2024-07-24, Лхагва
22.6 C
Ulaanbaatar

Том төслүүд хөдлөх тод жим зурайчихжээ

“Эрдэнэс Монгол” нэгдлийн захирал чихэнд чимэгтэй нэг үг унагаатахав, хэд хоногийн өмнө. Мань эр эдийн засаг бичдэг сэтгүүлчдэд хийж буй ажлаа сонирхуулах зуураа “Аж үйлдвэрийн гинжин хэлхээг үүсгэж байж бид том төслүүдээ хөдөлгөж чадна. Эхлээд олборлоно, дараа нь дунд шатны түүхий эд гаргана, тэгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Аж үйлдвэрийн энэ гинжин хэлхээ Үйлдвэрлэл технологийн парк дээр л бий болно.

Зүүн Өмнөд Азид гэхэд 895 аж үйлдвэрийн парк бий. Бүр эдийн засгийн тусгай бүс гээд томруулаад барьчихсан яваа. Илүү тодруулж хэлбэл технологийн паркууд барьсан учраас тэдгээр улс хөгжиж байна. Өмнөд хөрш аж үйлдвэрээ яаж ийм хурдтай хөгжүүлэв гээд харахаар суурь шалтгаан нь мөн л үйлдвэрлэл технологийн парк байдаг. Парк байгуулсан тэрхүү бүс дээр аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгож байж үр дүн гардаг юм байна” хэмээн ярьсан юм.

Эрдэнэс МонголС.Наранцогтын баг аж үйлдвэрийн гинжин хэлхээг хэрхэн үүсгэх загвар, шийдлээ гаргачихаж. Гадагшаа зарж доллар олдог зэс, нүүрс, төмрийн хүдэр гэх мэтдээ суурилж парк байгуулах ажилд “Эрдэнэс Монгол” нэгдэл манлайлж оролцох нь. “Эрдэнэс үйлдвэрлэл технологийн парк” гэдэг компанийг Засгийн газрын шийдвэрээр байгуулж, бүтэц, дүрэм, ТУЗ-ийг нь батлуулаад сонгон шалгаруулалтын ажил руугаа ханцуй шамлан оржээ.

Энэ компани зургаан үндсэн аж үйлдвэрийн паркийг зангидаж ажиллах юм байна. Зэс боловсруулах дээр гэхэд л “Эрдэнэт” үйлдвэр технологийн паркийг Эрдэнэтэд тулгуурлаж байгуулах бол Хөтөлийн шохойн том нөөцөд суурилж Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолборыг босгох зураг гарчээ. За тэгээд Дарханы төмрийн хүдрийн том нөөцийг түшиж ган үйлдвэрлэлийн цогцолбор, Багануурт хүрэн нүүрс боловсруулах үйлдвэр, Бор-Өндөрт жонш боловсруулалтаа төвлөрүүлнэ гээд яривал түүхийгээр нь хямд гаргадаг баялгаа өндөр үнэ хүргэх эрүүл шийдэл олчихжээ, “Эрдэнэс Монгол”.

Эрдэнэс МонголАж үйлдвэрийн парк гэдэг үг манайд үлгэр, мөрөөдөл гэсэн утгаар сонсогдох болсон нь нууц биш. Энэ эргэлзээг С.Наранцогт захирал “Паркийн тухайд төр бүгдийг хийнэ гэж зүтгэхгүй. Жижиг дунд үйлдвэрлэлийнхнийг бодвол нөөц баялаг нь, хөрөнгө оруулж, босгох боломж нь манайд арай илүү байна. Тэр утгаараа паркуудын дэд бүтцийг босгох боломж бидэнд илүү байгаа гэсэн үг. Газрыг нь, дэд бүтцийг нь, үндсэн түүхий эдийг нь шийдээд өгвөл олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж хувийн хэвшлийнхэнд нээгдэнэ. Энэ боломжийг бүрдүүлж өгөх, төр хувийн хэвшил хоёрын дунд гүүр болох нь л төрийн том компаниудын үндсэн үүрэг гэж харж байгаа. Бидний яриад байгаа ажил бол эцсийн дүндээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих л асуудал юм. Инфляц өссөн ийм хүнд үед ийм том юм ярилаа л гэх байх. Уул уурхайн бизнес явахаа болилоо, ажиллах хүн ч олдохоо байлаа гэдэг нь бодит үнэн болчихсон. Яг энэ үед уул уурхайн компаниуд бусад жижиг, дунд үйлдвэрлэлээ яаж дэмжих вэ гэдэг асуудал хүссэн хүсээгүй тавигдаж байна” гэсэн үгээрээ тайлчихна лээ.

Тэрээр энэ сэдвээрх яриагаа “Зэсээ боловсруулах том үйлдвэр байгуулчихлаа гэхэд дагалдуулаад олон төрлийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх орон зай, газар гээд бүх боломжийг хувийн хэвшилд гаргаж өгнө. Төрийн оролцооны тухайд ашиг багатай ч нийгэмд тустай үйлдвэрүүдийг байгуулна гэсэн үг. Арматурын үйлдвэр барина. Ингэвэл бүтээн байгуулалтад бас орон сууцны үнэд тус дэм, өгөөжөө өгнө. Манайд Тоёотогийн боолт үйлдвэрлэж “Тоёото” руу явуулдаг үйлдвэр ажилладаг гэсэн. Харамсалтай нь ган төмөр бэлдцээ Хятадаас авчирдаг юм байна.

Эрдэнэс МонголТэгвэл бид ган бэлдцийг нь хийгээд өгчихье. “Эрдэнэс Монгол” нэгдлийн санаачилж барих үйлдвэрүүдийн цаад зорилго, чиг нь ерөөсөө л энэ. Газар, дэд бүтэц, үйлдвэрлэлдээ ашиглах зүйлсийг нь бэлдээд өгчихвөл ийм үйлдвэрүүд улам хөгжинө” хэмээн үргэлжлүүлснийг нь нийтлэлдээ зориуд тодотгон онцолъё.

“Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн шийдлээс анзаарч харсан том олзуурхал бол хувийн хэвшлийг дэмжиж буй энэ өнцөг нь. Үйлдвэрлэл технологийн паркуудын суурь дэд бүтцийг төрөөс шийдээд өгчихвөл хувийн хэвшлийнхэнд нарийн технологийн үйлдвэр барьж бизнесээ өргөжүүлэх гарц нээгдэнэ гэдэг бол онцлохоос аргагүй аятай боломж. Жижиг дунд үйлдвэрлэлээ энэ суурин дээр өндийлгөөд сэвхийлгэчихвэл эдийн засаг сэргэх нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг тов тодорхой хэрэг. Том үйлдвэрээс гарах дайвар бүтээгдэхүүнд тулгуурлаж өчнөөн төрлийн үйлдвэрлэл явуулах боломжтой, ер нь жижиг, дунд үйлдвэрлэл ийм шийдэл дээр л босч ирдэг гээд харахаар дэлхийн улсуудын хөгжлийн бодит шийдэл болсон энэ жишиг тун удахгүй биеллээ олж мэдэх нь.

“Эрдэнэс Монгол” нэгдэл шийдэл олоод зогссонгүй, суурь ажлуудаа хийгээд эхэлчихэж. С.Наранцогт захирлын баг ийм эрчтэй ажиллах болсон хамгийн том суурь нь мэдээж Засгийн газар. Эрх баригчид аж үйлдвэржилтийн сэргэлтээ гоё амлалт биш бодитой ажил болгохоор шийдсэн нь “Эрдэнэс Монгол” нэгдлийн нүүдлээс тод харагдаж байна. Тэд эхлүүлсэн ажлынхаа ард гарч чадвал үлгэр мэт яригдсаар ирсэн том төслүүд хөдлөх нь цаг хугацааны л асуудал болжээ.

Яг үнэндээ өдгөө Оюу Толгойгоос өөр мега төсөлгүй суугаа нь бидний гашуун үнэн. “Том төслүүдээ хөдөлгөнө” гэсэн улстөрчдийн гоё амлалт биелэгдэшгүй мөрөөдөл мэт сонсогддог болоод даруй гурван арван өнгөрсөн нь мөн л булзах аргагүй бодит байдал маань.

Эрдэнэс МонголТавдугаар цахилгаан станц барина гэж өчнөөн жил ярьсан ч ажил болсон юм алга. Гэхдээ зүгээр л ярьсаар өнөөдрийг хүрсэн гэвэл дэгсдүүлэл болно. Хувийн хэвшил нь барья гэж зүтгүүлж, гаднаас хөрөнгө оруулалт татаж, хариугүй барихын даваан дээр таг гацсан түүх өнгөрсөнд бий. Таван толгойн станцын төсөл мөн л амь орохгүй олон жил болж буй. Өмнийн говьд барих учиртай эрчим хүчний станцын төсөл “цааснаас өндийж” чадахгүй яваа өнгөрсөн жилүүдэд бид өчнөөн боломжоо алдсан.

Наад зах нь л Оюу Толгойн хөрөнгө оруулагчид зөвхөн эрчим хүч худалдаж авах гэж өчнөөн сая ам.долларыг урд хөрш рүү урсгаж явааг статистикаас харчихаж болно. Хэрвээ өмнийн говьд Таван толгойн цахилгаан станцыг барьчихсан бол тэр олон сая доллар Монголын эдийн засагт шингэх байв.

Өмнөговийн баялаг ганц Оюу Толгойгоор хэмжигдэхгүй. Ирэх жилүүдэд олон том уурхай ажиллаж мэдэх үүц, нөөцтэй баян нутаг. Таван толгойн станц баригдахгүй удах хэрээр тэр олон уурхайнууд цахилгаанаа урд хөршөөс худалдаж авч, тэр хэрээр доллар олох боломж маань хумигдсаар байна гэсэн үг. Нүүрсээ, зэсээ гүн боловсруулж зөндөө доллар олно гэж мөрөөддөг ч, ярьсаар ирсэн төслүүдийн ганц нь ч бодит утгаараа хэрэгжээгүй өнөөдөртэй золгоод буй. Нүүрсний давхарга дахь метанаа олборлоод Улаанбаатарыг утаанаас салгачих дүүрэн боломж бий ч хэрэгжилт дээрээ гацаа түгжээтэй байгаа нь нуух юмгүй ил үнэн.

Эрдэнэс МонголШатдаг занараа олборлоод дотоодын шатахууны хэрэглээгээ хангах боломж ч бидэнд олдож байв, олон жилийн өмнө. Гэвч яагаад ч юм явж өгөөгүй. Газрын ховор элемент байна. Том нөөц илрэх боломжтой ч олон жил гацаастай төслүүдийн жагсаалтад орж тоосонд даруулчихсан янзаараа байгаа. Энэ янзаараа бол ямар ч гоё мега төсөл яриад хэрэгжихгүйг улсаараа, бултаараа мэдэрч сууна.

Харин С.Наранцогт захирлын ажил болгоод эхэлчихсэн дээрх загварт элдэв саад тээг гараад ирэхгүй бол том төслүүд хөдлөх тод жим зурайчихжээ. Олон жил тал талд ярьж, ус цахилгааны эх үүсвэрээ шийдээгүй, тээврээ зохицуулаагүй болсон болоогүй байгууламж барьж, АҮП байгуулах далбаан дор үеэ өнгөрөөсөн технологи шахахаар зүтгэх гэх мэтээр олон гажуудлыг бид хангалттай амслаа.

Харин төслүүдийн гинжин хэлхээг зурж, парк хоорондын хамаарал, түүхий эд, түлш цахилгаанаа харилцан өгч авалцаад хамтдаа нэг алхах бүтцийг эзэнжүүлж, цаасан дээр боловч “боогоод авна” гэдэг баргийн ТӨК барьж авахааргүй том ажил, том ч амбиц юм. Эхлэх нь хийхийн тал гэдэг. Нэгэнт гаргасан жимээр цаг алдалгүй урагшлах нь л чухал байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img