2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

АЛЕКСАНДРА ПАНЗАРЕЛЛИ: Хэвлэлийн эрх чөлөөг нухчин дарсан нь Уго Чавесын дараагийн дарангуйллын суурь болсон

Венесуэлийн иргэн, профессор Александра Панзарелли одоогоос гурван жил гаруйн өмнө “Боловсрол төвтэй улс төр” ТББ-ын урилгаар манай улсад ирж “Венесуэл улсын ардчилал яагаад сүйрэв” сэдвээр лекц уншиж байсан юм. Түүний тавьж байсан илтгэлийн агуулга өнөө ч шинэхнээрээ сонсогдож байна. Александра Панзареллигийн илтгэлийг тоймлон хүргэе.

УГО ЧАВЕС ТӨРИЙН ЭРХЭНД ГАРСНААР ВЕНЕСУЭЛИЙН МӨХЛИЙН ТҮҮХ ЭХЭЛСЭН

Уго Чавесаас өмнө Венесуэл өнөөгийнхөөс тэс өөр өнгөтэй байсан. Хүн бүр тэгш эрхтэй, олон улсад нээлттэй байлаа. Итали, Америк гэх мэт улсаас маш олон хүн ирж суурьшиж амьдарч байсан. Манай улсад ардчилал 1959 онд эхэлсэн түүхтэй. Хоёр гол нам эвсэл байгуулсан юм. Харамсалтай нь тэд дотроосоо ялзарч, ардчиллын үйл явц удааширч эхэлсэн л дээ. Ийм шалтгаанаар ядуурлын хувь эрс өссөн. 1988 онд эвссэн хоёр хүчний нэг намынх нь төлөөлөл болох Карлос Андрес Перрис гэдэг хүн Венесуэлийн ерөнхийлөгчөөр сонгогдож байлаа. Тэр хүн хоёр дахь удаагаа нэр дэвшихдээ “Далаад оны Венесуэлийг эргүүлэн өгнө” гэж амлаж ялалт байгуулсан юм. Харамсалтай нь эрх барьсныхаа дараа амлалт нь тийм амар биелэхгүйг ухаарсан.

Ядуурлын хувь буураагүй учраас Каракас орчимд эсэргүүцлийн жагсаал цуглаан хүчээ авсан. Энэ цаг үеийг Венесуэлийн ардчиллын төгсгөл ирсэн гэж үздэг. Тэр үед хэний ч таньж мэдэхгүй Уго Чавес гэдэг хүн гарч ирсэн. Тэр гудамжинд өрнөсөн үймээн самуунд гол үүрэг гүйцэтгэгчийн нэг байсан юм. Мань хүн төрийн эргэлт хийх оролдлого хийсэн ч бүтээгүй. Шоронд хоригдож ял эдлээд гарч ирсэн. Дараа нь Уго Чавес сонгуульд өрсөлдөх эрх авч төрийн эрхэнд гарсан юм. Тэр төрийн эрхэнд гарснаар Венесуэлийн мөхлийн түүх эхэлсэн гэж хэлж болно. Уго Чавес хоёр зүйлийг амлаж гарч ирсэн. Нэг нь шинэ Үндсэн хууль батлах байсан бол нөгөө нь улс төрд оролцоо багатай нийгмийн бүлгүүдэд боломж олгоно гэсэн амлалт байсан нь манай улсын өнгөрсөн түүхэнд тод бичээстэй байгаа.

Венесуэлийн удирдагч шинэ Үндсэн хуулийн төслөө 1999 онд парламентаараа хэлэлцүүлээд батлуулсан. Тэр үед шинэчлэгдсэн Үндсэн хуулийн давуу, сул талыг одоо онцолъё. Үндэсний цөөнх парламентад суудалтай болсон, эмэгтэй сайд нар Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан гэх мэт давуу талууд бий. Ийм шалтгаанаар Уго Чавесын нэр хүнд огцом өссөн л дөө. Шинэ Үндсэн хуулийнх нь нэг том сул тал нь Ерөнхийлөгчийн хэмжээ хязгааргүй эрх мэдэл. Хоёр танхимтай байсан парламентаа нэг танхим болгочихсон. Товчхондоо авторитар дэглэм тогтсон, Венесуэлд. Конгресс нэг танхимтай болсноор Ерөнхийлөгчийн эрх мэдэл огцом хүрээгээ тэлсэн гашуун түүх бий.
Манай улсын хувьд эдийн засгийн гол тулгуур нь газрын тос байсныг хүн бүр мэднэ. Газрын тосны үнэ тухайн үед өндөр байсан юм. Уго Чавес газрын тосноос олсон мөнгөөр улс төр, нийгмийн том бүлгүүдийг атгандаа оруулахаас эхлээд буруу зүйл их хийсэн. Комунист лидер болсон.

Товчхондоо тэр манай улсын түүхийг шинээр бичилцсэн. Боливар гэж үндэсний баатар бий. Мөн л дэлхий мэдэх түүхэн хүн. Уго Чавес Боливарыг тахин шүтэж, өөрийгөө Боливартай адилтгаж үзэх болсон.Боливарын цогцсыг булшнаас нь гаргаж нүүр царайг нь өөрчилсөн. Бүр тодруулж хэлбэл, эртний Боливарын түүхэнд ул мөр, гавьяа зүтгэлээ үлдээсэн язгуур гаралтай угсаатнуудын царайнаас авахыг нь авч Боливарын царайг өөрчилсөн л дөө. Тэгээд өөрөө тэр төрхийг дуурайж, тэр бүх шинж чанарыг өөртөө бүрдүүлж эхэлсэн.

Уго Чавес хожим хорт хавдар тусч, бие нь эрчимтэй муудаж эхэлсэн ч ард түмнээс нуусаар байсан юм. Куба руу хүртэл очиж нэлээд хэдэн сар эмчилгээнд хамрагдсан цаг хугацаа түүний намтарт бий. Эмчилгээ нь үр дүнд хүрээгүй учраас сүүлдээ биеийн байдлаа зарласан л даа.Тэгээд мань эр Николас Мадуро гэж хүнийг залгамжлагаараа сонгосон. Николас Мадуро сонгуульд ганцхан хувийн саналаар ялж Венесуэлийг удирдах болсон юм. Тэр сонгуулийн маргаантай үр дүн хоёр талд хуваагдсан байсан нийгмийг улам туйлшруулж хагалсан. Уго Чавесыг хамгийн сүүлд иргэдлээ хандаж үг хэлэх үйл явдлыг сонирхсон гэрчийн нэг нь би. Тухайн үед би Канадын элчин сайдын яаманд зөвлөхөөр ажилладаг байлаа. Тэр үед төв талбайд цугласан иргэдийн сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн байсан шүү. Өмнө нь хүмүүсийн дундуур явж гар барьж, тэврэлдэж их эрчтэйгээр илтгэлээ тавьдаг байсан Уго Чавес тэр өдөр хөдөлгөөн нь удааширсан, өвчиндөө шаналж яваа нь илт байсан л даа.

ТААЛАГДААГҮЙ ШҮҮГЧЭЭ ШОРОНД ЯВУУЛДАГ БАЙЛАА

Уго Чавес Венесуэлийн ард түмэнд нэлээд нэр хүндтэй улстөрч байсан. Асар хүчтэй харизмтай. Олныг татах чадвараараа гойд удирдагч байсныг нь онцлох учиртай байх. Түүний хийсэн бас нэг сөрөг ажил нь хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь нугачин дарсан. Ингээд ч зогсохгүй улсынхаа эдийн засгийг үгүй хийсэн хүн. Гэсэн хэр нь л ард түмэн түүнд их сайн ханддаг, дагаж хуйлардаг байлаа. Тэр засаглалын үндсэн гурван тулгуурыг үгүй хийсэн хүн. Гүйцэтгэх засаглал ямар ч эрх мэдэлгүй болсон, ерөнхийлөгчийн дохио зангаагаар хөдөлж эхэлсэн. Хууль, шүүхийн засаглал утгаа алдсаныг бас онцолъё. Зөв шийдвэр гаргасан шүүгчийг өөрт нь таалагдсан шийдвэр гаргаагүй гээд шоронд хийсэн түүх бий. Авлига авсан гэж буруутгаад нь торны цаана хийчихсэн. Тэгээд л тэр шүүгчийн хувь заяа эмгэнэлтэйгээр төгссөн. Уго Чавесыг амьтантай харьцуулбал наймаалж гэж хэлж болох юм. Учир нь тэр бүх салбарыг атгасан. Хэвлэл мэдээлэл, шүүх засаглал, эдийн засаг гээд бүх салбар түүний атганд орсон. Тэр бүгдийг сорсон.

Хэвлэл мэдээлэл гэж ирээд ярихад хувийн эзэмшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг эзэмшилдээ авсан байдаг. Нэг жишээ хэлье. Монголчуудын сайн мэдэх “Халтар царайт”-ыг хийсэн телевизийн суваг Уго Чавесыг зоригтой шүүмжилдэг байсан юм. Тэр сувгийг Уго Чавес 2007 онд хаасан. Өөрийнх нь эсрэг дуугарсан, өөрийг нь шүүмжилсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг тэр үг тайлбаргүйгээр хаадаг байсан. Тэр Владимр Путинтэй нэг талаараа их төстэй. Үзэл бодол, байр суурь, шийдвэр шийдлийг нь хүлээж зөвшөөрдөггүй сөрөг хүчний улстөрчдийг захиргааны хэргийн шүүхээр оруулж хорьдог байлаа. Ер нь бол эрх мэдэлдээ дулдуйдаж сөрөг хүчнийг нугачин дарсан. Улс төрийн намынхаа хувьд түүнийг яг нэг намын тууштай гишүүн гэхэд хэцүү. Маш олон нам сольсон. Өөр намаас дэвшиж байгаа нэр дэвшигчидтэй хэл амаа ололцохдоо хэцүү хүн байсан даа. Эрх мэдлээрээ ардчиллыг нугачин дарснаас гадна аж ахуйн нэгжүүдэд ч халгаатай байсныг онцолъё. Ялангуяа хөдөө аж ахуйн салбарын компаниудын бүх хөрөнгийг хурааж улсын хөрөнгө болгож эрх мэдлээ улам өргөжүүлсэн. Ингээд хэсэг хугацааны дараа Венесуэл улс тэр чигтээ Уго Чавес гэж хүний атганд орсон юм.

УДИРДАГЧАА ШҮТСЭН АРД ТҮМЭН ЭДИЙН ЗАСАГ СҮЙРЭХИЙГ АНЗААРААГҮЙ

Мэдээж түүнийг ингэж дураараа авирлах үед сөрөг хүчин аль чадлаараа эсэргүүцлээ илэрхийлж байсныг хэлэх хэрэгтэй. Тухайн үед Швейцарийн банк гэх мэт газарт ерөнхийлөгчийн нэр дээр маш их хэмжээний мөнгө хуримтлагдаж байна гэсэн мэдээлэл ирж, тэр мэдээллийг нь сөрөг хүчин эсэргүүцсэн улстөрчдийн нэг хэсэг нь шоронд орж, нөгөө зарим нь эх нутгаасаа дүрвэсэн. Улс төрийн орогнол хүссэн. Харамсалтай нь ард түмэн яг юу болоод байгааг ойлгоогүй. Уго Чавесыг тахин шүтсэн хэвээр байсан. Уго Чавесыг тахин шүтсэн нийт олонх буюу ард түмэн амьдрал дээр яг юу өрнөж байгааг ухаарах сэхээгүй, эдийн засагт балагтай ямар үйл ажиллагаа болж буйг ойлгох сөхөөгүй аж төрсөн. Энэ бол гашуун үнэн. Хээл хахуульд автсан элитүүд нь зсгийн эрхэнд заларсаар байсан юм. Тэр хүмүүс одоо ч эрх мэдлээс бууж, хураасан хөрөнгө мөнгөө алдахыг хүсэхгүй байна л даа. Ийм шалтгаанаар манай улс маш том хямралд орчихоод байна. Миний төрөлх нутгийн энэ эмгэнэлтэй түүхээс авах нэг том сургамж бий. Ардчиллын үнэ цэнийг алхам бүрдээ хамгаалах хэрэгтэй. Тэгж байж л улс орнууд популизмаас ардчиллаа аварч үлдэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img