2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Ток, ток, ток… Монгол эрчим хүчний эрх чөлөөтэй юу?

Хөрөнгө санхүү, баялгийн салбарт гүн судалгаа хийж, өргөн хүрээнд танилцуулдаг судалгаа мэдээллийн фирм MIRA-гийн эрчим хүчний салбарын талаар хөндсөн аналитик нийтлэлийг хүргэж байна.

Энэ удаад Монгол Улсын хөгжлийн мөнхийн сэдэв болох эрчим хүчний найдвартай байдлын талаар хөндье. Бүх зүйл эрчим буюу хэмнэлээс үүсдгийг хэдийнээ квант физик тайлбарласан. Суурь эрчмийг технологийн замаар бүтээгч хүч болгож ашиглах нь эдийн засгийн тулгуур юм. Үүнийг ойлгосон улсуудын нэг нь Герман. Их долоогийн нэг энэ улс эдийн засаг, эрчим хүчний яамдаа нэгтгэсэн байдаг. Мэдээж амин хэрэгцээтэй салбараараа бусдаас хамааралтай аж төрөхийг ямар ч улс хүсэхгүй. Тэгвэл эдийн засгийн, ерөөс хөгжлийн суурь болсон эрчим хүчний салбар Монголд ямаршуухан байна вэ?

Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал

“Эрчим хүч” гэх ойлголт маш өргөн хүрээг хамардаг ч энэ нийтлэлд бид зөвхөн цахилгаан, дулааныг онцолж байна. (Манай улс Эрчим хүчний тухай хуульдаа ч ийн тодорхойлж буй).

chartSource: ҮСХ

Сүүлийн арван жилийн хугацаанд Монгол Улсын цахилгааны хэрэглээ бараг хоёр дахин нэмэгджээ Энэхүү өсөлтийн дийлэнх хувийг Оюу Толгой тѳсѳл эзэлж байна. 2020 оны байдлаар манай улс цахилгааны хэрэглээнийхээ 19 хувийг импортоор хангасан юм. Үүнээс, Оюутолгой тѳслийн БНХАУ-аас импортолсон хэмжээг хасвал нийт хэрэглээний 4 хувийг ОХУ-аас авдаг гэсэн үг.

Гэвч өвлийн оргил ачааллын үед цахилгааны хэрэглээний 18 хувийг ОХУ-аас хангадаг. Эндээс харахад ОХУ-аас авч буй цахилгааны хэмжээ бага боловч сүлжээний савлагаатай ачааллын тохируулгыг оросууд хийдэг гэх дүгнэлтэд хүрнэ. Хэрэв ОХУ манайд өгч буй цахилгаанаа тасалбал нийт хэрэглэгчдийн 84 хувь нь тоггүй суух, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний систем “тэг зогсолт” хийх эрсдэл бидний өмнө бий.

chartSource: ҮСХ

Манай улс дулааны хэрэглээгээ 100 хувь дотоодоосоо хангадаг. Энэ нь гал алдахааргүй дайны хүчин чадал бүхий эх үүсвэрүүдтэй гэсэн үг. Гэхдээ Эрдэнэт, Дархан зэрэг томоохон хотууд дулаанаа төвлөрсөн дулааны цахилгаан станцаас хангадаг онцлогтой тул сүлжээний доголдлоос үүдэн станц зогсох эрсдэл бий. Өвлийн улиралд удаан хугацаагаар сүлжээ зогсвол шугам хөлдөх сул тал бий. Энэ нь ОХУ-аас тохируулж байгаа импортын цахилгааны ач холбогдлыг улам нэмдэг.

Эрчим хүчний салбарын ирээдүй.

Хэрэглээ
Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээрээ дэлхийд 115-д жагсаж байна. Нийт хэрэглээний 70 хувийг хэрэглэгчдийн 8 хувь бүрдүүлдэг. Эрчим хүчний голлох хэрэглэгчид болох тус цөөнхөд үйлдвэр, аж ахуй нэгж, байгууллагууд, тэр дундаа уул уурхайн томоохон үйлдвэрүүд багтдаг онцлогтой.

chartSource: ДҮТ, MIRA

2030 он гэхэд Монгол Улсын цахилгааны хэрэглээ хамгийн багадаа 40 хувиар өснө гэсэн тооцоолол бий. Оюутолгой, Тавантолгой, Цагаансуваргын уурхай зэрэг томоохон хэрэглэгчийг нэмж тооцвол 67 хувь буюу 2316 МВт хүртэл өснѳ гэж эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд онцолдог.

Монгол Улсын нэгж хүнд ногдох цахилгааны өнөөгийн хэрэглээ дэлхийн дунджаас 16 хувиар бага байна. Хэрэв зарим улсын нэгж хүнд ногдох цахилгааны хэрэглээгээр жишиж тооцвол хэрэглээ цаашид илүү өсѳхѳѳр харагдана.

chart

Дээрх тоо баримтуудыг нэгтгэж дүгнэхэд Монгол Улсын нэгж хүний цахилгааны хэрэглээ Казахстаны түвшинд очиход 2585 МВт хүчин чадал хэрэг болохоор байна. Үүнээс гадна Монгол Улсын нэгж цахилгаанаас гаргаж буй эдийн засгийн бүтээмж ч чамлалттайг онцлон дурдъя.

Хүчин чадал

Монгол Улсын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 1485 МВт. Үүний 81.6 хувь нь дулааны цахилгаан станц, 18.3 хувь нь сэргээгдэх эх үүсвэр, 0.2 хувь нь дизель генератор байна. Суурилагдсан чадлын ашиглалт 61 хувьтай. Онцолж дурдахад суурилагдсан хүчин чадлын 955 МВт орчим нь “ашиглалтын хугацаа дууссан” тул сууриар нь шинэчлэх шаардлага бий.

Одоогоор 14410 МВт дулааны цахилгаан станц, 1114 МВт сэргээгдэх эх үүсвэр барих тусгай зөвшөөрөл олгосон гэсэн статистик бий. 1990 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний томоохон төслүүд хэрэгжсэн ч суурь чадлаа дорвитой нэмж чадаагүй нь бодит бэрхшээл болоод буй.

Суурь буюу уламжлалт чадлын 30 хувьд нь л сэргээгдэх чадал байх боломжтой. Учир нь сэргээгдэх эх үүсвэрийн онцлог нь байгалийн хүчин зүйлсээс шалтгаалсан савлагаа өндөртэй. Тодруулбал уг савлагааг хурдан тохируулах чадамжтай хийн болон усан цахилгаан станцын боломж Монголд үгүй юм. Өмнө дурдсанчлан сүлжээний савлагаатай ачааллын тохируулгаа ОХУ-аар хийлгэдэг нь манай улсын эрчим хүчний салбарын өмнө тулгарсан гол асуудлын нэг.

ОХУ-д хангалттай илүүдэл чадал байгаа ч Орос-Монголын дамжуулах шугамын хүчин чадал дээд хэмжээндээ хэрэглэгдэхэд тун ойртсоныг анзаарахгүй орхиж болохгүй.
Манай улс эрчим хүчний эх үүсвэрийн асар их нөөцтэй ч үйлдвэрээ нэмж чадахгүй явсаар өдийг хүрлээ. Монгол Улс дангаараа эрчим хүчний бие даасан бодлого явуулах нь их гүрнүүдийн геополитикийн сонирхлыг хөндөх нь дамжиггүй. Үүнээс гадна дэлхий нийтээрээ нүүрс хүчлийн хий ихээр ялгаруулдаг эрчим хүчний эх үүсвэрээс дуу нэгтэйгээр татгалзах бодлого барьж буй нь цаашид Монгол Улс нүүрсний баялаг нөөцөө ашиглан, эрчим хүч үйлдвэрлэх боломжийг хязгаарлаж байна.

Одоо яах вэ?

Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхийн тулд тариф чөлөөлөх, төрийн үйлдвэрүүдийг хувьчлах талаар олон жил ярьж байна. Мэдээж тодорхой хэмжээгээр тариф нэмэх шаардлага бий. Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болох үед энэ нь бүр ч зайлшгүй.

Харин нийгмийн шинжтэй салбарыг хувьд шилжүүлснээр гарах үр дүн эргэлзээтэй. Тиймээс эрчим хүчний салбарыг макро эдийн засгийн бодлогын хүрээнд цогц төлөвлөгөөний дагуу хѳгжүүлэх нэн шаардлагатай.

Тэр зуур бид эрчим хүчний хараат бус, бие даасан боломжоо хангана гэж муйхарлахаас илүү хоёр хөршийнхөө бодлоготой уялдуулж эдийн засгаа босгох нь оновчтой. Ухаан сийлж, урд хойд хөршийгөө дагаж тоглохоос өөр гарцгүй бодит нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь түгжээг мултлах эхний алхам. Түүнчлэн өргөн уудам газар нутагт тархуу суурьшдаг манай улс бусдын жишгээр эрчим хүчний төвлөрсөн том эх үүсвэр барьж, олон мянган километр дамнасан дамжуулах шугам татахаас илүү хэрэглээ бүрт тохирсон, төвлөрсөн бус, бие даасан шийдлийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Сүүлийн таван жилийн хугацаанд үүнийг шийдэх хосолмол аргууд хурдтай хөгжиж яваа бөгөөд Монголд нар-салхи-дизель-газ гэсэн эх үүсвэрийг нэгтгэсэн шийдэл хамгийн тохиромжтой. Энэ нь өртгийн хувьд ч эдийн засгийн үндэслэлтэй, бодитой түвшинд хүрсэн бөгөөд нар-салхи зэргээр сэргээгдэх эрчим хүчтэй хосолсон шийдэл тул санхүүжилтын эх үүсвэр хангалттай нь мэдээж. ОХУ-ын хувьд дизель, газын хэрэглээ нэмэгдэх тул манай бодлогыг эрс эсэргүүцэх нь юу л бол.

Гэхдээ…? Дэлхийн улсууд нар-салхины гэхээс илүү цөмийн эрчим хүч рүү шилжих бэлтгэл, улс төрийн сууриа бүрдүүлж эхэллээ. Цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлыг хангахаар Фукушимагийн ослоос хойш ажилласан нь тодорхой үр дүнд хүрч байна. Бага оврын, зөөвөрлөдөг цөмийн реактор (1-450 MBт) ч хэрэглээнд ороод эхэлжээ. БНХАУ гэхэд л 2030 оноос хойш нэмж нүүрсэн галлагаатай цахилгаан станц барихгүй бөгөөд ирэх 15 жилд хамгийн багадаа 150 цөмийн цахилгаан станц барихад 440 тэрбум ам.доллар зарцуулна гэдгээ зарласан.

Цаашдаа бидэнд нэгдсэн зохион байгуулалт, цогц төлөвлөгөөний дагуу хөдөлж чадвал эрчим хүчний асуудлаа шийдэх боломж бэлээхэн байна. Эдийн засгийн хөгжлийн сууриа бэхжүүлэх арга бол энэ. Харин одоо эрчим салбар сэхээнд байна.!

Эх сурвалжwww.miramongolia.com
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img