2024-07-27, Бямба
17 C
Ulaanbaatar

Ц.Оюунгэрэл: Хүүхдийг арван удаа магтаж байж нэг удаа шүүмжлэх эрх олж ав

Манай сайт “Би хүүхдээ ингэж хүмүүжүүлдэг” булан нээж байна. “Америкт суралцсан тэмдэглэл”, “Миний ажлын ноу хау”-гийн Ц.Оюунгэрэлээс нэгэнтээ “Улстөрд орсон эмэгтэй хүнд нэг сул тал анзаарагддаг. Үр хүүхэд, ар гэртээ бага цаг гаргадаг юм шиг санагддаг л даа. Хүүхдүүддээ хэр цаг гаргадаг вэ” гэж асууж байсан юм. Тухайн үед түүний өгсөн хариултыг буюу хүүхдээ хэрхэн хүмүүжүүлсэн аргыг нь уншигчдадаа сонирхуулъя.

Хүүхдээ хүмүүжүүлэх тал дээр өөрийгөө гайгүй ээж гэж хэлнэ ээ. Өөрийн гэсэн философитой. Өөрийн гэх арга барилтай. Хүүхдийн хүмүүжлээр эцэг, эхийн ажлыг дүгнэвэл бас ч гэж гайгүй дүн авчихна шүү. Хүүхдүүдээ ажилд сургадаг, хичээлийг нь хийлгэдэг. Өөрийн гэсэн үзэл бодол, эрх чөлөөтэй, шийдвэр гаргах чадвартай, хариуцлагатай, эх оронч хүн болгохыг хичээдэг. Халамжтай ээжийн хувьд хэлэхэд хэцүү байна аа.

Нэг их зав гарч байгаагүй учир гэр бүлийнхэнтэйгээ, хамт амьдардаг оюутнуудтайгаа хамждаг. Хүүхдүүдээ багаас нь бие даалгасан. Гэхдээ өвчтэй үед халамжийг 100 хувь үзүүлдэг. Ээжээс тусламж хэрэгтэй үед ёстой нэг бөөцийлнө дөө. Ер нь ингээд бодсон чинь нийт дүндээ бол гайгүй ээж юм бишүү. Манайхан гэр бүлээрээ цуглахдаа эрэмбэ байдаггүй.

Чөлөөтэй л ярьцгаадаг. Яг түүн шиг хүүхдүүд маань надтай чөлөөтэй харилцдаг. Би хүүхдүүдээ чөлөөтэй, бие даасан, хариуцлагатай гэсэн гурван шугамыг барьж хүмүүжүүлдэг. Хүүхдийг чөлөөтэй дураар нь тавьчихаар ажлаа алдаад, хариуцлага нь сулраад ирдэг дээ. Яг тэр үед нь ганц л удаа нэлээд сайн сургамж өгчихдөг байсан. Нэг ажлыг удирдаж хийлгээд орхичихдог байлаа. Ээж нь хүүдээ итгэж байгаа шүү, миний хүү бие даасан, хариуцлагатай их сайн хүн болж байгаа гээд урамшуулчихдаг байсан. Надад нэг хувийн гэмээр философи байдаг юм. Хүүхдийг арван удаа магтаж байж нэг удаа шүүмжлэх эрх олж ав гэж.

Би хүүхдүүдээ маш их урамшуулж магтаж өсгөсөн. Тэднээрээ бахархдаг. Чи бол сайн хүү, чи бол азтай үеийн хүүхэд гэж их урамшуулдаг байлаа, тэгээд ийм сайхан азтай үеийн хүүхэд ийм сайн явах ёстой гэж итгэл төртөл нь хэлдэг байсан. Хүүхдүүддээ эрх чөлөөг нь мэдрүүлэхийг хүсдэг. Арван удаа урамшуулсны дараа нэг удаа шүүмжлэхдээ маш үндэстэй шүүмжилнэ. Зүгээр л нэг чи залхуу энэ тэр гэж худлаа шүүмжлэхгүй. Яг алдааг нь хэлж шүүмжилнэ. “Чамайг 10 хоног харлаа. Гэтэл чи нэг ч удаа хогийн шүүр барьж хог шүүрдсэнгүй” гэдэг ч юм уу. Тэгэхээр хүүхэд их сайн ойлгодог.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img