НҮҮРС ЭКСПОРТЫН 42.9 ХУВИЙГ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ЭЗЭЛЖ БАЙНА
Улсын хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар 23.1 сая.тн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Оны эхний 5 сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.0 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлсөн. Үүнээс АМНАТ (Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр) -д 727.7 тэрбум төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт 288.9 тэрбум төгрөг, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоохоос өмнөх үеийн хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд гүйцэтгэж байсан нь 15.5 сая.тн байв. Харин 2023 оны эхний 5 сарын хугацаанд нийт 11 сая.тн нүүрс борлуулсан нь өмнөх жилийн дүнтэй дүйцэж байгаа юм. Энэ жилийн борлуулалтыг 30 сая.тн-д хүргэх зорилт тавин ажиллаж байгааг Онцгой бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцууллаа.
Мөн компанид онцгой дэглэм тогтоох үед урт болон богино хугацаат 4,3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байсныг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авсны үр дүнд нэг их наяд төгрөгөөр барагдуулж, цаашид тогтмол бууруулах ажлыг зохион байгуулж байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР НЭГ САЯ.ТН НҮҮРС АРИЛЖААЛАВ
Монголын хөрөнгийн бирж эхний 5 сард нийт 1.5 сая.тн нүүрс борлуулснаас “Эрдэнэс Тавантолгой” ХК 1.0 сая.тн нүүрсийг цахимаар 126.7 сая ам.доллароор арилжаалж, орлогыг 37.7 сая ам.доллароор нэмэгдүүллээ. Цахим арилжаанд давхардсан тоогоор БНХАУ-ын 30 гаруй компани оролцож нүүрс худалдан авсан байна. Энэ онд нийт нүүрсний экспортын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан арилжих Засгийн газрын бодлогын хүрээнд цахим нээлттэй арилжааг тогтмол зохион байгуулж байна.