2024-12-11, Лхагва
-17 C
Ulaanbaatar

Тоожиргүй амьдрах бяцхан урлаг

Супер од, блогч Марк Мэнсон сүүлийн хэдэн жилийн турш өөрийн алдартай блогоороо дамжуулан бидний өөрсдөөсөө болон хорвоо ертөнцөөс хүлээдэг хоосон хүлээлтийг өөрчлөхийг хичээж байна. Түүний “Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” ном нь Нью-Йорк таймсийн бестселлер болсон агаад АНУ-д 2016 онд “Harper Collins” хэвлэлийн газар эрхлэн гаргасан байна. Монгол хэвлэлийг “Мон судар” хэвлэлийн газрынхан эрхлэн гаргасан агаад өдгөө хамгийн их борлуулалттай номын нэгээр шалгарчээ.

Энэ номын гуравдугаар бүлэг нь “Та онцгой биш” гэсэн гарчигтай. Анх 1960-аад онд өөрийгөө хүндэтгэх үзэл буюу өөрийнхөө талаар эерэг бодол сэтгэгдэлтэй байх тухай үзэл сэтгэл судлалын ертөнцөд хүчээ авах болсон гэнэ. Өөрийгөө дээгүүр үнэлдэг хүмүүс илүү сайн гүйцэтгэлтэй, алдаа бага гаргадаг гэдгийг судалгаа харуулжээ. 1970-аад онд өөрийгөө хүндэтгэх үзлийг эцэг эхчүүдэд зааж, сэтгэл зүйч, улстөрчид, багш нар энэ үзлийг ярьж, боловсролын бодлогод тусгаж эхэлсэн түүхтэй. Амжилттай оролцогчийн шагнал, хуурамч цом зэргийг шалихгүй тэмцээнүүдэд олгож эхэлжээ. Хүүхдүүдэд яагаад өөрсдийгөө онцгой гэж бодож буй шалтгаанаа бичих гэрийн даалгавар өгөх нь элбэгшив. Номлогчид сүмийн цуглаан дээр “Хүн бүхэн бурхны нүдэнд онцгой нэгэн, хүн бүр дундаж байхын төлөө биш онцгой байхын төлөө төрсөн” гэж айлдаж байлаа.

Гэвч тэр үе өнгөрч шинэ ухагдахуун бий болсон хэмээн зохиолч онцолж байна. Бид бүгд тийм ч онцгой биш. Хүмүүст та нар бол онц гойд бөгөөд юу ч болж байсан өөрийнхөө тухай сайнаар бод гэж заасан ч Билл Гейтс, Мартин Лютер Кинг шиг хүмүүсээр дүүрэн ард түмнийг лав бий болгосонгүй. Харин хий хоосон гарааны бизнес эрхлэгч Жимми шиг хүмүүс олширсон юм хэмээн Марк Мэнсэн дүгнэв. Жимми гэдэг нь хөдөлмөрлөхгүйгээр баян болж болно гэж итгэдэг. Мөн хэнд ч туслахгүйгээр бусдад таалагдаж болно гэж үздэг Монголд ч олон тохиолдох дүр. Жимми шиг хүмүүс өөрсдийгөө мундаг гэж мэдэрдэг төдийгүй, хэзээ ч эрсдлийг амжилттай давж байгаагүй мөртлөө өөрийгөө амжилттай гарааны бизнес эрхлэгч гэж итгэдэг” гэнэ л дээ.

Зохиогч “Хүн бүр хосгүй болж чадахгүй. Нийгэмд ялагч, ялагдагчид үргэлж байдаг. Эдгээрийн зарим нь шударга бус бөгөөд таны буруугаас болоогүй” хэмээн тайвшруулжээ. Мэнсон бидэнд өөрсдийн хязгаарыг мэдэрч, түүнийгээ хүлээн зөвшөөрөхийг санал болгосон юм. Бид амьдралдаа бүх зүйлд ач холбогдол өгөх боломжгүй. Тиймээс юуг чухалчилахаа хүн өөрөө шийдэх хэрэгтэй” гэж тэр бичиж байна. Өөрийгөө хичнээн өндөр үнэлдэг байлаа ч асуудалтайгаа нүүр тулж чадахгүй л бол тэр сул дорой хүн гэнэ.

Өөрийгөө жинхэнэ өндөр үнэлдэг хүмүүс сул талаа хүлээн зөвшөөрдөг, дутагдлаа засахаар ажиллаж чаддаг байна.

Хамгийн хамгийн гэх мэдээллийн урсгалууд нь бидэнд бусдаас онцгойрох ёстой гэж итгүүлжээ. Гэтэл амьдрал ихэнхидээ энгийн, дундаж учраас онцгой мэдээллүүдээс болоод өөрийгөө өрөвдөлтэй, бүтэлгүй мэтээр мэдрэхэд хүрэх нь байдаг. Онцгой байдлын давалгаа энгийн хүмүүсийг өөрийн талаар онцгүй үнэлэмжтэй болоход хүргэж, улмаар бусдад анзаарагдах чухал нэгэн болох хэрэгтэй гэж ойлгуулна.

Ямар нэг талаараа гоц болсон хүмүүс өөрсдийгөө онцгой гэж итгэсэнээс тэгсэн юм биш. Би байгаагаасаа илүү дээр байж чадна гэдгийг ойлгосон учраас тэд түүндээ хүрдэг. Сэтгэл санаа эрүүл байхын нууц нь “Таны амьдралын ихэнхи хором уйтгартай, гоц биш байх ба энэ нь муу биш” гэдгийг хүлээн зөвшөөрөх явдал. Үүний дараа та найз нөхөдтэйгээ баясах, ямар нэг зүйл бүтээх, тусламж хэрэгтэй хэн нэгэнд туслах, сайхан ном унших, асарч халамжилдаг хүмүүстэйгээ цуг инээлдэхийн баяр гэх мэт амьдралын энгийн зүйлсэд талархах болно хэмээн зохиогч зөвлөсөн байна лээ.

Тоомжиргүй байна гэдэг хэнэггүй байна гэсэн үг биш гэнэ. Харин бусдаас ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Хэнэггүй хүмүүс улбагар, залхуу байх нь элбэг. Гэрийн мухар сахисан интернетийн аварга биетнүүд байдаг.

Харин тоомжиргүй хүмүүс бүх зүйлд санаа зовдоггүй. Зөвхөн гэр бүл, найзууд, зорилго гэх мэт амьдралынхаа нэн чухал зүйлсэд л ач холбогдол өгдөг гэнэ шүү.

Хүүхдүүд жижиг сажиг тааламжгүй зүйлс тохиолдоход ч гамшиг болсон мэт бөөн юм болдог. Харин нас ахих хэрээр хүн бүх зүйлст бус онцгой цөөн зүйлст л анхаарал хандуулах боломжтойг ойлгодог. Харин зовлон үзсэн хүмүүс амьдралын үнэ цэнийг илүү мэдэрдэг тухай энд өгүүлжээ. Үхлийг мэдэрсэн хүн өөрт нь юу чухал, юунд тоомжиргүй хандаж болохыг илүү мэдэрдэг ажээ.

Баян, алдартай, нэр хүндтэй л биш бол хүн биш мэт санагдуулдаг өнөөгийн нийгэмд тоомжиргүй амьдрах тухай эсрэг зам санал болгож, урсгал сөрсөн учраас л энэ ном олон хүнд таалагдсан болов уу.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img