2024-07-24, Лхагва
19 C
Ulaanbaatar

Толинд тусах тэр гоо дүрийг мөнхийн оньсого гэдэг

Зураач бүр бүсгүй ертөнцийг зотон дээрээ амилуулж байдаг. Хэдий тийм ч монгол эмэгтэйн тэнгэрлиг бүхнийг бурханы дүрд шигтгэсэн болохоор нь Г.Занабазарыг, домогт балетчин Ю.Оюуныг “жигүүртэй” нь дүрсэлж чадсан учраас Я.Оюунчимэгийг, эх хүний сэтгэлийг зураас бүртээ шингээсэн гэдгээр нь Л.Бавуудоржийг, урлагаа бүтээх бүрдээ “үсээ тайрч” чаддагт нь Ж.Мөнхцэцэгийг хайрламаар санагддаг.

Эртний Египтийн үй түмэн фараонуудын нэр бидэнд юу ч өгүүлдэггүй бол Нефертити, Клеопатрагийн нэрийг сонсоод л бүгд гоо үзэсгэлэн, хүч чадлыг нь бахдацгаадаг. Эртний Грекгийн хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн бурхан (Афродита), цэлмэг оюуны бурхан (Афина), тэр байтугай ялалт(Ника), үнэнч шудрага ёсны бурхад ч (Фемида) эмэгтэй хүний дүрээр амилсан байдаг. Сэргэн мандалтын үеийн хамгийн алдартай бүтээлүүд ч эмэгтэй хүний дүртэй салшгүй холбоотой. Леонардо да Винчийн “Мона Лиза”, Рафаэлийн “Сикстиний Мадонна”, Боттичелигийн “Цолмон мэндэлсэн нь” (The Birth of Venus) гээд дурдаад байвал маш олон бүтээл бий. XIX зууны II хагас, ХХ зуунаас эхлэн гоё даашинз, намирсан үстэй бүсгүйчүүдийн дүр төрх өөрчлөгдөж Г. Климтын эртний Гера бурхан шиг “хүчтэй” (сайн муугийн хоёр туйлийг өөртөө нэгтгэсэн)эмэгтэйчүүд, Огюст Ренуарын махлаг, хэтэрхий энгийн, ялдам эмэгтэйчүүд, Поль Гогений нууцлаг, “өөр ертөнцийн” мэт тайти бүсгүйчүүд төрөн гарч ирсэн юм. Олон зууны турш дорнын Китагава Утамарогийн өөрийгөө тольдох үзэсгэлэнт бүсгүйчүүд дотоод сэтгэлээ тольдох мэт сэтгэгдэлийг үзэгчдэд үлдээсэн.

толиор наадах бүсгүйК.Утамаро “Толиор наадах бүсгүйчүүд”, 1797

Харин орчин цагт дүрслэх урлаг төдийгүй зурагтын дэлгэц, сэтгүүлүүдийн хуудас, сурталчилгааны бүхий л талбайг эмэгтэй хүний дүрээр чимж байна. Эртний хүмүүс Венерагаа (палеолитийн Венера) бүтээж эхэлснээс хойш дэлхийн зураачид үеийн үед эмэгтэй хүнийг хад, зотон дээр мод, шавар, чулуу, хүрэл, алт, гантигаар эрдэнийн чулуу шигтгэн бүтээж ирсэн ч оюундаа бүтээсэн нь хамгийн үнэ цэнтэй биз ээ. Дэлхийн шилдэг бүтээлийн ихэнхи нь эмэгтэй хүнийг дүрсэлсэн байдаг. Бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй тэр бүсгүйчүүд өнөөдөр дэлхийн музейнүүдийн чансааг тодорхойлж байна гэхэд хэтрүүлэг болохгүй.

Монголын урлагт дэлхийн урлагийн адил эмэгтэй хүний сэдэв хамгийн чухал, нандин сэдвийн нэг байсаар ирсэн. Үе үеийн уран бүтээлчид монгол бүсгүйн шинж чанарыг судалж, ил юм шиг хэрнээ нууцлаг “ертөнцийг” нь дахин дахин шинээр нээж, дотроо шаналж, шатаж бүтээсэн байдаг.

Түүний эмэгтэй хүний дүрүүд үргэлж дотроосоо “гэрэлтэж” байдаг. Ж. Мөнхцэцэг бол орчин цагийн Монголын нэрт уран бүтээлчдийн нэг. Түүний уран бүтээлийн гол сэдэв нь эмэгтэй хүн, тэр тусмаа өөрөө байдгаараа онцлог.

либертионLiberation

1994 онд бүтээсэн “Бүсгүй” хэмээх бүтээл дээр нь буусан зүрхний бичлэг адил хөнгөн зураасууд өөрийн эрхгүй бүсгүй хүний “сэтгэлийн” бичлэг мэт сэтгэгдлийг төрүүлдэг. Бүсгүй хүний сэтгэл ямар олон талтай, сонирхолтой, нууцлаг болохыг түүний “сэтгэлийн” бичлэгүүдээс харж болно. Тэрхүү зураасууд нь ус мэт долгиолох ба долгион бүр нь өөр. Зураас бүрийг тайлж уншихыг хичээн бодлогшрон харах мөчид л тэр эмэгтэйн нууц нь аажим аажмаар дэлгэгдэх мэт сэтгэгдлийг үзэгчдэд төрүүлдэг нь гайхамшигтай. Тэрхүү өөр хоорондоо огт адилгүй мэдрэмжүүдээ чагнан түүний бүтээлийн өмнө зог тусан зогсдог хүмүүсийн ихэнхи нь бүсгүй хүн байдаг болов уу.
Эхнэр үстэй зураасаар дундуураа хуваагдсан түүний дүрүүд үргэлж хоёр ертөнцийн хооронд орших бөгөөд бясалгасан дүрийг илэрхийлж байдаг. Тухайлбал “Төвлөрөл” дээр дундуураа зураасаар заагдсан зураачийн “улаан өнгийн” дүр бичигдсэн байдаг. Эхнэр үснийх нь нэг тал нь замбараатай самнасан байх боловч нөгөө талын үс нь задгай намирч буй сэтгэгдлийг үзэгчдэд үлдээдэг. Ийм маягаар хоёр ертөнцийг зөвхөн зураасаар зааглаад зогсохгүй үсний засалтаар нь хүртэл хоорондын ялгаа нь тодрон гарч ирэхийг олж харна. Харин түүний сэтгэлийн шаналалын учгийг тайлахад энгэртээ хумисан гар нь садаа болох нь бэрх.

Ж.Мөнхцэцэгийн бүтээлүүдэд бэлгэдлийн шинж чанартай олон зүйл байдаг ч түүн дотроосоо хамгийн ихээр анхаарал татдаг нь тайрч буй үс юм. Үс бол хүний “үргэлжлэл” байдаг. Биеийн нэгээхэн хэсгээсээ салж буй тэр эмэгтэйн дүр нь зураач өөрөө байдаг. Үсээ тайрч буй тэрхүү өнгө өнгийн бүсгүйчүүд “шигтгээн” мэлмийнийхээ цаана ямар их шаналал, харуусал гунигийг нуудаг бол. Мэлмийн “шигтгээнүүд” нь эгээ л нулимасан дуслууд шиг “гялтагнана”.

Түүний бүтээлүүд бүтээгчийнхээ дүр, амьдрал, сэтгэл, шаналал, гуниг, бясалгал бодролыг харуулдаг. Энэ бүхний цаана монгол бүсгүйн ухаалаг, хүчтэй, энергетик дүр төрх гэрэлтэх нь сонирхолтой. Ж. Мөнхцэцэг өөрөөрөө төлөөлүүлэн бусад эмэгтэйчүүдийг нээн харуулах нь гайхамшигтай.

Орчин цагийн монгол зураачдын дунд хатадын болоод язгууртан эмэгтэйчүүдийн дүрийг бүтээлдээ буулгах нь ихээхэн түгээмэл байдаг. Түүн дотроо зураач Д. Наранцэцэгийн хатад ихэд үзэсгэлэнтэй, ихэмсэг, бардам, ухаалаг, зоригтой байдаг. Монгол эмэгтэйчүүд түүхэндээ эрчүүдийн адил эрхтэй байсаар ирсэн. Үүгээр зогсохгүй төрийн хэргийг барьж явсан хатад түүхэн шастируудад олноор тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Дайнд тулалдаж, төрийг барьж явсан тэр эмэгтэйчүүд ихэмсэг, ухаалаг, зоригтой байхаас аргагүй.

Агай гүнжД.Наранцэцэг “Агай гүнж”

Түүний хатад юу юунаас илүү ухаалаг байдаг болохоор сэтгэл өөрийн эрхгүй татагддаг. “Агай гүнж” бүтээлд дүрслэгдсэн тэр эмэгтэй бодлогшронгуй, хөнгөн гунигтай байх ба зураач Агай гүнжийн “Гуниг хорслын шүлэг”-ээ тэрлэх үеийг нь дүрсэлсэн бололтой. Монголын анхны эмэгтэй яруу найрагч гэгддэг энэ бүсгүйн эцэг Лян Ван Базарварми нь өстнүүдийнхээ хорон үгэнд итгэн хүргэн хүүгээ хөнөөсөн гэдэг. Эр нөхрийнхөө араас гашуудсан Агай гүнж “Гуниг хорслын шүлэг”-ээ тэрлэж дуусгаад нөхрийнхөө араас одсон хэмээн түүх домогт тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Д.Наранцэцэг “Хулан хатан”, “Мандухай”, “Бөртэ” зэрэг олон хатдын дүрийг зотон дээрээ буулгасан. Түүнээс гадна “Луугийн нүд”, “Сэтгэлийн диваажин” зэрэг эмэгтэй хүний гоо сайхныг магтсан гэрэл сүүдрийн тоглолт, зөөлөн өнгөний зохирол, хараа булаам бие зэргийг гайхалтай уртай бүтээсэн бүтээлүүд бий. Тийм бүтээлүүд нь өөрөө “эмэгтэйлэг” болж үзэгчдийг дурлуулдаг.

Монгол зургийн стиль, орчин цагийн өрнийн болоод бусад азийн урлагийн стильтэй хослуулж баяжуулан бүтээсэн С. Заяасайханы (Заяа) язгууртан эмэгтэйчүүд ихэд сонирхолтой, өөрийнхөөрөө сэтгэл догдлуулам, өөр мэдрэмжийг төрүүлдэг. Түүний бүтээлүүдэд декоратив шинж чанар давамгайлах боловч монгол зургийг баяжуулсан байдал нь ихэд бүтээлч байдаг. Монгол зургийн зураасийн чадамж, боломжийг өндөр түвшинд ашиглаж язгууртан эмэгтэйчүүдийн дүрийг хөнгөн, уян налархай харуулсан төдийгүй арын фоныг хуучин “хана” мэт фактуртай болгож, дээл хувцас, фоноо монгол зурагт төдийлөн ажиглагддагүй өнгийг сонгон бүтээсэн нь үзэгчдэд ч сонирхолтой байдаг.

Doll girl, 2010

Түүний “Хүүхэлдэйтэй бүсгүй”, “Аялгуу” зэрэг бүтээлүүд нь содон сонирхолтой. “Хүүхэлдэйтэй бүсгүй” бүтээлээс нь гэнэн томоогүй хүүхдээрээ шахуу залуу бүсгүй дүрслэгдсэн байдаг. Бүсгүйн уужны цаанаас цухуйх дээлийн хормой нь геометр хээтэй байгаа нь бүтээлийг бүр илүү сонирхолтой, нууцлаг болгожээ. Эхнэр үстэй ч тэрхүү идэр залуухан бүсгүйн хүүхэд наснаасаа хагацахыг үл хүсэх сэтгэлийг ханцуйнаас нь цухуйх бяцхан хүүхэлдэйнүүдээс олж харна. Дээлийн цаагуур нуугдах нөгөө гарт нь юу байгаа бол гэсэн бодол сэтгэл гижигдэнэ. Магадгүй бас л хүүхэлдэй байгаа байх. Заяагийн бүтээлүүдээс ур ч, ухаан ч гэрэлтэх нь сэтгэл хөдөлгөм.

Буриад эмэгтэйЗ.Уянга “Буриад эмэгтэй”

Монголын урлаг дахь эмэгтэй хүний дүрийн тухай ярихад З.Уянга зураачийн “Буриад эмэгтэй” график бүтээл онцолмоор онцгой, содон.Үндэсний хувцастай эмэгтэй хүнийг дүрсэлсэн хөрөг. Харах тусамертөнцийн бүх эмэгтэйчүүдийн амьдралын тухай “ном” уншиж буймэт сэтгэгдэл төрдөг. Тэдний гэгээн сайхан бодлууд, гэнэн сайхан сэтгэл, хөнгөн хошин мэдрэмж, бяцхан гуниг харуусал, хөнгөн аальгүйтэл, гоосайхан, тэсвэр хатуужил, ухаан, тэдний үл ойлгогдох ааш араншин гээд бүсгүй хүний олон талт шинж чанарыг ганцхан хүний дүрээр амилуулсан нь өөрөө гайхалтай. Өнгөний визуал болон бэлгэдэлт хүчийг биш гагцхүү зураас, цэгүүдийг ашиглан орон зай, биеийг бүтээн хүний дотоод сэтгэлийг “нүцэглэж” чадсан тийм л сайхан бүтээл.

Ю.ОюунЯ.Оюунчимэг “Ю.Оюуны хөрөг”

Зураач бүр бүсгүй ертөнцийг өөрийнхөөрөө зотон дээрээ амилуулж байдаг. Хэдий тийм боловч монгол эмэгтэйн тэнгэрлиг бүхнийг бурханы дүрд шигтгэсэн болохоор нь Г. Занабазарыг, домогт балетчин Ю.Оюуныг “жигүүртэй” нь дүрсэлж чадсан учраас Я. Оюунчимэгийг, эх хүний сэтгэлийг зураас бүртээ шингээсэн гэдгээр нь Л.Бавуудоржийг, урлагаа бүтээх бүрдээ “үсээ тайрч” чаддагт нь Ж.Мөнхцэцэгийг хайрламаар санагддаг. Энэ удаа харамсалтай нь Монголын урлагт тод үзэгдэл болсон Ж.Гэрэлийн “уран” бүсгүйчүүдийн тухай, Ц.Батжаргалын амьдралдаа шингэсэн бүсгүйчүүд, С.Саранцацралтын архаик бүсгүйчүүд, хөргийн мастер Б.Насанцэнгэлийн гайхалтай индивидуал бүсгүйчүүдийн тухай өгүүлж эс чадлаа.

Тэлэн өргөсөх газар нутаг, урсан өнгөрөх цаг хугацаа, хүлээс үгүй хүсэл мөрөөдөл, тийм гэхийн аргагүй гэгэлзэх сэтгэл, хүмүүний оюун санаа, хайр хүндэтгэл гээд энэ ертөнцөд орших бүхнийг өөртөө сөхрүүлж чадсан ганцхан л зүйл бий. Тэр нь бүсгүй хүн.

Харин урлагийн “өглөө”-гөөс эхлэн өнөөг хүртэл эмэгтэй хүний дүр яагаад хамгийн үзэсгэлэнтэй, бас хамгийн “хүчирхэг” байдаг нь мөнхийн оньсого хэвээр байсан, ирэх цагт ч тийм байх биз.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img