2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Популизм улс орныг юунд хүргэдэг вэ?

Популизмын сонгодог жишээ болсон Венесуэлийн боливар цаас болсон түмэн жишээг цахим орчноос төвөггүй олчихно. Жижиг тоотой дэвсгэртүүд нь гудамжаар хийссэн Венесэул тэрбумын тоотой мөнгөн дэвсгэрт хэвлүүлэх тухай ярьж байсан нь тийм эртний явдал биш. Иргэд нь таван сая, арван сая гэсэн аварга тоотой дэвсгэртүүдээ уутлаад хүнсэнд дугаарлаж зогсоо энэ улсын ширэнгэ ой, уул хадтай ном боловсролоос хол тосгодынхон армийнх нь 70 хувийг бүрдүүлдэг гэх статистик дуулддаг. Манай энгийн иргэд хятадуудад дургүй шиг тэндэхийн хар масс Америкчуудад дургүй гэх шалтгаан бас бий. “Америкчууд удирдагчийг маань үгүй хийх нь” гэхэд л буугаа онилох харанхуй масс армийнх нь дийлэнх хувийг эзэлж байгаа учраас Венесуэлд өнөө маргаашгүй нар мандана гэхэд хэцүү. Гэхдээ популизм хэтрэхээрээ эдийн засаг туйлдаж унадагийн жишээг хамгийн тод харуулж байгаа газар нь яах аргагүй Венесуэл.

Популизмын хувьд популюс буюу ард түмэн гэсэн латин үгнээс гаралтай. Улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд бодит бус, биелэгдэшгүй хэдий ч тухайн нөхцөлд олон нийтэд таалагдах амлалт, лоозон дэвшүүлэн тавих үйл явц гээд ойлгочихож болно. Улстөрийн толь бичгүүдэд “Үл бүтэх амлалт, хийсвэр лоозон гэх мэтийг ашиглан массад нэр хүндтэй болдог үйл ажиллагаа” хэмээн тайлбарласан нь бий. Орчин үеийн улс төрд популист гэдгийг массын толгойг эргүүлэгч гэж тодорхойлсон үг, өгүүлбэр ч таардаг.

Популизмыг XIX зууны төгсгөлд үед АНУ-д үүссэн гэдэг. Тухайн үед Америкт аж үйлдвэржилт үсрэнгүй хөгжиж байсан юм. Хотууд томорч, том хөрөнгөтнүүд бий болж, фермерүүд, ажилчны хөдөлгөөн ангийн тэмцлийн хэлбэрт орж байсан цаг. Ээлжилж засаглаж байсан БНН, АН-д хүн ам итгэхээ байж, гурав дахь намыг хүсэмжлэх болсон үе хэмээн түүхчид онцолдог. Ийм шалтаг шалтгаанаар 1891 онд Америкт Ардын нам нэртэй популист нам байгуулагдаж байж. Шинэ нам 1892 оны сонгуулиар 9 хувийн санал авсан юм байна. Тэд фермерүүд, ажилчдын хүсдэг зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгаж байжээ. Төмөр замыг улс хянах, найман цагийн ажлын өдөртэй болох, Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, сенатыг шууд сонгох, газрын үнийг хөнгөлөх гэх мэт амлалтууд хөвөрч байсныг Америкийн түүхээс харж болно. АН Брайаныг 1896 онд ерөнхийлөгчид сойх үед Ардын нам АН-д нэгдэн орсноор популизм жинхэнэ утгаараа цэцэглэсэн гэдэг. Сонгуулийн дүнгээр АН өмнөх сонгуулиас нэг сая санал илүү авсан нь популизмын гавьяа байсан гэж улс төр судлаачид онцолдог. Амлалтаа хэтрүүлсэн учраас Брайан ерөнхийлөгч болж чадаагүй гэсэн дүгнэлт Америкийн өнгөрсөн түүхэнд бий. 1930-аад оны их хямралын жилүүдэд популизм цэцэглэсээр Германы нацистуудын гол зэвсэг болсон нь хүн төрөлхтний өнгөрсөн түүхийн гашуун сургамжуудын нэг. Популизмыг яруу тодоор хийж чадсан улстөрчдийг Муссолини, Гитлер нар түүчээлдэг. За тэгээд хуучин социалист орнууд, ойрхоны жишээ гэвэл Эрдагон, Мадуро, Африкийн улсууд популизмын тод жишээнүүд.

Дэлхийн хоёрдугаар дайны дараагаас барууны ертөнцийн улстөрийн лидерүүд популизмыг хэрэгтэй үедээ ашиглаж явсан жишээ ч дэлхийн түүхэнд өчнөөнөөрөө бий. Наад захын жишээ гэхэд л М.Тэтчер, Р.Рейган нарыг дурдаж болно. Гэхдээ тэд өнгөн дээр олонд таалагдах гэж гоё үг унагадаг байсан ч ачир дээрээ тийм байгаагүйг явуулсан бодлогууд нь нотолдог. Тэгэхээр наад өнгөндөө популизмын аястай ишлэлийг нь аль ч орны улстөрчид мэдэгдэл, илтгэлтдээ онцолсоор ирсэн гэсэн үг. Өнөө ч дэлхийн том улстөрчид иймэрхүү хандлагатай үгийг эшилсээр яваа. Төмөр хатагтай нэрээрээ дэлхийн түүхэнд үлдсэн Маргарет Тетчер “Их Британийн эдийн засаг бол гэрийн эзэгтэйн удирддаг гэр бүлийн төсвөөс огт ялгаагүй”, жүжигчин, уран илтгэгчээрээ АНУ-ын Ерөнхийлөгч нараас онцгойрдог Рональд Рейган “Ямар ч хүнд асуудлыг амархан шийдэж болно” гэх мэтээр ярьж алга ташилтын бороо оруулдаг байсан ч үнэн хэрэгтээ хэзээ ч ийм маягаар ажилладаггүй байсан юм.

populismХөгжингүй орнуудын тухайд нэг статистикийг дурдахгүй өнгөрч болохгүй. Популизмд хүн амынх нь 40 орчим хувь өртөмтгий гэсэн судалгааны хариу байна. “Популизм хэзээ ч олонх болж байгаагүй ч дэлхийн хоёрдугаар дайны өмнө тэдэнд санаачилгаа алдсан гашуун туршлага Европт бий. Тиймээс Европт энэ асуудалд эмзэг хандаж, асуудлаа ойлгох чадвартай сэхээтнүүдийг олон түмэнд зөв ойлголт өгөхийн тулд илүү их ярь гэж дайчилж байгаа харагддаг” гэж pax­mongolica.org-д онцолжээ. Ямартаа ч популизм үзэл суртлынхаа хувьд Европт сэргэх бололцоогүй ч хөдөлгөөн, хам шинж хэлбэрээр гарсаар байгаа аж. Бас нэг шинэ мэдээ дуулгая. Иргэдийнхээ олонхын саналаар Европын холбооноос гарна гэж зөрүүдэлж буй Английн аяглалыг популизмын нэг хэлбэр гэсэн тайлбар ч дуулдаад эхэлж. Английн энэ байр сууриас болж фунт стерлингийнх нь ханш лав уруудаад эхэлчихсэн. Англи Европын холбооноос гарвал үүсэх асуудлууд шилээ дарж буй, үр дүнд нь Их Британийн эдийн засаг хэцүүдэх зураг харагдаж байгаа тухай эдийн засагчдын байр суурь ч олны анхааралд байна. Хөгжингүй орнуудын популист улстөрчдийн нэгд Трамп зүй ёсоор багтдаг. Гэхдээ АНУ-ын тухайд бизнес нь жамаараа хөгжсөн учраас хэчнээн том ч бай, хэн нэг улстөрчийн попрол эдийн засагтаа сүүдэр болдоггүй онцлог бий аж.

Эндээс популизм хаана хүчээ авч, цэцэглэж, улс орнуудыг мөхөөдөг вэ гэсэн асуулт гарч ирнэ. Хөгжилтэй, бодлоготой улсуудын хувьд ажиглагдах төдий өнгөрдөг бол хөгжиж буй, хөгжил дорой орнуудад газар авдаг онцлогтой гэсэн тайлбарыг улстөрч судлаачид хэлдэг.

Популизм бүх нийтийн сонгууль, тэгш эрх гэх мэт ардчилалын тодорхой институцтэй орнуудад үүсдэг юм байна. 1985 он хүртэл ажиглагдаагүй популизм ЗХУ-ын задралын дараа хүчтэй анзаарагдаж эхэлсэн гэсэн тайлбар дуулддаг. Зөвлөлт холбоот улсын сүүлчийн сонгуулийн үед амлагдсан мөнгө тус гүрний жилийн орлогоос тав дахин илүү байсан жишээ бий.

Улс төр, эрх зүйн соёл доогуур, нийтийн засаглал хөл дээрээ зогсож амжаагүй газар популизм өргөн хүрээтэй өрнөдөг гэж улс төр судлаачид онцолдог. Төсөөллийг бодит байдлаас ялгах чадваргүй, сайн удирдагчтай болж тэргүүлэгчээ бурханчлахыг, өрсөлдөгчийг нь няц гишгэхийг хүсдэг масс популистуудын дуртай хоол нь гэнэ. Хүн амын ихэнхийнх нь амь зуулга муудахад, нийгэм эдийн засаг, улстөрийн тогтворгүй байдал газар авахад популизм хүчирхэгждэг байна. Сонгууль, бүх нийтийн санал асуулга популизмын идэвжих таатай хөрс гэдгийг судлаачид хүлээн зөвшөөрдөг. Ийм үеүдэд нийтийн үнэт зүйлсийг өөрчлөх оролдого ихэсч, улс төрийн тэмцэл ширүүсдэг байна. Ийм шалтгаанаар олны төөрөгдөл дээд түвшинд хүрч амлалтын гипнозид амархан автдаг аж.

Популизм үзэл суртал, хөдөлгөөн, синдром буюу хам шинж гэсэн гурван төрөлд оршдог гэнэ. Амин сүнс нь нийгмээ “цэвэр ард түмэн”, “бохир эрх баригчид” гэсэн хоёр хэсэгт хуваах явдал аж. “Монголчуудын туулаад ирсэн социализм, коммунизм бол уул шугамандаа популизм. Нийгмээ ажилчин анги, жижиг хөрөнгөтөн гэж ангилна. Ажилчин анги засгийн эрх барих ёстой хэмээнэ. Жижиг хөрөнгөтнүүдийн хөрөнгийг хураана, барина, хорино. “Цэвэр ард түмэн” алаад өг гэж орилолдоно. Тэр дагуу хэдэн арван мянгаар нь ална тална. Бидний л туулсан зам. Гэхдээ тэр нийгэмд эрх чөлөө нь байгаагүй тул бүгд популизмын боол явсан. Өнөөдрийн тухайд эрх баригчдыг бохир харагдуулах өчнөөн арга байна. Үнэн худал нь хамаагүй тэрбум тэрбумаар нь идсэн ууснаар цоллож, авилгачнаар нь дуудахад хангалттай. Үе үеийн Ерөнхийлөгч, дарга сэтэртэй явсан хүмүүсийг элдэвлэвэл үе үеийн эрх баригчид адгийн болж харагдах нь ойлгомжтой. Тийм л үйл явдал Монголд өрнөөд байна уу даа гэж санаа зовох юм. Монгол орон зах зээлд орсноос хойш хэрэгжүүлсэн цор ганц том төслөөр ганц нэг ерөнхий сайдыг биш, болж өгвөл хоёр, гурвыг бариад 30 хоног боловч шоронд суулгачихвал популизмд Монголыг живүүлэх маш сайн алхам болж байна. Популизм хийх жор хаана ч адилхан. Америк, Европ, Монголд ялгаагүй. Популизм хийх бас нэг өөр арга нь харийнхнаар айлгах явдал. Америк, Европт цагаачдаар айлгана. Монголд хужаагаар, ОУВС-аар айлгана. Ингэснээр популист “эх орончид” тодрох бололцоог бий болгодог” хэмээн М.Энхсайхан www.paxmon­golica.org сайтдаа онцолжээ. Популизм газар авахад олон хүн хам шинжээр өвчилдөг гэнэ. Намаа цэвэрлэнэ, намууд хэрэггүй, төр мафижсан, чанга гар хэрэгтэй гэх элдэв яриа популизмын хам шинжийн нэг гэх тайлбар дуулдаж байна.

Популистууд эдийн засагт мөнгийг хэрхэн олох вэ гэдэгт бус, мөнгийг хэрхэн үрэн таран хийх вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлдэг учир эхний шатанд зээл авах, бонд босгох зэргээр өрөнд баригдаж, удаахь шатанд үнэ, ханшийн цохилтод өртөж хямралд ордог аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img