2024-12-09, Даваа
-13 C
Ulaanbaatar

Г.ЁНДОН: “ЭРДЭНЭТ” АНХ УДАА 4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ АЖИЛЛАЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирал, доктор (Ph.D) Г.Ёндон уул уурхай, эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчидтэй /2023.12.29/ уулзалт хийж , “Эрдэнэт үйлдвэр”-ийн үйл ажиллагаа, тэр дундаа 2023 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудынхаа талаар танилцуулсан юм. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар тэрээр томилогдон ажиллаад 1 жил дөрвөн сар өнгөрч байна. Монгол Улсын баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрдэнэтийн Овоо ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт үйлдвэр”-ийг байгуулах “Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулагдсаны 50 жил, Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсний түүхт 45 жилийн ой 2023 онд тохиосон юм.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН ГЭХЧЛЭН ШИНЖЛЭХ УХААНЫ ХӨГЖИЛ ДЭВШИЛ ЯВАГДАЖ БАЙГАА Ч ҮҮНИЙ ГОЛ СУУРЬ НЬ УУЛ УУРХАЙ ХЭВЭЭР БАЙНА. УУЛ УУРХАЙН АЧ ХОЛБОГДОЛ УЛАМ НЭМЭГДЭХ БОЛНО 

-Уул уурхайн салбар дэл­хийн чиг хандлагыг тодор­хойлж байна. Улс орны удир­дагчид айлчлал хийхдээ ашигт малтмал тойрсон асууд­­лыг нэлээд ярилцаж бай­гаа нь эндээс харагдана. Тухайлбал “Их долоо”-гийн гишүүн орнуудын уулзалтууд эрдсийн хайгуул, олборлолт, ашиглалтыг түлхүү хөндөж байна шүү дээ?

-Тийм зүйл ажиглагдаж байна. “Критикал ашигт малт­мал” буюу бидний монгол хэл дээр хөрвүүлэн хэрэглэж байгаа “чухал ашигт малтмал”-ын талаар улс орны удирдагчид уулзалт бүртээ ярьж байна.

Манай салбарын зарим хүмүүс үүнийг “стратегийн ашигт малтмал” гэж нэрлэвэл оновчтой гэдэг. “Стратегийн орд” гэсэн ойлголт манайхаас өөр хаана ч байдаггүй. Хүн төрөлхтөн хүлэмжийн хийг буу­руулах зорилгыг өм­нөө тавьсан. Томоохон ор­нууд энэ чиглэлд манлайлал үзүүлж байна. Европын ор­нууд нүүрсний станцуудаа хаахаар төлөвлөн ажиллаж байгаа. 2038 он гэхэд хамгийн сүүлийн нүүрсний станцаа хаана гэж байгаа ч сүүлийн хоёр жилийн үйл явдлууд өөр нөхцөл байдалд хүргэх боллоо.

-Холбооны Бүгд Найрамдах Герман Улс нүүрсний салбар дахь хэд хэдэн томоохон төслөө сэргээх мэдээлэл хийж байна лээ?

-Хүн төрөлхтөн байгаль дэлхийгээ аварч, дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авъя гэвэл нүүрсний хэрэглээндээ анхаарах л хэ­рэг­тэй болж байна. Нүүрс, шатахуун, байгалийн хий зэр­гийг багтаасан “малтмал түлш” гэсэн ойлголт бий. Үүнтэй холбоотойгоор эрдэс баялгийн салбарт маш том зорилтууд шинээр гараад ирлээ. Бидний амьдралд “крити­кал минерал” гэдэг маш чухал ашигт малтмалын тухай ойлголт сүүлийн жилүүдэд хүчтэй нэвтэрч байна.

Зэсийг АНУ мөн критикал минералын жагсаалтад орууллаа. Ту­хайн улс орны үндэсний аюул­гүй байдал, эдийн зас­гийн тусгаар тогтнолд нэн чухал ашигт малтмалыг кри­тикал минералд багтаадаг. Нөгөө талдаа дотоодын бо­ловсруулах үйлдвэрүүдээ хам­гаалах зорилгоор энэ чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлж байна. Энэ талаасаа уул уурхайн салбарын хөгжил дэвшилгүйгээр дэлхий өмнөө тавьсан зорилгоо биелүүлэх боломжгүй тийм нөхцөлд бид амьдарч байна.

-Тэгэхээр уул уурхайн өмнө маш том хариуцлага тавигдаж байна гэж хэлж болох нь ээ?

-Тийм. Польшийн Төрийн тэргүүн Анджей Дуда 2023 онд Монголд айлчлахдаа газ­рын ховор элемент, батарейн түүхий эдийн чиглэлээр хам­тарч ажиллах ямар боломж байна вэ гэж яри­лаа. Мөн Францын Ерөн­хийлөгч Эммануэл Макрон газ­рын ховор элемент, ураны асуудлыг мөн хөндсөн.

Г.ЁндонМон­гол-Франц улсын дипломат харил­цаа “Бадрах Энержи”-гийн хэрэгжүүлж байгаа төсөлтэй шууд холбогддог. Миний хувьд сайд байхдаа, ковидын үеэр Францын талтай шууд яриа хэлэлцээ хийж, зогсонги бай­далд орсон ураны туршилтын үйлдвэрлэлийг эхлүүлж бай­сан. Энэ төсөл өнөөдөр амжилттай урагшилж байна. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлч­лах үеэрээ газрын ховор эле­ментийн төслүүдээ танил­цуулсан.

Монгол Улсын Ерөн­хийлөгч У.Хүрэлсүх Францад мөн төрийн айлчлал хийж “Бадрах Энержи”-гийн төс­лийн хөрөнгө оруулалтын эхний гол асуудлуудыг шийд­вэрлэж ярилцлаа. Энэ мэтээр хүн төрөлхтний ярьдаг гол сэдэв нь уул уурхай болж байна. Уул уурхай хүн төрөлхтний хэрэгцээг хангах зорилгоор бий болсон салбар.

Хэдийгээр хиймэл оюун ухаан зэрэг шинжлэх ухааны хөгжил дэвшил явагдаж байгаа ч үүний гол суурь нь уул уурхай хэвээр байна. Тэгэхээр уул уурхайн ач холбогдол улам нэмэгдэх болно.

-Төрийн зүгээс уул уурхайн салбарын түвшинд гаргасан шийдвэрүүд иргэд уул уурхайг ойлгоход тодорхой дөхөм үзүүлсэн гэж Та хэлж байсан. Үүнийг тодруулна уу?

-Үүн дээр зарим нэг жишээг хэлж болно. Салхитын мөнгөний ордын хувьд ах­мадын зээлийг тэглэж, мөн зээл аваагүй ахмадуудад 1 сая төгрөг олгосон. Энэ ямар орд вэ гэдэг өөр асуудал, гэхдээ ашигт малтмалын ордыг ард түмэнд өгөөжтэйгөөр ашиглах боломж байгааг харуулсан гэж би боддог. Тавантолгой ордоос 2020 оны есдүгээр сард ард иргэддээ анх удаа ногдол ашиг хуваарилсан. 2012 оноос хойш төрсөн хүүх­дүүдэд энэ ногдол аш­гийг олгохоор Засгийн га­зар шийдвэрлэж байна.

Сайж­руулсан түлшний үнийг 75 хувиар бууруулж, Улаанбаатар хотын утааг бууруулахад тодорхой дэмж­лэг үзүүллээ. “Эрдэнэт үйлд­вэр”-ийн зүгээс ард ир­гэд, аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулаан, уур ус, хогийн мөнгийг төлсөн, “Оюу толгой” ХХК-аас 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн зэргээр дурдаад байвал уул уурхайг зөв ашиглах нь ард түмэнд хүртээмжтэй гэдэг нь харагдана.

Уул уурхайн бүтээг­дэхүүний биржийн тухай хуулийн төслийг сайд байх­даа гаргаж ирж ярихад “наа­дах чинь бүтэхгүй байх” гэ­сэн агуулгатай зүйлийг за­рим эдийн засгийн тоймчид ярьж байсан. Өнөөдөр энэ бирж хэрхэн ажиллаж байгааг та бүхэн харж байгаа байх. Чингэлэг тээврийн тер­миналын талаарх Засгийн газрын анхны тогтоолыг сай­даар ажиллаж байхдаа гаргуулж байлаа.

Шивээхүрэн боомт дээр хамгийн анх­ны чингэлэг тээврийн тер­миналыг байгуулж, үйл ажиллагааг нь явуулсан. 2020 онд Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-г Монголд айлчлах үеэр нүүрсний экспортыг 60 сая тоннд хүргэнэ гэж ярихад манай Засгийн газрын танхимын зарим сайд нар “Та нар бодитой юм ярь” гэдэг байлаа. Тэгвэл энэ жил Монгол Улс бараг 70 сая тонн нүүрс экспортоллоо шүү дээ.

ИРЭХ ЖИЛ 2024 ОНД 38 САЯ ТОНН ХҮДЭР БОЛОВСРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА. ТИЙМЭЭС ДАХИН ӨӨРӨӨ НУНТАГЛАХ ХЭСГИЙГ ДАХИН 2 САЯ ТОННЫН ХҮЧИН ЧАДЛААР НЭМЭГДҮҮЛНЭ. ОЛБОРЛОЛТЫН ХЭМЖЭЭГЭЭ 40.9 САЯ ТОНН ХҮРГЭХ ЗОРИЛГОТОЙ АЖИЛЛАЖ БАЙЖ ГАРГАЖ БАЙГАА БАЯЖМАЛЫН ХЭМЖЭЭГ НӨХӨХ БОЛОМЖТОЙ

-2023 он “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд онцгой он жил байлаа. 60 жилийн тэртээ Монгол-Чехословакийн геологиуд “Эрдэнэтийн Овоо” ордыг анх нээж илрүүлсэн. Түүнээс хойш энэ ордын нарийвчилсан хайгуулын ажил үргэлжилж, ордыг ашиглах Засгийн газар хоорондын хэлэлцээр хийгдэж, хамгийн анхны баяжмал гаргасан зэргээр түүхэн он жилүүд тохиолоо. Төрийн хэмнэлтийн хууль үйлчилж байгаа энэ цаг үед Та бүхэн ойгоо даруухнаар тэмдэглэв үү гэж харагдсан?

-Тийм ээ. Төрийн хэм­нэлтийн хуулийн хүрээнд ойгоо тэмдэглэлээ. Хэдий тийм ч уурхайчин хамт олон маань ойгоо өндөр амжилтаар угтахын тулд нэлээд хичээж ажил­ласан. Түүхэндээ бай­гаагүй тоон үзүүлэлтэд хүрч байгаадаа баяртай байна.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн үүрч байгаа ачаа ямар байна тэр хэрээр улс оронд үзүүлж байгаа өгөөж, улсын төсөвт оруулж байгаа орлого нь харагддаг. 2016 он хамтарсан үйлдвэрийн хувьд хамгийн сүүлийн жил. Тухайлбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг Монголын тал (“Монголиан коп­пер корпорейшн” ХХК) худалдан авч, түүнээс хойш Монголын 100 хувь аж ахуйн нэгж болж ажил­лаад 2019 оноос 100 хувь төрийн өмчит үйлдвэрийн газрын статус­тайгаар үйл ажиллагаа явуулж байна. Та Ерөнхий за­хирлын хувьд үйлдвэрийн өн­гөр­сөн жилүүдэд гаргасан ямар амжилтуудыг онцлон дурдах вэ?

Г.Ёндон-Уулын үйлдвэрүүдийн нэг онцлог бол ашиглалт эхэлс­нээс хойш геологийн үндсэн үзүүлэлтүүд нь нэг хэсэг оргилдоо хүрч төслийн хүчин чадлаа эзэмшээд, түү­нээс хойших хугацаанд уул-геологийн нөхцөлүүд ааж­маар буурдаг гэж хэлж болно. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд хүдрийн агуулга 2016 онд 0.510% байсан бол 2023 онд 0.410% болж, 2024 онд 0.380% болтлоо буурахаар байна.

Оюу толгой ордын хүдэр дэх зэсийн агуулга ойрын хэдэн жилд өснө, тэгээд аажмаар буурна. Тэгэхээр уурхай гүнзгийрэх хүдрийн агуулга буурч, зардал тогтмол нэмэгдэх бөгөөд хүдрийн хатуулга нэмэгдсээр байгаа. Бид­ний хувьд хамгийн чухал зүйл бол тогтмолтой үйлдвэрлэлийг хангах. Хүдрийн агуулга буурахын хэрээр зэсийн металл авалт дагаж буурдаг талтай.

-Нэгэнт хүдрийн чанар муу­даж байгаа энэ тохиолдолд та бүхэн ямар арга хэмжээ авч байна вэ?

-Олборлолтын хэмжээг нэмэг­дүүлж байна. 2023 онд ма­най үйлдвэр 39.7 сая тонн хүдэр олборлож, 37.3 сая тонн хүдэр боловсруулсан. Хүдэр олборлолт, боловсруулалт тогт­мол нэмэгдэж байгаа үзүү­лэлтийг эндээс харж болно.

Хүдэр бэлтгэлийн өөрөө нунтаглах хэсэгт 6 сая тонны өргөтгөл хийсэн учраас боловсруулалт нэмэгдсэн. Ирэх жил 2024 онд 38 сая тонн хүдэр боловсруулахаар төлөвлөж байна. Тиймээс өөрөө нунтаглах хэс­гийг дахин 2 сая тоннын хүчин чадлаар нэмэгдүүлнэ.

Олбор­лолтын хэмжээгээ 40.9 сая тонн хүргэх зорил­готой ажиллаж байж гаргаж байгаа баяжмалынхаа хэмжээг нөхөх боломжтой. Зардлаа улам бууруулах, илүү үр ашигтай ажиллах вэ гэдэгт бидний бүх бодлого явж байна.

-2016 онд “Эрдэнэт үйлдвэр” нь 126 тэрбум төгрөгийн алдаг­далтай, борлуулалтын орлого нь 1 их наяд 258.0 тэрбум төг­рөг байсан бол 2023 оны байд­лаар анх удаа 4.0 их наяд төг­рөгийн босгыг давсан бор­луулалтын орлоготой, 819.0 тэр­бум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн эдийн зас­гийн үзүүлэлт дотор улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн хөрөнгө 2.0 их наяд төгрөгт хүрсэн нь мөн л үйлдвэрийн түүхэнд бай­гаагүй үзүүлэлт болсон. Үйлд­вэр нь хоногт 11 тэрбум төг­рөгийн борлуулалтын орлого хий­дэг, үүнийхээ талыг улс, орон нутгийнхаа төсөвт тогтмол төлдөг гэж хэлж болно.

Улс, орон нутгийн төсөвт төлсөн татвар, хураамжаас АМНАТ 885 тэрбум, төрийн өмчийн ногдол ашиг 415.5 тэрбум төгрөг бүрдүүлж байна.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын эдийн засагт эзэлж буй байр суурийг Та цөөн үгээр тодотговол?

-2022 оны гүйцэтгэлээс харахад “Эрдэнэт үйлдвэр” нь нийт 6,850 ажилтантай ажилласан нь Монгол Улсад ажил эрхэлж буй иргэдийн 0.6%-ийг, экспортод эзэлж буй хувь хэмжээгээр бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын нийт экспортын хэмжээ (1.2 тэрбум ам.доллар) нь Монгол Улсын нийт экспортын 9.4%-ийг эзэлж байна. Түүнчлэн ТӨҮГ-ын үйлдвэрлэл (3.4 их наяд төгрөг) нь Монгол Улсын ДНБ-ий 6.3%-ийг, Төсвийн орлогод 1.8 их наяд төгрөгийг төвлөрүүлсэн нь нийт төс­вийн орлогын 10.5%-г эзэлж байна.

-“Эрдэнэт үйлдвэр”-тэй гэ­рээ байгуулж ажилласан 19 аж ахуйн нэгжид цар тахлын жилүүдэд үнийн өсөлт үүсэж, нийт 183.1 тэрбум төгрөгийг төлөх хүсэлт ирүүл­сэн байсан. Энэ асуудлыг та бүхэн оновчтой менежмент хэрэгжүүлснээр зөв зүйтэй шийд­вэрлэсэн гэж ойлгож байгаа, зөв үү?

-Энэ маш том мөнгөн дүн байсан учраас бид маш хариуцлагатай хандаж ажилласан. Оновчтой шийд­­вэр гаргах шаардлагатай нүүр тулсан гэж хэлж болно. Эдгээр 19 аж ахуйн нэгж Барилгын хөгжлийн төвөөр энэхүү үнийн өсөлтөөр бий болсон 183.1 тэрбум төгрөгийн магад­лал хийлгэж баталгаажуулсан байсан. Улмаар Тө­рийн өмчийн бодлого зохицуулалтын газар тө­сөвт тодотгол хийж, 183.1 тэр­бум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн зүгээс аж ахуйн нэгжүүдэд хувааж ол­гох хэрэгтэй гэж үзсэн байдаг.

Миний хувьд үйлдвэрийн захирлын ажлыг авсны дараа энэ бүхэнтэй танилцаж шийдвэр гаргах болсон. Бид цех хэсэг бүрээрээ судалж, олон улсын аудитын компаниар үнийн өсөлтийг тооцуулж, гаргасан дүгнэлтээр хэлцлээ хийсэн юм. Ингэснээр бид энэ мөнгөн дүнг 109.2 тэрбум төгрөгөөр бууруулж, хэмнэх боломжтой болсон. Эрдэнэтийн уур­хайчдын хөдөлмөр зүтгэлээр бий болгосон материаллаг баялгийг бид аль болох хамгаалах шаардлагатай. Энэ баялаг үйлдвэртээ л үлдэх ёстой.

Эдгээр 19 компанийн хоёр нь энэ үнийн дүнг зөвшөөрөхгүй гэж шүүхэд хандсан байгаа. Харин бусад компаниудийн хувьд үүнийг зөвшөөрч, гэрээгээ хийгээд ажлаа хэвийн явуулж байна. Төрийн өмчит бусад компаниудад энэ шийдвэр сайн туршлага болох байх аа гэж хардаг.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс бүх тендерүүдийг нээлттэй болгохоор ажиллаж байна. 2015 онд нийт гэрээний 84 хувийг шууд хэлбэрээр байгуулдаг байж. 2026 оноос нээлттэй тендерээр явуулдаг болсон төдийгүй өнөөдрийн байд­лаар нийт гэрээний 93.2 хувь нь нээлттэйгээр явуулж байгааг таны танилцуулгаас харж байна. Үүнээс 6.8 хувийг шууд гэрээ бай­гуулж байна л даа. Шууд гэрээний хувьд Танд онцолж хэлэх зүйл юу байна вэ?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн олборлолт, бо­ловс­руулалт гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгцээтэй бараа, материалыг тухайн үйлдвэрүүдээс шууд авдаг. Үүнийг бид цаашдаа 100 хувь болгохын төлөө явна. Хоёрдугаарт, бид дотоодын үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримталж байна. Жижиг, дунд үйлдвэрүүдээ мэдээж дэмжиж байгаа.

-Худалдан авах ажиллагаан дээр хийг­дэж байгаа ямар ажлууд байна вэ?

-Цахим хөгжил, холбоо харилцааны яамтай хамтран хиймэл оюун ухаа­ны худалдан авах ажиллагааг нэвт­рүүлэхээр ажиллаж байна.

Цахим шилжилтийн (e-procurement) 1 дүгээр үе шатанд (2020-2023) Хөрөнгө оруу­лалтын төлөвлөгөө, Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө гэх зэрэг зүйлд анхаарч байсан бол цахим шилжилтийн (Smart procurement) 2 дугаар үе шатанд (2023-2024 он) хиймэл оюун ухаан, тендерийн цахим баримт бичгийг таниулах ажил, ангилах тендерийн үнэлгээ хийх зэрэгт анхаарна.

Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх юм бол үйлдвэрийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлнө.

-2.9 тэрбум тонн зэсийн хүдрийн нөөцийг “Эрдэнэт үйлдвэр” 2021 онд батлуулсан. Цаашид жар, да­лан жил тогтвортой ажиллахын тулд ирээдүй рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг татах нь ТӨҮГ-т маш чухал, тийм үү?

-Олон улс орон зэсийг дотооддоо бо­ловсруулах бодлого баримталж байна. Индонезийн Грасбергийн уурхай гэхэд Засгийн газар нь “баяжмалыг экспортлохгүй” гэсэн тогтоол гаргаж байна.

Монгол Улсын хувьд Үйлдвэр, технологийн парк (ҮТП) байгуулах бодлого, шийдвэрийг төр засгийн зүгээс гаргаж, тусгай зөвшөөрөл олгосон. Үүнээс хойш ҮТП байгуулах гол цөм нь Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр.

560 мянган тонн зэсийн баяжмалыг боловсруулж катодын зэс үйлдвэрлэнэ. Энэ нь нэлээд хөрөнгө оруулалт шаард­сан ажил болно. Зэсээ хайлуулбал эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа нь ашигтай болдог. 2022 онд Конго, Энэтхэг, Индонез улс Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг хийж эхэлсэн.

Зэсийн нийт үйлдвэрлэлийн тал нь Хятад улсад төвлөрдөг. Дэлхийд олборлосон зэсийн бүх баяжмалыг Хятад улс худалдан авч, хайлуулж байна.Хай­луулсны дараах ашиг орлого өндөр учраас төрөөс энэ бодлогыг чухалчлан баримтладаг. Зэсийн баяжмал хайлуу­лах боловсруулах үйлдвэр байгуулахад 762 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах ба жилд 121.1 мян.тн катодын зэс гаргана.

Исэлдсэн хүдэр боловсруулах катодын зэсийн үйлдвэрийн хувьд 60 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай бөгөөд жилд 10 мян.тн катодын зэс боловсруулах хүчин чадалтай.

-Зэсийн баяжмал хайлуулах тех­нологийг эцэслэн сонгосон байх аа?

-Зэсийн баяжмал хайлуулах тех­нологийг эцэслэн сонгосон. Үйлдвэрийг Эрдэнэтэд барьж байгуулах төр, засгийн шийдвэр гарч, хайлуулах үйлдвэрээс гарах хүхэрт хийнээс эле­ментийн хүхэр үйлдвэрлэх технологийн “үйлдвэрлэлийн туршилт” эерэг үр дүнтэйгээр амжилттай дуусаж байна.

-Молибдены баяжмал боловс­руулах үйлдвэрийн тухайд?

-Энэ үйлдвэрийн хувьд 40 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаард­лагатай. Жилд 4.8 мян.тн/жил ферромолибден, 1500 кг рени үйлдвэрлэх хүчин чадалтай. Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр, Исэлдсэн хүдэр боловсруулах катодын зэсийн үйлдвэр, Молибдены баяжмал боловсруулах үйлдвэр, Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн ТЭЗҮ, зураг төслийг Эрдэс баял­гийн мэргэжлийн зөвлөл баталсан. Зэс бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тухайд ТЭЗҮ хийгдэж байна.

-Аранжин зэсээс өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй эцсийн бүтээг­дэхүүн үйлдвэрлэх зорилгоор зэс утас, кабель болон нунтаг зэс, зэс ялтас үйлдвэрлэх бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа ажил юу вэ?

-Өнөөдрийн байдлаар зэс утас, кабель үйлдвэрлэх болон нано нунтаг зэсийн үйлдвэрийн ТЭЗҮ-ийг хамтран боловсруулж дууссан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөв­лөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.

-Үйлдвэрлэл, технологийн пар­кийн дэд бүтцийн бүтээн байгуулалт хэр амжилттай өрнөж байгаа вэ?

-136.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруу­лалтаар хийгдэх ажлууд бий. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа “Эрдэнэт үйлдвэр” өөрөө шийдэж байна. Цахил­гаан хангамж, авто зам, төмөр зам, усан хангамж, ариутгах татуургын системүүд зэрэг бүтээн байгуулалтууд үүнд багтана.

Бетон хучилттай 12 км авто замын ажил, 4.4 км төмөр замын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа бол ус хангамж, ариутгах татуургын системийг барих ажлын гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж, цахилгаан хангамжийн ТЭЗҮ-ийн дагуу нарийвчилсан зураг, төслийн ажил хийгдэж байна.

-Уул уурхайн бүтээгдэхүүний бир­­жийн тухай хууль хэрэгжиж байна. “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмалаа хэдийнээс биржээр арилжиж эхлэх вэ?

-Зэсийн баяжмалыг биржийн арил­жаанд оруулах талаар Эдийн засгийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нартай хэд хэдэн удаа ярилцсан. Үүнтэй холбоотойгоор зэсийн баяжмалыг 2024 онд биржээр туршил­таар арилжаалах шийдвэр гарсан. Хэд хэдэн ньюанс бий.

Нэгдүгээрт, Лондоны металлын бирж дэх зэсийн баяжмалын арилжааны ханшаар “Эрдэнэт үйлдвэр”-ийн баяж­малыг тооцож борлуулдаг.

Хоёр­дугаарт, урьдчилгаа төлбөрийг манай үйлдвэр 95 хувиар тооцож авдаг.

Гуравдугаарт, гадаа­дын худалдан авагч компаниудын агуулга, тоо хэмжээг “Эрдэнэт үйлдвэр” дээр тодор­хойлсон эцсийн хэмжээгээр тооцдог. Хайлуу­лах үйлдвэрүүдэд баяжмал очсоны дараа агуулга тэд гарлаа гэдгийг бид хүлээж авдаггүй.

Дөрөвдүгээрт, зэсийн баяжмалын гэрээ 26 хувь хүртэл хэмжээн дээрээ хийгдсэн. Трейдэр компаниудын гэрээнд нэг заалт бий. 5, 10 хүртэлх тухайн жилийнхээ тоо хэмжээг нэмэгдүүлж, хасаж болно. Энэ хүрээнд зэсийн баяжмалын туршилтын арилжааг биржээр явуулья гэсэн Зас­гийн газрын хуралдааны тэмдэглэл (2023.12.13 ) гарсан.

“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ДАРААГИЙН ТҮЛШНИЙ ХУДАЛДАН АВАЛТЫГ ЕВРО-5 СТАНДАРТЫН ТҮЛШЭЭР ХАНГАХ БОДЛОГО БАРИМТЛАЖ БАЙГАА. МАНАЙ ҮЙЛДВЭР ХОНОГТ 90 ОРЧИМ ТОНН ТҮЛШ ХЭРЭГЛЭДЭГ

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн са­наа­чилсан “Тэрбум мод” үндэсний хөдөл­гөөнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ идэвхтэй оролцож, тодорхой үр дүнтэй ажлууд хийж байгаа. Энэ талаар дурдана уу?

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн бол цөлжилтийн эсрэг арга хэмжээ төдийгүй дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийг бууруулах хамгийн үр дүнтэй арга хэрэгслийн нэг болоод байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уг хө­дөлгөөнд анхлан нэгдэж, “100 сая мод” хөтөлбөрийг амжилттай хэрэг­жүүлэн, манлайлан ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд Ойн генетик нөөцийн төвийг Монгол улсад анх удаа байгуулан 2022 онд ашиглалтад хүлээн авсан бол энэ онд Хөрсний инновац, биотехнологийн төвийг ашиглалтад хүлээн авахаар ажиллаж байна.

Мөн жилд 12 сая тарьц гаргах хүчин чадалтай, орчин үеийн технологи бүхий бүрэн автомат хүлэмжтэй “Мод үржүүлгийн цогцолбор” байгуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг зарласан.

-Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон талбайд техникийн нөхөн сэр­гээлтийг “Эрдэнэт үйлдвэр” нийг­мийн хариуцлагын хүрээнд хийж байгаа шүү дээ.

-Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5 дугаар хэсгийн 5.1.8-д тусгагдсан уул уурхайн олборлолтын улмаас эвдэрч, олон жил орхигдсон 8000 га талбайг нөхөн сэргээнэ гэж тусгагдсаны дагуу БОАЖЯ, ТӨБЗГ-аас 2000 га талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийх үүрэг чиглэлийг өгсөн. 2023 онд 15.1 тэрбум төгрөгийн санхүүжилтээр техникийн нөхөн сэргээлтийг хийсэн. 2024 онд 26 тэрбум төгрөг зарцуулна.

Г.Ёндон-Сүүлийн үед дизель түлшний хомс­тол, тодорхой хязгаарлалт нь уул уур­хайн компаниудын үйлд­вэрлэл, үйл ажил­лагаанд нөлөөлж байна. “Эрдэнэт үйлдвэр” энэ асуудлыг уурхайн үйлдвэр­лэлтэйгээ хэрхэн зохицуулж байгаа вэ? Ямар нэгэн доголдол үүсч байна уу?

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн худал­дан авах үйл ажиллаганы бүх процессыг нээлттэй тендерээр явуулдаг. Дизель түлшний нөөцийн хувьд манай үйлдвэр хангалттай хэмжээнд байна. БНХАУ-аас евро-5 стандартын түлш орж ирж байна. Мэдээж евро-2 стандартын түлшээс хэд дахин чанартай.

“Эрдэнэт үйлдвэр” дараагийн түлшний худалдан авалтыг евро-5 стандартын түлшээр хангах бодлого баримтлаж байгаа. Манай үйлдвэр хоногт 90 орчим тонн түлш хэрэглэдэг. Ирээдүйгээ харахад уул уурхайн хүнд даацын өөрөө буулгагч машин үйлдвэрлэж байгаа компаниуд цахилгаан машин үйлдвэрлэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” үүнтэй хөл нийлүүлж алхана. Уул уурхайн салбарт нэвтрэн ам­жилттай ажиллаж байгаа цахилгаан өөрөө буулгагч машинуудыг уурхайдаа нийлүүлнэ.

-2022 онд “Эрдэнэт үйлдвэр”-ийн Үйлд­вэрчний эвлэлээс цалин нэмэхийг шаардаж, ажил хаясан. Ирэх онд цалин нэмэх үү, ямар тохиролцоонд хүрсэн вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” хамтарсан үйлдвэр байх цагаасаа жил бүр цалин нэмдэг байсан. Зарим жил бүр 40-70 хувь нэмж байлаа. Хамтарсан үйлдвэр байхдаа Монголын хуулиар бус олон улсын гэрээгээр явдаг байсан. Мэдээж үйлдвэр ашигтай ажиллаж байх ёстой. Миний хувьд ажлаа аваад цалингийн асуудлыг судалсан.

Цалин нэмэх боломжууд гарсан. “Эрдэнэт үйлдвэр”-ийн нийт зардлын 14-15 хувийг ажилчдын цалин эзэлдэг. Энэ нь тийм өндөр үзүүлэлт биш. Харин зэсийн баяжмалын үнэ буурч, үйлдвэр алдагдалтай ажиллаад эхэлбэл цалин нэмэх битгий хэл үйл ажиллагаа зогсоно. Тиймээс балансыг барьж явах нь шаардлагатай.

-“Эрдэнэт үйлдвэр” сүүлийн зур­гаан жилийн хугацаанд жил бүр 10 хувиар цалинг нэмж ирсэн гэж та бүхэн мэдэгдэж байсан?

-Өнгөрсөн зургаадугаар сард Зас­гийн газ­рын Хэрэг эрхлэх газрын дарга “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллахад 2024, 2025 онд нийт ажилчдын цалинг 15, 15 хувиар нэмэх боломжтойг хэлэл­цэж, дэмжсэн.

Намар энэ хувиар цалинг нэмэхийг толгой компани болох “Эрдэнэс Монгол”-ын удирдлагуудтай зөвшилцсөн. Харин ажилчдын зүгээс 2024 оны нэгдүгээр сарын 1-ээс цалинг 50 хувиар нэм гэж шаардсан.

Хоёрт, уурхайчдын хүүхдийг “Эрдэнэт үйлдвэр” үргэлжлүүлэн ажиллуулах замаар ажлын байрыг нь өвлүүлдэг болох шаардлага тавьсан.

-Үйлдвэрийн удирдлагын хувьд цалинг 50 хувь нэмэх боломжгүйг Та хэлсэн шүү дээ?

-Энэ нь үйлдвэрийн ашигт ажил­лагаанд сөргөөр нөлөөлнө. Үйлдвэрчний эвлэлтэй дахин ширээний ард сууж энэ асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид цалинг 30 хувь хүртэл хэмжээгээр нэмэх чиглэл гаргасан.

Ингэхдээ 2024 онд үйлдвэрийн үр ашигт оролцож буй байдлаар нь 30 хүртэл хувиар нэмнэ, харин 2025 онд цалин нэмэхгүй гэдэг дээр санал нэгдсэн.

-Хоёр дахь шаардлага буюу уурхайчны хүүхдийг уурхайд ажил­луулахыг хэрхэн шийдэх вэ?

-Энэ бол боломжгүй зүйл. Өмнө нь “Эрдэнэт үйлдвэр”-т ийм зүйл байсан юм байна лээ. Харин 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс байхгүй болгосон.

Учир нь, “Эрдэнэт үйлдвэр”-ийн уул геологийн нөхцөл байдал тогтмол хүндэрч байгаа энэ нөхцөлд чад­варлаг, цомхон бүтцээр ажиллахгүй бол болохгүй байна. Иймд зөвхөн сонгон шалгаруулалтаар хүмүүсээ авъя гэж шийдсэн. Ажлын байранд шинэчлэл хийж, үр ашигтай ажиллах шаардлага үүсэж байгаа.

-Үр ашигтай ажиллах ямар шаардлагууд үүсэж байна вэ?

-Нэгд, ажлын байранд тохирохгүй мэргэж­лээр ажиллаж байгаа асуудлыг тодорхой болгоно.

Хоёрт, Боловсролын яаман дээр дээд боловсрол, дипломын бүртгэлийн асууд­лыг шалгаж нягталж байна.

Гуравт, 2024 онд чиг үүргийн шинжилгээг бүх ажлын байранд хийнэ. Өмнө нь хийлгэхэд нийт ажилчдын гуравны нэгийг нь цомхотгох хэрэгтэй гэсэн дүн гарч байсан.

Тиймээс бид дахин энэ шинжилгээг хийж, илүү цомхон мэргэжлийн хүмүүсийг сонгож авдаг чиглэл рүү орно. Уурхайчин хүмүүс хүүхдүүдээ сайн боловсролтой болгохын төлөө явах ёстой болохоос биш ажлын байр өвлөгдөж болохгүй.

Ажлын байр бол хааны титэм, хааны суудал биш. Тиймээс өвлөгддөггүй байх ёстой гэсэн байр суурьтай байна.

-Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

эрдэс баялаг

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img