2024-10-27, Ням
7 C
Ulaanbaatar

BBC: Монголын ирээдүйг эрчим хүчээр хангахад туслахуй

Английн “BBC” агентлагийн цахим хуудсанд Монголтой холбоотой нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

Эрчим хүчний хэрэгцээгээ хангахад нүүрснээс ихээхэн хамааралтай улс найдвартай сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр дээр суурилсан тогтвортой эрчим хүчний холимог тогтолцоог хэрхэн цогцлоож болох вэ?

Цаг уурын даяар өөрчлөлттэй тэмцэхэд том сорилт болж буй зүйлийн нэг бол улс орнууд илүү тогтвортой эдийн засагт хэрхэн шилжих болох тухай асуудал. Тэгвэл үүнийг тогтвортой эрчим хүчний хэрэглээг найдвартай эрчим хүч хуримтлуулах технологитой хослуулан шийдэж болохыг Монголын жишээ яруу тодоор харуулж байна.

Монгол Улс эрчим хүчнийхээ дийлэнхийг нүүрснээс гаргаж авдаг. Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, 2019 онд тус улсын нүүрсний цахилгаан станцууд 5884 ГВт/цаг эрчим хүч үйлдвэрлэжээ. Харин салхин цахилгаан станцууд 476 ГВт/цаг, газрын тосоор ажилладаг цахилгаан станцууд 374 ГВт/цаг, усан цахилгаан станцууд 85 ГВт/цаг, нарны цахилгаан станцууд 81 ГВт/цаг, бүгд нийлээд 1016 ГВт/цаг үйлдвэрлэсэн нь нүүрсний цахилгаан станцуудынхаас бараг зургаа дахин бага үзүүлэлт юм. Үүнээс үүдэн Улаанбаатар болон Монголын бусад хотуудад агаар их хэмжээгээр бохирдсоор байна.

Жилийн 220-260 хоногт нартай байдаг Монголыг орчин үеийн хотуудтай болохоос өмнө уламжлал ёсоор мөнх хөх тэнгэрийн орон гэж нэрлэдэг байв. Тэгвэл одоо энэхүү баялгаа (нарны туяа) өргөн дэлгэр ашиглах нь хүлэмжийн хийн ялгаруулалт болон агаарын аюултай хэмжээний бохирдлыг бууруулахад тустай.

эрчим хүчГэвч нарны туяа үргэлж тусдаггүй, салхи ч үргэлж үлээдэггүй хойно сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээг урьдчилан нарийн тооцоолох аргагүй билээ. Үүнийг шийдэх нэг арга бол эрчим хүчийг боломжтой үед нь үйлдвэрлээд батарей буюу зай хураагуурт хадгалаад дараа нь хэрэглэх явдал билээ.

Жишээлбэл, “NAS” батарей нь нар, салхины эрчим хүчээс гаргаж авсан мегаватт цахилгааныг хадгалж, сэргээгдэх эрчим хүчний дээрх эх үүсвэрүүдээс цахилгаан үйлдвэрлэх боломжгүй үед олон мянган өрх, бизнесийг цахилгаанаар хангах боломжтой ажээ.

Энэхүү батарей керамик электролитээр тусгаарлагдсан натри, хүхрийн электродуудаас бүрддэг бөгөөд зургаа ба түүнээс дээш цаг өндөр хүчин чадалтай эрчим хүч нийлүүлж чаддаг байна. Японд суурилуулсан 252 ширхэг “NAS” батарей бүхий чингэлэг нь 50 МВт-ын гаралтын хүчин чадалтай, 300 МВт/цаг эрчим хүч хадгалах эзлэхүүнтэй бөгөөд өдөрт 30 мянга орчим өрхийг цахилгаан эрчим хүчээр хангадаг аж.

Японы “NGK Insulators” компанийн албан ёсны төлөөлөгч хэлэхдээ, Манай компанийн үйлдвэрлэдэг “NAS” батарей нь өдрийн цагт нарны эрчим хүч ашиглан үйлдвэрлэсэн их хэмжээний илүүдэл цахилгааныг хадгалан шөнийн цагт шилжүүлж ашиглахад нэн тохиромжтой бөгөөд ирээдүйд ийм төрлийн батарейн үйлдвэрлэл эрс нэмэгдэх төлөв байдал ажиглагдаж байна” гэжээ.

Тэгвэл Монголын Засгийн газар нарны эрчим хүчийг илүү үр дүнтэй ашиглахын тулд ийм аргыг хэдийн хэрэгжүүлж эхэлжээ. Тус улсын Эрчим хүчний яам “Сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөжүүлэх” төслийг дэмжин урагшлуулж байгаа аж. Энэхүү төслийн зорилт нь Монголын анхны батарейн хадгалалтын систем бүхий нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн тусламжтайгаар сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг улам өргөжүүлэх явдал юм байна.

Энэ төсөл хэрэгжсэнээр, цаг агаарын нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг сэргээгдэх эрчим хүчийг “NAS” батарейгаар дамжуулан хэрэглэчдэд тогтвортой нийлүүлэх боломж нээгдэх юм. Нарны эрчим хүчийг хадгалах дэвшилтэт систем болон Эрчим хүчний удирдлагын системээр (EMS) тоноглогдсон нарны эрчим хүч үйлдвэрлэх байгууламж нь нарны эрчим хүчнээс гаргаж авсан цахилгааныг өдөр шөнөгүй тасралтгүй ашиглах боломж нээхийн сацуу эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулж, агаарт нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад мэдэгдэхүйц хувь нэмэр оруулах аж.

Монголын баруун хэсэгт орших Завхан аймгийн Улиастай хотоос холгүй баригдаж буй 5 МВт-ын нарны цахилгаан станц 3.6 МВт/цаг хадгалах хүчин чадалтай “NAS” батарейгаар тоноглогдож байна. Энэхүү нарын цахилгаан станц ашиглалтад орсноор агаар мандлыг бохирдуулдаг хүчилтөрөгчийн ялгаруулалт жилд 6423 тонноор буурна гэсэн тооцоо гарчээ.

Азийн хөгжлийн банк, Японы Байгаль орчны яамны “Хамтарсан зээлийн механизм”-ын санхүүжилтээр энэхүү дэвшилтэт нарны цахилгаан станцыг Японы “JGC Holdings”, Монголын “MCS International” (Монгол) компаниуд хамтран барьж, “NGK Insulators” компани “NAS” батарейны системээ суурилуулж байгаа юм. Тоног төхөөрөмжийн угсралтын ихэнх ажил дууссан тус объектыг тун удахгүй ашиглалтад оруулан үйл ажиллагааг нь эхлүүлэхээр төлөвлөжээ.

эрчим хүчМонголын “Сэргээгдэх эрчим хүчний салбарыг өргөжүүлэх” төсөл нь нэлээд амбицтай, өргөн цар хүрээтэй хөтөлбөр билээ. Энэхүү төсөл тус улсын буурай хөгжилтэй бүс нутгуудыг хамарсан сэргээгдэх эрчим хүчний тогтолцоог бий болгохын зэрэгцээ нийтийн үйлчилгээний газруудын цэвэр эрчим хүчний сүлжээнд хөрөнгө оруулах, удирдах чадварыг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Тус төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол дахь хүчил төрөгчийн ялгарал жилд 82,789 тонноор буурахын сацуу 70,000 өрхийг цэвэр эрчим хүчээр хангахад хүрэлцэхүйц нийт 41 МВт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний сүлжээ бий болох юм.

“NGK Insulators” компанийн хэвлэлийн төлөөлөгч, “Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаасаа ихээхэн хамааралтай байсаар ирсэн Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүд өргөн дэлгэрэх болсноор тус улсын цэвэр эрчим хүч рүү шилжих явдал улам хурдасч байна. Манай компани Монголд сэргээгдэх эрчим хүч хадгалагч батарейнуудаа цаашид ч нийлүүлэн сэргээгдэх эрчим хүчний тогтвортой хангамжийг бататгах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зэрэгт нь хувь нэмрээ оруулсаар байх болно” гэжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img