2024-07-23, Мягмар
17 C
Ulaanbaatar

Уулын ус үерлэн бууснаар их хэмжээний лаг, хог хаягдал, шороо авто зам руу түрж оржээ

Баянзүрх дүүргийн Дарь-Эх, Цагаан даваа орчимд уулын ус үерлэн барилгын хогтой бууж ирснээс үүдэн явган хүний зам, авто замын хашлага эвдэрч сүйдэн, их хэмжээний лаг, хог хаягдал, шороо авто зам руу түрж орсон. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох албаныхны хамт газар дээр нь ажилласан юм.

ҮерАадар бороо орж эхэлснээр машинууд бөглөрч, хоёр минутын дотор хуйларсан ус бууж ирэн, машинуудыг авч явсан гэж иргэд ярьж байлаа. Уулын дөрвөн амны ус нийлж үерлэн буусан бөгөөд энэ нь 1982 оны үерээс даруй хоёр дахин их хүчтэй байсан гэж мэргэжилтнүүд үзэж байна. Усны өндрийн түвшин 1.6 метр байжээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:

-Энд суурьшлын бүс байдаггүй байсан. Сүүлийн жилүүдэд суурьшлын бүс бий болж, газар олгож, голын голдирол хааж барилга байшин барьсан. Үерийн улмаас 150 метр газарт хоёр метр орчим өндөр шороо дүүрсэн. Манай ажилтнууд 21:00 цагаас хойш бүх хүн хүч, тоног төхөөрөмжөө төвлөрүүлэн ажиллаж байна гэлээ.

Тус уулын ус үерлэн буусан газарт үерийн далан байдаг, тэр нь Сэлбэ голтой нийлдэг ч барилгын хог шороо дүүрч, ус зам руу хальжээ. Холбогдох албаныхан эхний ээлжид зорчих хэсгээ чөлөөлөхөөр ажиллаж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө, цаашлаад амь насаараа хохирч байгаад харамсаж буйгаа илэрхийлж, яаралтай, шуурхай арга хэмжээ авч ажиллана гэдгээ онцолсон юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img