2024-10-08, Мягмар
-6 C
Ulaanbaatar

Путин-Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй

Герман сэтгүүлч Хүберт Зайпелийн “Путин-Төрийн хэргийг дэргэдээс нь ажихуй” ном жинхэнэ “зэвүүн” бичигджээ. Мань эр “Spiegel” сэтгүүлд бичсэнчлэн “Оросын ерөнхийлөгчтэй урхинд оролгүй, нөлөөнд авталгүйгээр ойр дотно танилцаж чадсан” ажээ. Оросын ерөнхийлөгчийн ажил, амьдралын тухай учраас нэлээд хүнд сэдэвтэй ч сэтгүүлч бичсэн учраас улс төр судлаачдынхыг бодвол хөнгөн, бас эмоци мэдрэгдэж байна лээ. Улстөрчийн дурсамж нэг л өнцгөөс бичигдэх талтай. Харин энэ номын зохиогч нь сэтгүүлч учраас В.Путинээс гадна Д.Медведев зэрэг Путиний хань нөхөд болон олигарх гэгддэг Березовский зэрэг дайснуудтай нь ч уулзсан гэдгээрээ олон талтай юм гээч.

“Ард түмэн намайг ямар байхыг хүснэ, би тийм л байх ёстой” гэж Путин эхний ярилцлагуудынхаа үеэр зохиогчид хэлжээ. Хүн амын олонх юу хүсч байгааг Путин бусад улсын төр, засгийн тэргүүнүүдийн адил судалгааны дүнгээр тодорхойлдог гэнэ. Хэдийгээр зохиогч герман хүн ч өөрийн улсын канцлертаа “хөндий” хандсан санагдав.

“Өрнийн улстөрчдөөс Ангела Меркель шиг Путинтэй байнга утсаар ярьдаг хүн байхгүй. Гэхдээ энэ нь нөгөө хүнийхээ ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрөх нь бүү хэл, мэдэж байгаа гэсэн үг биш. Канцлер өөрөө Путинийг “Өөр ертөнцөд амьдарч байдаг хүн” гэж боддог тухайгаа Барак Обамад дотночилж ярихдаа “Түүнийг бодит байдлыг ухаарч байдаг эсэхийг ч мэдэхгүй юм” гэжээ. Түүний эдгээр үгс маргааш өглөө нь New York Times сонинд нийтлэгдсэн байхыг Меркел харжээ гэх мэтээр “гөвсөн” байна лээ. Германы канцлерын Путиний өмнө оноо алдсан түүх үүгээр дуусахгүй.

“2013 оны зургадугаар сард Санкт Петербургт нэг ийм явдал болжээ. Ангела Меркель болон Германы томоохон пүүс, компанийн төлөөлөгчидтэй Оросын ерөнхийлөгч эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцаад, орой нь Германы канцлертай Эрмитажид үзэсгэлэн нээх ёстой байв. “Олзонд ирсэн урлагийн бүтээл” хэмээх эмзэг сэдэвтэй үзэсгэлэн байж. Дайны шувтаргаар Зөвлөлтийн цэргүүд Германаас ЗХУ руу илгээсэн Эберсвальдын алт эрдэнэсийг дэлгэн үзүүлэхээр бэлтгэсэн байжээ. Энэ дашрамд Ангела Меркель үг хэлэх санаатай байгааг канцлерийн хэвлэлийн алба мэдэгджээ. Үндсэн санаа нь тэрхүү алт эрдэнэсийг урьд нь байсан газар буюу Германд буцаах тухай юм. Хоёр тал хэзээнээс энэ талаар маргалдсаар ирсэн байдаг.

Харин Оросын талын үндэслэл болох “Энэхүү алт эрдэнэсийн үнэ өртгийг оросууд сая, сая хүнийхээ амиар нэгэнт төлчихсөн” гэдэг санааг Берлин хэзээнээс мэдэх ч няцаасаар ирсэн” хэмээн зохиогч тайлбарлажээ. (Монголоос зөөсөн түүх, соёлын дурсгалт зүйлсийг буцаан авахыг хүсвэл оросууд бас л Халх голд үрэгдсэн цэргүүдийнхээ амиар төлсөн гэх болов уу.сурв)

Гэтэл энэ нь 1941 оны зургадугаар сарын 22-нд Герман улс Орост халдан довтолсон түүхэн өдөртэй давхацжээ. Алт, эрдэнэсийг Германд буцаах ёстой гэсэн үг яриа яг энэ өдөр дуулдсан нь Оросын ерөнхийлөгчийн хувьд айхавтар доромжлол байсан юм” хэмээн зохиолч онцолжээ. Энэ мэтчилэн В.Путин түүхэн учир шалтгааныг ихэд чухалчилдаг нэгэн бололтой. Путин шөнө дундын үед хувийн бяцхан сүмдээ загалмайлан залбирч ахуйд дэргэд нь зогссон хүн нь мань сэтгүүлч. Ерөнхийлөгчийн эх Мария Ивановна нь сүсэгтэй, хүүгээ төрүүлснийхээ дараа нууцаар сүмд аваачиж загалмай зүүлгэсэн байж. “Шашнаар дамжуулан Орост үндэсний ухамсар бий болгоход чиглэсэн улс төрийн туршилт явагдаж байна” гэж зохиолч дүгнэжээ. Путиний найзаар барахгүй лам багш гэгддэг Тихон ламтан мань сэтгүүлчид хувийн болон хувьсгалын харилцааныхаа тухай хуучилсан аж. “Путин бид хоёр бие биенээ дөрлөөд хөтлөөд явдаг юм биш. Тэр ч тэгж явах хүн биш” гэж ламтан тайлбарласан байна. Тэгээд ерөнхийлөгчийг дөрлөдөггүйгээ батлах нэгэн түүх хуучилжээ.

Оросын хэвлэлээр Путиний Берлинд хийх айлчлалын талаар мэдээлэхийн хамт Берлиний тухайн үеийн захирагч ижил хүйстэнтэйгээ явалддаг гэдгээ нийтэд зарласан хүн хэмээн “хачирлажээ”. Тихон ламтан хамт зоог барих үеэрээ Берлинд очихдоо тэр хүнтэй гар барихгүй байхыг багшийн ёсоор зөвлөсөн ч шавь нь үгэнд нь ороогүй гэнэ. “Нэгд тэр нь хувийн хэрэг, хоёрт тэр бол Берлинийг төлөөлж байгаа албаны хүн” хэмээн тайлбарлажээ. Хараахан салаагүй байсан гэргий Людмила нь ламтны талд орж, Тихоны шаардлагыг дэмжсэнд Путин хоржоонтойгоор “Хардах явдалгүй дээ, хонгор минь” гэж товч хариулжээ. Энэ бол Путиний гэргийн тухай уг номд дурдсан ганц тохиолдол нь. Оросууд аа гэж…

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img