2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Украинд дайн өдөөсөн ОХУ-ын “Ардчиллын индекс” хамгийн огцом унажээ

Их Британийн “The Economist” сэтгүүлийн дэргэдэх судалгааны баг өнгөрсөн жилийн “Ардчиллын индекс”-ийн жагсаалтыг дэлхийн олон нийтэд өчигдөр танилцууллаа. Өмнөх жилийн жагсаалттай харьцуулахад Украиныг эзлэн түрэмгийлэх бурангуй дайн өдөөсөн ОХУ судалгаанд хамрагдсан 167 орноос хамгийн огцом буюу даруй 22 байраар ухарч 146-д бичигдсэн байна.

Судалгааны багийнхан тэмдэглэхдээ, “Украины нутаг дэвсгэрт цэргийн хүчээр нэвтрэн орох явцад ОХУ-д иж бүрэн хэлмэгдүүлэлт, үг хэлэх эрхийг хаан боогдуулах явдал газар авчээ. Ардчиллын зарчмуудаас хэдийн ухрах болсон тус улсад дарангуйлагч дэглэмийн шинж тэмдгүүд улам бүр илэрхий болж байна” гэжээ.

“Ардчиллын индекс”-ийг дэлхийн улс тус бүрээр 2006 оноос эхлэн таван үзүүлэлтээр нэгтгэн оноо тавьж “Бүрэн ардчилал”, “Төгс бус ардчилал”, “Холимог дэглэм”, “Дарангуйлагч дэглэм” гэх дөрвөн ангилалд хуваадаг билээ. Тус индексийн 2022 оны дүнгээр манай гариг дээр бүрэн ардчилалтай 24 улс байгаа бөгөөд тэдгээрийн хүн ам дэлхийн хүн амын найман хувьтай тэнцэж байна. Төгс бус ардчиллын индекстэй 48 оронд дэлхийн хүн амын 37 хувь оршин суудаг ажээ. Тэгвэл холимог дэглэмтэй 36 оронд нийт хүн төрөлхтний 18, дарангуйлагч дэглэмтэй 59 оронд 37 хувь тус тус амьдардаг гэсэн тооцоо гарчээ. “Ардчиллын индекс”-ээр Норвеги, Шинэ Зеланд, Исланд тэргүүлж, БНАСАУ, Мьянма, Афганистан сүүлж мушгисан аж.

Дарангуйлагч дэглэмтэй улс оронд манай хоёр их хөрш ОХУ, БНХАУ хоёулаа багтсан байна. Харин Монгол Улс тус индексийн төгс бус ардчилалтай оронд хамаарсан ба 6.35 оноотойгоор 66-д жагсч өмнөх оны жагсаалтаас дөрвөн байраар ухарчээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img