2024-07-22, Даваа
22 C
Ulaanbaatar

“Компьютер тоглоомын Дэлхийн аварга” 83 настан

Манай сайт "Дэлхийн орнуудын өндөр настнуудын амьдралаас" гэсэн булан нээж цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа компьютер тоглоомын дэлхийн хамгийн өндөр настай аварга Аббе Боргийг онцолж байна.

“Компьютер тоглоомыг зөвхөн хүүхэд залуус л дурлан тоглодог гэж бодож явдаг бол та эндүү төсөөлж байна. Ахимаг насныхан, тэр дундаа бүр өндөр настнууд компьютер тоглоомыг гайхалтай тоглож яваа жишээ өчнөөнөөрөө бий. Хөгшчүүл хоорондоо нэгдэн баг болж, яг таг бэлдэж байгаад олон улсын аварга шалгаруулах уралдаан тэмцээнд орж, халз тулж, зад үздэг болсон шүү. Ахмадын ийм хүчирхэг багуудтай орнууд гэвэл Герман, Швед, Орос, Португал, Финлянд, Украйн байна. Саяхан япончууд 14 гишүүнтэй хүчтэй баг бүрдүүлчихлээ. Ахмадуудаас бүрдсэн компьютер тоглоомын багууд жил ирэх бүр өргөжин тэлж байгаа нь баяр төрмөөр хэрэг” гэж Аббе Борг инээмсэглэн ярилаа. Тэр 83 настай. CS:GO “Counter Strike” тоглоомын мэргэжлийн довтлон дайрагч, “Мөнгөн – мэргэн буудагчид” гэдэг нэртэй ахмадуудын багийн гишүүн байсан нэгэн.

Аббе Борг 2019 онд 78 насандаа, “Компьютер тоглоомын дэлхийн хамгийн өндөр настай аварга” болсон юм. Түүний энэ амжилт дэлхийн сая сая залуусын анхаарлыг соронздон татаж жинхэнэ шуугиан тарьсан гэдэг. Учир нь CS:GO “Counter Strike” компьютер тоглоомд хэрийн хүн аварга болчихдоггүй. Асар өрсөлдөөнтөй хамгийн хэцүү энэ тоглоомын хувьд зүгээр л нэг, жирийн дундаж тоглогч болохын тулд маш их цаг хугацаа, ур ухаан, хурд хүч, зөв үйлдэл, мэргэн шийдэл, сайн тактик, их туршлага шаарддаг юм.

83Зарим настайчуул хүүхэд залуусыг үргэлж шүүмжлэн, өнөө цагийн бүхнийг ул болгож, өнгөрсөн цагаа зул болтол магтдаг үзэгдэл манайд тод анзаарагддаг. “Одооны хүүхдүүд” гэх шүүмжлэл Платоны үеэс өнөөг хүртэл тасрахгүй яваа, цаашид ч ийм хандлага нийгмийн нэгээхэн өнгө болсоор үргэлжлэх биз. Гэхдээ хурдтай хөгжил дэвшлээс дан хар мууг нь хайж, дэмий цухалдан хүн амьтныг дургүйцтэл үглээд, юуг яаж өөрчилнө гэж. Өөрсдийгөө залуу үеэсээ улам холдуулж “хөгшин- залуу” гэсэн том ялгаа зааг гаргахаас хэтрэхгүй дэмий хандлага. Ингэж дундаа хана босгон өөрсдийгөө нийгмээс тусгаарлаж гиюүрэх тэгж их хүсэхээр зүйл биш.

Хөгжлөөрөө тэргүүлж буй орнуудад бусдын хөгшин залуу байх тэгтлээ анхаарах сэдэв биш. Хот хөдөөгийн гарал, эр эм хүйсийн ялгаа, боловсрол, ажил төрөл хэнд ч падгүй. Харин аливааг хийсэн шиг хийдэг, чадвар авьяас, ухаан нь л хамгаас чухал, бүгдээс эрхэм.“Залуус бид л хийнэ”, “Би, залуу хүн болохоороо” гэдэг үгийн оронд тэд “бид бүгд, хамтдаа” хэмээн ярьдаг, сэтгэдэг. Тиймээс бүх насны хүмүүс нь биесээ ойлгож, харилцан хамтарч улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулдаг. Үүний нэг тод жишээ нь “Counter Strike” компьютер тоглоомын хамгийн өндөр настай дэлхийн аварга Аббе Борг юм. Ингээд түүний ярианаас эшлэн хүргэе.

83

  • Манай Шведүүд хөгшин залуугүй бүгд, өөр өөрийн хийдэг, сонирхдог хоббитой. Хүн бүр л хоббигоо хөөгөөд сонирхолтой, завгүй амьдарцгаадаг. Бусдыг харж шүүмжлэх яахав, урдах ажлаа л сайн хий гэдэг зарчим манай нийгэмд үйлчилдэг. Би тэдний л нэг.
  • Миний ач охин компьютер тоглоом байнга тоглодог. “Энэ тоглоомонд хүүхэд залуус яагаад ингэтлээ татагдан дурлаж байна вэ” гэсэн сониуч бодол их төрдөг байлаа. За тэгээд ингэж сонирхож явсаар дөрөв таван жилийн өмнөөс ач охиноороо компьютер тоглоом заалгалаа даа. Тоглож үзлээ. Болж байна шүү. Тэгээд л энэ тоглоомд дурлачихсан. Ач охин маань миний амь. Гэр бүл дотроо их “булагнадаг” юм, бид хоёр.
  • 83Би компьютер тоглоомонд овоо зүгширснийхээ дараа өдөрт, 15- 25 насны хүүхдүүдтэй хоёр цаг тоглодог болсон юм. Тоглох тусам жаахан хүүхдүүдээс өмнө нь олж харж байгаагүй гайхмаар чанаруудыг олж харсан даа. Тэд ямар сэргэлэн, ямар сийрэг ухаантай гээ. Хүнд хэцүү нөхцөлөөс хурдан гарч байгаа сэтгэлгээ нь бүр биширмээр. Айхавтар ур чадвар шүү. Тоглож сурч байхдаа би мөн ч олон удаа “алуулсан” даа, гэхдээ бууж өгөлгүйгээр чадвараа ахиулсаар байсан.
  • Компьютер тоглоом хөгшин хүмүүст тун хэрэгтэй, бас их ашигтай. Нас ахиад ирэхэд аажуудаа анхаарал суларч, ойр зуурын юмаа хүртэл мартан будилдаг. Жишээ нь харааны шилээ духандаа тогтоочихоод л ширээ сандал доогуур хайж самгардах нь энүүхэнд болчихдог. Индүүгээ салгасан билүү, хаалгаа түгжсэн байгаа даа гэх мэт түмэн эргэлзээ, мунгинаан өдөр тутмын хэв маяг шахуу болно гээд төсөөл дөө. Компьютер тоглосноор би энэ бүх асуудлаа мартсан. Тоглож байхад, хүссэн хүсээгүй анхаарлаа бүрэн төвлөрүүлж эхэлдэг. Тархиа ажиллуулж байж хожих учраас сэргэг сэргэлэн байхаас аргагүй. Тархины маш сайн дасгал болдог юм.
  • Би уран барималч, урлагийн хүн. Хад чулуу, төмөр модоор 50 гаруй жил бүтээл урласан учраас хуруунууд маань их өвддөг болсон. Өдөр болгон тогтмол цагаар компьютер тогшин хуруу гараа хөдөлгөөд байтал нэг мэдсэн чинь өнөө өвдөлт алга болчихсон шүү. Хүн гар хурууныхаа эд эсийг ажиллагаатай байлгахын тулд тохирсон хөдөлгөөн хийх нь тун чухал юм байна. Хөгжимчид байнга дасгал хийж, гар хуруу нь хөдөлгөөнтөй байхгүй бол яаж төгөлдөр хуураа дарах билээ. Компьютер тоглоом яг үүнтэй адил.
  • Тархи завгүй ажиллана гэдэг сайхан юм. Тоглоомныхоо арга төлөвлөгөөг бодож боловсруулж, анхаарлаа зуун хувь төвлөрүүлэх, хурдтай ажиллаж байж эсрэг талаас бултаж зайлах гээд маш их юм болно.
  • “Counter Strike” тоглоомыг сурчихаад би багаа бүрдүүлсэн юм. Манай гишүүд цөм 65 – аас дээш насныхан. Нийлээд тоглож эхэлтэл харин “Lenov” компани бидэнтэй холбогдож гишүүнээ болгосон.

83Ингээд л “Мөнгөн – мэргэн буудагчид” ахмадын баг түүхээ албан ёсоор эхэлж байлаа. Дэлхийн аварга гэдэг хүндтэй цолыг өдий насандаа хүртэж, Шведийнхээ далбааг мандуулан, аваргын том цом тэвэрч, хэдэн зуун хүний алга ташилтаар шагнуулан зогсоно гэдэг тэр болгон хүнд тохиолдох аз завшаан биш. Хүн л хүндээ урам зориг хүч тэнхээ өгдөг нь гайхамшигтай шүү. Үнэхээр сайхан байсан, мартахын аргагүй.

Төгсгөлд өгүүлэх нь:

  • Аббе Борг өдгөө “Алтан – мэргэн буудагчид” нэртэй шинэ баг бүрдүүлж, 60- аас дээш насны хүмүүсийг багтаа аваад байна. Түүний багийн зарим гишүүн армид алба хааж байсан цэргийн хүмүүс аж. Энэ тухай Блүүмбэрг ТВ, DSCVR, The Soho Loft Медиа Групп, LDJ Capital Inc, USA Today зэрэг нэртэй хэвлэл мэдээллийнхэн сурвалжилж мэдээ, нэвтрүүлэг бэлтгэн цацаад буй.
  • Цуцашгүй Аббе Боргийн хоч нь “DieHardBirdie”. Махчлан утгачилбаас “амархан дарагдахгүй шазруун шувуу” гэж бууна. Түүнийг шувуу гэж нэрлэсэн нь ч учиртай аж. Тэрээр шувуудын дууг гайхалтайгаар дуурайдаг онцгой авьяастай хүн юмсанж.
  • Аббе Борг “Хөгширч байгаагаасаа бүү ич, бүү зов. Харин ч залуу үе ач гучаасаа мэдэхгүй зүйлээ асуу сурч, цагийг хамтдаа сайхан өнгөрөөх нас шүү. Амьдрал ямар сайхныг мэдэрч, зүгээр л гоё амьдар” хэмээн хэлэх дуртай гэнэ.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img