2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

Эрдэс баялгийн мэдээллийг өгөгдөлд түшиглэн бүтээлчээр бэлтгэн түгээнэ

Эрдэс баялгийн салбарын ил тод, хариуцлагатай үйл ажиллагаа, засаглалын сэдвээр олон нийтэд үнэн зөв, баталгаатай, энгийн ойлгомжтой контентыг өгөгдөлд түшиглэн бэлтгэн түгээхээр “Дата стори” криетив агентлаг, “Эрдэс баялгийн тойм” сонины Редакц хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа.

Санамж бичгийн зорилго нь Редакцын бодлогын хүрээнд эрдэс баялгийн талаарх ойлголтыг бүтээлч байдлаар олон нийтэд хүртээмжтэй хүргэж, улмаар мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд чиглэх юм.

“Эрдэс баялгийн тойм” сонины Ерөнхий эрхлэгч Г.ИДЭРХАНГАЙ:

-Эрдэс баялгийн салбарын ил тод, хариуцлагатай үйл ажиллагаа, засаглалын талаар энгийн ойлгомжтой, бүтээлч, өгөгдөлд түшиглэсэн контент бэлтгэж хүргэхээр бид зорьж байна. Энэ чиглэлд олон жилийн туршлагатай дата экспертүүдийн багтай хамтран ажиллах болсондоо баяртай байна.

Тус багаас санаачлан хэвлүүлсэн “Уул уурхайн нөлөөллийн тухай Мэдлэгт хөтлөх 50 асуулт & хариулт ном”-ын нээлтийг өнгөрсөн сарын сүүлээр Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай, сайхан зохион байгуулсан.

Datastory Creative Agency” нь уг номыг Олон улсын санхүүгийн корпорацын сертификаттай дата сургагч багш нарын оролцоотойгоор Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци, Хил Хязгааргүй Алхам Тбб-тай хамтран бэлтгэсэн юм.

Өмнөговьчуудын мэдлэг, ойлголтод ихээхэн тустай бүтээл болсон гэдгийг энэ ташрамд тодотгоё. Иргэдэд эрдэс баялгийн салбарын талаар үнэн бодит эх сурвалжтай, мэргэжлийн ёс зүйг хадгалсан мэдээлэл өгөх, соён гэгээрүүлэх нь “Эрдэс баялгийн тойм” сонины Редакцын бодлого юм.

Энэ талаасаа санамж бичиг байгуулсан талууд нэгэн зорилгоор хамтын ажиллагааны хүрээнд бүтээлч, өгөгдөлд түшиглэсэн, мэргэжлийн ёс зүйтэй дата контентуудыг бэлтгэнэ.

“Дата стори” криетив агентлагийн Ерөнхий редактор З.ЦЭЛМЭГ:

-Монгол Улсын эдийн засгийн суурь болдог эрдэс баялгийн салбарын үйл ажиллагааг тогтвортой явуулахад оролцогч талуудын харилцан ойлголцол чухал үүрэгтэй. Тэрхүү харилцан ойлголцлыг бий болгож, бэхжүүлэхэд талуудын мэдээллийн тэгш бус байдлыг арилгах, тэнцвэртэй мэдээллийг хүртээмжтэй хүргэх арга хэлбэр үгүйлэгддэг.

Тиймээс бид санамж бичгийнхээ хүрээнд өгөгдөлд түшиглэсэн бүтээлч контентын тусламжтай эрдэс баялгийн салбарын оролцогч талуудын мэдээллийн тэгш бус байдлыг бууруулахаар зорьж байна.

Өгөгдөлд түшиглэсэн сэтгүүл зүйн контентууд “Эрдэс баялгийн тойм” сонин, цахим хуудас, олон нийтийн сүлжээгээр түгээгдэх юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img