Аливаа ажлыг байнга оромдож хийдэг, “анзааралгүй” дутуу орхиж салан задгай загнадаг, тохирч амлачихаад утсаа таслаад “ор сураггүй” арилдаг, “худал амлаж” нэгэндээ гай тарьж ажил алдаг, цаг хугацаанаас тэртээ хойно “хоцорч явдаг” гэх мэт алдаа бидний амьдралд түгээмэл, бараг л хэвийн үзэгдэл шахуу болчихсон байдаг. Иймэрхүү сэтгэхүй, зан авир, хандлагыг “хэзээ ч үзээгүй, огт мэдэхгүй “ улс орнууд олонтоо, тэдний нэгэн Япон улс юм.
Япончуудыг дэлхийн олон улс оронд “Ямар ч япон хүн хийж буй ажилдаа “асар” их анхаарал, ёс зүйтэй, “туйлын үнэнч” цуцалтгүй зүтгэж дуусгадаг, үүрэг хариуцлагаа тултал ухамсарласан, өчүүхэн зүйлсэд ч гэсэн анхаарлаа онцгой хандуулдаг “дэндүү” нямбай хүмүүс ” хэмээн үнэлдэг.
Ийм өндөр суртахуунтай япон хүний амьд жишээ нь 1931 оны 1 дүгээр сарын 15 нд төрсөн, өдгөө 93 нас хүрч буй Такишима Мика юм. Такишима япон эмэгтэйчүүдийн жишгээр нөхөрт гарч, хайр халамжтай гэрийн сайн эзэгтэй болж, эр нөхрөө ажиллах бололцоогоор хангаж, хүүхдүүддээ сурах орчныг нь төгс бүрдүүлж, арын албаа даасаар 29 жил болж. Хүүхдүүд нь томорч гэрээсээ явцгаасан үед Такишима 65 нас хүрч байсан гэдэг.
Гэтэл нэгэн өдөр, нөхөр нь урьдынхаасаа нэг л өөр байна гэнэ. Такишимаг байн хараад нэг юм хэлэх гээд байгаа нь илт байж. Гайхсан эхнэр нь “Чи яагаад байгаа юм бэ” хэмээн асуутал ханиасаа “Чи чинь ямар муухай тарган юм бэ” гэсэн хариу сонсох нь тэр. За тэгээд тэр өдрөө нөхөр нь өнөө үгээ ахин дахин давтаж дээ. Хайртай охин нь хүртэл, аавынхаа үгийг шүүрч авч тоглоом шоглоомоор “Ээжийн нүүр яг пял таваг, зүгээр л тал нутаг, хүзүү нь лунжгар, нуруу нь бас л зузаан лагс шүү” гэж хэлээд гэрээр дүүрэн инээд болцгоож. Япончууд тарган байх, таргалалтаас айдаг.
Ялангуяа эмэгтэй хүнийг туранхай гоолиг байх ёстой гэдэг ойлголт энэ улсын бичигдээгүй хууль аж. Такишима жин нэмж буйгаа мэдэж байж л биед нь өвдөж зовох зовиур үгүй тул хийдгээ хийгээд явж байсан гэдэг. За тэгээд тэр өдөр нөхөр, охиныхоо хэлсэнийг бодон бодон шөнө олигтой унтаж чадаагүй өнгөрөөж. Энэ өдрөөс тэр өөрчлөхөөр шийджээ.
Илүүдэл жинтэй гэрийн эзэгтэйгээс фитнессийн дасгалжуулагч болтлоо өөрийгөө өөрчилж чадсан Такишиматай хийсэн ярилцлагыг хүргэе.
-Өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн тэр үед танд ямар мэдрэмж төрж байсан бэ?
-Тэр үед чинь би 65 нас хүрчихсэн, биеийн тамир, дасгал хөдөлгөөн амьдралдаа огт хийж үзээгүй хүн байлаа. За байз, одоо яадаг юм билээ, хаанаас яаж эхлэх билээ гэж бодсон доо. Яг яахаа мэдэхгүй болчихсон. Сэтгэлдээ жигтэйхэн их гунигтай. Тэгээд, “Такишима чи маш тарган, сүүлдээ бүр хүн даахын аргагүй нүсэр лагс болж үхэх юм байна даа” гэж өөртөө хэлсэн.
Үүн шиг дотор зурсан гашуун бодол юу байх билээ. Яг тэр үед нөхөр маань надад нэгэн gym-жим сонгож өгч оруулсан юм. Тэгээд л анх удаа дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн. Аэробик – айзамт гимнастик, усанд сэлэлт, хүндийг өргөлт гээд биеийнхээ булчин болгон дээр ёстой зогсолтгүй хичээллэж өгсөн дөө.
-Та хэдэн жилийн дараа фитнессийн дасгалжуулагч болсон бэ?
-15 жилийн турш нямбай шаргуу хичээллэсний эцэст 87 насандаа фитнессийн дасгалжуулагч болсон. Анх би чинь юун фитнесс дасгалжуулагч болохыг хүсэх манатай, тарган, махлаг биесээ ичиж зовсон хүн л байлаа. Жингээ л хасах ганц хүсэлтэй. 79 насныхаа төрсөн өдрөөр хувийн дасгалжуулагч авч биеийнхээ булчингууд дээр ажиллаж эхэлсэн минь миний хувьд маш чухал шийдвэр байсан шүү.
Тэр шийдвэрээс хойш найман жилийн дараа манай дасгалжуулагч багш намайг дуудаж “дасгалжуулагч багшийн ажлын орон тоон”-д урьсан юм даа. Хичээж чармайж яваад амжилтад хүрэх шиг амттай сайхан хаана байхав. Аливаад үнэнч хандаж, юухныг ч сэтгэл зүрхнээсээ хийхэд “гайхамшиг” заавал ирдгийг өөрийнхөө биеэр мэдэрсэн. Миний бие өмнө нь ямар байсан, ажилгүй гэрийн авгай явсан нь хэнд хамаатай билээ дээ, одоо ямар байгаа, яаж явж буй минь л чухал.
Аль ч фитнессийн хаалгаар шагайж, цонхоор харахад дасгалжуулагч багш нар нь бүгд залуу идэр чийрэг эрчүүд, хүүхнүүд, мэргэжлийн мундаг тамирчид байдаг. Би анх удаа хичээлээ заахдаа жаахан ичиж зовж байсан шүү. Гэхдээ дундаж насны маш олон хүн намайг сонгож ирсэн. Тэдний нэгэн байсан миний хувьд ямар дасгалыг яаж хийхэв, ямар хэлээр тэдэнтэй ярихаа мэднэ шүү дээ. Үүнийхээ хажуугаар цахимаар хичээл заадаг, ажил ихтэй завгүй болохоор өдөр хурдан өнгөрөх юм.
-Таны өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ, хоолны цэсээ сонирхуулаач?
-Би үүрийн 04.00 цагт сэрдэг. Хангалттай унтаж амарсан байдаг юм. Тэгээд 1 км сайхан алхана, дараа нь 3 км зөөлөн шогшин гүйнэ. Усанд орж биеийн булчин хөлийн ул, гар мөр, нуруугаа сайхан амраана. 07.00 цагт өглөөний цайгаа ууна. Хоёр жаахан савтай дарсан соуны буурцаг – natto, түүхий өндөг, хивэг, далайн байцаа, бор будаа, дүүпүү, заримдаа занасмисо-miso шөл уудаг. Өдөр гадил жимс, жижигхэн савтай Yakult ундаа уудаг. Оройн хоолондоо ногооны шинэхэн салат, тахиа, дарсан байцаа, шөл, бор будаа, хоёр хундага сайхан вино хүртдэг. Тэгээд зөөлөн дасгал хийж усанд ороод нам унтдаг.
-Та мөрөөдлөө хуваалцаач?
-Би нэг өдөр мартахын аргагүй мессэж авч байсан юм, үл таних нэгэн хүнээс. Тэр хүн “Би сэтгэл санааныхаа гүнээс маш гутарч яг л нуран унаж байлаа, яаж үзээд ч өөрийгөө дийлж чадахгүй болсон байсан л даа. Тэгээд амиа хорлох тухай бодож байхдаа таны видеог санамсаргүй үзчихсэн юм.
Та бол гайхамшигтай эмээ, миний бүх муухай хар бодлыг салхи мэт элдэн хөөж цэвэрлэсэн. Маш итгэмээргүй гайхамшиг шүү. Одоо би амьдралыг тод гэрэл гэгээтэй сайхнаар харж ажиллаж, амьдарч явна. Баярлалаа, эмээ та миний амыг авсарсан гэдгээ санаж яваарай” гэсэн байсан. Тэр мессэж ч надад гайхамшиг бэлэглэсэн. Би бүхнийг өөрийхөө төлөө хийсэн.
Гэтэл ажилтай болчихсон. Олон зуун хүн миний видеог үзэж урам зориг авч амьдарч байна гээд бодсон чинь улам хүч орсон. Миний мөрөөдөл хүнд туслах. Хэн ч сэтгэл санааны хямралд орж ганцаардаж үхэж болохгүй. Яг ийм зорилго өмнөө тавьж 47 мужийн тойрогтой холбогдож ажиллаж эхлэсэн. 100 нас хүрч байгаа эмээ нь ингэж чадаж байхад, та нар надаас хамаагүй илүү, улам сайхан амьдарч чадна гэдэг урам зориг өгөх хүмүүст өгөх л миний “мөрөөдөл”.