёстой л “хүний хар нүд”-нээс бусад нь бий бололтой. Захын худалдаа бэлэн мөнгөөр хийгдэнэ, заримдаа хариулт мөнгөний оронд хэдэн бөндгөр курут-курт ааруул хурууд өгөх жишээтэй.
Анх ирээд дэлгүүрт орж жаахан жимс самар авч кассанд бичүүлсэнд хариулт гээд өөдөөс хэдэн цагаан бөөрөнхий үрэл шиг юмнууд өгчихөв. “Энэ чинь юу юм бэ” хэмээн гайхан асуухад кассны хөөрхөн охин “Курт курт – курут курут” гэж амаа даран инээснээ “Амандаа хийчих, гоё исгэлэн амттай” гэлээ.
Идлээ, манай хурууд шиг тос амтагдсан биш, цав цагаан өнгөтэй, дотор нь жаахан давсны амт оруулж бөөрөнхийлж хатаасан ааруул байх нь тэр. Зах дээр махны худалдагчид мөн л хариулт мөнгөний оронд атгын чинээ мах огтолж аваад өгөх жишээний. Их хөгжилтэй. Махны хэсэг дээр, том биетэй данагар эрс үхэр, хонины махаа магтан гайхуулж байгаад л зарж орхино. “Энийг хар даа, ямар ч үс хялгас байхгүй. Ийм л цэвэрхэн” гэж хэлээд хонины гуяа харуулна.
“Сүхээр цавчсан ч ясны үйрмэг огт алга” гэж шагшингаа үхрийн хавирга зарчих нь аргагүй л удам дамжсан ясны худалдаачид гэдгийг нь илтгэнэ. Захын лангууны ард суух эмэгтэйчүүд нь гоё гоё цэцэгтэй тод өнгийн уужим даашинз өмсөж, толгойндоо өнгөлөг алчуур зангидана. Зарим нэгэн нас тогтсон хүүхнүүд инээхэд алтан шүднээс нь туяа татан гялбана. “Алтан шүд гялалзаж байна гэдэг нь чамгүй бэл бэнчинтэйгээ харуулж байгаа хэрэг юмсанж.
“Сиёб” захаар явж дуусаад, домогт монгол хатан Биби-Ханумын сүм дээр очлоо. Төмөр хаан нийслэл хот Самарканддаа сүрлэг сайхан том дуган сүм сүндэрлүүлэхийг хүсэн төлөвлөж байжээ. Түүний хүслийг хамгийн хайрт монгол хатан Биби-Ханум гүйцээсэн гэдэг. Биби-Ханумын энэ сүм XV зууны үед уран барилга талаасаа тун өвөрмөц хэмээн шагшигдаж, уран сайхан хийц, сүрлэг хээнцээрээ Исламын орнуудад гайхагдаад зогсохгүй Төмрийн сэргэн мандалтын үеийн гайхамшигт бүтээлийн нэгэнд зүй ёсоор ордог аж.
Биби-Ханум хатан уг сүмийг 1399 – 1404 оны хооронд бариулж дуусгаад, эр нөхрөө дайнаас ирэхэд нь бэлэглэж байсан түүхтэй. Бүсгүй хүний сайхан хайрыг илэрхийлж өнөө цагт үзэсгэлэнгээ гайхуулан оршиж буй өөр нэг газар бол бидний сайн мэдэх Таж Махал. Шагж буюу Шах Жахан хайрт хатан Мумтаз Махад зориулж 1631–1653 онуудад Таж Махалыг барьсан юм. Самарканд дахь Төмөр хааны үед баригдсан сүм дуганы архитектурын хэв маягаас шингээн тусгаж барьсан юм билээ.
Биби-Ханум хатны сүмийг тойрсон нэгэн сонин домгийг узбекууд сайн мэднэ. Хэд хэдэн хүн надад энэхүү домгийг ярьж өгсөн юм. Төмөр хаан олон хатнаасаа онцгойлж хайрласан нь Монгол хатан Биби-Ханум байж. Биби-Ханум хатан сүм барих ажлыг төлөвлөхдөө Төмөр хааныг аян дайнаа дуусгаад, Энэтхэгээс буцаж ирэхэд нь Самарканд хотод сүр жавхлант сүм сүндэрлэж байхаар тооцжээ.
Ингэж тооцоод сүм барих ажлыг шамдан эхлүүлсэн гэдэг. Гэтэл сүмийн барилгын ажилд оролцож байсан архитекторч залуу үзэсгэлэнт хатанд ухаанаа алдтал дурлан ажлаа явуулж чадахаа больж, барилгын ажил зогсонги байдалд орж удааширч эхэлжээ. Төмөр хааны ирэх хугацаа дөхөөд байдаг, сүмийн барилгын ажил явж өгдөггүй. Барилгын ажил ийн хоцорч байгаад Биби-Ханум хилэгнэн уурлаж өнөөх гайхал архекторийг дуудаад нэн даруй ажлаа дуусгахыг шаарджээ.
Тэгтэл архитектор эр “Танд нэг нөхцөл тавья, надад үнсүүлбэл барилга цагтаа дуусна” гэж гэж дээ. Ингэж хэлэхэд нь хатан, зарцаа дуудаж өөр өөр өнгөөр будсан өндөг авчруулаад өнөө залууд “Эдгээр өндгийг хар даа. Гадна талаасаа бүгд өөр өөр харагдах ч дотор талдаа бүгд ижилхэн. Хүүхнүүд бид ч гэсэн ялгаагүй. Бүгд адилхан. Тиймээс чи дуртай хүүхнээ сонго, тэр бүсгүйг чинь би чамд өгье” хэмээж.
Архитектор хоёр шилэн хундаганы нэгэнд сүү, нөгөөд цагаан вино хийж дүүргээд. “Энэ хундаганууд хоёулаа адилхан байгаа биз. Эхний сүүтэйг би зүгээр л балгаж орхино. Надад юу ч мэдрэгдэхгүй. Харин винотой хундага бол өөр. Энэ хундаган дахь дарсыг амтлахад миний дотор шатах мэт болно. Хайр дурлал гэдэг хүнийг яг ингэж шатаадаг” гэжээ.
Биби-Ханум хатан эрээгүй эрийн хүсэлтийг аргагүйн эрхэнд зөвшөөрч үнсүүлжээ. Үзэсгэлэнт хатны царай тунгалаг, булбарай зөөлөн цагаан арьстай байж. Дурласан хархүүгийн шуналтай үнсэлт хатны хацар дээр арилашгүй тод мөрөө үлдээсэн аж. Сүм ч баригдаж дуусч, Төмөр хаан Самарканддаа ирж, сүрлэг сайхан сүмийг бахдан харж хайртай хатандаа ихэд баярлаж талархжээ. Гэвч үзэсглэн гоо хатныхаа хацрыг яаж анзаархгүй өнгөрөх билээ. Төмөр хаан архитектор эрийг хөнөөж цогцсыг нь сүмийн дор булуулсан ажээ.
Биби-Ханум хатан хүүхэд гаргаагүй авч, эр нөхрийнхөө ач хүү Улугбегийг эх хүний хайраар өсгөж хүмүүжүүлсэн гэдэг. Төмөр хааны хувьд Чингисийн угсааны гүнжтэй гэрлэж хатнаа болгосноор хүргэн Төмөр хэмээн дуудагдаж, байр суурь нь ихэд өндөрт гарсан түүхтэй билээ.Биби-Ханум хатныг насан өөд болоход барьсан сүмд нь оршуулж, түүнээс хойш Төмөрийн удмын эмэгтэйчүүдийг энд оршуулдаг болсон байна.
Оюу цэнхэр өнгөтэй бөмбөгөр оройтой сүмийн гол өргөөний өндөр 40 метр, гадна талын дөрвөлжин ханан хэрмийн урт 109 метр урт аж. Зуу зуун жилийн турш байгалийн элэгдэлд аргагүй орж хуучирч муудаж байсан сүм 1897 оны хүчтэй газар хөдлөлтөнд өртөж бараг л нурах дээр тулжээ. Энэ үед буюу 1970 -аад оны үед узбекууд сүмийг сэргээн засч авч үлдэж чадсан байна.
Сэрүү татсан сүрлэг сайхан сүмийн дотор удтал зогсоод, зөөлөн цайвар цэцгэн хээ хуарыг ажиглан байхдаа,Төмөр хааны тэр олон хатадаас ганцхан Монгол хатан л ийм гайхамшигийг бүтээжээ гэх бодол төрж, бахдах, дотносох мэдрэмж зэрэгцэн байвай.
Үргэлжлэл бий.