2024-07-24, Лхагва
16 C
Ulaanbaatar

Ц.Элбэгдорж: Улс төрд орохгүйгээр улсдаа хувь нэмэр оруулах боломж надад бий

“Сонгуульд нэр дэвших үү?” гэсэн сонсогчийн асуултад Ц.Элбэгдорж “Битгий санаа зов. Миний нэр  жагсаалтад байхгүй. Яг үнэндээ улс төрд орохгүйгээр улсдаа хувь нэмэр оруулах боломж надад бий. Чи юм хийж чадаагүй, амжаагүй бол хойч үеэрээ хийлгэнэ гэдэг ухаалаг бөгөөд зөв зам юм гэж бодож байна. Надад хэдэн мянган ажил, урилга байна.  Сонгох эрх чөлөө нь байгаа учраас сайхан санагдаад байна” хэмээн хариулсан юм. “Таалагдах гэж хичээх шаардлагагүй болсон үеэс жинхэнэ эрх чөлөө эхэлдэг” хэмээн хэлсэн тэрбээр 20 жилийн өмнө Америкт сурч ирээд “Нүүх үү, үлдэх үү” лекц уншиж байсан бол  20 жилийн хойно ч холоос ирсэн хүнээс үг сонсох дуртай монголчууддаа  “Дэлхий ба Монгол сорилт, боломж” сэдвээр Блю Скай зочид буудлын хурлын танхимд илтгэж байлаа.  Лекц сонсох хүсэлтэй хүмүүсийг урьдчилан бүртгэсэн агаад танхим дүүрэн сонсогч цуглажээ.  Цагаасаа өмнө ирсэн зочид илтгэгчтэй зургаа татуулж, селфи хийхээр бужигнана. Стэнфордын их сургуулийн Фриймэн Споглигийн  олон улс судлалын хүрээлэнгийн зочин багш тэрбээр “Америкт  улстөрчид бус их  дээд сургууль нь асуудал, санаа шийдлээ хэлэлцдэг, судалдаг санал болгодог” тухай хуучилсан.

Технологийн дэвшил, робот, блокчейн  ярихаа ч мартаагүй.  Дэлхийн оюутнуудын  хичээл хийхдээ хамгийн их ашиглаж,  “будаа идэх” болсон  хиймэл оюун ухаан буюу ChatGPT ашиглаж, Улаанбаатарын түгжрэлийг яаж шийдэх вэ хэмээн асууж, Монголын тухай шүлэг бичих даалгавар өгч, танхимыг баясгав. Монгол хүнийг үнэ цэнэтэй болгох, монголчуудаа дэмжих санааг нь тоймлон хүргэж байна.

Өмнөд Солонгос стратегийн түншээрээ Монголыг нэрлэсэн

Сая Сөүлээр дамжиж Монголдоо ирсэн.  Өмнөд Солонгос улсыг  өөртөө дахин нээлээ. Дэлхийн арав дахь эдийн засаг. НҮБ-ын ес дэх том хандивлагч. Батлан хамгаалахын экспортоороо дэлхийд наймд яваа. Дэлхийн худалдаанд эзэлж байгаа жин долоод, Цэргийн хүчээрээ зургаад орж байгаа. Иргэний цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр тавд явдаг.

Хэдэн жилийн өмнө Өмнөд Солонгос олон улсын үйл ажиллагаанд оролцохдоо хойргодуу  ч юм уу гэмээр байдал харагддаг байсан. Одоо хүчтэй тоглогчдын нэг болж  байна.

Дэлхий дээр хүний эрх, ардчилал, эрх чөлөөний дэлхийн  газрын зураг дээр манай бүс нутагт Өмнөд Солонгос гэдэг улс тодорч гарч ирж байгаад олзуурхаж байгаа. Япончуудад туйлын талархаж явдаг. Япон улстай хөгжүүлж байгаа бүх харилцаа сайн шүү гэдэг байсан.

Одоо бол бид Азид наад зах нь хоёр “гар”-тай болж байна. Монголчуудад их таатай хандаж байна лээ. Хууль зүйн сайд нь багаа суулгаж байгаад бидэнтэй уулзсан.  Ярианы дундуур  би Монголоо яримаар байна гээд хэлсэн.

Өмнөд Солонгост бидний ажиглаагүй нэг юм бий. Ази номхон далайн бүс нутгийн стратеги гэж баталсан. Хамгийн ойрхон харилцах ёстой стратегийн түншүүдээ жагсаасан.  Америк, дараа нь Япон, Хятад, Канадыг нэрлэж байна.  Тавд нь Монгол гэж бичсэн байна.  Юутай олзуурхууштай  юм бэ.

Үнэндээ  Өмнөд Солонгост үргэлж талархаж явах зүйл бол нийгэм нээгдээд,  хүмүүс гадагшаа явдаг болсон тэр цаг үеэс хэчнээн олон монголчууд очиж ажиллаж, гэр орон руугаа мөнгө илгээж. Тэнд ажиллаж байсан улсууд буцаж ирж, шинэ аж ахуйн нэгж байгуулж, Монголын эдийн засаг, ард түмний амьдралд ямар гайхамшигтай тус болов. Америкт 30 гаруй мянган монгол байна. Европт хэдэн мянгаараа байна.

Монголчууд Солонгост олуулаа ирж ажиллаж байгаа. Одоо ч ажиллаж байна. Үүнд талархаж байна. Монголчууд чөлөөтэй ордог болмоор байна. Виз гээд олон хоног хүлээдэг, дараалалд  зогсоохоо больчихвол яасан юм бэ гэж хэлсэн. Наргиа маягаар  ингэж зөвлөсөн. Бусад улсын хүмүүс барьцана гэж ярьдаг.

Барьцахгүй байх талд нь гурван үндэслэл хэльж өгье. Монголтой яагаад онцгой хандах болов гэхээр “Бид адилхан хөх толботой” гэж хэлэхгүй юу даа. “Бид нэг гүрэн явсан юм” гэж хэлээрэй. Их Монгол гүрэнд хамт явсан. Солонгос хатантай монгол хаан байсан. “Монгол бол Орос, Хятад хоёрын дунд байгаа цорын ганц ардчилал” гэж хэлээрэй гэсэн юм.

Тийм учраас Өмнөд Солонгос Монголыг дэмжиж байгаа юм гээрэй. Хүн рүү нь хийж байгаа хөрөнгө оруулалт, эдийн засгийн боломж хамгийн том. Манайхны зарим албаны хүмүүстэй  уулзахад “Өмнөд Солонгос визгүй болчихвол бүгд гараад явчихна” гэх юм. Тийм юм болохгүй ээ. Аль ерээд онд гадаад паспорт  бүгдэд нь өгье гэхэд  “Бүгдээрээ гараад явчихвал, хонь малаа хэн хариулах вэ” гэцгээж байсан.

Явах нь яваад, ирэх нь ирээд л байдаг. Өмнөд Солонгост бараг 50-60 мянган монгол байна. Тэдний хагас нь харласан байдалтай байна.

Тэдэнд боломж олговол эх орондоо ах дүү нартаа ирэхийн хүслэн болсон байгаа. Тавьдаг нөхцөл шаардлагаа тавих хэрэгтэй.  Ямар нэг гэмт хэрэгт холбогдоогүй бол  боллоо. Хаа газрын хүмүүс дунд хууль зөрчдөг хэсэг байдаг. Тийм хүмүүсийг нь дахиад авахгүй байж болно. Жаахан судалсан чинь оросууд Өмнөд Солонгос руу  жилдээ 180 хоног  визгүй ордог юм байна шүү дээ.   Казахстан бас визгүй.

Үүд хаалгаа нээх хандлага дэлхий нийтээр бий болж байна

Америкийн конгресс дээр хоёр талын намын гишүүд нь санаачлаад, хууль хэлэлцүүлж байна. Тэнд яахаа мэдэхгүй болсон 11сая хүн байгаа. Иргэн болгож авахад хэцүү. Өдий тооны хүний өргөдөл, асуудал байна. Би  их дээд сургуульд лекц уншиж байхдаа хэлдэг юм. Хөрш, хаана байрлаж байгаа чинь чухал шүү. Та нар азтай улс. Хоёр талдаа том далайтай. Номхон далай, Атлантын далайгаас загас шүүрдэж  суудаг. Хойд талын хөрш Канад гээд маш их баялагтай, эрх чөлөөтэй орон байна. Урд талаас чинь байнгын ажиллах хүч урсаж орж ирж байна гэдэг.

Сая хууль хэлэлцэж байгааг нь сонсоход нөгөө 11 сая хүндээ шинэ статус гаргаж өгч байгаа юм билээ. Эрхэмсэг гэсэн утгатай статус. Таван жил Америкт  гэмт хэрэгт холбогдоогүй аж төрсөн бол  визийг чинь сунгана гэж байна. Манай залуус Америкт очиж суръя гэвэл эх орондоо буцаж ирэх баталгаа шаардахаа больж, эцэг,  эхээ урихийг зөвшөөрөх юм билээ.

Европт бас ийм болж  байна. Шинээр гайгүй толгойтой, цовоо улсууд ирвэл хамтарч ажиллая, үүд хаалгаа нээе гэсэн хандлага дэлхий нийтээр бий болж байна.

Гадаадын иргэншилтэй монголчууддаа боломж олгоё 

Бодоод байхад Монгол маань онцлог чанартай юм аа. Би гурван юм олж харсан. Монголд байгаа  онцгой нэг юм бий.

Манайх шиг Монгол газар нутагтаа 3,4 сая хүн амтай. Монголоос гадна долоо, найман сая монгол амьдардаг өөр улс байхгүй.

Хятадаас олон хүн гараад явчихсан гэх байх. 38 сая хүн л байдаг юм билээ.  Тэрбум 400 сая нь эх орондоо байгаа шүү дээ. Хятадын хүн амаас илүү олон хүн гадна амьдарч байгаа юм үгүй.

Монгол мах цусанд төрсөн, өөрийгөө монгол гэж үздэг, монголынхоо түүх соёлд хайртай  олон хүмүүс бий.  Чиний цаана  дахиад гурван монгол байна. Энэ бол хамгийн том баялаг. Бид том явсан. Дэлхийн гүрэн байгуулсан. Олуулаа байсан. Биднийг салгаж бутаргаж янз бүрийн байдлаар үзсэн.  Ингээд харахад нэг хүнд ногдох монгол хүнээрээ бид баян юм байна.

Ерөнхийлөгч байхдаа шийдвэр гаргах гэж үзсэн. Хөх үнэмлэх олгоё гэсэн юм. “Би  монгол хүн шүү дээ” гээд үзүүлээд,  ороод ирдэг байвал зүгээр. Монгол хүн гэдэг дээр тодорхойлолт олъё гээд ярилцаж байсан.

Монгол хэлээрээ ярьж, бичдэг байя. Монгол Улсын хууль тогтоомжид хүндэтгэлтэй ханддаг байя. Монгол, ээж ааваас төрсөн бол монгол хүн гэж үзье гэсэн юм. Ерэн оноос хойш гадаадад гараад амьдарч байгаа хүмүүсийн тоог бид бүрэн мэдэхгүй. Гэхдээ ойролцоогоор 200 мянга гэж хэлж болно.

Ерэн онд гадаадад гарч ажилласан монголчуудын хүүхдүүд одоо хорь, гучин нас хүрсэн.  100 мянга нь гэр бүлээрээ амьдардаг хүмүүс байгаа даа. Нэг айл нэгээс дөрвөн хүүхэдтэй гээд бод л доо. Энэ ямар агуу боломж вэ. Гадаадын иргэн болчихсон ийм хүмүүсээ хүрээд ирэхэд нь сайхан хүлээж авъя.

Монгол аав, ээжээс төрсөн бол шууд цахим үнэмлэх олгодог байя.

Эстони гэж улс бий. Цахим үнэмлэх авъя гээд утсан дээрээ бичээд  хандаад үзээрэй. Сарын дотор цахим үнэмлэх шуудангаар ирэх вий.

Гадаадын иргэншилтэй монголчууд маань Монголд  ирээд сурч, ажиллаж болно. Улс төрийн сонгуульд нэр дэвшихгүй байхад л болох  биш үү. Чөлөөт ертөнцөд өсч торниод 50-60 мянгуулаа болж байгаа хүүхдүүдэд,  энэ хүмүүстээ боломж олгооч дээ.

Цөөхүүлээ улс улам  зожигроод,  бие биенээ хажиглаад, хатингаршаад байдаг. Асуудал бий, тэр бүхэнд бид автаад байж таарахгүй. Дэлхийд давтагдахгүй өөр нэг юм нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ.

Нэг км газар дээр хоёр юм уу гурван хүн ногддог. Газар нутаг гэж гайхамшигтай сайхан баялаг байна. Үүнийг яаж эдийн засгийн эргэлтэд оруулах вэ. Би ковидын үед бичиж, санал дэвшүүлж байсан. Цахим оршин суугч гээд статус зарлачихъя. Манай сум 4000 хүнтэй, дээр нь цахимаар 4000 хүн манай суманд бүртгүүлэг л дээ. Би гурван суманд цахим оршин суугч гээд бүртгүүлээд,  “Та манай сумын оршин суугч шүү” гээд нэг дугаар явуулчихвал би лав баярлана аа. Та Дорнодод хүрч ирвэл, Ховдод ирвэл манай аймгийн цахим оршин суугч шүү, та. Нэг хүн гурав  хүртэл газар бүртгэлтэй бол яах вэ. Энд аюулт өвчин гарлаа гэхэд бушуухан хөдөө орон нутаг руугаа тараад, тэндээ тусгаарлагдаж болно шүү дээ.

Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг дээ. Мэйлээр нь групп үүсгээд манай сумын ой гээд мэдээлэл ирнэ. Алслагдсан газрууддаа газар өмчлөх эрхтэй байг. Шинээр ирсэн хүмүүс бус зөвхөн  Монгол Улсын иргэн л газрыг өмчлөх эрхтэй байг. Хэчнээн их эдийн засгийн  боломж байна аа. Газар нутгийн  0.3-хан хувьд нь нийт хүн амын  50  хувь нь амьдардаг улс цөөхөн.

Монголчуудын өөр нэг гайхамшигтай онцлог бий. Орос, Хятад хоёрын дунд байгаа ганцхан ардчилал. Бие биенээ муу, сайнаар хэлээд өдий хүртэл яваад ирсэн. Чанар нь муудсан  энэ тэр гээд зөндөө л юм ярих байх. Орос, Хятад хоёрын хооронд өөр ямар ардчилал байгаа юм бэ. Газарзүйн  байрлалаа бусдад ойлгуулах, үнэд хүргэх сайхан боломж байна.  Дэлхийн хүмүүс хоёр зүйлийг гайхдаг. XIII зуунд анчин, малчны цөөн хэдэн хүүхэд яаж  дэлхийн их гүрэн байгуулсан юм бэ. Яаж Орос, Хятад хоёрын хооронд ардчилсан Монгол оршоод байгаа юм бэ гэж гайхдаг. Ийм гурван гайхалтай зүйл байна. Энэ дотроосоо бид боломжоо нээвэл яасан юм бэ?

Дэлхийн янз бүрийн хүмүүст бид “Хүндэт иргэн” тэмдэг зүүж өгдөг.  Манай аймгийн хүн 90 мянга боллоо. Цахимаар 70 мянган хүн бүртгүүллээ. Тэр олон хүн  “Танай цахим оршин суугч шүү” гээд яваад очиход хүртэл хөрөнгө оруулалт болно шүү дээ.

Нийтээрээ баялаг бүтээхэд оролцдог иргэдийнхээ боломжийг нээж өгвөл яасан юм бэ     

Монголд болохгүй байгаа зүйл юу байна вэ?

Манай эдийн засаг өсөлт байхгүй таг гацчихлаа. 2011 онд CNN-д  ярилцлага өгч байхад сэтгүүлч нь надаас “Монгол Улс дэлхийд хамгийн хурдтай өсч байгаа эдийн засаг шүү, 17 хувиар өссөн” гэхэд би өөрөө ч цочиж байсан. Нээрэн ийм билүү гээд. Дотор нь байхад сайныг нь  ч мэдэрдэггүй.

Эдийн засгаа хоёр, гурав, тав дахин тэлбэл яадаг юм бэ.

Төрийн тэлэлт л санаа зовоож байна. Мянгаад оны Хятад номонд “60 сая хүнтэй, 100 мянган түшмэдтэй” гэж бичсэн байдаг юм билээ. Өнөөдөр манайд 11 хүнд нэг түшмэл ногдож байна. 2005 онд жаахан өөрчлөлт хийж, төрийн албаны тооллого явуулахад 115 мянган албан хаагч байсан. ДНБ-нд эзэлдэг төсвийн зардлыг бид бууруулна гэж үзэж байсан. 25 хувиас доош оруулахаар төлөвлөж байсан. Одоо бол ДНБ-ний 50-60 хувь руу явчихсан шүү дээ.

250-270 мянга гэж ярьж байна. Төр томрох тусам дарамт, татвар нэмэгдэнэ. Хүнд суртал, ялзрал, хулгай нэмэгдэнэ.

Энд ирээд юмны үнэ сонсоод, миний байгаа газар, хүмүүсийн орлоготой харьцуулахад үнэхээр л  иргэдийн амьжиргаа дээшлээгүй байна.

Хүнээ бодож ажиллавал яасан юм бэ.

 Улс тойрсон хамгийн том асуудал намын ялзрал. Үүнийг засах гээд Улс төрийн намын тухай хууль оруулж байсан. Тэр яваагүй. Ийм орчинд эдийн засгаа яаж өөд нь татах вэ?

Олон нийтийн компани болгооч ээ. Нэг хүний өмч, нэг гэр бүлийн өмч эдийн засгаа тэлэхэд хөшүүрэг болдоггүй. Нэг хүний, нэг хэсэг хүний  өмч улс төрийн дарамтад ордог.  Оршин тогтнох боломжгүй. Гарсан нам, дарга руу бэлэг барьж  очиж байдаг. Тэрэнтэй л аятайхан харьцаж бизнесээ авч явна. Тэднийг буруутгах ч аргагүй.

Ерэн онд Хөрөнгийн бирж байгуулж байсан. Үүний сайныг хэзээ үзэх вэ?

Америкт Фэйсбүүк гээд компани байна. Цукерберг гээд та бүхэн мэднэ. Компанийнхаа 3 хувийг эзэмшдэг юм уу даа.  Хэдэн сая хүн Цукербергийн бизнесийг дэмжиж,  мөнгө хийгээд явж байдаг. Бүгд л баялагийг зэрэг бүтээгээд, бүгдээрээ  оролцож бүтээгч болвол энэ улс орон босно.

Эрдэнэт 100 хувь Монголд ирлээ гэсэн.  “Ард түмэнд үнэгүй” гэдэг популизмаа боль. Зүгээр л нэгж хувьцаагаа  500 төгрөг, 1000 төгрөг гээд үнэлээд, нэг аж ахуйн нэгж нэг хүнд цуглах дээд хувийг зааж өгөөд, Хөрөнгийн биржээр Монгол Улсын иргэн хөрөнгө оруулаад аваг.  Хүмүүстээ өгөөд үз л дээ. Эрдэнэт дээр л туршчих.

100 хувь олон нийтийн компани болохоор хувьцаа эзэмшиж байгаа улсууд дундаасаа зөвлөлөө сонгоно. Тэд нь одоогийн сууж байгаа нөхдөөр  менежмент хийлгэмээр байна уу. Аль эсвэл  дэлхийд алдартэй нэртэй компани удирдаж явсан, дөнгөж тэтгэвэртээ гарсан хүн сууж байж магадгүй шүү дээ. Өнөөдрийн Эрдэнэтийн дарга нарын иддэг уудаг цалинг амлахад хамгийн чадвартай менежер ирнэ. Эрдэнэтийг босгоод ирнэ. Манайхан утсаа ухаад, хэрүүл үзэж байхын оронд “Миний хувьцаа юу болж байна” гээд яриад сууж байг л дээ.

 Эрдэнэт гучин жилийн дараа техник технологи хамаг юм нь хуучирна гэж ярьж байсан. Тэр үгийг тасалж аваад над руу дайрдаг юм. Боломжтой байгаа бол хөрөнгө оруулаад аваад явъя,  хэдүүлээ гэсэн юм.

Сая хүн Эрдэнэтийн хувьцаа эзэмшигч байхад шахаа хийх шийдвэрийг гаргуулахгүй. Худалдан авалт, нягтлан бодох бүртгэл бүгд ил болно.

Намайг энэ тухай ярьж байхад нөхцөл нь бүрдээгүй  байж болно. Янз бүрийн шуугиан, улс төр нь илүү их  байсан байж болно. Одоо үүнийг ярь л даа.

Би ядуу байна гээд суух хэрэг байна уу. Гурав, дөрвөн компанийн хувьцаа аваад түүнийгээ эргүүлж болдог. Олсон мөнгөө блокчейн рүү оруулаад, биткойн болгодог зөндөө аргууд бий. Иргэд рүүгээ өгөхгүй бол яаж ядуурлаас гарах юм бэ.

Би ганцхан жишээ хэлж байна. Эхлээд үүнийг л хий. Нийтээрээ баялаг бүтээхэд оролцдог иргэдийнхээ боломжийг нээж өгвөл яасан юм бэ.

Улстөрчдийн амьдрал сайхан байвал ард түмний амьдрал хэцүү байна

Бид дарга нараа эрх баригчид гэдэг. Нөгөө тал нь эрхээ бариулагчид болох нь. Үндсэн хуулиар бол ард түмэн эрх барина гэдэг. Дарга нараа юу хийж байгааг мэдэхгүй  бол хянаж чадахгүй.  Иргэний мэдэх эрхийн хууль, Цаг бүртгэлийн хууль батлуулчихмаар байгаа юм.  Манай Монгол Улсын Ерөнхий сайд өглөө долоон цагт босчээ. 7:30 хүртэл өглөөний цайгаа уужээ. Найман цагт ажилдаа иржээ. 8:30 хүртэл хэвлэлтэй танилцжээ.  Засгийн газрын хуралд оролцжээ. Засгийн газрын хуралдаан гурван цаг үргэлжлээд 13:15-д завсарлажээ. 2:30 хүртэл үдийн хоолондоо оржээ. Гадаадын зочинтой уулзжээ. 15 цагаас гутлын үйлдвэр дээр очжээ. 40 минут болоод эргээд өрөөндөө иржээ. Хоёр УИХ-ын гишүүн хүлээж авчээ. 18 цагт гэр рүүгээ явжээ. 22 цагт амарчээ.

Японд айлчилж байхад Абэгийн өмнөх өдрийн хийсэн ажил цаг, минутаараа  Японы хамгийн том сонинд яг ингээд гарчихсан байсан.

Тэгээд л боллоо. Манай дарга нар долоо хоног төмөр өргөөд хэвтээд байгаа юм уу. Хаана яваад байгааг мэдэж байгаа хүн байгаа юм уу?

Улс төрийн албан тушаалтнуудын цагийн хуваарийг  амралтын өдрийг цагийн нарийвчлалтай, ажлын өдрийг минутын нарийвчлалтай гаргана. Тэгээд л боллоо. 14-15 цагийн хооронд хаана байсан байж таарах вэ гээд манай хэвлэлийнхэн мөшгөөд гаргаад ирнэ. Улс төрчдийн амьдрал сайхан байвал ард түмний амьдрал хэцүү байна. Улстөрчдийн амьдрал хэцүү байвал ард түмний амьдрал аятайхан байх болно. Улс төр гэдэг там байх хэрэгтэй шүү дээ. Түүнийг даадаг аавын хүү, ээжийн охин улс төрд орох хэрэгтэй. Пи ар гэдгийг орчуулаад хэл дээ гэхээр манайхан орчуулдаггүй. Би бол заль гэж орчуулна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img