2024-12-04, Лхагва
-23 C
Ulaanbaatar

АНУ Хятад, Оросын дунд орших Монголын критикал минералын нөөцийг сонирхож байна

Манай улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ-д албан ёсны айлчлал хийхээс хэдхэн хоногийн өмнө тус улсын “Scientific American” сэтгүүлд олон улсын сэтгүүлч Сара Шонхардтын бичсэн ийм гарчигтай нийтлэл хэвлэгджээ.

АНУ олборлодог түлшийг илүү цэвэр эрчим хүчээр орлуулахад шаардлагатай ашигт малтмалын найдвартай эх үүсвэртэй болохын тулд дэлхий даяар идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлж буй. Энэ тал дээр АНУ хамгийн сүүлд тус улстай сөргөлдөгч Хятад, Оросын дунд оршдог байгалийн баялаг ихтэй Монголыг сонирхож эхэлжээ.

Экологийн цэвэр эрчим хүчний технологийн эх үүсвэрийн төв болоод буй Хятадаас хараат байдлаа багасгахын тулд ашигт малтмалын шинэ эх үүсвэрүүдтэй болохыг зорих болсон АНУ-ын дээгүүр албан тушаалтнууд өнгөрсөн сард зэс, алт, нүүрс, газрын ховор элементийн арвин их нөөцтэй учир нэгэнтээ “Minegolia” (“Уурхай улс”) гэгддэг байсан Монголд айлчилсан билээ.

Оюун-ЭрдэнэЭнэхүү айлчлал нь АНУ-ын Засгийн газар тус улс орныхоо нар, салхины эрчим хүчний тоног төхөөрөмж, цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд шаардлагатай эрдэс баялаг бүхий улс орнуудтай гэрээ байгуулахыг эрмэлзэж буйн тод илрэл болсон юм.

Хятад улс түүхий болон боловсруулсан ашигт малтмалын дэлхийн урсгалд давамгайлж эхлээд байгаа. Ийм нөхцөлд нүүрстөрөгч бага ялгаруулдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын компаниудын тоо нь өсөн нэмэгдэж буй АНУ-ын стратегийн зорилт нь материал, эд ангиудыг нийлүүлдэг сүлжээг олон эх үүсвэртэй болгох явдал гэж тус улсын албаны хүмүүс хэлж байна.

АНУ, Хятадын харилцаа жилийн өмнө эрс муудсанаас хойш энэхүү хүчин чармайлт хойшлуулшгүй шинж чанартай болж эхэлсэн юм. Учир нь АНУ сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийг эрмэлзэж буй энэ үед Бээжин үүнд шаардлагатай ашигт малтмалын хүртээмжийг нь хязгаарлах вий гэсэн болгоомжлол бий болжээ. Иймд Жо Байдены засаг захиргаа зохих эрдэс баялагтай улс орнуудад илүү ашигтай санал тавих стратеги баримталж эхэлсэн аж.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал хариуцсан орлогч Хосе Фернандестэй ярилцахад тэрээр, “Цэвэр эрчим хүч үйлдвэрлэгч болох зорилтдоо хүрэхэд манай улсад онц чухал ашигт малтмал, газрын ховор элемент хайж олборлох шаардлага тулгарсан нь Монголд маш том боломж нээж өгч байна. Учир нь бид Монголд дээрх эрдэс баялгийн хайгуул, олборлолтыг гүйцэтгэхэд хүрвэл ESG буюу тогтвортой хөгжлийг хангах байгаль орчин, нийгэм, засаглалын хариуцлагатай зарчмыг баримтлан тус улсад тусах үр өгөөжийг нь эрс нэмэгдүүлэхийг санал болгож байгаа” гэсэн юм.

Иймэрхүү санал айсуй ашигт малтмалын төлөөх уралдаанаас ашиг хүртэн эдийн засгаа өсгөхийг хүсч буй байгалийн баялаг ихтэй ч санхүүгийн хувьд ядуу улс орнуудын сонирхлыг ихэд татах нь дамжиггүй.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, дэлхийд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл Парисын цаг уурын хэлэлцээрийн зорилгод хүрэхүйц хурдацтайгаар нэмэгдвэл онц чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ ойрын хорин жилд огцом нэмэгдэх ажээ. Үүнд цахилгаан автомашины үйлдвэрлэлд нэн шаардлагатай литийн эрэлт хэрэгцээ 40 дахин, бал чулуу, кобальтынх үүнээс нэг их дутахааргүй өсөх төлөвтэй. Тэгвэл Монголд их хэмжээгээр илэрсэн, нар салхины эрчим хүчний технологид ашигладаг зэсийн эрэлт 40 гаруй хувиар өсөх магадлал их юм байна.

АНУ онц чухал ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, дахин боловсруулалтад тогтвортой хөрөнгө оруулалтыг өсгөх зорилгоор өрнөдийн голдуу 14 улстай хамтарсан Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлээр дамжуулан юунд хүрэхийг эрмэлзэж буйн жишээ Монгол Улс болж болохыг Хосе Фернандес онцолж байв. Эрдэс баялгийн аюулгүй байдлын түншлэлд Австрали, Канад, Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг болон Европын хэд хэдэн улс багтдаг аж.

Тус түншлэл хувийн хэвшилд онцгой анхаарал хандуулж, АНУ-ын Экспорт-Импортын банк гэх мэт дипломат болон засгийн газруудын дэмжлэгтэй санхүүжилтийн механизмаар дамжуулан бизнес эрхлэгчдэд учирч болох эрсдлийг бууруулах зорилготой. Энэ оны эхээр тус түншлэл ил тод байдал, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагаа, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн эдийн засгийг дэмжихэд чухал ач холбогдолтой зарчмуудыг оролцогч компаниуд болон засгийн газруудад зарласан юм.

Гэхдээ Монгол бол түүхийн эдийн боломжит эх үүсвэрийн зөвхөн нэг нь. Хосе Фернандес ноднин жил түүнчлэн Өмнөд Африк, Конго, Мексикт мөн ижил айлчлал хийжээ. Иймд экологийн цэвэр эрчим хүчний технологийн эх үүсвэрийн хувьд Монгол Улс хаагуур эрэмбэлэгдэх нь хараахан тодорхойгүй.

газрын тосГазрын тос, байгалийн хий, эрдэс баялгийн сайн засаглалын дэлхийн стандарт болох Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (EITI)-ын мэдээлснээр, тус улс дэлхийн нийт зэсийн 1.4, нарны хавтан, салхин сэнс үйлдвэрлэхэд ашигладаг ган хайлшийн орцонд байдаг молибдений 1 хувийг тус тус үйлдвэрлэдэг юм байна. Гэхдээ Монголын эрдэс баялгийн дийлэнхийг хараахан ашиглаж эхлээгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Хойноосоо Орос, урдаасаа Хятадаар хүрээлэгдсэн Монгол Улс хөршүүдийнхээ нөлөөг багасгахын тулд АНУ, Франц, Австрали зэрэг оронтой хамтран ажилладаг. Өнгөрсөн тавдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроныг тус улсад айлчлах үеэр хоёр тал ашигт малтмал, үүний дотор уран олборлох тухай гэрээ байгуулсан тухай мэдээлсэн нь бий.

“Монгол Улс Орос, Хятадын улс төр, эдийн засгийн ашиг сонирхлыг тэнцвэртэй байлгахын тулд бусад улс оронтой эдийн засгийн харилцаагаа тордон тэтгэхийг ихэд чармайдаг юм” гэж Барак Обамагийн засаг захиргааны үед Монгол дахь АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Пайпер Кэмпбелл ярьсан юм.

Хоёр хөршийнхөө нөлөөг ийн тэнцвэржүүлэх нь мэдээж амаргүй. Монголын эдийн засгийн дөрөвний нэг нь уул уурхайгаас хамааралтай бөгөөд экспортын орлогынхоо 90 орчим хувийг ашигт малтмалаас бүрдүүлдэг ба үүний ихэнх нь Хятад руу боловсруулах, эсвэл боомтоор нь дамжихаар гардаг аж. Монголын дипломат албанд ажиллаж байсан, өдгөө хөрөнгө оруулагчдад зориулсан “Mongolia Weekly” товхимол эрхлэн гаргадаг А.Амарын хэлснээр, хэрэв хятадууд “Бид танайхаас нүүрс, зэс авахаа болино” гэвэл Монголын эдийн засаг зогсох юм.

Ирээдүйд зарим ашигт малтмалыг онгоцонд ачин гадагш гаргах боломжтой болох тухай шинжээчид ярьдаг. Гэвч тэгэх боломжтой ашигт малтмалын нэлээдийг эхлээд боловсруулж, авсаархан хэмжээтэй болгох хэрэгтэй. Үүний тулд боловсруулах үйлдвэр барих хөрөнгө оруулалт шаардлагатай.

Монголын зарим эрдэс бодисыг түүнчлэн Өмнөд Солонгост боловсруулан АНУ болон түүний холбоотнуудад экспортлох боломж бас бий. Энд тэмдэглэхэд, Хосе Фернандес Монголд айлчлах үеэрээ онц чухал ашигт малтмалыг нийлүүлэх сүлжээ байгуулахад хамтран ажиллах талаар Өмнөд Солонгосыг оролцуулсан анхны гурван талт хэлэлцээ хийсэн юм.

“Ардчиллын нэгэн түшиг тулгуур болсон Монгол Улс Орос, Хятад хоёрын дунд оршдог, зарим талаараа түгшүүртэй бүс нутагт хамаардгаараа геостратегийн чухал ач холбогдолтой нь маргаангүй” гэж Монголд Элчин сайд байсан Кэмпбелл ярьж байв.

Хосе Фернандесийн хэлснээр, АНУ Монголд ашигт малтмалын нөөцөө газрын зурагжуулах, тендерийн үйл явцыг ил тод явуулах зэрэгт хэдийн туслах болсон ба дараагийн алхам нь олборлох төслийг хэрэгжүүлэхэд туслах явдал байж болох ажээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img