2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Ц.Оюунгэрэл: Хувийн эрх ашгийнхаа төлөө тэмцэх нь ариун явдал

“Намуудын 95 алдаа” номын зохиогч Ц.Оюунгэрэлтэй ярилцлаа.

-Нүүрсний хулгайчдыг нэрлэхийг шаардсан жагсаалыг хүчээр тарааж, саармагжууллаа гээд олон хүн сэтгэл дундуур үлдсэн. Зарим нь харин жагсаал эхний зорилгоосоо хазайсан гэх юм. Таны хувьд жагсаалын төгсгөлийг яаж хүлээж авсан бэ?

-Миний хувьд жагсаалын төгсгөл гэхээсээ эхэнд нь “Монголчууд маш олуулаа хулгай луйврыг эсэргүүцлээ” гэж олон улсад мэдээлэгдсэн тэр мессежийг амьд хэвээр байлгах, олон хүний дэмжлэгтэй байсан тэр үзэл санааг ажил болгоход төвлөрч байгаа юм. Бид “Нүүрсний хулгайтай тэмцэх ёстой юм байна”, “Ахиж хулгай гарахгүй болтол нь явах ёстой юм байна”, “Нүүрсний хулгайг тэвчихгүй” гэдгээ дэлхийд зарлачихлаа. Дэлхий биднийг харж байхад ажил хийхгүй, тэмцлээ саармагжуулаад орхивол монголчууд хулгайтай тэмцээд байгаа юм уу, бие биетэйгээ тэмцээд байгаа юм уу гэдэг нь тодорхойгүй үлдэнэ.

Ялангуяа энэ өвлийн жагсаалыг нүүрсний хулгайн сэдвээс салгамааргүй байна. Нүүрсний хулгайтай тэмцэх арга замаас сатааруулмааргүй байна. Тийм учраас би нүүрсний хулгайнаас сатаарсан жагсагчдын ярьсан зүйлд ач холбогдол өгөөгүй. Янз янзын чиглэлээр над руу ч, жагсагчид руу ч дайралт ирж байсан. Жагсагчид дотроос ч над руу дайралт ирсэн. Гэхдээ тэр бүхэнд сатаараад байвал нүүрсний хулгайтай яаж тэмцэх билээ.

Жагсагчдыг засаг, төртэй ид зөрчилдөж байх үед манай иргэний ажлын хэсэг зэрэгцэж ажилласан. Бид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар иргэдээс санал авсан юм. Бидэнд хандсан иргэд “Нүүрсний хулгайтай тэмцэхийг хүсэж байгаа учраас саналаа хэлэхээр зорьж ирлээ” гэж ярьж байсан. Манайхан нэг сэдвийг нөгөөгөөр, нэг сенсацыг өөр нэгээр дарж сурчээ. Нүүрсний хулгай гэдэг сэдвийг өөр сэдвээр дарах технологид автахгүй байх хэрэгтэй. Хулгайтай тэмцэх ард түмний хүсэл зориг ямар том байгааг олж харсан нь улстөрчдийн нүдийг нээсэн гэж миний хувьд дүгнэж байна.

Ард түмэн үнэхээр дургүй байна гэдгийг харсан бол дараагийн алхам нь яаж хулгайг зогсоох вэ, хулгайчдад яаж хариуцлага тооцох вэ гэдэгт л төвлөрөх учиртай.  Гэтэл гөлөг төөрүүлж байгаа юм шиг энэ бүхнийг сарниулж сатааруулах үйлдэлд үнэндээ анхаараагүй.

-Нийгмийн бухимдал их байна, хулгай луйврыг тэсвэрлэхгүй гэдэг тодорхой болсон. Тогтолцоо нь биш байна, ийм нөхцөлд дараагийн ээлжийнхэн гарч ирлээ ч хулгай хийх юм байна гэсэн үзэл санаа бас “явж” байна?

-“Чөтгөрүүд деталь дотор нуугддаг” гэж үг бий. Гэрээ гоё байж болно. Гэтэл нэг хоёрхон үгээр “хорлох” заалт явдаг. Нарийн деталь, техник ажилдаа анхаарахгүй бол техник гүйцэтгэл дотор хорлох заалт нуугддаг гэсэн утгатай. УИХ-д суугаа гишүүд, засаг, төр барьж буй намынхан ерөнхий уур амьсгалд ямар хариу барих, шийдвэр гаргахаа хариуцах үүрэгтэй.

Улс орон хаашаа, яаж явахыг төрийн эрхэнд байгаа намынхан ярилцах ёстой. Иргэд биднийг бухимдуулах, хулгайг дахин цэцэглүүлэх нүх сүв хуульд үлдчих вий гэж бүх деталь руу орж, үг, үсэг дээр ажиллах хүслийг энэ жагсаал надад төрүүлсэн. Тийм учраас манайхан багаараа Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр суусан. Уг хуулийн төслийг өөрчлөх ажлын хэсэгт Засгийн газраас биднийг урьсан юм. Монголчууд бид хаашаа явах вэ гэдгийг олуулаа ярилцаж шийдэх ёстой асуудал.Тогтолцооны өөрчлөлт ярьж байгаа хүмүүст хэлэхэд манай тогтолцоо гологдоод байгаа юм биш. 76 гишүүн цөөдөөгүй. Сонгуулийн системээ Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр өөрчлөх боломж бий.

Миний хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яриа нүүрсний хулгайн сэдвээс зайлсхийх оролдлого гэж санагдаад байна.

Нүүрсний хулгайтай холбоотой хууль тогтоомж батлахын тулд УИХ ажиллах ёстой. Гэтэл Үндсэн хуулийг авч хэлэлцэнэ гэвэл бусад хэлэлцэж байгаа хуулиа зогсоож, зөвхөн Үндсэн хуульд анхаарах ёстой болно. Ийм нөхцөлд Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтийг хэлэлцэх боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн хэлэлцүүлэг дууссаны дараа Үндсэн хуулийн хэлэлцүүлэг яривал ярина биз. Зэрэгцүүлж ярих сэдэв биш гэж үзэж байна.

Нэг сэдвийн ард гарч байж дараагийнх руу орох учиртай. Өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал баялгийн тэгш бус хуваарилалт, ашигт малтмалын салбарын эмх замбараагүй байдал. Үүнийг цэгцэлбэл улсын төсвийн 40 хувь цэгцэрнэ гэсэн үг. Улсын төсөвт чухал хувь нэмэр оруулдаг салбарын алдааг олж харсан дээрээ цэгцэлж авахгүй бол сарниад, нуугдаад алга болно.

-Та оны өмнөхөн хэвлэлийн бага хурал хийхдээ хуульчлагдсан хулгайн тухай онцолсон. Хуулиар зөвшөөрсөн хулгай 40 их наядын гэгдээд байгаа хулгайд багагүй хувь нэмэр оруулсан байх талтайг анхааруулсан шүү дээ. Таны энэ санааг хууль тогтоогчид хүлээн зөвшөөрсөн юм уу?

-Тэгж ойлгож болно. Хэвлэлийн бага хурлын дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан залгаад “Танай тавьж байгаа саналыг хуульд тусгая, хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах уу, хүнийхээ нэрийг өгөөч” гэсэн юм. Манай хоёр хүн уг ажлын хэсэгт ажиллаж эхэлсэн.

Та ашигт малтмалын салбарт бизнес хийж байгаа бол ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчөөр бүртгүүлж, ашигт малтмалын зам мөрийг татварын системээр бүрэн олж хардаг улс байя гэсэн юм. Ашигт малтмалгүй улс орон дэлхийд ховор. Канадад гэхэд манайд нинжа гэж ад үзэгддэг хүмүүс бичил уурхайн лицензтэй, ийм лицензтэй хүн жилд дор хаяж нэг унци алт тушааж байж бичил уурхайчин гэдэг статусаа хадгалж үлддэг. Ийм лиценз авахын тулд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр заавал төлсөн байх ёстой болдог.

Гэтэл манайд энэ салбарт лицензгүй хүмүүс хэдэн мянгаараа байна. Гэсэн ч бүгд ашигт малтмалаас орлого олдог. Ашигт малтмал тээвэрлэж, баяжуулж, борлуулж байна. Бид ашигт малтмал дээр хийж болох бизнесийн үе шат болгоныг зөв томьёолж, “Бүх хүн бизнес хийж болно” гэдэг хүний эрхэд үндэслэсэн лиценз олгох систем бий болгох ёстой. Манайд лицензийн систем яаж явдаг гэхээр зөвхөн эдэлбэр газартай уурхай ашиглагч бизнес хийж болно. Бусад нь энэ салбарт бизнес хийж болохгүй гэдэг хашилтад хаагдаад лицензээ хязгаарлагдмал гаргасан. Зөвхөн А лиценз гэж гаргадаг. Энэ салбарт ажиллаж байгаа бусад бүх хүн хулгайч болоход хүрнэ, эсвэл хууль бусаар бизнес хийж буйгаа нууж, цагдаад хөөгдөж, нинжа гэгдэж ад үзэгдэхэд хүрдэг. Ар талтай хүмүүсийн бизнес сайн явдаг. Харин ар талгүй нь сайн артай хүмүүсийн туслан гүйцэтгэгчээр явдаг. Ийм байдлаар энэ салбарт анги давхарга үүссэн.

 Энэ хүмүүсийн нийгмийн статус буруугаар нэрлэгдэж байгаагаас гадна хамгийн ноцтой үр дагавар нь ашигт малтмалаас нийт ард түмэн хүртэх ёстой гэдэг зарчим алдагдаж, ард түмэн ашигт малтмалын бизнесийн явцад үүсэж буй өртгийн баялгаас хүртэж чадахаа байсан. Хоёр гурван субъектээс бусдаас нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авч чаддаггүй.

Асуудлыг өргөн хүрээнд харж, бүх хүний эрхийг хүлээн зөвшөөрч, ашиглаж байгаа баялгаа зөв томьёолж, ашигт малтмалын баялгаас хүртээмжтэй бизнес эрхлэх зөвшөөрөл өгч, нөөц ашигласны төлбөр авч, сургууль, цэцэрлэг хангалттай тоогоор барьж, цалин нэмэх ажил руу орох хэрэгтэй л дээ.

-Ашигт малтмалын тухай хуульд ямар өөрчлөлт оруулахыг зорьж байгаа вэ?

-Ашигт малтмалын бизнес эрхлэгчийг бүх шатанд нь томьёолох юм. Одоо бол ашигт малтмал олборлогчийг л сайн томьёолсон байдаг. Бусад ашигт малтмалаар бизнес хийгчдийг томьёолоогүй юм билээ. Ашигт малтмалын салбарт монголчууд гучаад жил бизнес хийж үзлээ. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай ажиллаж үзлээ. Алдаж, онолоо. Одоо бол томьёолох хэмжээний мэдээлэл ард түмний дунд ч, салбарынханд ч байна. Уул уурхайн салбарынхан үүнийг явцуу томьёолдог.

Уул уурхайн техник, технологио дагаж томьёолдог юм билээ. Харин бид энэ ажлын хэсгийг Сангийн сайдаар толгойлуулж, татвараа дагаж томьёолох ёстой гэж үзэж байна. Хэн татвар төлөгч байх вэ гэдгээр бүртгэл татвараа дагаж, энэ системд бүртгэгдэх философийн үүднээс томьёолол дээр ажиллах юм. Томьёолол дээр санал нэгдэж чадвал дараагийн өөрчлөлт хялбархан.

Ашигт малтмалын салбарт бизнес эрхлэгчдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ялгавартайгаар тогтоох ёстой. Энэ хоёр бол үндсэн өөрчлөлт. Иргэдийн захиалгатай өөрчлөлт гэж болно.

Иргэд нэг талаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ашиглагч болгоноос авахыг хүсэж байгаа. Ашигт малтмалаас үр ашиг хүртэхийг хүснэ. Нөгөө талаас иргэд ажлын байр хүсдэг. Уул уурхайн салбарын ажлын байр зөв тодорхойлогдож, зөв системд орж, лиценз зөвшөөрөл авахад хялбар, татвар нь ойлгомжтой бол ямар ч дарамтгүй бизнес хийх юм.

Одоо бол тээврийн жолооч хүртэл маш дарамттай ажилладаг. Тээвэрлэх эрхээ яаж олж авах нь ч мэдэгдэхгүй. Хэн нь диспетчер, брокер нь ч мэдэгдэхгүй, далд нууц хүмүүс чиглүүлдэг. Одоо бол үнэндээ эрх мэдэлтэй хүмүүс диспетчер болсон. Тэрний машиныг оруул, тэрнийхийг битгий оруул гэдэг диспетчерийн ажил шүү дээ. Төрийн ордонд диспетчерүүд нь суугаад байдаг.

Жолооч юу хүсэж байна гэхээр диспетчерийн үйлчилгээг гар утаснаасаа авмаар байгаа. Замд явахдаа буцаж очих цагаа тааруулаад, хэдний өдөр хэдэн цагт очиж нүүрсээ авах вэ гэдгээ цахимаар мэдчихмээр байгаа шүү дээ. Цахимаар дараалалд орчих байтал яагаад хэн нэгэн эрх мэдэлтэй хүний гарын үсэг хөөцөлдөж, авсан мөнгөнийхөө талыг хүнд өгч, бага мөнгөөр ажиллах ёстой юм бэ гэж хүмүүс бидэн дээр ирж хэлж байна.

Диспетчерийн үйлчилгээ брокер, биржээ ил болгох шаардлагатай.

Бизнесийн эрэмбэ дараанд оруулж ил томьёолж, лицензжүүлж, татвар авч, бүртгэж эхэлбэл далд эздийн цаг дуусах юм.

Ингэж байж л хулгай дуусна.

-“Намуудын 95 алдаа” номдоо та хоёр том намын хамаг болж бүтэхгүйг жагсааж байгаад нийтэд дэлгэсэн. Гол баатрууд болох намчид таны номыг яаж хүлээж авсан бол?

-Одоогоор ил реакц үзүүлээгүй. Уншсан хүмүүс “Залуучууд уншмаар ном байна” гэж их бичиж байгаа.

-Энгийн иргэд бол ингэж хэлэх байх. Харин гол баатрууд нь “хариу урвал” үзүүлэв үү?

-Гол дүрүүд намайг шүүхэд өгөөгүй л байна. Хүмүүс “Яаж хулгайтай тэмцэх юм” гэж асуудаг шүү дээ. Яаж тэмцэх вэ гэдэг асуултын хариу нь миний ном. Хулгай яаж илэрдэг юм. Сонгуулийн үеэр, нам дотор, намын гишүүдийн бүртгэл дээр яаж илэрдэг юм. Энэ бүх илэрцтэй намууд дотроо тэмцэх хэрэгтэй. Нийт ард түмнээрээ нийлээд зөвлөлдье гэж байгаа шүү дээ. Зөвлөлдөх хэлэлцүүлгийн үеэр бас нэг асуудал нь намуудыг шударга болгоё. Намууд шударга болохгүй бол төр шударга болдоггүй юм байна.

Намууд нь бохир бол төр нь бохир байдаг юм байна.

Зарим хүн “Охид ариун бол төр ариун” гэж балайрдаг шүү дээ. Харин намууд ариун бол төр ариун болно гэдэг утга санааг л бид яримаар байгаа юм.

Намууд дотор бохир нь хаанаа байдаг гэдгийг мэдэж авч байж, энэ бохирыг залуу хүмүүс өөрийн намдаа нэвтрүүлж болохгүй шүү. Сэрэмжтэй байгаарай, ийм болоод ирэхээрээ л хулгай нүүрлэдэг шүү гэдгийг анхааруулсан ном. Гэхдээ би нүүрсний хулгай ингэж гарч ирнэ гэж мэдээгүй л дээ. Энэ номыг би долдугаар сард бичсэн. Тэгээд хэвлэхэд бэлтгэж явсаар байгаад есдүгээр сард хэвлэж гаргасан. Хэрэв би дараа нь хулгайн эсрэг ийм том хөдөлгөөн өрнөнө гэдгийг мэдсэн бол номынхоо оршилд “Монгол Улс хулгайгаа л зогсоомоор байна” гэж бичих л байсан даа. Хулгайг зогсоохын тулд төрд байгаа хулгайг зогсоохыг шаардах нь зүйтэй. Хулгайг үндэс ёзоороор нь устгая гэвэл намуудад байгаа хулгайг зогсоох хэрэгтэй. Намууд шударга, ил тод, бага мөнгөөр ажиллаж сурмаар байна.

Намууд их мөнгөнд шунадгаас хулгай ард талдаа хамгаалагчтай болдог. Хулгай хийсэн ч  нам нь хамгаалдаг. Яагаад гэвэл намд нь мөнгө хэрэгтэй. Намуудыг бага мөнгөөр ажилладаг, даруухан болгох ёстой.

-Намуудын санхүүжилтийн тогтолцоо нь хулгайг өөгшүүлдэг гэсэн үг үү?

-Хэрэв намуудад их хэмжээний мөнгө шаардлагатай байгаагүй бол энэ хулгай аль эрт илэрсэн байх ёстой. Хулгай илрэхгүй удна гэдэг мөнгөтэй хүмүүсээсээ нам нь санхүүжээд, хамгаалдагтай холбоотой л доо. Одоо намууд их мөнгөнөөс татгалзах хэрэгтэй. Намын санхүүжилтэд хяналт тавьдаг байх учиртай. Сонгуулийн өртгийг ч даруухан болох хэрэгтэй. Улс төр өндөр зардалтай болоод ирэхээр их мөнгө зарцуулж гарч ирсэн хүмүүс шархаа нөхөхийн тулд өөрсдөө хулгай хийдэг, эсвэл хулгайчийг дэмждэг. Хулгайчдыг дэмждэг тогтолцоог хэвээр үлдээж болохгүй.

-Улс төрийн намын хууль дүрэм, сонгуулийн үеийн намуудын санхүүжилтийн тогтолцоонд өөрчлөлт оруулснаар хулгайг зогсоох боломжтой юу?

-Боломжтой, ер нь сонгодог шийдэл нь тэр. Хууль нь сайн байх ёстой, намуудын санхүүжилт ил тод, бага  байх ёстой. Ерөөсөө энэ л аргаар тэмцдэг.

Европт манайхаас дутуугүй баялагтай мөртлөө Норвег, Шведэд намууд маш даруухан санхүүжилттэй. Шведэд парламентад нэр дэвшигч нэг сарын дундаж цалингаас илүүгүй зардал гаргах ёстой гэж байгаа юм. Тус улсад та нэг сарын цалингаараа л сонгуулийн сурталчилгаа хийж болно. Манайхаар бол нэг сая төгрөгөөс илүү сурталчилгаа хийвэл тансаг сонгууль хийчихлээ гэж үздэг. Гэтэл манай Сонгуулийн ерөнхий хороо ямар тооцоо гаргаж өгдгийг мэдэх үү?

Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших УИХ-ын гишүүн нэг тэрбум 200 сая төгрөгөөр сонгууль хийх ёстой гэсэн тооцоо гаргадаг. 17 хоногийн сонгуулийн сурталчилгаанд тэрбум төгрөг зарцуулах ёстой хүн хэн нэгнээс гуйна. Шударгаар бизнес хийж байгаа хүн ийм хэмжээний мөнгө гаргаж өгөх үү? Сонгуулийн зардлыг багаар тогтоогоод, түүндээ багтааж, сонгууль хийх гээд үз. Үүн рүү шахах учиртай.

-“Намуудын 95 алдаа” номыг тань англи хэл дээр орчуулж байгаа гэсэн үү?

-Тийм ээ, орчуулж байгаа.

-Гадаадынханд манай намуудын асуудал сонин болов уу?

-Одоохондоо редактор хийж буй гадаадын хоёр хүнд л уншуулж байгаа л даа. Тэд яаж ийм дүрэмтэй ардчилал тогтох юм бэ, намууд нийгмээ дороос нь ялзалдаг байж болохгүй шүү дээ гээд нүд нь орой дээрээ гарчихаад сууж байгаа. “Үнэн юм уу, ийм мөртлөө ардчилсан улс гээд яваад байгаа юм уу, удаан ингэж явбал энэ улс орон дууслаа шүү дээ” гэсэн.

Үнэхээр ардчилал, эрх чөлөөтэйгөө үлдье гэвэл иргэдийнхээ шаардаж байгааг хийх ёстой.

Иргэд шударга байхыг л шаардаж байна. Шударга бус байдал хаанаа овоороод байна тэр газраа гэрэл тусгах хэрэгтэй. Хатуу ч гэсэн шүүмжлэл сонсоод, алдаагаа засах учиртай.

-Та энэ номоо яагаад бичихээр болсон бэ?

-Шинэ нам байгуулахдаа хэдхэн жилийн дараа буцаад энэ хоёр том нам шиг болчих вий. Ийм сайхан ариун цагаан сэтгэлээр улс төрд орж ирж байгаа залуус арван жилийн дараа эргээд харахад өнөөдрийн АН, МАН-ынхан шиг болчихсон байх вий гэж санаа зовсон юм. Би улс төрд 30 жил явахдаа үнэт зүйл гэдэг “юм”-ыг гээхгүй гэж даруухан амьдарч ирсэн хүн шүү дээ. Энэ залуус 30 жилийн дараа ч авлига авахгүйгээр улс төр хийж чадах уу гэж бодож үзээд, алдаануудыг бичье. АН-д алдаан дотор бухимдаж явсны хэрэг юу билээ, ирээдүйд улс төрд орох залуус юу хийх ёсгүйг олж мэдэг, хоёрдугаарт АН, МАН бас өөрчлөгдөг гэж бодсон. Тэдэнд өөрчлөгдөх боломж өгөх ёстой. Хүн алдааг нь хэлэхгүй бол засаж мэддэггүй. Энэ намуудын алдааг нам дотор байгаа хүн хэзээ ч хэлэхгүй. Би жишээлбэл АН-д байхдаа алдааг нь хардаг байсан ч олон нийтэд хэлээгүй. Ардын нам дотроос ч хэлэхгүй. Эрх чөлөөтэй хүний хувьд би хэлчихье, та нар зас гэсэн юм.

-Үерийн далангийн асуудлаар шүүхэд ялалт байгуулсан тухай таны постны дор нэг хүний сэтгэгдэл байсан. Ц.Оюунгэрэл энэ хэсэгт амьдардаг, өөрийнхөө эрх ашгийн төлөө л яваа биз гэж хардсан байсан. Энд хэр олон хүний эрх ашиг хөндөгдсөн бэ?

-Энд яг миний эрх ашиг хөндөгдсөн. Миний гэр орон усанд автах гээд байгаа юм. Хүн хууль ёсны эрх ашгаа маш сайн мэдэж байх хэрэгтэй. Өөрийнх нь амьдралд саад болж буй юмыг хүн эсэргүүцэх эрхтэй байдаг. Захиргааны ерөнхий хуулиар хоёр этгээд энэ асуудлаар гомдол гаргах эрхтэй. Гэр орон чинь үерт өртөх гээд байгаа бол хууль ёсны эрх ашиг чинь хөндөгдсөн гэж үзнэ. Тийм учраас иргэн Ц.Оюунгэрэл өргөдөл гаргах эрхтэй. Хоёрдугаарт, нийтийн эрх ашгийн төлөө ажилладаг төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийн өмнөөс гомдол гаргах эрхтэй. Хуулийн энэ хоёр боломжийг аль алиныг нь ашигласан. “Нутгийн шийдэл” төрийн бус байгууллага нийтийн эрх ашгийн төлөө зарга хийж байгаа. Иргэн Ц.Оюунгэрэл хөршүүдтэйгээ хамтраад иргэдийн зарга хийсэн. Өөрөөр хэлбэл, хоёр фронтоор зэрэг дайрч байгаа гэсэн үг. Энэ бол ичих юм биш. Ц.Оюунгэрэлийнх гэдэг айлын яг урдуур үерийн далан явж байгаа нь улаанбаатарчуудын аз. Ц.Оюунгэрэлээс өөр хүн бол заргалдахгүй байж байгаад үерт автах нь байна шүү дээ. Хувийн эрх ашгийн төлөө дуугарагчид хамгийн ашигтай хүмүүс байдаг. Ингэхийн оронд үерийн далан нурж байна, гялс байраа зараад нүүе гэж болно шүү дээ.

Шүүх  үерийн даланг сэргээ гэдэг шийдвэр гаргасан. Үерийн даланг сэргээх ёстой. Үерийн даланг яаж сэргээх вэ гэдэг дээр харин хүмүүс маргаж болно. Миний хувьд бол үерийн далан замаасаа урд талдаа л байх ёстой. Одоо бол зам нь үерийн далангийнхаа урд байгаа юм. Тэгж яривал замаар машин явж байвал үерт урсахаар байгаа шүү дээ. Тэгэхээр замаар явж байгаа хүний ч амь насны төлөө тэмцэж буй хэрэг.

Өөрийнхөө эрх ашгийн төлөө явж байгаа хүнийг бусад нь дэмждэггүй юм гэхэд  ядаж шүүмжлэхгүй байх хэрэгтэй. Хэн нэгэн нь эрх ашгийнхаа төлөө тэмцэж байхад олон хүн хожно. Хувийн эрх ашгийнхаа төлөө тэмцэнэ гэдэг ариун явдал.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img