2024-11-10, Ням
1 C
Ulaanbaatar

Б.АЛТАНГЭРЭЛ: Үер устай үед ил шархаар дамжиж ямар ч вирус авах эрсдэлтэй учир задгай гутлаас татгалзаарай

Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт үер усны гамшиг ойр ойрхон тохиолдож хөрс, орчны бохирдлын хэмжээ эрс нэмэгдээд байна. Энэ үед юуг анхаарах талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтангэрэлээс тодрууллаа.

-Энэ зун Улаанбаатар хотод төдийгүй орон нутагт хэд хэдэн удаагийн үер болсон.Тэгэхээр үер болсон газруудад хөрсний бохирдол ямар байгаа вэ?

-Их хэмжээний устай бороо болон үерийн дараа хөрс маш их бохирдчихсон байгаа. Ялангуяа гэр хороололд нүхэн жорлон, бохир усны цооног үерийн улмаас усаар дүүрч, хальсан эрсдэлд хүрчихсэн. Мөн үерт автсан, автаагүй орон сууцны хорооллуудын нийтийн эзэмшлийн талбайнуудад их хэмжээний уснууд тогтож хөрс мөн хэмжээгээр бохирдчихсон байгаа гэдгийг онцгой анхаарах хэрэгтэй.

-Ийм үед иргэд өөрсдөө ямар арга хэмжээнүүдийг авах ёстой вэ?

алтангэрэл-Гэр хороолол, орон сууц хороолол хамаарахгүй ариутгал халдваргүйжлийг маш сайн хийх хэрэгтэй. Хөрс асар их бохирдсон учир элдэв нян бохирдол гутал, хувцас гээд бүх зүйлээр дамжуулагдан гэрт орж ирнэ. Тиймээс иргэд, айл өрхүүд хувийн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Гаднаас орж ирсэн гутлаа гэртээ тайлах, тухай бүрд нь цэвэрлэж ариутгах, гараа тогтмол угаах, маск зүүх, гараа сайн угаах зэрэг “ковид-19” цар тахлын үед авч хэрэгжүүлж байсан хувийн ариун цэврийг сахихыг зөвлөж байна.

Мөн ундны усаа зориулалтын түгээх газраас авах, усны хадгалах саваа ойр ойрхон цэвэрлэх, ариутгах хэрэгтэй. Хувь хүн өөрсдөө хүсвэл халдваргүйжүүлэлт хийдэг мэргэжлийн байгууллагуудаар гэр, албан байгууллагадаа ариутгал хийлгэх боломж ч бий. Ер нь ариутгал, халдваргүйжүүлэлтийг аль аль түвшиндөө маш сайн хийх шаардлагатай.

-Иргэд өөрсдөө гэртээ гарын доорх ямар материалаар ариутгал хийж болох вэ?

-Хлорамины уусмал, белизна, жавелин зэрэг уусмалаар хүүхдийн тоглож байгаа тоглоомоос эхлээд гэрийнхээ эд хогшил, хана, шал зэргээ цэвэрлэж ариутгана. Гадаах нийтийн эзэмшлийн талбай болон нүхэн жорлон, бохир усны цооног зэргийг 1мкв-д 1.5-2 литр халдваргүйжүүлэх шингэн байхаар тооцож, цацаж халдваргүйжүүлж болно.

-Үер болсон газруудад хөрсний бохирдол маш болсон гэж та хэллээ. Тэгэхээр үер болоогүй хотын бусад хэсгүүдэд энэ нь ямар нөлөөтэй байх вэ?

-Ерөнхийдөө бол их усанд автсан газрууд илүү эрсдэлтэй. Мөн үер болсон газраас гадна борооны ус урссан, тогтсон хэсгүүд ч орно. Өөрөөр хэлбэл борооны усаар дамжуулагдан нэг газраас нөгөө газар руу бохирдол зөөвөрлөгдөж байгаа. Тэгэхээр ер нь бусад хэсэгт ч иргэд ахуйн ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй.

-Үер усны дараах хөрсний бохирдлын нөлөөгөөр ямар өвчлөл хамгийн ихээр үүсдэг вэ?

-Гэдэсний халдварт өвчин тусах магадлалтай. Үер усны дараа энэ өвчлөл эрс нэмэгддэг. Тиймээс гараа сайн угаах, тэр дундаа бага насны хүүхдүүдийн гар болон тоглоом зэрэг хэрэглэлийг тогтмол угааж, ариутгаж хэвших хэрэгтэй. Их хэмжээний бороо, үерийн дараа дан ганц хөрс биш орчин тэр чигээрээ бохирддог.

Тиймээс гадуур ил задгай зарж байгаа хүнсийг огт авахгүй байх хэрэгтэй. Мөн усыг буцалгаж хэрэглэх хэрэгтэй. Энэ нь хөдөө орон нутагт аялж зугаалж байгаа иргэдэд ч хамаатай зөвлөмж юм.

-Холбогдох төрийн байгууллагуудын зүгээр үер болсон, ус тогтсон хэсгүүдэд ариутгалыг хэрхэн хийж байгаа вэ? Хэзээ ер нь тэр хэсгүүдэд хөрсний бохирдол аюулгүй болох вэ?

-Онцгой байдлын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гээд энэ чиглэлд төрийн холбогдох бүх байгууллагууд ажиллаж байна.

Эхлээд лаг шавраа цэвэрлэж, хатаагаад, үүнийхээ дараа халдваргүйжлийг олон удаа, давтамжтайгаар хийдэг. Тухайлбал, долдугаар сард болсон Сэлбэ голын далан сэтэрч орон сууцны доод давхрууд үерт автсан. Энэ хэсгүүдэд одоо ч ариутгалын ажлыг давтамжтайгаар хиймээр байгаа юм. Ер нь их хэмжээний бороо, усны дараа халдваргүйжүүлэлтийг холбогдох төрийн байгууллагууд байнга, давтамжтайгаар хийж байдаг.

Тэгэхээр бороо орохоо болих цагт л хөрс аюулгүй болно гэж бас хэлж болно. Үер болдог, борооны ус урсдаг, тогтдог газруудад та амьдарч байгаа бол өмнөх энгийн үеийнхээсээ илүү хувийн болон гэр орон, хашаа, орчныхоо ариун цэврийг сахиж, халдваргүйжүүлэлт хийх хэрэгтэй.

-Үер, усны үед хөрсний бохирдлоос гадна ямар эрсдэл бий вэ? анхааруулга, зөвлөмж өгөөч?

-Ер нь үер усны үед тавчиг гэх мэт задгай гутал биш аль болох усны болон өөрийгөө хамгаалах гуталтай явахыг зөвлөж байна. Тэр усанд дотор юу байгааг бид мэдэхгүй шүү дээ. Ил гарсан цахилгааны утас, хурц иртэй зүйл, мэрэгч амьтан хүртэл хөвж явж болно.

Мөн бага хэмжээний ч байсан ил шарх байлаа гэхэд үерийн усаар дамжуулан биед ямар ч вирус дамжиж орж болно шүү дээ. Нэмж хэлэхэд, үер болсон ч болоогүй ч ямар цаг үед хүн өөрөө хувийн ариун цэврээ сайтар сахиж хэвших нь хамгийн сайн зуршил гэдгийг хэлмээр байна. Үер устай, халдварт өвчний дэгдэлттэй зэрэг онцгой цаг үед л ариун цэврээ сайн сахиад бусад цагт хаядаг байж болохгүй.

-Ярилцсанд баярлалаа.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img