2024-10-26, Бямба
-1 C
Ulaanbaatar

Модигийн гурван амьдрал

Модиг 1920 онд насан эцэслэхэд Парисийн богем ертөнц түүнийг  бэлгэдлээ болгосон гэдэг. Танхай, үл ойлгогдох суут, Пьеро адил гэнэн царайлаг тэрээр бүсгүйчүүдийн сэтгэлийг шархлуулан нөгөө ертөнц рүү одсон билээ. Сүрьеэ өвчинд шаналсан уран бүтээлч амьд ахуйдаа зөвхөн гурван зүйл сонирхож байсан гэдэг. Урлаг, бүсгүйчүүд, архи.

Жүүд гаралтай Модильяни 1884 онд Италийн Ливорно хотод мэндэлсэн юм. Дэлхийн уран зургийн томоохон академиудад (Ливорно, Флоренци, Венеци) суралцсан нь түүх намтарт нь дурайдаг. Өндөр боловсролтой гэр бүлд өсөж, Италийн сэргэн мандалтын төв болох Флоренци, Ливорно, Венецийн урлагийн академуудал суралцаж, нүцгэн натурын тусгай ангиудыг дүүргэсэн нь, түүний мэдрэмж, авьяасыг хөглөж агуу их уран бүтээлч болох үндсийг нь тавьж өгсөн гэж урлаг судлаачид онцолдог.

ModiАмадео Модильяни буюу МОДИ

Түүний бүтэн нэр нь Амадео Клэмент Модильяни. 1906 онд Парист ирэхэд түүний өндөр боловсрол, дээдсийн хүмүүжил, биеэ язгууртан мэт авч явдаг байдал, дэгжин донжтой хувцаслалт Парисийн богемийн анхаарлыг төвөггүй татав. Люния Чэковски “Модилянийг гудамжинд явж байхад эргэж харахгүй өнгөөрдөг, түүнээс “татгалздаг” бүсгүйчууд огт байгаагүй” хэмээн дурсан бичсэн нь бий. Франц хэлийг өөрийн мэт эзэмшсэн нь ч түүнд олон франц найзтай болоход нөлөөлөв. Тухайн үед Модильянигийн уран бүтээлийг үнэлэхгүй тохиолдол олонтоо гарч байлаа. Хэдий тийм ч Модильяни энэ хандлагад өчүүхэн ч эмзэглэсэнгүй. Амьд ахуйдаа цөөхөн бүтээлээ үзэсгэлэнд тавигдахыг харсан, бие даасан үзэсгэлэнгээ гаргах гэж оролдсон ч нээгдэж амжилгүй хаагдсан гэх мэт гунигтай баримтуудыг зураачийн намтраас уншиж болно.

Modi Ню, 1917

Зураач үзэсгэлэнгээ олны анхааралд оруулахын тулд  галлерейн витрин дээр “ню” зургаа байрлуулсан нь цагдаагийнханд таалагдаагүй учраас “гаж зохисгүй” хэмээн зарлагдаж хаагдсан юм. Энэ нь түүний амьд ахуйдаа үзэсгэлэнгээ гаргах гэсэн анхны бөгөөд эцсийн оролдлого байв.

Хамгийн сонирхолтой нь тухайн үед дургуйцлээ илэрхийлж байсан комиссар Леон Замарон хожим нь уран зураг сонирхож, уран зургийн наймаа эрхэлсэн гэдэг. Модильянигаас өмнө олон тооны “ню“ зураг бүтээгдэж байсан боловч зураачид “ню” зураг бүтээхдээ Модигийн адил моделийнхоо нууцхан гурвалжинг дүрсэлж олны өмнө тавьсан удаагүй.  Нүцгэн натурын биеийг уртасган эмэгтэй хүний зөөлөн хэврэг хэв шинжийг гаргаж байгаа ч, нөгөө талаасаа хэт бодитой, бүр санаа зовмоор байдлаар “хар гурвалжинг” дүрсэлдэг байлаа.

ModiНю, 1917

Тийм болоод л түүний “ню”-г хэтэрхий нүцгэн гэж зарим шүүмжлэгчид хэлдэг. Энд урлагийн гоо зүйн асуудал яригдаж байгаа болохоос биш “ахуйн” асуудлыг хөндөөгүй  гэдгийг хэлэх хэрэгтэй. Модильянийн ню бүтээлүүдийг олон янзаар тайлбарладаг. Зарим урлаг судлаач  түүний нүцгэн зургуудыг хэт монументаль хэв маягийг агуулдаг гэж байхад нөгөө хэсэг нь  нэгэн загварт оруулсан хэв маягтай гэх нь бий.  Миний хувьд Модиг  хэлбэр дүрсийг маш нарийн мэдэрч, зураасаар гайхамшигтай тоглож чаддаг байсан агуу уран бүтээлч гэж боддог. Түүний бүтээлүүд баялаг өнгөтэй. Хэдий тийм ч нэрийн хуудас болсон стильд  нь дулаан зос болон улаан өнгүүд давамгайлдаг.

Модигийн бүсгүйчүүд

Модильянигийн амьдралд олон эмэгтэй байсан ч тэр Анна Ахматова, Беатрис Хастингс мөн Жанна Эбютэрн гуравтай л жинхэнэ хайр сэтгэлийн холбоотой байжээ.

Судлаачид Беатрис Хастингс, Жанна Эбютэрн хоёрыг голлон авч үздэг ч Анна Ахматовагийн дурсамжаас тэдний хооронд хайр сэтгэлийн нандин холбоо байсан нь тодорхой харагддаг.

modiАнна Ахматова бол Оросын алдарт яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч, орчуулагч төдийгүй Оросын яруу найргийн “мөнгөн” үеийн томоохон төлөөлөгч. Уран зохиолоосоо гадна эмгэнэлт амьдралаараа “алдартай” нэгэн. “Түүнээс гэрэлтэх гуниг Ахматоваг улам сайхан болгон чимдэг байсан” хэмээн Мендельштам бичиж үлдээсэн нь бий. 1910 он буюу Модильянитай танилцаж байх үедээ тэр дөнгөж хориодхон настай, хүлээн зөвшөөрөгдөөгүй яруу найрагч байлаа. Суут уран бүтээлчид бие биенийхээ агуу гэдгийг мэдэрч нэг нэгэндээ соронзон мэт татагдсан гэдэг. Анна Ахматова дурсамжиндаа Модильянитай янаг амрагийн холбоотой байсан гэдгээ дурдаагүй ч яруу найрагч бүсгүйг нүцгэнээр нь дүрсэлсэн Модильянигийн олон наброскууд залуусын нууцлаг нандин холбоог бататгах мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Анна Ахматова Модигийн тухай “Миний мэддэгээс өөрөөр түүний тухай хэлэхэд нь би үнэн зүрхнээсээ итгэдэг. Учир нь би түүний цацран гэрэлтэх мөн чанарын ганц л талыг олж харсан байх” хэмээн дурссан юм. Магадгүй Анна Ахматова өөр хэн нэгний тухай “цацран гэрэлтэх” хэмээн хэлэхгүй байсан биз.

modi

Беатрис Хастингсийн хөрөг 1907 он

Учир нь тэр хатуу зан чанартай, хүнийг үнэлэх үнэлэмж нь өндөр босготой нэгэн байсан юм. Модигийн Анна Ахматоваг дүрсэлсэн набросок зургууд нь чадварлаг төдийгүй уран бүтээлч хүний хувьд урлагийг мэдрэх мэдрэмж, сэтгэлгээ нь өргөн цараатай зураач болохыг илтгэдэг. Эмэгтэй хүний мөн чанар болоод биеийн хэллэгийг илэрхийлэх маш хэцүү, тэр утгаараа уран зураачдын чадварыг эмэгтэй нүцгэн натурын зургуудаар үнэлдэг тал бий.

modiАнна Ахматова

Модильяни Анна Ахматовагийн нүцгэн наброскууд зураасан таталтаар моделийн гадаад дүр төрх, натурын тухайн үеийн сэтгэл зүйн байдлыг биеийн хөдөлгөөнөөр дамжуулан  гайхалтай донжтой гаргасан байдаг. 1911 онд бүтээгдсэн эдгээр наброскуудаас дараа нь бүрэлдэн бий болох түүний гэх стилийн онцлог, хэв шинж тод харагддаг.

Модильянигийн бас нэгэн эмэгтэй болох Беатрис Хастингс Английн язгууртан гаралтай, сэтгүүлч, яруу найрагч, шүүмжлэгч гэдгээрээ түүхэнд үлдсэн нэгэн. Зураачийн дурлалт бүсгүй бисексуал, эксцентрик нэгэн байв. Өмнөд Африкт төрсөн бүсгүй дэлхийн I дайны үед ихэнх бүтээлээ туурвижээ. Түүний бүтээлүүд “Нью Эйж” хэмээх Британийн уран зохиолын сэтгүүлд хэвлэгддэг байлаа. Тэр үед Беатрис сэтгүүлийн ерөнхий редактор Р.Орэйжтэй дотно холбоо үүсгэсэн ч дайны өмнөхөн Парист нүүн ирж Макс Жакобтой найзалсны нөлөөгөөр Парисийн богем ертөнцөд ихэд нэртэй болов.

Модигийн амьдралд Беатрис 1914 онд орж ирсэн юм. Судлаачид энэ үеэс Модигийн стиль бүрэлдэн бий болсон гэж үздэг. Харин Анна Ахматова Модигийн уран бүтээлд Беатрисийг нөлөөлсөн гэж үздэггүй байж. Сэтгүүлч бүсгүй, зураач залуу хоёрын хувийн амьдрал хэт өрнөлттэй, зодоон шуугианаар дүүрэн байсан гэдэг.

Беатрис  хоёрхон  жилийн дараа Модигоос зугатан оджээ. Беатрис Хастингсийг өмөн үү өвчнөөр өвдөж, өвчиндөө шаналж  амиа хорлосон гэж зарим судлаач үздэг.

modiМодигийн гурав дахь бүсгүй бол Жанна Эбютэрн. Парист католик гэр бүлд төржээ. Зурах авъяастай дүүгээ ах Андрэ Эбютэрн нь Монпарнасын зураачдын хүрээнд оруулж байж. Жанна зураач болох хүсэлдээ хөтлөгдөн Колароссийн академид сурч байхдаа буюу 1917 оны хавар Модильянитай танилцжээ. Тэр гэр бүлийнхнээсээ зөрөн байж Модитой нэг гэрт амьдарч эхлэв. 1919 онд Жанна Модийг даган Ниццагаас Парист нүүж ирлээ. Бүсгүй хайртай хүнээ нас барсаны маргааш нь таван давхраас үсрэн амиа хорлосон юм. Жанна хоёр дахь хүүхдээ хэвлийдээ тээж явахдаа нас баржээ. Төрөл садангууд нь Жаннагийн үхэлд Модильяниг буруутгаж байсан ч арван жилийн дараа түүний шарилыг Пэр Лашез дахь оршуулгын газар руу нүүлгэн Модильянигийн дэргэд оршууллаа. Модигийн сүүлийн дурлал буюу Жанна Эбютэрн түүний уран бүтээлд Беатрисаас илүү нөлөөлсөн гэгддэг. Жанна эмэгтэйлиг шинж чанар, эмэгтэй хүний цэгц ухаан, тайван намуун байдлаараа Модигийн жинхэнэ муза буюу онгодынх нь эх булаг болж чаджээ.

modiШвейцарийн нэрт зохиолч Шарл Альбэр Сингриа, Жанна Эбютэрнийг “ичимхий, зөөлөн, тайван биеэ зөв сайхан авч явдаг эмэгтэй” хэмээн бичсэн байдаг. Моди ч олон бүтээлдээ Жаннаг дүрсэлсэн нь бий. Хайртай бүсгүйгээ дүрсэлсэн зургуудыг нь харахаар ухаанаа хурцлан, сэтгэл, хайраа шингээж бүтээсэн нь мэдрэгддэг.

Беатрисийн дүр төрхийг стилизацитай гаргасан ч идеализацийг орхиж, шулуун бөгөөд бодитоор хандсан байдаг бол Жаннагийн дүрүүдэд цаанаасаа сэтгэл тавин хайрлаж буй нь мэдрэгдэж,  төгс шинж чанарыг гаргахыг эрмэлзэж байсан нь ажиглагддаг юм.

Модильяни Жанна Эбютэрний хөргүүдийн талаар “Би хайр сэтгэлээ уран зургаар илэрхийлж байна” гэж хэлсэн байдаг. Түүнийг бүтээсэн шиг тийм уянгалаг сайхны “салхи сэвэлзсэн” уран зургууд Модигийн сан хөмрөгт ховор.

Эрдэмтэн судлаачид 30 гаруй жил Эбютэрнийн өв залгамжлагчдыг ятгасны хүчээр 2000 онд Венецид нээгдсэн Модильянийн дурсгалд зориулсан үзэсгэлэнд Жанна Эбютэрнийн бүтээлүүдийг олны өмнө дэлгэж чаджээ.

Модильяни эмэгтэй хүний дүрийг динамик хөдөлгөөнтэй харуулдаг бол, эрэгтэй хүнийг илүү статик, монументаль хэв шинжтэйгээр дүрсэлдэг. Түүний бүтээлүүдээс силуэтийн зураас гайхамшигтай мэдрэгддэг. Зэрвэс харахад цул өнгөөр ажилласан юм шиг боловч үнэхээр баялаг өнгөний шилжилт байгааг олж мэдэрнэ.

modiЛуния Чеховская, 1919

Түүний энэ өнгөний мэдрэмж нь суурь боловсрол өндөртэй болохыг харуулдаг. Модильяни уран бүтээлийнхээ нэгэн үед баримлаар дагнан ажиллаж байсан нь хэлбэр мэдрэх суурь болсон. Тэр хоёр хэмжээст хавтгай дээр өнгөний шилжилт болон моделийнхоо хөдөлгөөнөөр хэлбэрийг өвөрмөц илэрхийлдэг онцлогтой зураач юм. Түүний бүтээлүүд яруу найраг мэт уншигдаж, гоо зүйн таашаалыг үзэгчдэд мэдрүүлж чаддаг.

Аж байдлын болон байгалийн зургийг цөөхөн зурж, голлон ню болон хөрөг зургаар дагнадаг байв. Модильяни хүний хөргийг тухайн хүнийг хэрхэн мэдэрч, ойлгож байгаагаасаа шалтгаалан янз бүрээр дүрсэлдэг байлаа. Түүний зарим хөргөөс  маш чөлөөтэй бүр модерн хэв маяг мэдрэгддэг. Харин зарим хөргийг нь харахад  түүний нэрийн хуудас болсон уртасгасан хүзүү, нарийн налуу мөр, толгой болон хүзүүг гайхам содон хөдөлгөөнөөр дүрсэлсэн нь анзаарагддаг.

modiБяцхан тариачин, 1918

Дүр бүр нь өөрийн давтагдашгүй дотоод ертөнцийг илэрхийлж, нэгэн хэв маягт баригддаггүй, чөлөөт эрэл хайгуулыг хийдэг, хэлбэр болон дүрээ нарийн мэдэрч гаргадаг гайхамшигтай ур чадвартай уран бүтээлч  гэдгийг нь харуулдаг юм.

Модильяни маш олон хэв маягаар бүтээгч байсан төдийгүй 1906 оноос П.Сезанн, Тулуз-Лотрек, Пикассо зэрэг алдарт зураачдын стилийн нөлөөнд бултаараа автаж байсан үед өөрийнхөө стилийг бүрдүүлж бүгдийг ардаа орхиж чадсан юм.

Үүгээрээ ч тэр “Ecole de Paris” буюу Парисийн дэг сургуулийн аугаа төлөөлөгчийн нэгд зүй ёсоор ордог.

Амадео Модильяни ХХ зуунд гарсан измүүдийн алинд ч хамааралгүй байж дэлхийн урлагийн түүхэнд гайхамшигт бүтээлүүдээрээ, ертөнцийг үзэх гэгээлэг үзлээрээ нэрээ алтан үсгээр үлдээж чадсан суут уран бүтээлч юм.

modiДиего Риверагийн хөрөг (Фрида Калогийн нөхөр),

modi

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img