2024-07-27, Бямба
23 C
Ulaanbaatar

ШУА-ийн их чуулган хуралдлаа

ШУА-ийн их чуулган  хуралдаж Монгол Улсын Шинжлэх ухааны Академи (ШУА), харьяа хүрээлэнгүүдээс 2022 оны эрдэм шинжилгээний үйл ажиллагааны тайланг хэлэлцэж дүгнэлээ.

Их чуулганыг нээж ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл хэлсэн үгэндээ “2022 он Монгол Улсын гадаад орчны нөхцөл байдал амаргүй, дотоод эдийн засгийн хүндхэн сорилтуудтай тулгарсан жил байсан ч манай эрдэмтэн, судлаачдын  бага зардлаар бага биш ажил хийдэг  олон жилийн дадлага туршлагын хүчинд  салбар нийтдээ, тэр дундаа ШУА өмнөө тавьсан зорилго зорилтоо бүрэн биелүүлсэн гэдэгт итгэж байна. Миний бие ШУА-ийн ерөнхийлөгчийн хувьд Л.Энх-Амгалан сайдтай  хийсэн үр дүнгийн гэрээний биелэлт 96,6 хувьтай гарч байгаа нь дээрх үндэслэл болж байгаа юм” гэлээ.

Их чуулганд салбарын сайд Л.Энх-Амгалан хүрэлцэн ирж, эрдэмтдийнхээ үгийг сонслоо.

Л.Энх-Амгалан  сайд энэ үеэр хэлсэн үгэндээ “2022 онд шинжлэх ухааны салбарын хувьд эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр онцгой анхаарсан жил байлаа. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гурван хүрээлэнг шинээр байгуулж, эрдэм шинжилгээний үндсэн ажилтны тоог 10 хувиар нэмсэн. Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн баталгааг хангах зорилгоор албан хаагчдын цалингийн доод хэмжээг баталж, нийт албан хаагчид цалингийн тавдугаар шатлалаар цалинжих шийдвэрийг гаргасан.

2022 онд Шинжлэх ухааны салбарын санхүүжилт нь 47.7 тэрбум төгрөг батлагдсан. Өнөөдөр улс орнууд шинжлэх ухаан, технологийн салбарт дунджаар ДНБ-ний 2,0 хувийг зарцуулж байгаа бол манай улсын тухайд 0,10 хувь байгаа нь чамлалттай үзүүлэлт юм. Тиймээс энэ салбарт санхүүжилтийн шинэчлэл хийж эхлээд байна.

Шинжлэх ухааны салбарын санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд “Төрийн өмчит эрдэм шинжилгээний хүрээлэн, төвийн судалгааны үндсэн чиглэлийг тодорхойлох, санхүүжүүлэх журам”-ыг засгийн газраар хэлэлцүүлэн батлуулсан. Ингэснээр судалгааны үндсэн чиглэлд гүйцэтгэл, үр дүнд суурилсан тогтмол санхүүжилт олгох боломжийг бүрдүүлээд байна. Мөн Засгийн газраас Шинжлэх ухаан, технологийн сангаас тэтгэлэг олгох, сангийн хөрөнгийг зарцуулах, түнд хяналт тавих журмыг батлаад байна.

Цаашид 2023 онд  бид шинжлэх ухаан, инновац, технологийн салбарын хууль эрхзүйн орчныг шинэчлэх,  салбарын санхүүжилтийн олон эх үүсвэрийг бүрдүүлэх, салбарт шаардлагатай шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах, цахим шилжилтийг эрчимжүүлж, технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх, нээлттэй, цахим платформыг бий болгох, чадварлаг хүний нөөцийг гадаад дотоодоос бүрдүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зэрэг олон шинэчлэлийн зорилтыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлж байна”  гэлээ.

Улмаар ШУА-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Авид эрдэм шинжилгээ үйл ажиллагааны тайлангаа академийн нийт гишүүдэд  танилцуулав.

 Тус тайланд дурдахдаа:

 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх шинжлэх ухааны салбарын оролцоо, хувь нэмэр, гарц шийдэл, ирэх жилүүдийн зорилгоо хамтран тодорхойлсон жил боллоо.

ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдэд суурь судалгааны төсөл 79, шинжлэх ухаан, технологийн төсөл 6, улсын захиалгат төсөл 46, Инновацын төсөл 4, гадаадтай хамтарсан 74 төсөл, грант төсөл 35, нийт 243 төсөл хэрэгжиж байгаагаас 120 нь 2022 онд дууссан байна.

Судалгааны хүрээнд ном, нэг сэдэвт болон хамтын бүтээл 196, эрдэм шинжилгээний өгүүлэл 860 (гадаадад 376, WoS-д бүртгэлтэй сэтгүүлд 128), эрдэм шинжилгээний илтгэл 1018 (гадаадад 313), нийт 2074 бүтээл хэвлэн нийтлүүлсэн байна. Түүнчлэн шинжлэх ухааны хялбаршуулсан ном 23, нийтлэл, өгүүлэл 120, лекц 205, патент 5, технологийн загвар 8, стандарт 8, ТЭЗҮ 3, аргачлал, гарын авлага 19, зөвлөмж 43, ашигтай загвар 1, зураг, каталог 321, авран хамгаалах 149, лавлагааны материал 13, хээрийн судалгааны тайлан 76, социологийн тайлан 6-г гаргасан байна.

ШУА болон харьяа хүрээлэнгүүд 2022 онд улсын төсвөөс 23 тэрбум 932 сая төгрөгийн санхүүжилт авч, төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны хүрээнд 7 тэрбум 617 сая төгрөгийн нэмэлт орлого олж, эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажиллах орчныг сайжруулах, судалгааны ажлыг үйлдвэр, аж ахуйн нэгж дээр нэвтрүүлэх зэрэг олон ажлууд хийгдсэн байна. Төсвийн хөрөнгө оруулалтаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн газарт баригдаж буй Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолборт 16.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон бөгөөд ажлын явц хэвийн явагдаж байна.

Манай эрдэмтдийн хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын төрөөс өндөр үнэлж, бидний дундаас Төрийн тэргүүн дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэн эрдэмтэн 1, Монгол Улсын Төрийн шагналтан 1, Монгол Улсын Ардын багш 1, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн 5 төрөн гарлаа” гэв.

 

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img