2024-10-05, Бямба
-0 C
Ulaanbaatar

Л.Эрдэнэчулуун: Нэг улсын аюулгүй байдлыг нөгөө улсын аюулгүй байдлыг сулруулах замаар хангаж болохгүй ээ

Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуунтай Украин, Оросын дайн, Монголын байр суурийн талаар ярилцлаа.

 -Та саяхан олон туйлт ертөнцийн талаар олон улсын хуралд үг хэлсэн гэсэн. Та  юуг онцлов?

-Гол санаачлагч нь Бразил, Турк, Хятад, Испани, Перу, Итали, Оросыг дэмжигчид Русофилуудын олон улсын байгууллага байсан.  ОХУ мэдээж орсон. Таван тивийн 63 орны 130-аад төлөөлөгч үг хэлсэн. Би нэлээд хэсгийг нь сонссон. 12-13 цаг үргэлжилсэн л дээ. Улаанбаатарын цагаар үдийн 12 цагт эхлээд, шөнийн нэг цаг өнгөрөөж дууссан онлайн хурал болсон юм.

Эхлээд Зүүн Ази,  Зүүн Өмнөд Ази, Баруун Ази, Евро- Азиас хүмүүс үг хэлсэн. Евро-Азийн хэсэгт нь миний нэрийг оруулчихсан байна лээ.

 Европ, Африк, Латин Америк, Хойд Америк гээд бүх тивийн улс орнуудыг оролцуулсан том хурал боллоо.

Энэ ертөнц олон туйлт  болж байна гэдгийг бүх оролцогч тэмдэглэж байлаа. Би ч мөн адил  яагаад олон туйлт ертөнц рүү  шилжиж орж байгаа талаар тайлбарлаж  ярьсан. Намайг энэ хуралд оролцооч гэж санал тавьсан юм. Монголоос би л оролцсон шиг байгаа юм. Уг нь манайхаас хэд хэдэн хүн оролцсон бол зүгээр байж.

-Нэг хэсэг хоёр туйлт ертөнц сүүлдээ  нэг туйлт ертөнцийн талаар яригдаж байсан даа?

-Тийм ээ. Нэг туйлт ертөнц байсан. Ерээд оноос хойш шүү дээ. ЗХУ задарсны дараа нэг туйлт ертөнц болсон шүү дээ. Америк ноёрхож эхэлсэн. ОХУ 1990-2000 оны хооронд  ихээхэн суларсан. Түүнийг нь Америк ашиглаад, дэлхийг Америкийн  дохио зангаагаар хөдөлдөг болгох гэж оролдлоо. Дайн дажин гэж яривал хамгийн их  дайн дэгдээсэн улс Америк. Ирак, Ливи, Сири,  Афганистаны дайныг  бодоод үз дээ. Үүнийг оролцогчид ярьж байна лээ.

-Одоо бол Хятадын нөлөөний тухай их ярьж байна даа. Оросын нөлөөг ч үгүйсгэж болохгүй байх?

Л.Эрдэнэчулуун-Америк ганцаараа ноёрхож чадахаа байчихаад байна. Нэг туйлт ертөнц үндсэндээ үгүй болоод байна. Олон туйлууд бий болж байна. В.Путин төрийн тэргүүн болсноос хойш  2000 оноос хойш 23 жил өнгөрч байна. Энэ хугацаанд  улс орноо эргээд хүчирхэгжүүлээд гаргаад ирлээ шүү дээ.

-Украйны дайнтай холбоотойгоор В.Путиныг нэр хүндээ  өсгөх гэж дайн хийсэн гэсэн тайлбарыг зарим улстөрч хийж байсан. Харин та бол оросуудад дайтах шалтгаан байсан тухай ярьдаг.

-Нэр хүндээ өсгөх гэж дайн хийнэ гэж юу байх вэ дээ. Ингэж ярьдаг хүн  арай  баймааргүй юм.

-Путин зөнөчихөж гэж манайхан бас сошиалд муулцгаасан.

-Зөнөчихсөн хүн жил бүр иргэдтэйгээ  дөрөв, таван цаг шууд ярилцах уу?

-Таныг ингэж ярихаар Оросын талыг хамгаалагч, хуучинсаг энэ тэр гээд дайрдаг шүү дээ?

-Ингэж ярьж байгаа хүмүүс  дэлхий дахинд болж байгаа  үйл явдлуудын талаар мэргэжлийн хүмүүс, гадаад дотоодын судлаачдын  ярьж байгаа зүйлийг сонсч, дүгнэлтээ хийх нь зүйтэй байх аа. Ноднин би телевизээр Украины талаар дөрвөн удаа тодорхой ярьсан. Үүнийгээ дахин давтмааргүй байна. Манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт  өрөөсгөл мэдээ явж байгааг хэлж байсан.  Байдал нэг их өөрчлөгдөөгүй байх аа. Харин би энэ удаа Украины талаар өөрийн бодол гэхээсээ илүүтэй гадаадын ялангуяа америкийн судлаач эрдэмтдийн ярьж байгаа зүйлийг хүргэе гэж бодлоо.

-Тэгэхээр социализмын үед албан тушаалтай байсан учраас л Оросыг өмгөөлөөгүй гэсэн үг үү?

-Хэрэв  ОХУ-ын буруу гэж үзсэн бол, Украин үнэхээр яагаа ч үгүй байхад цөмрөн орсон бол би өнөөдөр хамгаалаад суухгүй. Яавч тийм байж болохгүй. Би өмнө нь телевизэд ярилцлага өгөхдөө энэ талаар тодорхой ярьсан.

-Тэгсэн. ЗХУ Кубад америкчуудын бөөрөнд цөмийн зэвсэг агсахад дэлхийн гуравдугаар дайн дэгдэх шахсан гэж ярьсан. Одоо харин Украин НАТО-д элсэнэ гэдэг Оросуудын бөөрөнд Америкийн цөмийн зэвсэг ирж байгаатай адил гэл үү?

Тийм ээ. Би зөвхөн тэгж яриад байгаа юм биш.  Ноам Чомски гэж  хэл шинжээч, улс төрийн зүтгэлтэн дэлхийд алдартай онолч. Америкийн Массачусетсийн технологийн их сургуулийн профессор, философич 95-тай хүн. Энэ хүн Оросыг Украины эсрэг дайн дэгдээснийг буруушааж байна лээ. Гэхдээ цааш нь ярихдаа  Украиныг НАТО-д элсүүлэх гээд АНУ яваад байгааг шүүмжилсэн. Та нар бодоод үз дээ. Хэрэв Мексикэд Хятад юм уу, Оросын пуужинт зэвсэг байрлуулбал бид яах вэ. Маргааш нь л Мексикийг “гөвнө” шүү дээ гэж хэлсэн.

Тэгэхэд АНУ, Украиныг НАТО-д элсүүлснээр Орос, Украины хил дээр цөмийн зэвсэгтэй пуужингаа байрлуулах юм бол пуужингийн Москва хүртэл нисэх хугацаа хэд болохыг мэдэх үү?

Дөрвөөс таван минут. Тэгэхээр Орос эсэргүүцэх нь аргагүй. Үүнийг би хэлж байгаа юм биш Ноам Чомски хэлж байна.

1991 онд ЗХУ  15 улс болж бутарсан. Горбачёв  дангаараа НАТО-гийн эсрэг зогсч байсан Варшавын гэрээний орнуудын байгууллагыг  тараасан. Гэтэл НАТО тарахын оронд  12 гишүүнтэй байснаа өргөжөөд, өнөөдөр 31 гишүүнтэй болсон. Энэ юу гэсэн үг вэ. ОХУ-ын эсрэг НАТО улам л аюул занал учруулж байгаа юм биш үү?

Тэгэхээр ОХУ яах ёстой юм бэ. Зүгээр хараад суух ёстой юм уу? Цааш нь энэ хүн юу гэж хэлсэн гэхээр дайн болж байгаа өнөө үед  Америкийн зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд маш их хэмжээний орлого олж байна. АНУ өнөөдөр  зэр зэвсгийн зардалд жилд 800 гаруй тэрбум доллар зарцуулж байна. Ийм хэмжээний мөнгө зарцуулж байгаа өөр улс хаана ч байхгүй.

Эдийн засгийн хүчин чадлаар нь аваад үз дээ.  АНУ-ын ДНБ 21 их наяд доллар. Оросынх 1,5 их наяд доллар.  Ямар ялгаатай байна. Тэгэхээр цэргийн зардал нь 86 тэрбум доллар л байгаа шүү дээ.  (Стокгольмын СИПРИ судалгааны байгууллагын тоо)

Хятад үүнээс хамаагүй их зарж байгаа. Хятадынх 292  тэрбум доллар байна. Хятадын ДНБ 18 их наяд доллар байна. Удахгүй АНУ-ыг гүйцээд авна.

-Та  украинчууд эхлээд, Оросыг өдөөн хатгасан гэж ярьсан байна лээ. Манай жирийн иргэд бол Оросууд эзлэн түрэмгийлсэн гэсэн л ойлголттой байгаа болов уу?

-Дайн хэдийд эхэлсэн гэж америкийн эрдэмтэн, мэргэжилтнүүд ярьж байна.  2014 онд эхэлсэн гэж  байна. Энэ юутай холбоотой вэ гэвэл   украины үндсэрхэг үзэлтнүүд Америкийн тусламжтайгаар 2014 онд төрийн эргэлт хийсэн. Тэр үед америкчууд асар их мөнгө Украинд цутгаж байж,  Януковичийг  унагасан. Янукович яагаад Америкт таалагдаагүй гээч. Орос, Америкийн хооронд төвийг сахихыг хичээж байсан юм. Аль нэг тал руу нь хэлбийхгүй байхыг хүссэн. Энэ нь таалагдаагүй. Януковичийг унагаад Порошенког  гаргаж ирсэн. Украины засаг төр орос үндэстэн хүмүүсээ гадуурхаж эхэлсэн.   Найман сая орос хүн тэнд амьдардаг.  Тэднийг оросоор ярихыг хориглосон. Дэлгүүрт орос хүн орж ирэхэд “Украинаар ярихгүй бол чамд юм зарахгүй” гэдэг болсон. Оросын сургуулиудыг хаасан. Оросоор хичээл зааж  болохоо байсан. Энэ оросуудыг гадуурхаж байгаа биш үү?

Байдал даамжраад ирэнгүүт  зүүн хэсгийн Донецк, Луганск  Бүгд найрамдах улс байгуулсан. Тэгэнгүүт Порошенко, дараа нь Зеленский  цэргийн бэхлэлт байгуулаад, тэдний эсрэг тэмцэж эхэлсэн.

2014-2022 оны хооронд 13 мянган хүн алагдсан. ОХУ энэ хоёр улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон.   Тэд ОХУ-аас цэргийн тусламж хүссэн. Ингээд албан ёсоор цэргээ оруулсан шүү дээ.

-НАТО бол тухайн үеийн Зөвлөлтийн эсрэг байгуулагдсан эвсэл гэдгийг хүмүүс санаж байгаа байх. Хоёр том үзэл суртлын  дунд бид хөвж явна. Барууны үзэл суртлыг барууны хэвлэлүүд сурталчилж, Оросууд бас өөрсдийн үзэл суртлыг түгээж байна. Тэгэхээр бидэнд өөр үзэл бодолтой хүмүүсийг сонсох хэрэгцээ бий.

-Өрөөсгөл мэдээлэл тарааж байгаа учраас төөрөлдөхийг үсгүйсгэхгүй. Гэхдээ боломж байвал арай өргөн утгаар нь харж, бодох хэрэгтэй л дээ.

-Гэхдээ хүмүүс итгэхийг хүссэн зүйлдээ л итгэдэг. Үнэн юм ярьж байсан ч итгэхийг хүсэхгүй бол чихээ таглачихдаг?

– Тэр бол өөр асуудал. Тийм хүмүүстэй ярихад амаргүй.

-Монгол хүний хувьд эмзэглэсэн зүйл  дайнд амь үрэгдэгсдийн олонх нь халимаг, тува, буриадууд байна. Оросын төвийн хэсгээс татагдсан цэрэг харьцангуй цөөн байна гэцгээгээд байна?

-Тийм мэдээ би олж уншаагүй. Тэд чинь Оросын л иргэд шүү дээ. Бүх газраас цэрэг татаж байгаа. Зарим нь сайн дураараа явж байгаа. Цэргүүд өндөр цалин авдаг юм билээ.

-Украины дайнтай холбоотойгоор Орос задарна, Путины дэглэм нурна гэсэн таамаглалууд бас их явж байна. Танд тийм боломж харагдаж байна уу?

-Огт харагдахгүй байна. В.Путиныг Оросын ард түмний 80 хувь нь дэмжиж байна шүү дээ. Тэгээд та нар юу яриад байгаа юм бэ.

Орос өнөөдөр дайн дажинтай байгаа улс гэхэд иргэдийнхээ аж байдлыг дордуулчихгүй, эдийн засаг нь уналтад ороогүй  байна шүү дээ. Америкийн эдийн засагч  Ричард Вольфын  яриаг саяхан сонсч байлаа.

Оросыг эдийн засгийн талаар унагах гэж оролдсон Америк, Баруун Европ хэрэг дээрээ өөрсдөө хүнд байдалд орж байна гэж байна лээ.

Оросыг сөхрүүлж чадсан уу? Чадаагүй. Оросын рубль инфляцид өртсөн үү? Бараг өртөөгүй. Эхэн үедээ жаахан хүндэрч ирээд одоо зүгээр болсон. Ковидын үед эдийн засаг нь жаахан унасан. Одоо эргээд өсчихсөн. Баруун Европ Оросын эрчим хүчний маш их хамааралтай байсан. Одоо ч байна.

-Герман сэргээгдэх эрчим хүчинд шилжээд, эрчим хүчний хамаарлаас бараг гарч байгаа юм биш үү?

-Сэргээгдэх эрчим хүч бий болгоход хэдэн жил шаардлагатайг мэдэх үү. 10-20 жил шаардагдана. Баруун Европын орнууд Энэтхэгийг Оросоос их хэмжээний нефтийн бүтээгдэхүүн худалдан авч байна гэж шүүмжилсэн юм билээ. Энэтхэгчүүд юу гэж хариулж байна гээч.

2022 оны гуравдугаар сараас 2023 оны нэгдүгээр сарын хооронд Европын холбоо, ОХУ-аас 186 тэрбум долларын  байгалийн хий худалдаж авсан байна. Байгалийн хий, нефтийн бүтээгдэхүүн хоригт ороогүй. Яагаад гэвэл өөрсдөө уначих гээд байдаг. 2021 онд Европын холбоо Оросоос 16 тэрбум метр куб хий худалдаж авч байжээ. Гэтэл 2022 онд яг дайны үеэр 22 тэрбум метр куб хий худалдаж авсан байна. Өмнөх жилийнхээс 37 хувиар нэмэгджээ.

Энэтхэгийн сэтгүүлч “Ийм хоёр нүүр гаргахаа болиоч ээ” гэсэн байна лээ.

-Хий ярьсан дээрээ хийн хоолойн асуудлыг сонирхъё. Монголоор хийн хоолой дамжуулах тухай манайхан бишгүй ярьсан. Одоо болохоор Баабараас авхуулаад Монголоор хийн хоолой дамжвал Оросын хамааралд илүү автагдана, хийн хоолойг хамгаалахаар цэрэг орж ирнэ гэж байна лээ?

-Тухайн орны Засгийн газар хүсэлт тавиагүй л бол цэрэг орж ирэх боломж байхгүй.

-Шатахууны хамаарал дээрээ нэмээд, хийн хамааралд орохоос болгоомжилсон юм болов уу?

-Орос руу яагаад бид бүтээгдэхүүн гаргаж чадахгүй байна. Жишээ нь  Евроазийн эдийн засгийн холбоонд манайх элсчихвэл худалдааны тарифыг багасгах асуудал шийдэгдэнэ. Одоо манай улс энэ холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа гэж сонссон. Энэ бол бас нэг алхам.

Ер нь бид Оросгүй амьдарч чадах уу? Хятадгүй амьдарч чадах уу? Чадахгүй шүү дээ. Бид бодит байдал ямар байгааг харж ярина уу гэхээс биш үнэн, худал нь мэдэгдэхгүй юм яриад ямар ашиг байна.

Украины дайны талаар манай хэвлэлийнхэн дандаа нэг талыг барьсан  өрөөсгөл мэдээлэл гаргаж байна. Яагаад Орос, Хятад, Энэтхэг, Европын мэдээлэл уншихгүй байгаа юм бэ.

Монголын Засгийн газар, хятадуудаас оросуудаас  хийн хоолойгоо манайхаар дайруулаач гэж зөндөө гуйсан. Би Гадаад хэргийн сайд байхдаа  хятадуудаас гуйгаад л явж байсан шүү дээ.

-Хийн хоолой Монголд ашигтай юу, үнэхээр бүтэх магадлалтай юм уу?

-Яагаад ашиггүй гэж. Манайх жилд 2 тэрбум гаруй доллар авна шүү дээ. Бэлтгэл ажил нь хийгдээд явж байна. ТЭЗҮ гаргаад дуусч байгаа. Гурав, дөрвөн жилийн дотор л баригдчихна шүү дээ.

-Хятадууд Монголоор дамжуулж авах сонирхол байгаа юм уу?

-Нэлээд эргэлзэж байсан байх, энэ талаар дэлгэрүүлж ярих шаардлагагүй байх.  Манай нутаг дэвсгэрийг тойруулж тавих бол илүү зардал гарна, илүү урт хоолой тавих болно. Бид зөвшөөрөхгүй юм гэхэд тойруулаад тавьчихна.

-Манайхан НҮБ-ын Ерөнхий Ассемблей дээр ихэвчлэн түдгэлзсэн байр суурьтай байснаа саяхан дэмжсэн хариу өгсөн гэж баярласан жиргээ саяхан харсан?

-Тогтоол шийдвэрийн утга агуулга, хэллэг зэргийг сайтар судалж байж шийдвэрээ гаргадаг байх учиртай. Бид ингэж л ирсэн. Би ч бас НҮБ-ын хурал, чуулганд гучаад жил оролцсон хүний хувьд хэлж байна.   Сая дөрөвдүгээр сарын 26-нд  тогтоол батлагдсан юм билээ. Энэ нь НҮБ, Европын холбооны  хамтын ажиллагааны тухай тогтоол байсан. Тэр тогтоол дотроо Оросыг Украины эсрэг түрэмгийлэл үйлдсэн гээд биччихсэн байна лээ. Түүнийг дэмжнэ гэдэг ОХУ-ыг түрэмгийлэгч улс мөн гэдгийг  бид зөвшөөрсөн болж таарч  байна.

Харин Хятад, Энэтхэг хоёр дэмжсэн байна лээ.  48 улс санал хураалтад оролцоогүй. Оролцоогүй гэдэг бид эргэлзэж байна, аль нэг талд орохгүй гэсэн санаа биз дээ. Манайх Хятад, Энэтхэг хоёрыг хараад л дэмжсэн болов уу гэж бодож байна. Монголчууд өөрийн үзэл бодол, толгой ч үгүй юм шиг.

Ер нь энэ асуудлаар манайх түдгэлзсэн бол дээр байсан юм. Бүүр болохгүй бол оролцохгүй байж болох байсан.

-Энэ тэгээд ямар нөлөөтэй вэ?

-Монгол, Оросын харилцаанд ямар нэг байдлаар нөлөөлнө.  Та нар бодоод үз л дээ. Би Орос чи Монгол гээд бодоод үз л дээ. Чи миний эсрэг юм хийгээд яваад байдаг, би чамд туслах уу, харилцаагаа өргөжүүлэхийг бодох уу. Би цахилгаанаа чамд худалдахгүй байж бас болно шүү дээ. Оросууд шатахууныхаа үйлдвэрийг засварт оруулж байна гээд  арваад хоног шатахуун нийлүүлэхээ зогсооход манайд ямар байдал үүслээ.

Бас нэг жишээ авья. 2001 онд  манай сүм хийдүүдийн урилгаар Далай лам Монголд айлчилсан. Тэгэхэд хятадууд анх удаа хилээ хаасан шүү дээ. Хойд урд хилийн хооронд 1300 вагон зогссон. Тэгэхэд бид их цочирдсон.

Би тэр үед Хятадын Элчин сайдаас “Энэ чинь одоо юу болж байна вэ” гэж асуухад хятадууд Далай ламыг огт ярихгүй байгаа юм. “Техникийн саатлаас болоод ингэчихлээ” гэж байсан юм.

Гэхдээ цаанаа улс төрийн асуудал байсан гэдэг нь тодорхой. Монгол хоёрхон хөрштэй гэдгээ санаж байх учиртай.

-Хятадын дарга Орост очсоныг дэмжсэн гэж ойлгох уу эсвэл?

-Хятад өнөөдөр Украины дайныг зогсоох хэрэгтэй, яриа хэлэлцээ хийх хэрэгтэй, асуудлыг түргэн шийдэх хэрэгтэй гэсэн албан ёсны байр суурьтай.

Тэд   Украины асуудлыг шийдвэрлэх санаачилга гаргасан. Түүнийг нь ОХУ нааштайгаар хүлээж авсан. Хэлэлцээ хийх гэхээр АНУ л Украиныг зогсоогоод байгаа шүү дээ. Яагаад тэгж байна гэхээр  ОХУ-ыг эдийн засгийн талаар туйлдуулж, сөгдүүлэхийг л оролдож байна.

Үүнийг би биш америкийн эрдэмтэд өөрсдөө хэлж байна. Энэ чинь Украин Оросын дайн биш ээ, Орос, Америкийн дайн, Орос, НАТО-гийн дайн гэж ярьж байна. Тэр дунд байгаа Зеленский  бол зүгээр л хүүхэлдэй гэж.

Нэлээн дээр Орос, Украин хоёр хэд хэдэн удаа  хэлэлцээ хийсэн боловч үр дүнд хүрээгүй.  НАТО, АНУ  олон арван тэрбум долларын тусламж үзүүлж байна шүү дээ.

-Польш хүртэл туслаад байсан?

-Польш хамгийн их Оросыг эсэргүүцэгч улс. Украины баруун хэсэг тухайн үедээ Польшийн нутаг дэвсгэр байсан. Түүнийгээ буцааж авах бодол тэдэнд байгаа биз.  Украины төрийн байгууллагуудад польш хүмүүсийг  ажиллуулах тухай яригдаж байна.

Дайны дараа  Украины хувьд маш ноцтой өөрчлөлт гарах нь тодорхой. Америк, НАТО-гийн орнууд ОХУ-ын эсрэг 11 удаа байна  уу  эдийн засгийн хориг тавьчихлаа. Эдийн засгийг нь унагаж чадсан уу? АНУ-ын эдийн засагч Ричард Вольф  маш тодорхой хэлж байна. Чадаагүй.

ОХУ-ын рубль Америкийн долларын эсрэг унахгүй байна. Харин Америкт байдал хүндэрч байна. Яагаад гэвэл 100 тэрбум  гаруй долларын хөрөнгийг Украин руу тусламж дэмжлэг болгож хаяж байгаа учраас эргээд эдийн засагт нь муугаар нөлөөлж байна. Долларын ханш унаж, юмны үнэ нэмэгдэж байна. Америкт шүү дээ. Гэтэл Америк эндээс бас их хэмжээний орлого олж байгаа.

-Юун орлого билээ?

-Энэтхэгийн хэвлэлийн мэдээллээс би харсан. “Энэ дайнд хэн ялж байна вэ” гэсэн мэдээлэлдээ “Энэ дайнд Америкийн газрын тосны компаниуд ялалт байгуулж байна”  гэж дүгнэсэн.  Америкийн газрын тосны компаниуд 200 тэрбум долларын орлого олж байна гэж.  Америкийн “Эксон Мобайл” гэж компани 2022 онд 56 тэрбум долларын орлого оллоо.  “Шеврон”  гэж компани 36,5  тэрбум долларын орлого олсон байна.

Газрын тосны үнэ хадаж байгаа учраас  Европын орнуудад франц, герман айлын цахилгаан, халаалтын зардал  хэд дахин нэмэгдсэн байна.

Герман яаж эрчтэй  хөгжсөн гэхээр  ОХУ-аас маш хямд байгалийн хий авч байсан. Одоо нэг куб метр нь мянга гараад явсан. Нэг хэсэг 2000 хүрч байсан.  Одоо энэ байдал хэнд ашигтай байна вэ. Америк байгалийн хийгээ  Европт нийлүүлж байна. Нийлүүлэхдээ үнийг нь нэмж байна.

Өнөөдөр Америкт зэр зэвсэг үйлдвэрлэдэг компаниуд хамгийн их баяжиж байгаа талаар энэтхэгчүүд бас мэдээлж байна. Энэ зэр зэвсгийг худалдаж авахад Америкийн засаг захиргаа олон тэрбум доллар хаяж байна шүү дээ. Хуучин бүх зэвсгээ үндсэндээ бараг нийлүүлээд дуусч байна.

Одоо тэр барууны зэвсгүүд Европын өөр улсуудад гарч ирж байна гэж ярьж байна. Сайтад тавиад зарж байна. Яг нарийндаа барууныхан энэ тал дээр аль болох нүдээ аньсан байдалтай байгаа. Цаанаа маш  дургүйцэж, Зеленскийд шаардлага тавьж байна.

-Украины дайн дуусах янз байна уу?

-Украин ойрын үед Оросын эсрэг дайралт хийнэ гэж яриад байгаа. Гэхдээ тэр нь хойшлоод л байгаа юм. Хэдэн сарын өмнөөс л юу юугүй дайралт эхлэх гэж  байгаа тухай яригдсан.

 Америкийн мэргэжилтнүүд дайралт хийж чадахгүй ээ. Ялангуяа томоохон хэмжээний дайралт хийх боломжгүй. Яагаад гэвэл Украин маш олон тооны цэргээ алдсан. Зарим нь 60-80 000  цэрэг алдсан гэж ярьж байна. 200 мянгад хүрсэн гэсэн тоо ч бий. Оросууд ч бас цэргээ алдсан. Аль аль нь их алдаж байгаа. Гэхдээ америкийн мэргэжилтнүүд Украин хэд дахин их хохирол амсч байгаа гэж дүгнэсэн. Оросууд  их буу, пуужинт зэвсгүүд ашиглаж байна. Украины дэд бүтцийг үндсэнд нь устгачихлаа.

Украин маш хүнд байдалд байна. Хэсэгчилсэн дайралт хийхээс биш томоохон дайралт хийх чадваргүй гэж үзэж байна.

В.Путин яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна гэж мэдэгдсэн. Хэд хэдэн удаа яриа хэлэлцээ хийсэн. Тэгээд ямар ч үр дүнд хүрээгүй нь Америкийн байр суурьтай холбоотой.

 -Монголчуудын байр суурь ямар байх ёстой юм бэ?

-Мэдээж бид энэ дайныг нэн даруй зогсоож, яриа хэлэлцээ хийхийн төлөө тууштай байх ёстой. Ингэхдээ  бид нэг улсын аюулгүй байдлыг нөгөө улсын аюулгүй байдлыг  сулруулах замаар хангаж  болохгүй ээ гэдэг санааг тэмдэглэж байх хэрэгтэй.

Оросыг шууд эсэргүүцэж болохгүй, дайныг дэмжиж болохгүй. Тэгээд дандаа түдгэлзсэн санал өгөөд байх юм уу?

-Манайх тогтоолоо сайн уншаад, байр сууриа тодорхойлоод, Засгийн газар, Гадаад яам зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Харамсалтай нь  миний бодлоор зарим тогтоол дээр буруу санал өгч байна.

НҮБ дээр батлагдсан зарим тогтоолоор түдгэлзсэн санал өгсөн нь зүйтэй болсон. Харин ОХУ-ын гишүүнчлэлийг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл түдгэлзүүлснийг манай Засгийн газар эсэргүүцэх ёстой байсан. Гэтэл  түдгэлзсэн. Энэ нь НҮБ-ын чухал байгууллагаас ОХУ-ыг хөөсөнтэй адил болсон  шүү дээ. Энэ бол ноцтой алдаа.

Социализмын үед ЗХУ-ыг бүх зүйл дээр дэмждэг байсан  шиг одоо бусдын амыг харж болохгүй. Өөрсдийгөө ардчилсан орон гэж л байгаа бол ардчилсан орон шиг байх хэрэгтэй. Зарчимтай байх ёстой.

Өөрсдийнхөө байр суурь, эрх ашгийг бодож санал өгдөг байх хэрэгтэй. Тэгэхгүй америк хүрч ирээд чи ингэ гэвэл “За” гээд гүйж байх уу.

-Олон туйл ертөнц дэх Монголын байр суурь чухал юм уу. Баабар геополитик бол Монголд ахадсан сэдэв гэсэн шүү дээ?

-Ахадсан сэдэв байж болно. Гэхдээ бид дэлхий ертөнц яаж өөрчлөгдөж  байгааг анхаарч, байр сууриа оновчтой тодорхойлж сурах хэрэгтэй. Бидэнд падгүй гээд сууж болохгүй шүү дээ.

-Манайхан хоёр туйл руу савлах юм аа. Саяхан сошиалд  Оросын ЭСЯ дайныг сурталчилсан хичээл хүүхдэд орлоо гээд дарга цэрэггүй бөөн юм болоод байсан?

-Украины дайныг эсэргүүцдэг нэг сайтад “Оросын ЭСЯ-наас 150 сурагчид  дайныг сурталчилсан хичээл орсон” гэсэн мэдээлэл цацагдсан юм билээ.

Орост  Ялалтын баярын үеэр эх орны хоёрдугаар дайны тухай тайлбарладаг уламжлалт хичээл  бүх сургуульд ордог юм байна.  ЭСЯ-ны харьяа сургуулийн энэ  хичээлийн үеийн зургийг тавьж байгаад, дайныг сурталчилсан хичээл орсон гэж гуйвуулсан мэдээлэл цацсан. Л.Энх-Амгалан сайд “Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа зохион байгуулсан, зохион байгуулахыг оролдсон  этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх ёстой” гэжээ.

Засгийн газрын гишүүн эхлээд шалгаж нягтлаад мэдэгдэл хийх байжээ. Нягтлаагүй зүйлийн талаар сайд ийм юм ярих зохисгүй. Хоёр улсын харилцааны асуудал хөндөгдөж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй шүү дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img