2024-07-25, Пүрэв
17 C
Ulaanbaatar

Зураач Содномын ТӨГС-ОЮУН: “Зураачийн сайн бүтээл өөрт нь хадгалагддаг” гэж үнэн байх

Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Содномын Төгс-Оюунтай уулзаж хөөрөлдлөө. Эрхэмсэг бүсгүй урландаа бийр будгаа нийлүүлж, зотон амилуулан, сонгодог хөгжим сонсон суухдаа уран бүтээлчийн жинхэнэ жаргалыг эдлэн байдаг нь илт мэдэгддэг. Төгс-Оюун эгч хэзээ ч яваад орсон цай цүй аягалж, нандин сайхан хууч дэлгэн угтана. “Зан сайтынд хүн бүхэн цугладаг” гэсэн үгийн биелэл болж хол ойрын уран бүтээлчид түүний урланг зорин очих нь олонтаа.

-Таны бийр чинь уран, бэх будаг чинь солонгорч онгод цадиг арвин байна уу?

-Сүүлийн үед номын чимэг, уран зураг нэлээд зурж байна.

-Монголд эмэгтэй зураачид олон байдаг уу?

-Монголд хүн бүхэн л зураач. Одоогоос арав гаруй жилийн өмнө би олон улсын эмэгтэй зураачдын үзэсгэлэн зохион байгуулсан юм. Тэгэхэд гучин хэдэн эмэгтэй зураачийг арайхийн цуглуулж, Соросын сангийн тусламжтай катологи гаргаж байлаа.

Одоо тэр үетэй харьцуулахын аргагүй олон эмэгтэй зураач уран бүтээл туурвиж байна. Монголын урчуудын эвлэл зургаан зуу гаруй гишүүнтэй. Түүний нэг зуу гаруй нь эмэгтэй зураачид байна.

-Монголын дүрслэх урлагт Саранцацралт, Насанцэнгэл, Төгс-Оюун, Мөнхцэцэг гээд тун цөөхөн эмэгтэй зураачид байсан даа?

-Оюунчимэг, Туяа багш, зээгт наамал хийдэг Уранчимэг, ахмад хэдэн уран хатгамалчид байдаг байсан. Одоо байдал их өөр болж, эмэгтэй зураачдын эгнээ үнэхээр өргөжсөн.

-Таны удамд уран зургийн авьяастнууд байдаг уу?

-Манай удамд зурдаг хүн мэдэгдэхээр байгаагүй. Миний хувьд багаасаа л зурж эхэлсэн. Хүүхэд болгон л зураг зурдаг даа.

Зураач болно гэдгээ мэдэхгүй явж байгаад хувь заяаны эрхээр л нэг мэдсэн зураач мэргэжилтэй болсон доо. Монголын Хүүхдийн ордны зургийн дугуйланд явж Энхболд багшаар анхны мэдэгдэхүүн заалган, 1970 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийн уран зургийн ангид орж, ардын зураач О.Цэвэгжав, Амгалан, зураач Эрдэнэбат багш нараасаа урлах эрдэмд зүгширсэн минь хүн болсны дээдийн заяа байж.

Ардын зураач Амгалан багш маань эрчтэй хөөцөлдсөний үр дүнд намайг хоёрдугаар курст байхад Дүрслэх урлагийн дунд сургууль байгуулагдсан. Энэ сургуульдаа дөрвөн жил сурч төгсөхдөө зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн “Усны эргүүлэг буюу Борзооны явдал” туужид хийсэн чимэг зургаар дипломын ажил хамгаалж, ЗХУ-ын Суриковын нэрэмжит Уран зургийн академид явсан.

-Билгүүн хүүрнэлч Лувсанцэрэн гуайн алдарт туужийн чимэг зургаар диплом хамгаална гэдэг бахархалтай явдал шүү?

-Унаган багын найз Ш.Бадамханд, П.Бямбасүрэн нар маань тэр гайхамшигтай номыг надад бэлэглэсэн юм. Тэр өдөр би нүд салгалгүй уншиж дуусуут үзэг, бэх барин үйл явдалд нь тааруулан өч төчнөөн зураг зурж билээ.

Мөнөөх зургуудыг харсан И.Цэрэнпил багш маань надаар торгон хавтастай бяцхан ном хийлгэлээ. Хавтасны зургийг торгон хэвлэлээр бүрж, бас төмөр барын зургаан том зураг бүтээлгэн хэвлүүлж, алган дээр багтах бяцхан ном маань бэлэн болсон. Гараар ном хийх аргыг зааж сургасан багшийнхаа ачийг хэзээ ч мартахын аргагүй.

Миний бүтээсэн бяцхан ном Д.Амгалан багшийн маань төдийгүй өөр олон хүний талархлыг хүлээж 1974 оны намар Москва хотыг зорих замыг надад хайрласан даа. Монголын шрифтийн урлагийн мастер Цэрэнпил багш минь анхны шавиа эрдмийн моринд дөрөөлүүлсэндээ сэтгэл их өөдрөг байсныг өнөө ч би санасаар явдаг.

-Хойно хэдэн жил сурав?

-Зургаан жил сурахдаа төмөр бар, хулдаасан бар, зурагт хуудас, суурь зураасан зураг, номын чимэглэл зургийн хичээл заалгасан.

-Танаас өмнө номын чимэг зургаар дагнасан зураач Монголд олон байдаг уу?

-Зураасан зургаар Цэвэгжав багшийн хүү Дагваням гэж зураач байсан.

-Та бие даасан олон үзэсгэлэн гаргасан биз?

-Англи, Япон, БНХАУ, Энэтхэг, БНСУ, ОХУ гээд гадаад, дотоодод бие даасан, хамтарсан хорь гаруй үзэсгэлэн гаргасан байна.

-Уран зургийг тайлбарлах хамгийн тэнэг гэцгээх юм билээ. Хүн хүний билгийн мэлмийд яаж буухаас шалтгаалдаг болохоор тэр биз. Урланд чинь байгаа зургуудыг харахад эмэгтэй хүний хөхөн дээр могой цагирагласан ч байх шиг, эсвэл говь нутгийн үзэсгэлэнт байгалийг ч дүрсэлсэн байх шиг. Та уран бүтээлийн сэдвээ хаанаас, яаж олдог вэ?

-Номын зураач болохоор ном их уншина. Хоёр зуу гаруй номыг хянагчийн хамт хэвлэгдэхээс нь өмнө уншсан байх жишээтэй. Тэр бүхнээс янз бүрийн санаа сэдвээ олж авна. Уншихаас гадна маш их аялна. Хорин нэгэн аймгаараа явлаа. Говьд аялах их дуртай. Сүхбаатар, Өмнөговь аймгуудад гэхэд арваад удаа очсон. Энүүхэндээ гэхэд аялагч хүн л дээ, би.

-Хөдөө аялж явахад сонин хачин зүйл их тохиолдох уу?

-Өө их тохиолдоно. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумаас гараад жар гаруй километр үргэлжлэх Баруун Монголын их элсийг тэмээгээр туулахад аадар бороо ороод, төөнөм их нар шараад кинон дээр гардаг шиг байгалийн түмэн янзын араншинтай учирч л байлаа. Нутгийн улсаар газарчлуулаад тэр бүхнийг даваад гарна даа.

-Хоёр зуу гаруй номын чимэг зурахдаа алдар суутай хэн хэн гээч зохиолчийн бүтээл дээр ажиллав?

-Ардын уран зохиолч, өгүүллэгийн их мастер Сэнгийн Эрдэнийн хорин ботийн зургаан номд зураг зурсан. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Магваны Эрдэнэбатын “Хөлгүй цэнхэр нуур” өгүүллэг, Бидэрийн Баярсайханы өгүүллэгүүд, Чингиз Айтматов, Балжирын Догмидын өгүүллэгүүд санаанаас огт гардаггүй юм. Бавуугийн Лхагвасүрэн гуайн яруу найраг зурахад гайхамшигтай.

-Зургууд тань аль хэр гүйгдэж байна?

-Зураг болгон өөрийн эзэнтэй. Өөрт таалагдахгүй байсан зургийг нэг өдөр хүн аваад явчихдаг. “Зураачийн сайн бүтээл өөрт нь хадгалагддаг” гэж багшийн маань хэлдэг үг үнэн байх. Зураг өдөр тутмын талх биш, маш үнэтэй капитал. Тиймээс үр хүүхдэд маань хэзээд л хэрэгтэй оюуны хөрөнгө дөө.

-Яруу найрагчдын нэгэндээ дурсгасан ном номын санд нь хадгалагдаж байдаг. Зураачид харин нэгнийхээ бүтээлийг галерей маягаар хадгалдаг болов уу?

-Надад тийм үнэ цэнтэй бүтээлүүд байдаг. Зураач Дүйнхоржав, Өлзийхутаг, Чогсом гуай, Базарваань гуай, Рэнцэн гуай, Дорждалам гуай, Дондог багш нарын чин сэтгэлээсээ бэлэглэсэн бүтээлүүд манайд бий. Би гэртээ өөрийнхөө зургийг огт тавьдаггүй. Уран бүтээлч нөхдийнхөө зургийг ханандаа хадсан. Ер нь галерей гэж хэлж болно.

Хамгийн ойр дотнын хайртай уран бүтээлчдийн маань зургууд манайд байдаг. Миний хань, философийн ухааны доктор Сайнхишиг маань Архангайн Тариатын уугуул. Архангайн 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгээс би зураач Галбадрахын Хоргын тогооны зургийг худалдан авч бэлэглэж байсан нь одоо ч гэрийг минь чимээд байж байна. Мөн Булган уулын зургийг авч гэрээ чимж байлаа.

-Та өөрөө аль нутгийн хүн бэ?

-Би хотын унаган хүүхэд. Аавынхаа талаар Булганы Баян-Агтын хүн байхгүй юу. Булганы зураачдын үзэсгэлэн гарахаар нь нутагтай хүн болох гээд оролцсон чинь аймгийн удирдлагууд нь ч тоогоогүй тохиолдол байдаг. Тэр үед хамгийн сонирхолтой нь баахан австралиуд ирж, миний зургуудыг худалдаж аваад, хөдөөгүүр намайг хөтчөөр авч явж билээ.

Дараа нь Өмнөд Австралийн цөл, Флиндерсийн нуруунд аялуулсан. Мельбурнд үзэсгэлэнгээ хүртэл гаргасан. Үүнээс хойш “Би ер нь Булганы хүн биш Австралийн хүн юм байна” гэх болсон. (инээв) Австралийн бүжгийн урлагийг сурталчилдаг Маркус Шутьенко хэмээх залуу гэргийтэйгээ миний зургуудаас худалдаж авч байлаа.

-Таны ач охин сүрхий зурдаг юм байна. Та хоёр ямар бүтээл гараас гаргав?

-Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун эгчийн “Шидэт цэцгийн эрэлд” нэртэй хүүхдийн номын зураачаар долоон настай ач охин Ү.Дөлгөөндалайгийн хамт ажилласаан.

Монгол түмний шагай наадгайн нэгэн төрөл болох дөрвөн бэрхийн тухай болон нүүдэлчин ардын амьдрал ахуй, таван хошуу малын нялх төл болох эрэлхэг унага, ботго, хурга, тугал, ишигний тухай сонирхолтой түүхийг өгүүлсэн ном байлаа.

Олон жилийн өмнө Оюун эгчийн яруу найргийн номын зураг чимэглэлийг хийж байсан бол хүүхдэд зориулсан энэхүү номын зураг чимэглэлийг бас хийсэн дээ. Энэ ном англи хэлнээ хэвлэгдэн гарахаар болсон.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img