2024-12-11, Лхагва
-17 C
Ulaanbaatar

Б.ДЭНДЭВЧУЛУУН: Алтайн нурууны цаад говийн хурдсын тогтоц нь газрын тосны их нөөц илэрсэн Уйгарын ордтой ижилхэн

Шинжаан Уйгараас тэрбумаар яригдах тоннын нөөцтэй газрын тосны орд олдсон, тэндээс нааш хөөгөөд явбал манай улсын Алтайн нурууны цаад говьд ч их нөөц илрэх магадлалтай гэсэн мэдээлэл хөвөрч байна. Монгол Улсын зөвлөх инженер, Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гишүүн Б.Дэндэвчулуунтай энэ сэдвийг хөндөж ярилцлаа.

-Шинжаан Уйгараас олдсон их нөөц газар зүйн холбоогоороо манайд ч хамаатай гэх юм. Геологийн тогтоц талаас нь тайлбар өгөөч?

-Жунгарын буюу манайхны ярьдгаар Зүүн гарын элсэн цөл гэдэг их эртний маш том орд. Сүүлийн үед Номингийн говь, Алтайн цаад талын говь, Говь-Алтай аймгийн залгаа нутгаар Сант-Асарын орд гэж нээгдсэн. Одоо Сант-Асарын орд ашиглалтад орчихсон. Зүүн гарын орд Хятаддаа дээгүүрт жагсах хэмжээний нөөцтэй. Олон ч жил ашигласан. Сант-Асар энэ хоёр чинь нэг сав газрын, нэг тогооны хоёр тал гэсэн үг. Наашаа яваад Номингийн говьд хүрдэг, цаанаа Хятадад өөр нэртэй болдог. Шинжаан Уйгарын олон орд бий. Нийтдээ тав, зургаан орд байдаг. Бүгдийг нь эртнээс ашиглаж байсан. Эдгээр ордыг геологийн тогтоц талаас нь аваад үзвэл манай Монгол Алтайн ар талын хөндий Их нууруудын хотгор Хятадын Шинжаан Уйгарын хэсэгтэй ижил. Хангайн нуруу, түүнээс урагш Онгийн голын томоохон сав газраас эхлээд баруун тийших нутаг Баруун Монголдоо орно. Баруун Монголынх нь өвөрмөц тогтоцтой. Үүнийг геологийн хэллэгээр “Сэргэсэн уулсын бүс” гэж нэрлэдэг юм. Энэ нэрийг зүгээр ч нэг өгчихөөгүй. Олон үндэс, шалтгаанаар өгсөн.

-Баруун чигийн нефтийн нөөц зүүнийхээсээ ялгаатай гэх юм. Геологийн тогтоцыг нь хэлээд байна уу?

-Монголын зүүн талаас зүүн тийш газрыг “Төв Азийн дорнын талын их бүс” гэж нэрлэдэг юм. Дорнын талын бүс, сэргэсэн талын бүс хоёр үүсэл гарлын хувьд их өвөрмөц, өөр, зөрүүтэй. Тэрнээсээ болоод газрын тос байх нөхцөл нь ч өөр. Тэрийг л хэлж байгаа болов уу. Дорнын талын бүсэд Зүүнбаянгийн тосны орд, Цагаан элс, сүүлийн үед нээгдсэн Тамсаг булгийн, Тосон уулын, цаашаа яваад Буйрын орд гэж байдаг. Эдгээр орд Хятадын нутгаар үргэлжилэхээр Хайлаарын орд болоод цаашилдаг. Урагшаа яваад Рашаантын ордтой залгадаг. Бүр нутгийнхаа гүн рүү орохоороо Сүн Лио орд болно. Сүн Лио нь мөн ялгаагүй Төв Азийн бүсдээ орно. Хятадын төдийгүй дэлхийн хамгийн том орд. Эдгээрийн геологийн тогтоц баруун хэсгийнхээс өөр. Бүгдээрээ цэрдийн настай холбоотой харьцангуй залуу, сүүлийн үед үүссэн гэж ойлгож болно. Ойролцоогоор 60-80 сая жилийн өмнөөс үүссэн. Баруун тийш Онгийн голоос цааш Их нууруудын хотгор, Хятадын Шинжаан Уйгарын нутгийн карбоны орд, наашаа яваад Номингийн говьд байгаа Сант-Асар зэрэг ордууд бүр эрт, 200-300 сая жилийн өмнө үүссэн. Хамгийн гол нь тос хаана үүссэн, бид тосоо хаанаас хайх вэ гэдэг л байгаа юм. Дорнын талын бүсэд цэрдийн хурдсыг голчилж барина. Тэрнээс доош ерөөсөө тос байхгүй гэсэн үг. Баруун талын орд болохоор карбоны үеэс эхлээд бирм, цэрдийн үе хамаарна. Бүр одоо ч тэнд газрын тос үүсч байна гэж яриад байгаа юм. Үүгээрээ ялгаатай.

-Баруун талынх нь илүү гүн рүүгээ газрын тостой түүгээрээ л ялгаатай гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. 1960-аад оны үе, түүнээс өмнө Монголын баруун хэсэг гэж яриад байгаа нутгийг газрын тосгүй гэж үздэг байсан нь үүнтэй холбоотой. Үндсэндээ 90-ээд оноос хойш тэнд газрын тос байх бололцоотой гэсэн онолын дүгнэлтүүд гарч, баруун тийшээ газрын тосны хайгуул хийж эхэлсэн түүхтэй.

-Таны ярианаас Шинжаан Уйгартай залгаа манай баруун аймгийн нутагт газрын тосны их нөөцтэй орд илрэх өндөр магадлалтай л юм байна гэж ойлголоо?

Дэндэвчулуун-Геологийн нөхцөл нь ижил учраас Хятадын нутагт байгаа тос манайд илрэхийг үгүйсгэх аргагүй. Бид хайгуулын чиглэлээ өөрчлөх хэрэгтэй. Ер нь 60, 70-аад оноос эхлээд газрын тосны бодлого улс төртэй холбоотой болсон гэж ярьдаг нь үнэн байх. Баруун Монголд байтугай Монголд газрын тос байхгүй гэсэн томоохон дүгнэлтүүдийг Оросын мундаг эрдэмтэд хийсэн байдаг. Эдгээр эрдэмтэд тийм дүгнэлтээ хурал чуулган дээр танилцуулахыг нь сонсоод сууж байсан хүний нэг нь би. Тэд сүүлд нь “Танайд газрын тосны хангалттай нөөц бий” гэж хүлээн зөвшөөрсөн байдаг.

-Тийшээ газрын тосны хайгуул хийе, эрчимжүүлье гэвэл ихэнх хэсэг нь тусгай хамгаалалт, дархан цаазат гээд явчихдаг онцлог байна уу?

-Газрын тосны хайгуул хийдэг блокуудыг 1991 онд хуваасан. Тэр үед тусгай хамгаалалтын газар гэж зураагүй байсан үе. Тийм учраас ихэнх газрууд нь хайгуул хийх талбайд орсон. Их нууруудын хотгор, Увс, Хяргас, Хар ус нуурын хотгор, Богдын талбай, Онгийн талбай ч орсон. Бүгд дугаартай. Нэгдүгээр блок нь Увсын талбай бол хоёрдугаар блок нь Хар ус нуурын талбай. Гуравдугаарх нь Хяргасын талбай. Дөрөв нь Богд, Тав нь Онгийн талбай. Энэ гол талбайнууд үндсэндээ хайгуул хийх талбайд орчихсон. Үүний дагуу ч ажил явж байгаа. Харин цаад Номингийн говь талын, өөрөөр хэлбэл Хятадтай хил залгаа нэг хэсэг газар тэр үед хуваагдаагүй тал бий. Гэхдээ зарим компани хэл үг үүсгээд авсан байна лээ.

-Оросын геологичид баруун хэсэгт хайгуул эрчимжүүлэх шаардлагагүй гэж үзсэн улс төрийн шалтгаан нь юу юм бол?

-Тэр үед Сибирийн тос гэж маш том нөөц байлаа. Монголын газрын тосыг тэдэнтэй харьцуулахад хязгаарлагдмал, багахан л даа. Оросууд халааснаасаа мөнгө гаргаж манайд хайгуул хийж нөөц тогтоодог байсан цаг. Тийм учраас эдийн засгийн үр ашиггүй гэсэн тооцоо хийж байсан юм. Зөвлөлтийн Геологийн сайд Козловский Монголд ирээд геологийн чигийн хурал хийсэн түүх бий. Тэр хуралд суусан хүний нэг нь би. Козловскийг ирж хурал хийхээс таван жилийн өмнө Широков гэж хүн манай улсад ирж таван жил ажиллаад Монголд газрын тос байхгүй гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Мань эр бас тэр хуралд суусан. Тухайн үед Козловский “Танайд үйлдвэрлэлийн үр ашигтай газрын тос алга. Үүнийг манай мэргэжлийн баг судлаад тогтоочихсон. Ний нуугүй хэлэхэд бидний халаас нэг шүү дээ” гэж байсан. Монголд газрын тосны хайгуул хийвэл Оросын халааснаас л гарна гэсэн утгатай үг л дээ. Хямд зардлаар гарах тос манайд их байхад танай улсад их мөнгө зарж газрын тос хайгаад яах вэ гэсэн л санаа.

-Газрын тосны хэрэглээний хувьд хараат байлгах бодлого байгаагүй хэрэг үү?

-Би хувьдаа тэгж боддоггүй. Дэндүү өндөр зардал гарна гэж л тооцсон байх.

-Сүүлд монголчууд дангаараа газрын тос хайж эхэлсэн үе ерээд оноос эхлэлтэй юу?

-Тийм. 1990 оноос хойш Монголын мэргэжилтнүүд Америкийн хэдэн геологичтой хамтарч газрын тос хайж болох талбай гэж хуваасан. Английн “Бритиш петролиум” хоёр жилийн дотор дөрвөн сая ам.долларын ажил хийчихээд “Монголд манай компанийн хэрэгцээг хангах тос алга” гэсэн дүгнэлт хийгээд гараад явчихсан. Тайлангууд нь бүгд бий.

-“Бритиш петролиум”-ийн хэмжээнд хүрэхгүй гэж гологдлоо гэхэд Монголын дотоодын хэрэгцээг хангах нөөц бол байсан байх?

-“Бритиш петролиум”-ын хувьд өдөрт 200 сая баррель тос гаргаж авахгүй л бол ашиггүй гэж харж байсан компани. Манай улсын дотоодын хэрэгцээг өлхөн хангах нөөц байгааг тэд тухайн үед хэлсэн. “Бид судалгаагаа орхилоо, та нар аваад ашиглаж болно” гэсэн л дээ.

-Тэгэхээр дотооддоо газрын тосны үйлдвэр байгуулчихвал түүхий эдийн нөөц хангалттай гэсэн үг үү?

-Хангалттайгаар барах уу. Монголын хэрэгцээ бага. 1.5 сая баррель байдаг юм. Цааш өслөө гэхэд хоёр сая л болох байх. Газрын тосны батлагдсан геологийн нөөц гэхэд 240 сая тонноор яригддаг. Авч болох нөөц нь 60 орчим сая гэж ярьдаг санагдана. Тосон уул, Буйр, Зүүнбаян, Цагаан элс гэсэн дөрвөн орд бий. Цагаан элс, Буйр, Тосон уулыг ашиглаж байна. Эдний хувьд жилд нэг саяыг л ашиглаж байгаа болов уу. 60 сая тоннын батлагдсан нөөц байна гэж бодвол наад зах нь 60 жил ашиглахаар байгаа биз. Хоёрдугаарт хятадуудын хийгээд байгаа тооцоо нь буруу. Байгаа нөөцийн12-13 хувийг нь л ашиглана, бусдыг нь боломжгүй гэдэг. Уг нь тийм биш. Дэлхийн дундаж нь 20-30 хувь шүү дээ. Бүр цаашилбал 50 хувь гэсэн тоо ч дуулддаг. 50 хувиа байг гэхэд 30 хувийг авчихаж болмоор л санагддаг юм. Улс төрийн тооцоо, наймаа л гэж хардаг. Хамгийн хялбараар ашиглаж болох тосыг нь эхний ээлжинд бушуухан гаргаад авъя гэсэн л санаа.

-Баруун хэсэгт шинэ орд нээгдвэл газрын тосны үйлдвэрээ хангаад, илүүг нь экспортлох боломж ч нээгдэх юм байна даа…?

-Тийм байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр боловсруулах үйлдвэрээ яаралтай баримаар байна. Үүн дээр эргэлзэх юм байхгүй.

-Шинжаан Уйгарт нээгдсэн ордын хувьд 1.24 тэрбум тонн нөөцтэй гэсэн аварга тоо дуулдаж байна. Яг тэр бүстэй холбоотой, бүтцээрээ ижил хэсэг гэвэл манай улсын баруун хэсгийн яг аль хавь багтах бол?

-Судалгааны их л том ажил байгаа юм. Би янз бүрээр судалсан. Шинжаан Уйгарт байгаа ордуудын хамгийн их тостой ордууд нь юрагийн настай хурдас. Юрагийн ордоос Монголын баруун хэсгээр хаагуур тархаж вэ, цэрдийнх нь, корбаных нь аль хэсгээр байна вэ гээд зураг зохиож үзэж байсан юм. Юрагийн настай хурдсын тархац нэлээд хязгаарлагдмал.

-Хязгаарлагдмал ч гэлээ яг хаагуур байх магадлалтай вэ?

-Өвөрхангай, Баянхонгорын урд талын нутаг, хойшлоод Их нууруудын хотгор, Шаргын говь хүртэл үргэлжилдэг. Одоогоор баттай мэдэгдэж байгаа нь шүү дээ. Шаргын говиос цааш судалгаа хийж яваагүй учраас сайн мэдэхгүй. Уйгарын ордуудын хувьд карбоноос эхэлж үүссэн. Карбоноосоо дээш явсаар юрагийн хурдас дээр ирж тогтсон. Гэтэл Алтайн цаадах говьд газрын гадарга дээр карбон нь хэвтэж байдаг. Өөрөөр хэлбэл Алтайн нурууны урд талд ул нь гараад ирчихсэн гэсэн үг.

-Тэгвэл Алтайн ар талд нөөц илрэх боломжтой гэж ойлгож болох уу?

-Алтайн ар тал бол хамгийн боломжтой газар. Богдын дөрөв, Онгийн тавдугаар блокийн хувьд доод талд нь карбоны хурдас нь байгаа.

-Уйгарын ордын бүтэцтэй адилхан байх нь ээ?

-Тийм, яг ижилхэн. Тэгээд дээшээгээ бирм, юра, тэр бүү хэл цэрдийн хурдас нь байгаа. Үүсэх ёстой хурдас нь дороо байна. Дээшлээд хуримтлуулах хурдас нь бий. Тийм учраас хамгийн гол олж болох газрын тосны ирээдүй болсон газар бол Алтайн ар талын говь. Тэнд хайгуул есөн жилийн турш үргэлжилж байгаа. 600-700 км үргэлжилсэн сунасан тогтоц учраас хайгуул хийхэд цаг их авна. Шаргын говь, Хар ус нуур руу хэн ч хайгуулд мөнгө хийгээгүй. Хамгийн цаад талын талбай нь Увсын талбай. Хайгуул хийгдэж буй Богдын болон Онгийн гэсэн хоёр талбай гэхэд л таван аймгийн 34 сумын нутаг хамардаг.

-Хайгуулд их мөнгө зарахаас аргагүй асар том талбай юм байна. Иргэдийн эсэргүүцэл хэр байдаг бол?

-Иргэдийг хөөрөгддөг, турхирдаг цөөхөн хүн л байдаг юм. Саяны жишээ гэхэд Өвөрхангайн Гучин-Ус суманд өрөмдлөг явуулах гэж байтал жар гаруй морьтон давхиж очоод өрөмдөж байсан компанийн хүмүүсийг зодож цохисон байх жишээний. Ахиухан мөнгө хурдхан авах гэж л тэгдэг дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img