2024-07-24, Лхагва
18 C
Ulaanbaatar

“Цагаан толгой”-н зохиогч Ардын багш Г.Лхаахүү: Багш бол хүмүүний оюуныг хөгжөөгч салхич шувуу

Монгол Улсын Боловсролын их сургуулийн зөвлөх болон хүндэт профессор, Боловсрол судлалын магистр, Монгол Улсын ардын багш, ард түмэндээ “Цагаан толгой”-н хэмээн алдаршсан Гончигийн Лхаахүүтэй ярилцлаа. Тэрээр 1950 онд Баян-Овоо сумын сургуульд орж, 1963 онд Багшийн сургууль, 1979 онд Улсын багшийн дээд сургууль дүүргэж монгол хэл-уран зохиолын багшийн мэргэжил эзэмшсэн байна. Зөвлөлт Холбоот Улс (одоогийн ОХУ)-ын Москва хотын Бүх Холбоотын Багш нарын мэргэжил дээшлүүлэх дээд курсийг 1987 онд арга зүйч мэргэжлээр дүүргэжээ. Тэрээр Монгол Улсад Анхан шатны боловсролыг хөгжүүлэхэд оюун ухаан, эрдэм чадлаа зориулж, зургаа, долоо, найман настны Цагаан толгой, монгол хэл, хичээнгүй бичиг түүний хэрэглэгдэхүүн зэрэг олон бүтээл туурвиж, хэрэгжүүлэхэд дагнан мэргэшиж ажилласан арга зүйч хүн юм.

Түрүүчийг ЭНД дарж уншина уу.

-Аавынхаа нэрийн хажуугаар хийсэн бүтээлээрээ нэрлэгдсэндээ баярлаж явдаг даа-

-Багшийн ажлын гараагаа бага ангийн багшаас эхэлсэн гэл үү?

-Миний бие “Багын багш” гэдэг хүндтэй мэргэжлээр ажлын гараагаа эхэлж, хөдөөгийн сургуулийн тулгын чулууг тавилцахаар Баянхонгор аймгийн Галуут сумын “Сүмбэрийн бааз” нэртэй багийн бага сургуульд томилогдон 1958-1959 оны хичээлийн жилээс ажиллаж эхэлсэн. Тэр үед Соёлын довтолгоон ид өрнөж байлаа. Тэр ажилд багш нар дайчлагдана. Зуны амралт болмогц бригадаас морь авчирч өгнө.

Морио унаж давхиад сүүн тасагт хүрч, саальчин бүсгүйчүүдэд бичиг үсэг заана. Зуны улирал учраас айлууд голын дагуу зусландаа бууж, миний явдаг замаар дүүрэн айлууд буучихсан байдаг тул би нохойноос айгаад их холуур тойрч явдаг байж билээ. Соёлын довтолгооны ажилд оролцож, соёлын үр тарилцаж явсан.

Тэр үе одоотой адилхан байсангүй. Айлуудад орж, авдрыг нь онгойлгуулж, орны даавуу байгаа эсэх, хүний тоогоор нүүр, гарын алчууртай эсэхийг нь шалгадаг байлаа. Хүн бүрт алчуур байхгүй. Хүн бүрийг өөрийн гэсэн алчууртай, амаа угаах сойзтой болгохоос эхлээд бүх нийтээр бичиг үсэгтэн болгох их үйлст ёстой л унтах нойроо хасаж, гар бие оролцож явсан даа. Тэр үеийн багш нар Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавын бичсэнээр
“Хөгжим баривал дуучин
Клубт орвол жүжигчин
Багт гарвал ухуулагч
Байшин баривал инженер” байжээ.

Лхаахүү

-Амьдралынхаа анхны ханьтайгаа учирсан тохиолоо дурсаач!

-Аймгийн төвийн Нэгдүгээр сургуулийн багш Р.Адьяатай 1958 оноос үерхэж, хоёул амьдралаа холбон 1959-1960 оны хичээлийн жилд Заг сумын долоон жилийн дунд сургуульд багшлан, гал голомтоо үүсгэсэн дээ.

Дараа жил нь Заг сумын сургууль Байдрагийн дунд сургуультай нэгдэн Жаргалант сумын арван жилийн сургууль болоход тулгыг нь тулалцан, тооныг нь өргөлцөж, ханынх нь эрсийг тааруулж явсан даа. Би бага ангийн багшаараа ажиллахын зэрэгцээ дунд ангид дууны хичээл ордог байлаа. “Юу зааж байсан бол оо” гэж одоо гайхаж инээд хүрдэг.

Бид дараа нь Жаргалантын сургуулиасаа Өлзийт сумын долоон жилийн сургуульд шилжин ирж, миний хань Р.Адьяа хичээлийн эрхлэгч, би бага ангийн багшаар ажилласан. Аймгийн төвд хүүхэд нь багтахгүй болж, дахин дунд сургууль хэрэгцээтэй болсон тул Өлзийтийн сургуулийг аймгийн төвд шилжүүлснээр, 1963-1964 оны хичээлийн жилээс Баянхонгор аймгийн одоогийн хоёрдугаар арван жил (“Номгон” сургууль)-д бид шилжин ирсэн.

Сургуулийнхаа хашааны шонгийн нүхийг ухаж, гэрийн дээвэр, туурга, оосор бүчийг нь оёлцож явав. Гэр сургуулиас одоогийн байшин сургуульдаа ороход шал цонхыг нь угаалцан, анхны галыг асаахад гар бие оролцож явснаараа бахархдаг даа.

-Таны хань Адьяа багш ямар хүн байв?

-Миний хань Р.Адьяа долоон жилийн сургуулийн анхны захирал нь. Хань маань үг дуу цөөтэй, ёжтой, ухаалаг үгээрээ хүний ой тойнд орсон үг хэлдэг, хүнийг ухаанаараа ажиллуулж чаддаг, жинхэнэ удирдагч байсныг багш нар нь ч ярьдаг, ханийн хувьд би ч тэгж боддог.

-Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч Т.Галсан багштай хамт ажиллаж байсан гэл үү?

-Манай сургуулийн хичээлийн эрхлэгч Тангадын Галсан ёжтойхон, оновчтой нэг үг хэлэхэд бүгд л хуйларна шүү дээ. Хэлсэн зөвлөснийг нь бичлүүлэхгүй байхын аргагүй. Бид сургуульдаа Галсан багшийн “Толь” зохиолоор жүжиг найруулан тоглож, би оюутны дүр бүтээж байлаа.

-Таны удирдсан 1969-1970 оны нэгдүгээр ангийнхан чинь бүр зургийн монтаж (эвлүүлэг)-тай анги байжээ?

-Энэ эвлүүлгийг манай ангийн Сэргэлэн гэдэг хүүхдийн аав бидэнд хийж өгч байлаа. Тэр хүн чинь одоогийн Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Хорлоогийн Цэвлээ гуай шүү дээ. Тэр үед нэгдүгээр ангийнханд монтаж хийж өгнө гэдэг бас л мундаг санаачилга байж дээ.

Хүүхдийнхээ төлөө санаа тавьсан сайн эцгийн сэтгэл, багшид тусалсан өгөөмөр ажил байж дээ. Энэ зургаа би шавийн маань эцэг эхээс үлдээсэн түүхэн дурсгал гэж нандигнан хадгалж, тухайн үеийнхээ ажил болоод шавь нараа эргэн дурсах түлхүүр гэж үздэг дээ.

-Тухайн үед хүүхдээс гадна том хүмүүст хичээл заадаг байжээ?

-Аймгийн төвд суурьшиж, хань, үр хүүхэдтэй болсон. 1960-аад онд аймгийн МХЗЭ-ийн Бүгд хурлын гишүүнээр сонгогдов. Үүрэг хариуцлага ч нэмэгдэв. ХЗЭ-ийн хорооны ажилчин үйлчлэгч нарыг бичиг үсэг тайлах ажилд бас л томилогдсон. Тиймээс орой хичээл тарсны дараа хүмүүст бичиг үсэг заадаг байлаа.

ЛхаахүүХөгжилтэй зүйл их болно. 35 үсгийг нь дэвтэр дээр нь бичиж өгөөд явуулна. Надаас хэдэн насаар ахмад хүмүүс маргааш нь гэрийн даалгавраа шалгуулахдаа нэг амьсгаагаар том “а”, бага “а” гээд л үргэлжлүүлээд уншчихна. Залуу байсан болохоор тэр үү, инээдээ барьж дийлэхгүй.

Шавь нарынхаа өмнө тачигнатал инээчихнэ. Тэгээд “Та нарыг шоолоогүй шүү. Хүүхдээс өөр байхаар чинь багш нь та нараар бахархаж инээсэн юм” гээд л тайлбарладаг байв. Соёлын довтолгооны ажилд багш нар их үүрэг гүйцэтгэсэн. Эцэг эхийн хороонд очиж, сонин хэвлэл уншиж өгнө, төр засгийн хийж хэрэгжүүлж буй ажлыг таниулна.

Ийм л үйл ажиллагааг явуулж байлаа. Соёлын довтолгооны үр шимээр маш олон монголчууд бичиг үсэг тайлагдсан. Бүр 1960, 1970-аад оны үед бүх нийтээрээ бичиг үсэгт тайлагдсан Ази тивийн анхны орон болж, ЮНЕСКО-д бүртгэгдсэн дээ.

-Бага ангийн багшаас сурах бичиг зохиогч болсон түүхээ хуваалцаач!

-Баянхонгор аймгийн Галуутын “Сүмбэрийн бааз”-ын бага сургууль, Заг, Өлзийт суманд гэхчлэн бага ангийн багшаар 16 жил ажиллахдаа математик, монгол хэлний хичээлээр тайлбартай дасгалын аргыг хүүхдүүддээ эзэмшүүлдэг, сурагчдынхаа яриаг хөгжүүлдэг багш гэж үнэлэгдэн МУБИС-д монгол хэл-уран зохиолын багш мэргэжлээр суралцахаар оюутан болж дөрвөн жил сурч, сургуулиа дүүргэв.

Сургуулиа онц төгссөн тул Боловсролын яам Багшийн сургуульд багшаар томиллоо. Сургуулиа төгсөөд хэдэн жил ажиллаж байтал нэг өдөр гавьяат багш Б.Цэвэгжав гуай намайг сурагласаар сургууль дээр ирж билээ. “Ном бичиж чадах уу” гэж асуув. Ингэж Б.Цэвэгжав багшийнхаа удирдлага дор анхныхаа “Цагаан толгой”-н номыг 1982 онд бичиж боловсруулан хэвлэлтэд өгсөн.

-Тэндээс таны амьдралын хоёрдахь их сургууль эхлэв үү?

-Б.Цэвэгжав багштайгаа 1982-1994 онд, 1994-2005 он хүртэл шавь нартайгаа, 2008-2014 он хүртэл бусад багш нар шавь нартайгаа хамтран “Цагаан толгой” сурах бичгийн номоо бичсэн. Номоо таниулахын тулд бага ангийн багш нарт арга зүйг нь ойлгуулахаар 18 аймгаар явж, семинар зөвлөлөө өгч, лекц уншдаг байлаа. Тухайн үед “Хуучин ийм байсан, үүнийг ингэж уламжилж авна, хуучныг шинэтэй ингэж холбоно.

Чи өөрийнхөө бодол санааг номтойгоо холбосноор чиний бодол санаа, хуучин арга барил, шинэчлэлийг хооронд нь сүлэлдүүлж, яг хярам шиг болгож байж хичээлийг заагаарай” гэж зөвлөдөг байлаа. Олон ч аймагт очиж зөвлөгөө өглөө. Ингэж явсаар нэг мэдэхнээ “Цагаан толгой”-н Лхаахүү багш гэдэг нэр авсан даа.

Олон жил “Цагаан толгой”-той холбогдож яваа болохоор багш нар ингэж нэрлэсэн юм билээ. Аавынхаа нэрийн хажуугаар хийсэн бүтээлээрээ нэрлэгдсэндээ баярлаж явдаг даа. Анх багшийнхаа заавраар номоо бүтээдэг байсан бол сүүлдээ өөрөө шавь нараа удирдан долоон настай хүүхдийн сурах бичгийг бичиж, Боловсролын яамны тендерт нэгдүгээр байрт шалгарч байлаа.

-Цагаан толгой дээр таны бичсэн шүлгүүд нэлээд орсон биз?

-1996 оны “Цагаан толгой” дээр ихэвчлэн таавар шүлэг бичиж хэвлүүлсэн. Тухайлбал,
“Авдар гэсэн үгэнд
А үсэг шамдан оролцов.
Адил тэнцүү эрхтэй шүү гэж
Анхны а өндөлзөв” гээд эхэлдэг. Энэ мэтээр сурах бичигт шүлгүүд нэлээд орсон. Тэр бүгдийгээ нийлүүлээд ном гаргах юм.

-Та дээр үр хүүхдүүдээ цухас танилцуулаад өнгөрсөн. Зургаан хүүхэд тань ямар мэргэжлийн хүмүүс билээ?

-Ууган хүү А.Батаа эдийн засаг мэргэжилтэй, удаах нь А.Бадрах нийгмийн ухааны мэргэжилтэй. Охин А.Нарангэрэл ХИС төгссөн, англи хэлний багш. Охин А.Дэлгэрмаа АШУҮИС төгссөн их эмч, А.Энхмаа охин маань Ленинградад сургууль төгссөн, боловсролын философийн доктор. Охин А.Гэрэлмаа хэл шинжлэлийн ухааны доктор, дипломатч хүн байна даа.

-Та Багш хэмээх эрхэм алдрыг өндөрт өргөж яваа хүн. Энэ сайхан мэргэжлээ товчхон тодорхойлооч гэвэл…

-Би багшийн сайхан мэргэжлээ “Зуу зуун жилийн бүтээн байгуулалтыг цогцлоогч”, “Хүүхдийн оюунд мэдлэгийн үр суулган, тордон ургуулагч буянтан”, “Ертөнцийг харах мэлмий нээгч”, “Хүмүүний оюуныг хөгжөөгч салхич шувуу”, “Эрдэм мэдлэг, хүмүүнлиг чанарыг түгээгч хосгүй их мэргэд” гэж ойлгодог доо.

-Та хүнийг хүн болгох багш хэмээх аугаа мэргэжлийн эзнээс гадна олон нийгмийг соён гийгүүлэхэд хүчин зүтгэж буй хүн. Олон бүтээл ном гаргасан биз?

-Ном, сурах бичгээс гадна олон бүтээл гаргасан шүү. “Оюуны мэлмий нээх гэгээн судар” хэмээх судалгаанд зориулсан эмхэтгэл номыг 2016 онд гаргалаа. “Ухаарлын учиг шингээхүй” гэсэн сургалтад зориулсан танин мэдэхүйн бүтээлээ 2014 онд гаргасан маань 2017 онд дахин хэвлэгдсэн.

Охин А.Энхмаагийн хамт “Багш, багш мэргэжлийн онч үг” сурган хүмүүжүүлэх чиглэл бүхий номыг 1995 онд хэвлүүлж, 2021 онд нэмж засварласан хоёрдахь хэвлэлээ гаргасан. “Эх хэл, эцэг эх, эх орон минь” шүлгийн түүврээ 2019 онд гаргалаа. “Монгол хэл” 1-3 ангид хүүхэд нь сурч буй эцэг эхэд зориулсан сурах бичгээ 1921 онд хэвлүүлсэн.

Мэргэжлийн ангийн оюутнууд, багш нарт зориулсан “Эх хэлдээ суралцах онол, арга зүйн өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн шүтэлцээ” номоо 2021 онд, өнгөрөгч туулай жилд өөрийн намтрын “Багш мэргэжил миний бахархал” номоо тус тус гаргалаа даа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img