2024-07-25, Пүрэв
15 C
Ulaanbaatar

Л.БЯМБАХАНД: Критикал минерал дээр АНУ-тай хамтрах боломжийг алдаж болохгүй

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ өдрүүдэд /8 дугаар сарын 2-6/ Америкийн нэгдсэн улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүний айлчлалын ач холбогдол болон Монгол Улс болон Америкийн Нэгдсэн Улсын харилцааны асуудлаар Олон улсын харилцаа судлаач Л.Бямбахандтай ярилцлаа.

-Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа өнөөг хүртэл ямархуу түвшинд явж ирсэн юм бэ?

-Хоёр улс 1987 онд дипломат харилцаа тогтоосон. Түүнээс өмнө харилцаа тогтоох санаачилгуудыг хоёр талаас олон удаа гаргаж байсан ч тухайн үеийн дэлхийн хоёр туйлт үзэл санаанаас үүдэн хойшлогдож байгаад улмаар 1987 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосон. Үүнээс хойш хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж ирсэн.

Ялангуяа, Монгол Улс хоёр хөрш улсаасаа гадна “гуравдагч хөрш”-ийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа тогтоох тухай Гадаад бодлогын үзэл баримтлал, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгасан. Үүнд хамгийн жинтэй байр суурь эзэлж байгаа улс бол яах аргагүй АНУ юм.

Манай улс Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоороо аливаа эвсэл, холбоонд элсэхийг хориглодог. Харин бусад улстай харилцах харилцааны хүрч болох хамгийн дээд түвшин нь “стратегийн түншлэл” байдаг.

Одоогийн байдлаар хоёр хөрштэйгөө “иж бүрэн” гэсэн тодотголтой стратегийн түншлэлтэй. Харин АНУ, БНЭУ, БНСУ, Япон гэсэн дөрвөн улстай стратегийн түншлэлтэй байгаа. Гэхдээ бүх стратегийн түншлэл ерөнхийдөө төстэй гэж олон улсын харилцаанд үздэг. Өөрөөр хэлбэл, манай улс хоёр хөрш болон дээрх дөрвөн улстай өндөр түвшний харилцаанд хүрсэн.

Стратегийн түншлэлийн харилцаа гэдэг нь маш олон салбарыг хамарсан, иж бүрэн шинжтэй дээр нь урт хугацаанд чиглэсэн, тогтвортой, цогц бодлогыг түвшин дэх харилцааг хэлж байгаа юм. АНУ-д 2019 онд Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон. Үүнээс хойш энэ харилцааг өргөн хүрээнд хөгжүүлэхээр хоёр тал ажиллаж байгаа. Ер нь бол манай хоёр улсын харилцаа олон салбарт амжилттайгаар хэрэгжиж байна.

-Хоёр улсын харилцаа ямар салбаруудад илүү амжилттай хөгжиж байна вэ?

-Улс төрийн харилцаа, батлан хамгаалах салбар, соёл, хүмүүнлэг, иргэд хоорондын харилцаа зэргийг нэрлэж болно. Эхэнд нь батлан хамгаалах салбарыг хэлмээр байна. Анх 2003 онд Монгол Улс “Иракийн эрх чөлөө” ажиллагаанд цэргээ явуулсан. Үүнээс хойш НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд маш идэвхтэй оролцож байгаа. Манай улс нэг хүнд ноогдох НҮБ-ын энхийг сахиулагчдынхаа тоогоороо дэлхийд тэргүүлж яваа.

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох болсонд яах аргагүй АНУ-ын дэмжлэг чухал үүрэгтэй. Мөн энэ салбарт онцлох ёстой нэг хамтын ажиллагаа бол “Хааны эрэлд” цэргийн сургууль юм. Тус сургууль Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулагддаг олон улсын 5 гол сургуулийн нэг болоод байна.

Улс төрийн харилцааны хувьд төрийн өндөр албан тушаалтнуудын хэмжээнд харилцан айлчлалууд жил бүр шахам хийгдэж байна. Энэ удаагийн айлчлал бол Ерөнхий сайдын түвшинд хийгдэж байгаа арав дах удаагийн айлчлал. Энэ бүх харилцан айлчлалууд нь хоёр улсын харилцааны шинж чанарыг илэрхийлж байгаа юм.

1990 оноос хойш Монгол улсын иргэд гадаадад хөдөлмөр эрхлэх, амьдрах явдал ихэссэн. Манай улсын иргэн хамгийн олон ажиллаж, амьдарч байгаа улсаар нэгт БНСУ, дараагаар АНУ орж байгаа. Сурч буй хүмүүсийн тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна.

-Тэгвэл хоёр улсын харилцаанд хөгжиж чадахгүй байгаа хамтын ажиллагаа нь ямар салбарт байна вэ?

АНУ бол дэлхийд эдийн засгаараа нэгдүгээрт ордог улс. Гэтэл манай улстай харилцаж байгаа эдийн засгийн харилцаа маш чамлалттай байгаа. Мэдээж хоёр талын хооронд худалдаа хөгжихөд газар зүйн алслагдмал байдал нь хүндрэл авчирдаг. Гэхдээ манай улс АНУ руу бараа экспортлох бүрэн боломжтой.

Энэ боломжоо яаж ашиглах вэ гэдэг асуудал маш чухлаар тавигдаж байгаа. Учир нь эдийн засгийн харилцаа байсан цагт л бодит ашиг сонирхол Монгол улсад бий болно. Одоогоор хоёр улсын худалдаа АНУ-ын талд ашигтай, манай талд ашиггүй байгаа. Өөрөөр хэлбэл манай улс АНУ-аас импортолж буй бараанаасаа хамаагүй багыг экспортолж байна.

Манай улсад хөрөнгө оруулсан хэмжээгээрээ АНУ наймдугаарт жагсч байна. Ийм их эдийн засгийн боломжтой, дэлхийн тэргүүлэх гүрний хөрөнгө оруулалтыг бид олигтой татаж чадахгүй байгааг энэ тооноос харж болно. АНУ-ын эдийн засгийн бодит ашиг сонирхлыг Монгол улсад бий болгож чадаагүй байна гэсэн үг. Тэгэхээр энэ удаагийн Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд хүсэн хүлээж байгаа гол асуудал бол эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх шаардлага байна.

-Х.Баттулга Ерөнхийлөгчийн үед санаачилсан АНУ-ын конгресст өргөн барьсан “Гурав дах хөршийн худалдааны хууль” одоо хүртэл батлагдаагүй байна. Үүнийг шалтгаан нь юу вэ?

-Энэ хуулийн төсөл батлагдаад хэрэгжвэл манай улс ноолууран бүтээгдэхүүнээ АНУ-д татваргүй гаргах боломжтой болох юм. Гэхдээ шалтгааныг нь судлаад үзвэл, АНУ-ын ашиг сонирхолд төдийлөн нийцэхгүй байгаа байдал анзаарагдсан. АНУ-ын хувьд аль нэг улсад давуу эрх олгочихоор бусад улс барьцах асуудал үүсэх вий гэдэг болгоомжлол байх шиг байна.

Нөгөөтэйгүүр Монгол улсад үйлдвэрлэж байгаа ноолууран бүтээгдэхүүнийг яг Монголоос гаралтай гэдгийг тогтоох гарал үүслийг хэрхэн тогтоох вэ гэдэг эргэлзээтэй байдал үүсгээд байгаа юм билээ. Монгол Улсын нэрээр өөр бусад улсууд ноолууран бүтээгдэхүүн нийлүүлэх вий гэх зэрэг асуудлууд яригдаад батлагдахгүй байна л даа. Тэгэхээр нэгэнт бүтэхгүй байгаа ажлын араас хөөцөлдөх гэхээс илүү өөр шинэ санал, санаачилгуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй гэж судлаачийн хувьд бодож байна.

-Тэгэхээр одоо бидэнд эдийн засгийн хамтын ажиллагаа үүсгэх ямар боломж байна гэж та харж байна вэ?

-Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хувьд эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа маш чухал үүрэгтэй болж байгаа. Дэлхий дээр критикал минерал буюу чухал ач холбогдолтой ашигт малтмал гэж бий. Үүн дотор газрын ховор элементүүд, тодорхой хэмжээгээр зэс ордог.

Эдгээр нь бидний өнөөдөр хэрэглэж байгаа гар утаснаас эхлээд цэрэг арми, сансрын технологиудад болон ногоон хөгжил буюу сэргээгдэх эрчим хүчийг гаргахад хэрэглэгддэг. Эдгээр ашигт малтмалын нийлүүлэлтийн гол сүлжээг атгаж байгаа улс нь БНХАУ. Гэвч цар тахал, Украйны дайны нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-ын энэ чиглэлийн бодлого чангарсан.

Л.БямбахандИнгэснээр Америк болон барууны улсууд чухал хэрэгтэй ашигт малтмалуудаа авч чадахгүй нөхцөл үүссэн. Гэтэл эдгээр ашигт малтмал нь манай улсад байна. Нүүрс шиг том овор хэмжээтэй биш учир тээвэрлэх боломжийн хувьд асуудалгүй. Энд хамгийн боломжтой, чухал ач холбогдолтой ашигт малтмал бол уран. Их гүрнүүд хоорондоо чухал ач холбогдолтой ашигт малтмалын төлөө тэмцэж байгаа энэ өрсөлдөөнд байгалийн баялагтай улс орнуудын ач холбогдол нэмэгдэж байгаа бөгөөд энэ цаг үеийг Монгол улс ашиглах хэрэгтэй.

2023 оны зургаадугаар сарын 25-29 өдрүүдэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез манай улсад айлчилсан. Энэ хүний айлчлалын гол зорилго нь эрдэс баялгийн хамтын ажиллагааны асуудал байсан.

Хятадаас хамааралтай байдлаа бууруулахын тулд АНУ дэлхийн улсуудтай “ашигт малтмалын аюулгүй байдлын түншлэл”-ийг 2022 оны зургаадугаар сард бий болгосон. Ингээд анх удаа Монгол Улс, БНСУ, АНУ гурван талт уулзалт болж ашигт малтмалын салбарт хамтран ажиллах болсон.

Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНСУ-д хийсэн айлчлал мөн Гадаад хэргийн сайд Б.Батцэцэгийн айлчлалын үеэр чухал ач холбогдолтой ашигт малтмалыг нээж илрүүлэхэд хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгаа шинжилгээний төв Монголд байгуулахаар ярилцсан. Тэгэхээр энэ чиглэл рүү манай улсыг АНУ маш ихээр сонирхож байна.

Сая бид цар тахал болон Украины хямралаас нэг зүйлийг их тод ойлголоо. Дэлхий Монголоос огт хамаардаггүй юм байна гэдгийг. Харин ч дэлхийгээс маш их хамааралтайгаа мэдэж авлаа шүү дээ.

Жишээ нь, Тайванийн асуудал дээр яагаад АНУ, БНХАУ хоёр муудалцаад байдаг юм бэ? АНУ үргэлж яагаад Тайванийг хамгаалаад байна? Тайвань чип буюу хагас дамжуулагчийн үйлдвэрлэлтээрээ дэлхийд өөрсдийн хамаарлыг бий болгочихсонд гол шалтгаан нь байгаа юм. Үүнтэй адил манай улс ямар нэг зүйлээрээ дэлхийд хамааралтай болох хэрэгтэй. Тэгж байж манай улсын аюулгүй байдал хангагдана. Өнөөдөр харамсалтай нь тийм зүйл манай улсад алга. Тэгэхээр үүнийг бий болгох хэрэгтэй. Эхний удаа газрын ховор элемент байж болох юм.

-Энэхүү байгалийн ховор элемент ашигт малтмал олборлох хамтын ажиллагааны асуудал Ерөнхий сайдын айлчлалаар яригдах асуудалд багтсан байгаа юу?

-Айлчлалаар яг юу яригдах талаар хангалттай, нарийвчилсан мэдээлэл алга. Гэхдээ судлаачийн хувьд энэ асуудал яригдаж, тодорхой түвшин ахих байхаа гэж таамаглаж байна. Яагаад гэвэл АНУ-ын хувьд энэ бол чухал, эмзэг, онцгой анхаарч буй асуудал.

-Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал хэр ач холбогдолтой айлчлал вэ?

-Одоогийн олон улсын харилцаа их төвөгтэй байдалтай байна. Ялангуяа манай хоёр хөршийн бодлого нэлээд түрэмгий шинжтэй байна. Юун түрүүнд хойд хөрш ОХУ-ын Украйнд явуулж байгаа үйл ажиллагааг энд дурдах ёстой. Дээр нь урд хөршийн асуудал байна.

БНХАУ-ын зүгээс Тайвань болон газар нутгийн маргаантай бусад орнуудын талаар явуулж буй бодлого, Өмнөд Хятадын тэнгист хиймэл арал байгуулж байгаа гээд ярьвал олон жишээ дурдаж болно. Тэгэхээр энэ нөхцөлд хоёрхон хөрштэй, жижиг улсын хувьд манай улс “гуравдагч хөрш”-ийн бодлогыг хүчтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ дотор яах аргагүй АНУ хамгийн чухал “гуравдагч хөрш” байна. Хөрш хоёр улсын явуулж буй бодлогыг тэнцвэржүүлж байгаа нөлөө бүхий дэлхийн их гүрэн нь АНУ. Энэ утгаараа энэ удаагийн айлчлал бол улс төрийн маш чухал үүрэгтэй.

-Айлчлалын хүрээнд өөр ямар асуудлууд яригдахаар байна?

-Ерөнхий сайд хэд хэдэн судалгааны шинжилгээний төвүүдээр зочлох юм билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд хоорондын, соёл шинжлэх ухааны хамтын ажиллагааг өрнүүлэх боломж бий. Ялангуяа манай улсад сансрын технологийг ашиглах сонирхол байгаа.

Мөн гадаад хэлний багш солилцох асуудал яригдах төлөвтэй байна. 1989 онд хоёр улсын хооронд “шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах хэлэлцээр” байгуулсан. Үүний дараа Монгол Улсад АНУ-ын “Энх тайвны корпус” үйл ажиллагаа явуулах болсон. Энэхүү байгууллагаар дамжуулан Монгол улсад англи хэл заах 2000 гаруй хүн ирж хэл сурах боломжгүй, алслагдмал болон нийгмийн эмзэг хэсгүүдэд хүрч ажилласан түүхтэй.

Эдгээр хүмүүс бол манай улсын иргэдэд англи хэл сурахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн “American corner” соёл мэдээллийн төвийг байгуулж Улаанбаатар болон хөдөө орон нутагт салбарууд ажиллаж байна. Цаашид орон даяар 30 гаруй салбар нээх төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Энэ төвүүдийн гол үйл ажиллагаа англи хэлний боловсрол олгоход чиглэдэг.

Ер нь бол англи хэлний боловсролыг олгоход АНУ гэлтгүй англи хэлтэй бүх л улсын дэмжлэг бидэнд хэрэгтэй.

Дээрээс нь хоёр талын харилцааг бэхжүүлэхэд иргэд хоорондын харилцаа өндөр түвшинд хүрэх ёстой. Үүнд шууд нислэгийн асуудал яригдана. Ковидын үед бид шууд нислэгийн ач холбогдлыг сайн харлаа шүү дээ. Хоёр хөрш хилээ хаах үед бид “гуравдагч хөрш”-ийн улсуудаас “амь зогоосон”.

Солонгос, Турк зэрэг улсуудын шууд нислэг байсан учир бид эм, технологи, хувцас гэх мэт бараагаа онгоцоор авчирсан. Тэгэхээр манай улс одоо аль болох олон улсуудтай шууд нислэгтэй болох бодлого барих хэрэгтэй. Засгийн газар ч энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа харагдаж байна. Америктай ярих гол асуудал бол энэ юм. Эргээд аялал жуулчлал, бараа экспортлох гээд асуудлуудад тээврийн асуудал чухал үүрэгтэй.

-Тэгэхээр өнөөгийн дэлхийн улсуудын харилцаа, хүчний өөрчлөлтүүд нь манай улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогыг эрчимжүүлж байна гэж хэлж болох уу?

-“Гуравдагч хөрш”-ийн бодлогын түүхийг ярих юм бол бүүр Богд хаант Монгол улсын үеэс эхлэлтэй. Тухайн үед тусгаар тогтнолоо олоод есөн улс руу дипломат харилцаа тогтоох бичиг явуулсан байдаг. Богд хаан “энэ хоёр хөрш хоорондоо тохиролцох юм бол манай ашиг сонирхлыг тохиролцчихдог юм байна.

Тиймээс “гуравдагч хөрш”-ийн ашиг сонирхлоор тэнцвэржүүлэх ёстой юм байна” гэдгийг харсан байгаа юм. Тухайн үедээ мэдээж “гуравдагч хөрш”-ийн бодлого гэж нэрлээгүй байсан ч тэр бодлогыг явуулсаар ирсэн. 1990 онд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Бейкер Монгол улсад айлчлах үедээ “АНУ нь Монголын “гуравдагч хөрш” болоход дургүйцэх зүйлгүй” гэсэн агуулгатай үг хэлсэн. Тухайн үедээ энэ үгийг хэлсэн Вашингтон унагасан үгээ мартсан ч монголчуудын хувьд 1911 оноос хойш л хэрэгжүүлсэн энэ бодлогыг нь илэрхийлсэн оновчтой үг болж үлдсэн.

“Гуравдагч хөрш” гэдэг үг монголчуудад маш их таалагдан өлгөн авч, 2010 онд Үндэсний аюулгүй байдлыг бодлогод тусгаж өгсөн. Тэнд “гуравдагч хөрш” гэж өндөр хөгжилтэй, ардчилсан улс байна гэдгийг мөн тусгаж өгсөн. Тодорхой улсуудыг мөн “гуравдагч хөрш”-өөр нэрлэсэн. Тэгэхээр энэ “гуравдагч хөрш”-ийн бодлого маань олон улсын харилцаанд өөрчлөлт гарах үед бидэн маш “хэрэг” болж байна. Тодруулбал, энэ бодлого үнэхээр хэрэгтэй бодлого байсныг өнөөдөр харж байна.
Украйны дайны нөлөөгөөр өрнөдийн их гүрнүүд Монголыг маш их сонирхож байна. Маш олон айлчлалууд хийгдлээ. Үүнд яах аргагүй Монгол улсын байрлал чухал нөлөөтэй. Тэгэхээр “гуравдагч хөрш”-ийн бодлого ингэж идэвхжих нь олон улсын нөхцөл байдалтай шууд холбоотой.

-Ерөнхий сайдын АНУ-д хийж буй айлчлалын үр дүнг та хэрхэн харж байна вэ?

-Миний хувьд, айлчлалаас харж байгаа гол үр дүн бол эдийн засгийн хамтын ажиллагааг л сайжруулаад ирэх. Бусад хамтын ажиллагааны хувьд хүрч болох боломжийн түвшиндөө хүрчихсэн.

Тэгэхээр эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд л гол анхаараасай. Бид бол хөгжиж байгаа орон. Бидэнд хөрөнгө оруулалт, мөнгө хэрэгтэй. Дэд бүтэц ч гэдэг юм уу тулгамдаад байгаа олон асуудлаа бид дангаараа шийдэх боломжгүй. Дэд бүтэцгүй бол эдийн засаг хөгжихгүй шүү дээ.

АНУ бол дэлхийн өнцөг булан бүрт бодлого хэрэгжүүлдэг их гүрэн. Нөгөө талдаа шинээр хүчирхэгжиж буй улс болох БНХАУ байна. Тус улсын хувьд хөгжиж байгаа улсуудыг талдаа татах бодлого идэвхтэй явуулж байгаа. Үүний нэг нь “Бүс ба зам” санаачилга юм. Энэ санаачилгын эсрэг Америк хөгжиж байгаа улсуудыг Хятадын талд “алдчихгүйн” тулд “Энэтхэг, Номхон далайн стратеги” санаачилгыг гаргасан.

Энэ нь ганцхан цэрэг, армийн хүчээ нэмэгдүүлэх асуудал биш бөгөөд эдийн засгийн хамтын ажиллагааны санаачилга юм.

“Бүс ба зам” санаачилгын хувьд хөгжиж буй улсуудад хэрэгцээтэй дэд бүтцийг нь бий болгоход туслах зорилгоор зээл олгож, зээл олгосон төслүүд дээрээ нь Хятадын төрийн өмчит компани оруулж ирдэг. Гэтэл зарим улсад тухайн улсад нь ямар ч хэрэгцээгүй дэд бүтцийг бий болгох замаар өрийн хавханд оруулж, нөлөөлөх тогтох бодлого явуулж байна гэдэг шүүмжлэл ч дуулддаг.

Шри-Ланка улсын жишээг хэлж болно. Тус улс өмнөд нутгийн “Хамбантота” боомтыг Сингапур шиг хөгжинө гэж төсөөлөл бий болгон асар их өртөгтэй дэд бүтцийг Хятадын зээлээр хийсэн. Гэтэл тэр боомт үр ашгаа өгч чадаагүй бөгөөд зээлийнхээ өрөнд Хятад улсад уг боомтоо 99 жилийн хугацаанд түрээслэх гэрээ байгуулсан. Одоо тэр боомт дээр Хятад улс цэргийн байгууламж бариад эхэлчихсэн.

“Энэтхэг, Номхон далайн стратеги” санаачилга нь бас мөн адил дэд бүтцийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх зорилготой. Гэхдээ орон нутгаас өөрсдөө хэрэгцээгээ тодорхойлж санаачилсан төслийг санхүүжүүлж, мөн Америкийн төрөөс мөнгө нь шууд гарахгүй зэрэг нь тухайн улсын эдийн засгийн болон газар нутгийн аюулгүй байдалд нөлөөлөхгүй гэж үзэж байгаа.

Тиймээс Монгол улс ч мөн “Энэтхэг, Номхон далайн стратеги” санаачилгаас хэрэгцээт дэд бүтцийн асуудлуудаа шийдүүлэх, санхүүжилт авах боломжтой. Айлчлалын хүрээнд энэ асуудал яригдаасай гэсэн хүлээлт байна.

Гэхдээ энд нэг зүйлийг сануулмаар байна. Хүмүүс өнөөдөр айлчлал хийгээд маргааш үр дүн хардаг хандлагатай байна. Гэтэл гадаад бодлогын үр дүн ур хугацаандаа гардаг. Дээр хэлсэн шүү дээ 1911 онд Богд хааны хэрэгжүүлж эхэлсэн бодлого өнөөдөр хэрэгжиж байна шүү дээ. Тэгэхээр гадаад бодлогын үр шим урт хугацаандаа гардаг гэдгийг бас ойлгох хэрэгтэй.

-Монгол улсын гадаад бодлого хэр зөв явж байна гэж судлаач хүний хувьд дүгнэх вэ?

-Монгол улсын гадаад бодлого бол дотоод бодлогоо бодвол ямар ч төр гарсан тогтвортой байж чаддаг, залгамж сайтай нь нэг давуу тал юм. Гэхдээ дотоод бодлого тогтворгүй байгаа нь гадаад бодлогод сөрөг нөлөөлөх үзүүлж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын гол ярьдаг юм бол дотоод бодлогын тогтворгүй байдал шүү дээ.

-Нэмж асуухад сая Ерөнхий сайдын айлчлалын үеэр хэт олон сэтгүүлч төсвийн мөнгөөр авч явж байна гэдэг асуудал яригдсан. Энэ тал дээр ер нь ямар байх ёстой юм бэ?

-Би бусад улсын сайн мэдэхгүй байна. Америк судлаач хүний хувьд тус улсыг харж байхад хэвлэл мэдээллүүд нь улс төрийн үзэл баримтлалаараа хуваагдсан байдаг. Тухайлбал, Fox News бол консерватив үзэл баримтлалтай байхад CNN нөгөө талд либераль үзэл баримтлалтай.

Хүмүүсийнх үзэл бодол нь төлөвшчихсөн нийгэм учраас Fox News -ийг үздэг хүн хэзээ ч CNN-ийг үзэхгүй байх жишээтэй. Тэгэхээр үзэгчид нь өөр учраас тэд өөр өөрийн өнцгөөс мэдээллийг хүргэдэг. Манай улсын хувьд уншигчид маань хэр төлөвшсөн билээ гээд харах хэрэгтэй, нөгөө талаасаа айлчлалын бүрэлдэхүүнд явж байгаа хэвлэл мэдээлэл өөр өөрийн өнцгөөс, хэр чанартай мэдээлэл хүргэж боломжтой юу гэдэг асуудал л энд байгаа.

Жишээ нь батлан хамгаалах, улс төр эсвэл мал аж ахуйн соёл урлагийн талаар дагнасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол айлчлалын хүрээнд тэр хэсгийн мэдээллээ судалгаатай, эх сурвалжтай, үндэслэлтэй мэдээлэлдэг ч гэх юм уу ийм боломж манай улсад байж болно гэж бодож байна. Уг нь олон хэвлэл мэдээлэл байх нь олон эх сурвалж, олон талаас нь харах боломжийг олгоно гэсэн үг шүү дээ. Бусдаар олон сэтгүүлчтэй явахаар улс орны нэр хүнд сайн, муу гэсэн зүйл бол байхгүй.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img