2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Эрдэмтдийн яриа, сайдын хариу

ШУА-ийн их чуулган  хуралдаж,  2022 оны эрдэм шинжилгээний ажлын тайлангаа хэлэлцэж дүгнэлээ. Их чуулганы танхимд  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан байлцаж, академичдийн үгийг дуустал нь сонсч асуултад нь хариулсан юм. “Сайдыг байгаа дээр” гэсээр эрдэмтэд санал, хүсэлтээ хэлж байв. Эрдэмтэд юу ярьж, сайд хэрхэн хариулсныг тоймлон хүргэе.

Н.Бэгз: Хамгаалуулах зөвлөлд өндөр эрэмбийн эрдэмтдийг өргөн оруулмаар байна

ШУА-ийн Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулганы дарга, академич, шинжлэх ухааны доктор  Н.Бэгз:

-Манай бага чуулганд 25 эрдэмтэн байдаг. 40 хувь нь салбарын их, дээд сургуулийн багш нар, 30 хувь нь академийн харьяаны хүрээлэнгийн судлаачид, тэгээд долоон академич байдаг. Өнгөрсөн жил бид тэргүүлэх чиглэлээ тодорхойлох хурал хэд хэдэн удаа хийж, академийн тэргүүлэгчдээр батлуулсан. Мөн эрдэм шинжилгээний сэтгүүл, их дээд сургуулийн эрдэм шинжилгээний бичгээ олон улсын өндөр зэрэглэлийн сэтгүүлийн хэмжээнд хүргэх судалгаа аваад, хөгжүүлэлт хийх чиглэл гаргасан. Гэтэл нэг асуудал байна. Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байж болохгүй гэсэн хуулийн заалттай. Тийм учраас академийн хүрээлэнгүүдийн гаргаж байгаа эрдэм шинжилгээний бүтээлүүдийг “Эрдэм шинжилгээний бичиг” гэсэн нэрээр гаргадаг. Олон улсын сэтгүүлийн бүртгэлд оруулъя гэхээр “Энэ бол сэтгүүл биш” гэдэг. Тийм учраас энэ хуулийн заалтыг шинэчлэх  боломж байдаг бол хүрээлэнгүүд эрдэм шинжилгээний сэтгүүлтэй байж болох заалт оруулж өгөөч.

 Шинжлэх ухаан, дээд боловсролын хамтын ажиллагаа хөгжүүлэх тухай  хэд хэдэн хүний саналд дурдагдаж байна. Түрүүн би Бага чуулганы гишүүдийн бүрэлдэхүүнийг ярьсан.  Шинжлэх ухааны академи хуулиараа Монгол Улсын шинжлэх ухааны төв байгууллага гэдэг утгаараа манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа хувийн өмчийн их, дээд сургуулийн эрдэмтдийг Бага чуулганаараа дамжуулж, академик судалгаанд хамруулах, энд болж байгаа үйл явдалтай танилцуулах ажил хийдэг. Гэхдээ бидний хамгийн чухал хамтарч ажиллах салбар болох  их, дээд сургууль дээр явагдаж байгаа мастер, докторын сургалтад академийн салбарын эрдэмтэд оролцох боломж байдаггүй. Уг нь бол Дээд боловсролын хуулийн 8.6-д  их сургуульд онолын хичээлээ үзэж кредит цуглуулсан  судлаачдыг академийн салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд тэдний бааз дээр, туршлагатай эрдэмтдийн удирдлагад туршилт судалгааны ажлаа хийж болно гэсэн заалт байдаг ч үүнийг хэрэгжүүлдэггүй. Үүнийг шинэчилж байгаа хуульд хүчийг нь чангаруулж хэрэгжүүлж болно гэх бус хийнэ гэсэн заалт оруулж өгөөч.

Хоёрдугаарт их сургууль, академийн хүрээлэнгүүдийн дунд  маягтай байгуулсан Хамгаалуулах зөвлөлд академийн туршлагатай өндөр эрэмбийн эрдэмтдийг өргөн оруулмаар байгаа юм. Үүний түрүүн гаргасан Доктор хамгаалуулах журамд Хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь сургалт явуулсан тэнхимийн эрхлэгч байна гэсэн заалт орсон.

Сургалт явуулсан тэнхимүүд нь өөрсдөө хамгаалуулчихаад  “Сайн эрдэмтэн гаргалаа” гэж ярьж суух бус  эрх ашгийн зөрчилгүй, хөндлөнгийн эксперт маягаар байгуулагдах учиртай.

Гэтэл энэ зөвлөлийн 40-50 хувь нь сургалт явуулдаг сургуулийн багш нар байгаа юм. Цаашдаа хамгаалуулах зөвлөлийн журмыг сайжруулах бол  миний саналыг ямар нэг байдлаар тусгаж өгөөч.

Ч.Содномцэрэн: Цөм сүрэг, малын үүлдэр омогтой холбоотой суурь судалгаануудын санхүүжилтийг тасалж болохгүй

Академич, ХАА-н шинжлэх ухааны доктор Ч.Содномцэрэн: Саяхан би Хөдөө аж ахуйн хүрээлэнгүүдийн тайлангийн хуралд  академичийн хувиар суулаа. Тэнд нэг өрөвдөлтэй юм харагдаж байна. Суурь судалгаа гэж 30 сая төгрөгийн тайлан тавьж байна. Гурван жилийн хугацаанд жилд арван сая төгрөг. Гарч байгаа үр дүн нь том. Яагаад ийм үр дүн гарч байна гэхээр олон улсын байгууллага, гадаадын хамтарч ажилладаг хүрээлэн, байгууллагуудаас хөрөнгө оруулалт, тусламж авсан байна. Гаднаас тэрбум гаруй төгрөгийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн авсан байна шүү дээ. Ихэнхи нь хятадууд тусалж байна.  Энэ чинь одоо болж байгаа юм уу, үгүй юм уу. Солонгосууд бас тусалж байна.

Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, янз бүрийн хөтөлбөрөөр дамжуулж тусалж байна. Үр дүнг нь тийш нь өгч байна. Энэ  бас болж байна уу, үгүй юу?

Зайлшгүй хийх ёстой судалгаа бий. Түүнийг  тасалж болдоггүй. Мал аж ахуй дээр цөм сүрэг, үүлдэр омогтой холбоотой судалгаанууд байна. Үр сортын судалгаа байна. Амьтан ургамалын генетиктэй холбоотой судалгаанууд байна. Нэг төсөл бичээд явуулахаар тэр нь шалгардаггүй гэцгээдэг. Таслахгүйн тулд олон улсын байгууллагууд, гадны орнуудаас тусламж авдаг. Журамнууд гарч байгаа гэж ярьж байна. Энэ журамдаа ядаж цөм сүрэг, үүлдэр угсаа, ургамалын сорт, мал амьтны генетик, удмын сантай холбоотой судалгааг таслахгүй шиг оруулах талаар тусгамаар байна. Амьтан, ургамалын удмын сангийн судалгааг  тасалчихгүй шиг аваад явж байгаа эрдэмтэд байгаа юм.

Мал аж ахуйн хүрээлэн сарлагийн долоон генийг шинээр илрүүлж, олон улсын генийн санд бүртгүүлж,  шалгуур хангасан. Энэ жилдээ бараг бүртгэгдчих байх. Үүнд сайд маань анхаарч өгөөч.

 Ш.Болд: Монгол Улсад  нэг төрийн өмчтэй, хоёр хувийн анагаахын  сургууль хангалттай

Анагаах ухааны академийн ерөнхийлөгч,  академич Ш.Болд:

 -Монголын анагаах ухааны академи 43 гишүүнтэй, хамгийн олон хүнтэй академи. Өнгөрсөн жил бид зургаан хүнийг шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулсан.  Зургаан хүний ажил гэхэд 12 удаа хурал хийж байгаа юм. Жижиг сажиг ажил ихтэй. Энэ болгоны зардлыг өөрсдөө босгодог. Үйл ажиллагааны зардлыг өгдөг болчихвол их чухал. Энд их хөрөнгө орохгүй. Анагаах ухааны салбарт эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтдийг цуглуулаад, өнгөрсөн зуунд хийсэн шинэ нээлтүүдийг дахин эргэж ашиглаж, инновацийн бүтээл болгох бололцоотой ажлуудын жагсаалт хийе гэхэд жаахан хөрөнгө санхүүжилт дутаад байна. Тодорхой санхүүжилт тусгадаг бол ажиллахад дөхөм болно.  Бага хэмжээний санхүүжилт байхад болно. Үлдсэнийг нь бид 43 академич Монголын сор болсон эрдэмтэд учраас нэмэлт нөөц олж болно гэж үзэж байна.

Шинжлэх ухааны мэдлэгийг түгээн дэлгэрүүлэхэд анхаарч ажилламаар байна. 1960-аад оны эхээр Англи улсад бөөр шилжүүлэн суулгасан. Монгол Улсад бараг 40 шахам жилийн дараа  бөөр шилжүүлэн суулгах жишээтэй. Өөрөөр хэлбэл бид шинжлэх ухааны мэдлэгээс 30 гаруй жилээр хоцорч яваад байгаа юм.

Уг нь зэрэгцэхээ байг гэхэд гурван жилийн ард явмаар байна.

 Их сургуулиуд оюутнууддаа    Анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртсэн сэдвээр, тухайн агуулгад нийцүүлсэн  хичээл нэмж орж баймаар байна. Тухайн хүний намтар, судалгааны арга, нууцыг нь, үр дүнг нь албан ёсоор хичээл оруулдаг болвол ямар вэ.

   Физик техникийн хүрээлэнд жил болгон физикийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал авсан авсан хүнийг судлаад семинар явуулдаг талаар сая би Х.Намсрай академичтай ярилцаж байлаа.

Намайг ерээд онд ЭМЯ-нд ажиллаж байхад  ДЭМБ-ын зөвлөмж байсан. Хоёр  сая хүнтэй газар нэг л анагаах ухааны их сургууль байхад хангалттай гэдэг байсан. Одоо Монгол Улс 3.4 сая хүнтэй. Анагаах ухааны сургууль арав гаруй байна. Зарим хувийн сургуулийн  анагаахын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан багшийн  тоо 15 хувьтай байна. Зарим сургуульд бол 40-50 хувьтай байна. Ийм харьцангуй сургуулиуд адилхан мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж  байна. Нэг стандартад оруулж, цөм хөтөлбөртэй нэг технологиор явуулахгүй бол болохгүй. Гэхдээ би нэгэнт байгуулагдсан сургуулиудыг тараах, үгүй хийх тухай яриагүй. Хувийн сургуулиудын  үйл ажиллагааны уялдааг нь хангаж байгаад нэгтгэх журам шийдвэр гаргаж болохгүй юу.

Монгол Улсад нэг төрийн өмчтэй, хоёр хувийн нийт гурван  анагаахын сургууль хангалттай. Ингэж сайн мэргэжилтэн бэлтгэхгүй бол манайх хүний нөөц багатай учраас зарим сургуульд эрдмийн зэрэгтэй багш ховор мөртлөө  мэргэжилтэн бэлтгэж байна.

Р.Гончигдорж: . Хүнээ л хөгжүүлчих. Дараа нь хүнээ мэддэг ажилд нь тавьчих

 Академич Р.Гончигдорж:

-Урт хугацаандаа бодоход дэлхий ертөнц өөрчлөгдөж байгаа энэ орчинд засагдаж залагдахгүй нөхцөл бий. Энэ байдалд дасан зохицох болоод ирээдүйд бий болох нөхцөлд урьдчилан бэлтгэх гэсэн хоёр зүйл бий. Монголд төвтэйгээр байгаль орчны өөрчлөлтийг судлах нь маш чухал болох юм шиг байна. Монголд бий болох давуу, бэрхшээлтэй талууд юу болохыг судлах чиглэл байвал чухал.

Эрдэмтдийн яриад байгаа суурь судалгаа гэдэгт дэлхий нийт эргээд анхаарав, бүх салбарыг дамнасан  хамтарсан суурь судалгаа зайлшгүй шаардлагатай. Шинжлэх ухааны хөгжлийн бодлого  дотроо энэ орчлон яаж өөрчлөгдөх гээд байна вэ,  бид юунд бэлтгэх ёстой вэ гэдэг  чиглэл байх учиртай. Энэ болгоныг хийхэд гурван үеийнхэн оролцох нь зайлшгүй байна шүү дээ.

Англи, Финляндаас аргачлал авч байна гэж сайд ярьсан. Энэ зөв зүйтэй. Тийм учраас манай академи эрдэм шинжилгээ судалгааны ажлаас гадна яаж багш нарыгаа шинжлэх ухаанжуулах вэ, багшаар дамжуулж сурагчдаа  бэлтгэх цикл бодлого гаргаж ирмээр бодогдоод байгаа юм. Энд байгаа бид ямар сургуульд сураад ямар багш нараар заалгаад, ямар сурах бичиг үзэж өсч торнилоо. Тэр үеэс технологи, орчин нь  хүн нь өөрчлөгдөж. Энэ бүх өөрчлөлтийг угтаж явах асуудал бий.

Хажуудаа хүн сургаж дагуулах бүү хэл өөрөө зүтгээд явдаг амьдралын нэг үе байдаг. Залуусаа дагуулаад бэлтгэх дараагийн үе ирдэг. Яг тэр үедээ  байгаа хүмүүсийг тэтгэвэртээ гар, цагийн багш хий гэдэг. Энэ их буруу. Өөртөө хураасан өгөөжөө залуустаа шилжүүлэх шилжилт явагддаг үйл явцыг тасалж байгаа юм. Энэ тун харамсалтай. Ийм юм бодох хэрэгтэй байна. Хүүхдийн боловсролд, тэднийг сургадаг багш нартаа  бид яаж нөлөөлөх вэ. Шинжлэх ухаанжсан хүний хөгжлийг яаж бий болгох вэ.

Хүнээ л хөгжүүлчих. Дараа нь хүнээ мэддэг ажилд нь тавьчих. Энэ хоёр хэрэгжсэн байхад улс орон аяндаа хөгжих зүй тогтолтой.

Үүнийгээ шинжлэх ухааны бодлогын бүрэлдэхүүн хэсэг болгоод явах нь зүйтэй юм байна гэв.

Л.Энх-Амгалан: Альфа Монгол хүн бэлтгэнэ                

  Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эрдэмтдийн яриаг нухацтай сонсоод, ийнхүү хариулав.  

-Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийн шинэчлэл хийгдэнэ. Гэхдээ өмнөх хөтөлбөрийн шинэчлэлүүдээс судалгаатай тооцоотой, нотолгоонд суурилсан шинэчлэл хийнэ гэж бодож байна. Яагаад гэвэл өнгөрсөн 15 жилд ерөнхий боловсролд зургаан хөтөлбөрийн шинэчлэл хийгдсэн юм билээ. Багшаа, сурах бичгээ, санхүүжилтийн тогтолцоогоо бэлтгээгүй. Засгийн газар солигдох бүрт хөтөлбөрийн шинэчлэл зарласаар байгаад сүүлдээ багш нар төөрчихсөн юм байна. Тэд ямар хичээлийг яаж заахаа мэдэхээ больчихоод байгаа шүү дээ.

Сая багш нарын дунд судалгаа хийж үзэхэд хөтөлбөрөө ойлгохгүй багш  70 хувь байсан. Ийм багш хүүхдэд ямар мэдлэг олгох вэ?

Цаашдаа хөтөлбөрийн менежментийн цикл гэж тогтолцоог бий болгоё.

Ер нь бусад улс оронд хөтөлбөрийн шинэчлэл арван жилийн циклтэй явдаг юм билээ. Ийм маягаар явахгүй бол сэтгэлийн хөөрлөөр явж болохгүй гэж ойлгож байгаа.

Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалтай уялдаж бүх улсууд хөтөлбөрийн шинэчлэл ярьж байгаа. Үүнтэй уялдуулна. Бид ер нь альфа үеийнхнийг бэлтгэж байгаа шүү дээ. Огт өөр болчихсон юм билээ, энэ үеийнхэн.

Альфа Монгол хүн ямар байх ёстой гэдэг хөтөлбөрийн шинэчлэлд байгалийн  шинжлэх ухаан үндсийн үндэс болно.    Тийм учраас нэгдүгээр ангиас кодчилолын хичээл, гуравдугаар ангиас англи хэл, байгалийн ухааны хичээлүүдийг оруулах туршилтуудыг Финлянд, Английн дэлхийд нэвтэрсэн технологи, платформуудыг туршиж байна. Ирэх намраас бид тав, зургадугаар ангиас байгалийн шинжлэх ухаанд суурилсан хөтөлбөрийн шинэчлэл хийх боломж гарч байгаа.

Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжүүлэхэд 38 мянган инженер, техникийн ажилтнууд хэрэгтэй гэсэн тооцоо гарсан.   Гэтэл их дээд сургууль төгсөгчдийн 80 хувь нь нийгмийн чиглэлээр төгссөн.

Энэ жилээс сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролынхоо бүх хөтөлбөрүүдийн интеграциудыг хийж байгаа.

Их, дээд сургуулиудын хамтын ажиллагааны тухай яригдсан. Үүнд ахиц дэвшил гарч байгаа. Анагаах ухаан, хөдөө  ахуйн хүрээлэнгүүдийн тухай ярьж байна. Энэ хоёр салбар санхүүгийн боломжтой, улсын төсвийн ихэнх зардлыг авдаг салбар. Академи байна гэвэл ямар санхүүжилттэй байх талаар бүгдээрээ эргэж ярилцаж шийдвэр гаргая.

Ч.Содномцэрэн академич  суурь судалгааны санхүүжилт, цөм сүрэг малын үүлдэр угсааны судалгааг санхүүжүүлэх тухай ярьсан.  Цөм технологи, тэргүүлэх технологийн жагсаалт батлагдах учраас үүнд үндэслэн суурь судалгааны санхүүжилт хийгдэж явна.  Энэ талаар санаа зовох асуудал байхгүй болов уу.

Энэ жил аймгийн Засаг дарга нартай гэрээ хийгээд, аймаг бүр 200-300 сая төгрөгийг хөдөө аж ахуйн судалгаа, инновацийн чиглэлд зарна гэдэг үүрэг хүлээсэн. Жилд 4,2-6.5 тэрбум төгрөгийн боломж бидэнд гарч ирж байна.

Шинжлэх ухаан технологийн санхүүжилтийн 50 хувьтай тэнцэх эх үүсвэр буюу шинэ боломж гарч ирж байна гэсэн үг.

Уламжлалт анагаах ухааны Ш.Болд академичийн мэдлэг түгээх, Нобелийн шагнал авсан ажлуудын судалгааг хичээлийн хөтөлбөрт тусгах шинэлэг санааг их, дээд сургуулийн удирдлагуудтай ярьж онцгой анхаарч ажиллая.

Анагаахын чиглэлийн 20 гаруй сургууль байгаа юм.

Энэ сургуулиудыг цэгцлэх бодол бий. Том ажлын хэсэг гарч ажиллаж байгаа учраас энэ хавар гэхэд үр дүн гарчих болов уу.

Намайг ажил авахад их дээд сургуулийн тоо 108 байсан шүү. Одоо бол 60 болсон. Энэ хавар 45 болно. Тийм учраас их, дээд сургуулийн чанарт маш том ахиц дэвшил гарч байгаа.

Цаашид  магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөртэй анагаахын  сургуулиуд л байх ёстой.

Хүрээлэнгүүдийг яамдын харьяанд захиргааны байгууллагын статустай болгоод байна. Эд чинь шинжлэх ухааны байгууллага байх ёстой биз дээ гэдэг зөв концепц хөндөгдсөн.

Би бас ийм ойлголттой байдаг. Ер нь шинжлэх ухааны  судалгаа хийж байгаа байгууллагууд яамныхаа харьяа байх ёстой юм уу, шинжлэх ухааны байгууллагуудын харьяанд байх ёстой юм уу гэдэг дээр Засгийн газрын хуралдаан дээр маргаан өрнөсөн.  УИХ-д өргөн баригдах гэж байгаа Шинжлэх ухаан, технологийн хууль батлагдаж гарахад  энэ ойлголтууд нэлээд цэгцтэй болох болов уу.

Гэхдээ ер нь аль ч хэлбэрээр байдаг л юм билээ. Заавал ч үгүй бүгдийг нэг хашаанд хөөж оруулах шаардлагагүй. Зарим нь их, дээд сургуулийнхаа харьяанд сайн явж байна. Муудсан юм байхгүй. Нэг хэсэг нь академийнхаа дор, нөгөө хэсэг нь яамныхаа дор оруулах гээд байх шаардлага байхгүй. Хамгийн гол нь хамтын ажиллагааны зөв тогтолцоог хийж чадвал үр дүн гарах ёстой.

Н.Бэгз академичийн магистр, докторантууд судалгааны ажлаа хийгээд, ажлын байран дээрээ кредитээ тооцуулах асуудал журмаар зохицуулагдаад эхэлсэн. Хамгаалуулах зөвлөлийн журмыг бид удахгүй шинэчлэнэ. Нэг зарчим баримталж байгаа. Аливаа журам гаргахад анхан шатнаасаа эхлүүлдэг болъё. Тэгэхгүй бол яаман дээр журам гардаг,  амьдралд хэрэгждэггүй зовлон байдаг. Цаашдаа заавал ч үгүй анхан шатнаас нь хэлэлцүүлж байж журам болж батлагддаг тогтолцоонд орох болно. Хамгаалуулах зөвлөлийн шинэ журмын төсөл шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургуулийн багш нарын дунд хэлэлцэгдэж байж шинэ журам батлана.

Монголын ДНБ 40 их наяд байгаа. Үүний нэг хувийг шинжлэх ухаанд зарцуулна гэвэл  жилд 400 тэрбум төгрөгийн  санхүүжилт хийх шаардлагатай. Гэхдээ бид нэг зүйлийг ойлгох ёстой.

Шинжлэх ухааны санхүүжилтийг дандаа төр нь авч явдаггүй.

Улс орнуудын харьцаа 60:40 байдаг юм билээ. Зарим улсад 60 заримд нь 40. Энэ харьцаагаар явахад ДНБ-ний 1 хувьд хүргэчих дотоод нөөц бололцоо байна. Сүүлийн гурван жилд төрөөс судалгаанд зориулж  182 тэрбум төгрөг зарцуулсан байна. Нэг жилд 60 тэрбум төгрөг гэсэн үг.

Хувийн хэвшлийнхнээс жилд 10 тэрбум нийлээд жилд 70 тэрбум болно.

Хувийн хэвшлийнхний инновацид зарцуулж байгаа мөнгө 20 тэрбум гэхээр нийлээд 80 тэрбум болно.

Дээр нь Шинжлэх ухаан технологийн  сангийн санхүүжилтийг нэмэхээр 100 тэрбум болчихоод байгаа юм.

Бид статистикийн тоо, датануудаа нэг болгох шаардлага бий гэлээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img