2024-07-27, Бямба
18 C
Ulaanbaatar

Ц.Элбэгдоржийн илтгэлээс онцлох 8 санаа

  • Бидэнд гомдох шалтгаан Орост байхгүй. Дэлхийн хоёрдугаар дайнд 500 мянган хонь, 3 сая морио өгсөн. Юундаа бидэнд гомдоод байгаа юм бэ. Тэр үед алтныхаа нөөцийг гурван жил зөөсөн, байсан бүхнээ өгсөн. Бие даасан ардчилсан улс байх гэсэн Украйн руу дайраад байгаа учраас бид буруу гэж шүүмжлээд суугаа юм. Ганц бид ч биш Оросын иргэдийн нэлээд хувь нь буруу гэж шүүмжилж яваа. Путины хувьд сөрөг хүчнээ алаад байна гэдэг бол улсаа алж байгаатай адилхан зүйл. Чөлөөт үзэл бодолтой улс аливаа нийгмийг хөдөлгөж яваа улс. Тэднийгээ хорин жил дарж ирсэн. Энэ бол Оросын маш том эмгэнэл. Орос шархадсан заан шиг болсон. Путинд ойрын хүмүүс нь бодит байдлыг хэлэх гэхээр “Наадах чинь худлаа” гээд сонсохоо больчихсон. Ийм нөхцөлд орчихсон улс одоо яах вэ. Путиныг вакумд орсныг ганц юмнаас мэдлээ. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Вашингтонд очиход Украйн, Оросын элчин сайдтай уулзсан юм. Америк дахь Оросын элчин сайдын хашаагаар арай гэж орлоо. Орж суугаад ярилаа. Элчин сайд нөхөр өөр гараг дээр байх шиг мэдрэмж төрсөн.
  • Манай улс Энэтхэгээс, Моди гэдэг хүнээс ганц тэрбум долларын зээл авчихаад орхичихсон. Одоо ямар харилцаа өрнүүлж яваа юм бүү мэд. Харилцаагаа тодорхой, ойр болгох учиртай. Моди Энэтхэгийг хэдэн жил ноёлохыг таах аргагүй. Модиг фэйсбүүк дээр дагадаг нь хараарай. Явж байгаа нь, хэдэн зуун мянгаараа хүмүүс дагаж хуйларч явааг нь анзаараарай. Юун Ким Жон Ун. 2050 он гэхэд ямар эдийн засаг хамгийн том болох вэ гэсэн асуулт тавиад харахад нэгдүгээрт Хятад, хоёрдугаарт Энэтхэг жагсч байна. Дэлхийд хамгийн хурдтай хөгжиж яваа нь Энэтхэг. 2025 онд Хятадын эдийн засаг Америкийг гүйцнэ гэсэн судалгаа байсан юм. Гэтэл сая 2035 он болгоод хойшлуулчихлаа. Зарим судлаач “Ахиад ч хойшилж магад” гэж байна. Хятадын эдийн засгийн гучин жилийн том өсөлтөд асуудал гарчихсан гэсэн үг. Маш том өөрчлөлт орохгүй л Хятад эвгүйдсэн. Япон, Герман бүр хойшилж яваа.
  • Бид төмөр зам гэсэн хэрүүл хийдэг. Хятадаас орж ирж байгаа төмөр замыг Чойр дээр авчирчих хэрэгтэй. Би Путинтэй уулзахдаа нэг л зүйл хэлж байсан. Оросын өргөн замыг заавал тавья гээд байвал тэндээсээ наашаа татаад Дархан руу аваад ирье гэж. Ингэвэл асар олон зүйл эерэг зүг рүүгээ өөрчлөгдөнө. Хурдны галт тэргийг Улаанбаатар-Хархорин чиглэлд тавьчихвал нийслэлээ шилжүүлэх асуудлыг шийдэх бүрэн боломж бий.
  • Зэс бол энэ зууны тос байх болно. жирийн шатахуун болон цахилгаанаар явдаг машины зэс хэрэглэж буй хэмжээ нь 2.5-3 дахин их. Ирээдүйд онгоц цахилгаанаар явдаг болно.
  • Америкийн иргэд санаа зовоож байгаа зүйлээ санал асуулгаар илэрхийлж. Цөмийн аюул, гуравдугаар дайн, цаг уурын өөрчлөлт, пандемик, хиймэл оюун ухаанд санаа зовж байгаагаа хэлцгээсэн байна лээ, америкчууд. Саяхан даа, Элон Маск тэргүүтэй хүмүүс хиймэл оюун ухааны хөгжил дээр санаачлага гаргаад “Зургаан сарын пауз авъя” гэсэн. Комьютерийн оюун ухаан хүний оюун ухаанаас илүү гарлаа гэж санаа зовж байна. Хиймэл оюун ухааны хөгжил илт цойлчихоор хамгийн түрүүнд маниусынхаа мууг үзэх юм билээ. Бидний найруулж буй хор, муухай зан тэр ертөнцөд ад үзэгдэх нь тодорхой болчихсон. Синтетик биологи гэж ойлголт байна. Молекул, атомын төвшинд, бидний яриад байдаг гурван тэрбум DNA-г өөрчлөх тухай асуудал юм. Хүн төрөлхтний биологи гээд ярихаар ойлгох аргагүй төвшин рүү явах нь тодорхой болчихсон. Малын мах, сүү гэдэг ойлголт ч өөрчлөгдөнө. Синтетик аргаар гаргаж авсан махаар Парист хоол хийж идээд сууж байна. Хөгжлийн дэвшлийг ашиглаж бүхнийг хийж болж байна.
  • Блокчейнийг онцолмоор байна. Блокчейнийг нээсэн хүнийг олохгүй байгаа. Хүн юм уу, Засгийн газар уу, хэсэг бүлэг этгээд үү, бүү мэд. Гайхамшигтай системийг олчихоод хүмүүсийн хувьд хамгийн сонирхолтой зүйл болох мөнгөнд оруулчихсан юм билээ. “Банкинд, мөнгөнд дургүй байж болно, гэхдээ өөрийн банк, өөрийн мөнгөтэй байж болно, тэгээд тогло” гэчихсэн. Гэтэл энэ блокчейнийг сонгуульд ашигладаг болчихлоо. Америк, Европ маш олон газар ашиглаж байна. Блокчейн ашиглавал нэг ч санал зөрөхгүй. Манай Засгийн газар блокчейнээр сонгуулиа явуулах тухай ярь л даа. Блокчейн бол авто зам. Койн бол дээр нь давхиж яваа нэг л машин. Арабын нэгдсэн Эмират улс төрийнхөө бүх үйл ажиллагааг блокчейн рүү оруулсан байна лээ. Хулгай нүүрлэсэн сангийнхаа асуудлыг блокчейнээр шийдчих хэрэгтэй. Хотын асуудлыг ч блокчейнээр шийдэх боломжтой. Барселона хот блокчейн рүү бүрэн шилжчихсэн. Барселона хотын дарга “Технологийн дэвшил ашиглаад хүссэн бүхнээ хотдоо үйлдвэрлэж чадна” гэж ярьж байна лээ. Товчхондоо хүссэн бүхнээ байгаа газраа хийдэг ийм нийгэм рүү улс орон маань явах гээд байна. Улс орнууд энэ нийгэм рүү орчихсон байна.
  • Хүний тархи шиг гайхамшигтай зүйл үгүй. Хүний тархины хувьд 86 тэрбум нейроны тухай яригдана. Соно гэдэг амьтны тархийг судалдаг эрдэмтэн яриа хийлээ л дээ, саяхан. Сонын тархинд сая нейрон байгааг компьютерээр хэмжээд мэдчихсэн. 86 тэрбум нейроныг компьютер рүү буулгана гэвэл 80000 цагийн асуудал. Зөвхөн download хийхэд шүү. Тэгэхээр хүний тархийг бүрэн судлахад технологийн хувьд боломжгүй байгаа юм. Соно дээр л харах ёстой. Тэр сая нейрон яаж ажилладгийг судлах зүг рүү орчихсон. Хүний тархи компьютер рүү орлоо гэж бодъё. Тэрийгээ ч, энийгээ ч хармаар байна гээд түмэн зүйл хүсч эхэлнэ. Хамгийн гол зовлон бол энэ гээд байгаа л даа. Одоо энэ тухай яриад байгаа юм. Цааш хоёр л зүйл хоорондоо уралдах гээд байна. Хүний тархи, хиймэл оюун ухаан хоёр.
  • 2022 оны арванхоёрдугаар сард Америкт нэг явдал боллоо. Манайхаар бол эрчим хүчний сайд нь гарч ирээд их сүртэй юм зарласан. “Үндэсний лаборатори маань нуклер фюжн гаргаж авлаа” гэж. Нар 4.6 тэрбум жилийн настай. Гал бол унтармаар. Юуны хүчээр оршоод байна вэ? Наран дотор нуклер фюжн гэж бий. Хоёр эерэг цэнэгийг хооронд нь уулзуулж нэг болгохыг хэлээд байгаа юм. Тэрнээс ялгарч буй эрчим хүч л нарыг авч яваа. Хүн төрөлхтөн өнөөдөр нарны энэ үйлдлийг газар дээр гаргаж авах тухай яриад байна. Ингэж чадвал эрчим хүчний асуудлыг тэр чигт нь шийдчихнэ. Нуклер фюжн-ий хамгийн гоё нь радиаци байхгүй. Асар их энерги гаргадаг. Тэр хавьдаа хэдэн тоног төхөөрөмж хайлвал хайлна. Гэхдээ дэлбэрэх тухай ойлголт байхгүй. Өнөөдрийн хувьд нуклер фюжний цахилгаан станцуудын тухайд гаргаж авах мини хэмжээ нь тодорхой болчихсон. Ойрын хорин жилд дэлхийн эрчим хүч энэ зүг рүү явна. Эрчим хүчний мундаг эх үүсвэртэй болох мундаг боломж.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img