2024-10-07, Даваа
12.3 C
Ulaanbaatar

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын талаар хэн юу хэлэв?

СЭЗИС-иас 100 жилийн ойн хүрээндээ “Уул уурхайн салбар дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол улсын нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийг тодорхойлох судалгаа” хийж, дүгнэлт зөвлөмжөө гаргаад байна. Уг судалгааг эхлэхийн өмнө тус сургуулиас дугуй ширээний хэлэлцүүлгийг Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан юм. Энэ оны хоёрдугаар сарын 7-нд болсон уг хэлэлцүүлэгт саналаа хэлсэн хүмүүсийн байр суурийг тоймлон хүргэе.

Ц.Түмэнцогт: Монголд “голланд өвчин”-ий шинж тод ажиглагдаж байна

TumentsogtМонголын бизнесийн зөвлөлийн Удаирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт: Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар тогтвортой сайн хөгжиж яваа, эдийн засгийн өсөлтөд нөлөөллөө гэж буй ч манай улсад “голланд өвчин” анзаарагдаж байна. Дэд бүтцийн шаардлагатай хөрөнгө оруулалт, эрчим хүчний хомсдол гэх мэт чухал асуудлуудыг шийдэж чадаагүй байх жишээний. Эдийн засгийн өсөлт аж ахуйн нэгж, ард иргэдийн хаалгаар орж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Боловсролтой эрч хүчтэй залуус гадагшаа явах нь ихэслээ. Орлого олж байгаа ч зөв зарцуулах засаглал, менежмэнтийн асуудал чухал байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтаар шийдчих том төслүүдийг төр өөрөө хэрэгжүүлнэ гэх боллоо. Энэ бол анхаарахаас аргагүй асуудал.

М.Дагва: Ганц лидер гарч ирээд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй

ШУТИС-ийн Геологи уул уурхайн сургуулийн багш, судлаач М.Дагва: Уул уурхай дах гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэлбэр дээр сүүлийн үед хариу нь 400 гардаг томъёог нэлээд ярьдаг болсон. Уул

Dagva

уурхайн салбарын онцлогоос хамаараад энэ салбарт ордог хөрөнгө оруулалт эхлээд хайгуулд зарцуулагддаг. Хайгаад олсон тохиолдолд 25 дахин үржигдсэн мөнгө бүтээн байгуулалтад нь зарцуулагдана. Дараагийн шатанд нь энэ 25-ыгаа 16 дахин үржүүлсэн буюу 400 гэдэг хариу гарах хэмжээний орлогыг экспортоосоо олдог. Ийм ерөнхий баримжаа бий. Дэлхийн уул уурхайн хайгуулд, ялангуяа металл ашигт малтмалын хайгуулд орж буй хөрөнгө оруулалтууд хамгийн багадаа хоёр, гурван тэрбумаар хэмжигддэг. Хамгийн ихдээ хорь орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дэлхий даяар эргэлдэж байна. Сүүлийн арван жилийн дунджаар нь харвал жилд арван тэрбум ам.долларыг дэлхий даяар хайгуулд зарцуулж байгаа гэсэн үг. Энэ мөнгөний 98 хувийг цөөхөн улс авчихаж байгаа юм. Австрали, Канад хоёр 28 хувийг нь хуваагаад авчихаж байна.

Өөрөөр хэлбэл 10 тэрбум ам.долларын 3 тэрбум доллар нь энэ хоёр улс руу явчихдаг. Чили, Перу, Америк зэрэг улсууд руу 30 гаруй хувь нь ногдоно. Африк 6, Индонези 4 хувийг нь авчихдаг. Үлдсэн 2 хувь буюу 200 орчим сая ам.доллар дэлхийн бусад бүх улсад хуваарилагдаж байна. Энэ 2 хувь дээр өрсөлддөг улсын тоонд Монгол багтдаг.

Бид энэ 10 тэрбум долларын 1 хувь буюу 100 сая ам.долларыг татах улс болох зорилт тавьж, уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт хэлбэрээр 100 сая ам.доллар татаад, яг тэр эрчээрээ 10-15 жил явбал үр дүнд нь дараагийн Оюу толгой шиг төслүүд хэрэгжиж байдал өөрчлөгдөнө. Тэр тохиолдолд нээгдсэн том ордын бүтээн байгуулалтад жилдээ 2.5 тэрбум ам.доллар гаднаас орж ирдэг болно гэсэн үг. Тэгж чадвал манай уул уурхайн экспорт 45 тэрбум долларт хүрэх юм.

Манай уул уурхайн салбарын экспорт 7 орчим тэрбум доллар дээр арав гаруй жил цовхчиж байсаар, нүүрсээ ахиу зарсны хүчинд энэ жил 13 тэрбум ам.долларт хүрлээ. “Алсын хараа-2050” мэтийн стратегийн бичиг баримтуудаа уншаад үзвэл 2050 он гэхэд манай улс 30-40 тэрбум ам.долларын экспорт хийдэг улс болох зорилттой.

Гэтэл гадаадын шууд хөрөнгө оруулалтыг алга ташин хүлээж авах орчин манайд байгаа эсэх нь эргэлзээтэй. Ард түмэн болоод уул уурхайн салбарынханд “Шийдэмгий Уул уурхайн сайд гарч ирээд хөрөнгө оруулалт татаасай, эсвэл зоримог Ерөнхий сайд гарч ирээд гадаадын хөрөнгө оруулагчдад хаалгаа нээгээсэй” гэсэн найдлага байдаг. Би бол энэ найдлагад ач холбогдол өгөхгүй байгаа. Улстөрийн намууд ард түмний хандлагыг тандаж байгаад сонгуулиа хийдэг.

Сонгогдсон амлалтынхаа дагуу бодлогоо боловсруулж хэрэгжүүлдэг. Яг энэ циклээр харвал ганц лидер гарч ирээд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Үүн дээр уул уурхайн салбарынхан өөрсдөө ажиллах ёстой. Ард түмэн уул уурхайн салбарын хар, шар, элдэв мэдээлэлд төөрөлдчихсөн яваа. Ард түмний сэтгэхүйд өөрчлөлт гарч байж уул уурхайн салбарын талаарх сөрөг хандлага өөрчлөгдөнө. Энэ бол маш удаан явах процесс.

Маш олон оролцогч тал олон жил зүтгэж байж хийх зүйл. Уул уурхайн салбараа үндэсний болоод ард түмний амбицтай холбож чадсан улс энэ салбараараа хөгжсөн жишээ дэлхийд өчнөөн бий. “Алсын хараа 2050” бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн амбиц гэж харахаар болиод, ард түмний амбиц бол 2050 юм байна, тэрэнд нь уул уурхай хувь нэмрээ оруулж яваа гэж харсан цагт бид нийгмийн түншлэл рүү шилжиж чадна. Ингэж зорьж яваа үед орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт бол нийт ард түмний дэмжлэгийг авна.

DelgersaihanСЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: Яахаараа бид заримдаа уул уурхайн салбараа өмнөө бариад, заримдаа газар доогуур ортол муулдаг вэ? Энэ бол яалт ч үгүй сонирхол татсан асуудал. Үүн дээр талууд харилцан адилгүй байр суурь илэрхийлдэг. Тухайн салбарт уул уурхайн эерэг нөлөөлөл бий бол хамтад нь яриад явмаар байгаа юм.

AmarjargalМонгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Уул уурхайн салбар хэрэгтэй гэж ярьдаг ч энэ салбарын нийгэм, эдийн засаг дахь нөлөөллийн талаар академик судалгаа байдаггүй юм байна. Тийм учраас манай сургуулийн зүгээс ийм судалгаа хийхээр шийдсэн юм.

JargalsaihanМонголын бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан: Уул уурхайн салбарын үйл ажиллагааг шууд болон шууд бусаар зохицуулдаг 50 орчим хууль бий. Дүрэмж журам гэвэл 344 байна. Нийтдээ 400 орчим эрх зүйн актаар уул уурхайн салбарын үйл ажиллагаа зохицуулагддаг. Энэ зохицуулагдаж буй үйл ажиллагаанд бид үндсэн гурван чиглэлээр шинжилгээ хийх гэж байна. Шинжилгээг хууль, дүрмийн төвшинд нь биш, дүрэм, журмын заалт бүрд нь хийнэ. Нийгмийн системийн инженерчлэлийн аргаар шинжилгээ хийх юм. Үндсэн хуулиас уул уурхайн салбарт шууд хамааралтай зарчмуудыг сугалж гаргаж ирээд тодорхойлж байна.

Одоогийн үр дүнгээр зуугаад зарчим гарч ирлээ. Зуугаад зарчмаар 400 орчим хууль, журмыг шүүнэ гэсэн үг. Олон улсын хэмжээнд ESG буюу байгаль орчин, нийгэм, засаглал гэсэн хандлага хүчтэй болсон байна. Эндээс зуу орчим хэв шинж түүлээ. Уул уурхайн дүрэм журмуудад орсон тулгуур ойлголт гэж бий. Орд, уурхай, үйлдвэр гэх мэт ойлголтоо бид ерөөсөө нэг болгоогүй. Хүн бүр харж буй өнцгөөрөө тайлбарлаж байна. 50 орчим ойлголтыг системийн аргаар нэг болгох судалгааны ажил эхлүүлснээ онцолъё.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img